Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/991

 

 

 

 

 

 

 

     2022            8             05                                        2022/ШЦТ/991

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Ганчимэг (томилолтоор),

шүүгдэгч Б.А........н, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2008 0000 01078 дугаар хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шархүү овогт Б.......маагийн А........н, Монгол Улсын иргэн, Дорноговь аймагт 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 1, ................................, урьд

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын  хугацаагаар баривчлах ял,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай агийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А........н нь иргэн Б.Б.......хүүгээс “Ахаа гар утсаа өгч байгаач нэг хүн рү залгах гэсэн юм” гэж түүний эзэмшлийн 260.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси А-10 маркийн гар утсыг өөрийн эзэмшилд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч улмаар хохирогчоос зугтаан бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэвэл.

Шүүгдэгч Б.А........н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 7 цагийн үед иргэн Б.Б.......хүүгээс “Ахаа гар утсаа өгч байгаач нэг хүн рүү залгах гэсэн юм” гэж түүний эзэмшлийн 260.000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy А-10 маркийн гар утсыг авч  зугтаасан үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Б.Б.......хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 9 цагийн үед охины гэрээс буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Батоникаас гараад Торлобусанд суугаад Драгон буух гэж байсан чинь Саппоро дээр буусан юм. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед Саппоро дээр ирээд охин руугаа залгаад аав нь буруу газар буусан байна гэж хэлчхээд сууж байтал нэг эрэгтэй утсаараа яриулаач гэхээр нь гар утсаа түүнд өгсөн чинь тэр залуу миний гар утсыг авад шууд зугтаасан. Тэр залуу эргээд зугтаагаад явахад урдаас нь хоёр цагдаа гарч ирээд тэр хоёрыг барьж аваад цагдаагийн газар авч ирсэн...Хүч хэрэглэж зодож цохиж, миний эд зүйлийг дээрэмдээгүй зүгээр гар утсаараа нэг яриулаач гээд миний гар утсыг аваад цаашаа зугтаасан...гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

- Гэрч Л.Г....хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн орчим явган эргүүл хийгээд явж байхад үл таних эрэгтэй хүний гар утсыг нэг залуу аваад зугтааж байсан тухайн үед хохирогч гар утас аваад зугтаалаа гээд орилж байхаар нь тэр гар утас авч зугтаасан этгээдийг барьж авч гар утсыг нь хохирогчид хүлээлгэж өгч тухайн гар утас авч зугтаасан этгээдийг эрүүлжүүлэх байранд саатуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд Samsung A10 загварын хуурчин...гар утас...260.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 21 дэх тал)

- Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...5 дугаарт байрлуулж тавьсан хамгийн сүүлийн хүн байна гэв...би андуураагүй энэ хүн мөн яг энэ 5 дугаарт тавьсан залуу миний гар утсыг аваад цаашаа зугтаасан хүн гэснээр зургаар таньж олуулах ажиллагааг 20 цаг 35 минутад дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч Б.А........нгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн ойролцоо...улаан цамцтай нэг ах утсаар яриад сууж байсан. Т           эр үед би тэр ах дээр очоод бригад бүрдүүлэх гэж хүмүүс рүү ярих гээд тэр ахын утсыг гуйж аваад ганц хоёр дугаар руу залгасан би түүнд хандаж энэ 44-н зах дээр гүрүүшиг хийдэг юм гэсэн чинь тэр ах надад хэлэхдээ чи ийм согтуу байж ажил хийнэ гэж юу байсан юм бэ муу гуйлгачин минь хэж хэлсэн тэгэхээр нь дургүй хүрээд бид хоёр хоорондоо маргалдаж байсан чинь цагдаа гараад ирсэн ба шууд намайг цагдаа барьж аваад Маагай муу новш минь чи дээрэм хийдэг болоо юу гэж хэлээд надаас тухайн хүний гар утсыг аваад буцаагаад тэр хүнд гар утсыг нь өгсөн...гар утас авч зугтаагаагүй харин надад утас өгсөн хүн намайг доромжлохоор нь би уурлаад бид хоёр хоорондоо маргалдаж байсан чинь цагдаа гарч ирээд бариад дээрэм хийдэг болоо юу мөрөөрөө явж чадахгүй байна уу гээд андад байсан гар утсыг нь аваад өөрт нь өгсөн...” гэж (хавтаст хэргийн 69-70 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.А........н нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Тодруулбал шүүгдэгч Б.А........нг дээрх санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.А........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5 Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.......хүү нь хөрөнгийн үнэлгээгээр 260.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол (хавтаст хэргийн 21 дэх тал) учирсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.А........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялаас хасаж шийдвэрлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Манай зүгээс улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогчид учирсан гэмтэл байхгүй, эд зүйлийг эвдэж гэмтээгээгүй байхад 2 жил 8 сарын хорих ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн ялаар шийтгэх өгнө үү гаргаж мэтгэлцэв...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А........нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 32, 34  дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 39-52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч Б.А........нг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв

Гэсэн хэдий ч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” хүн, хуулийн этгээдэд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хамаарна гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдварт /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт/... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгч Б.А........нгийн үйлдсэн гэмт хэрэг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлыг буцаан өгч хохирлоо нөхөн төлсөн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл бүрдсэн байна.

Тиймээс шүүгдэгч Б.А........нд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч нь Дорноговь аймаг, Сайншанд сум 2-р баг Алтанговь гудамжны 13 дугаар байр 44 тоотод оршин суудаг байна. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч Б.А........нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг түүний оршин суугаа Дорноговь аймаг, Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А........нд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А........нд “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг” хориглох албадлагын арга хэмжээг зорчих эрхийг хязгаарлах ялыг дуусах хүртэл хугацаанд тогтоохоор шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.А........н нь Эрүүгийн 2008000001078 дугаар хэрэгт 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 45 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А........нгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 45 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шархүү овогт Б.......маагийн А........нг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А........нг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А........нд оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А........нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дорноговь аймаг, Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А........нд “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг” хориглох албадлагын арга хэмжээг зорчих эрхийг хязгаарлах ялыг дуусах хүртэл хугацаанд тогтоосугай.

6. Шүүгдэгч Б.А........н нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

 

7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А........нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 45 (дөчин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Б.А........н нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.А........нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Г.МӨНХЗУЛ