| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2018/00313/И |
| Дугаар | 368 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 368
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр овгийн Б.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Шарынхан овгийн Б.Э-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Э, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлхадаа: Миний бие нь 2001 онд Б.Э-тай гэр бүл болж бид гурван охин, нэг хүүтэй болсон. 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр том охин Э.Ц, 2008 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дунд охин Э.Ө, бага охин Э.Ц нь 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, хүү Э.М 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Бид гэр бүл болсноос хойш 16 жил хамт амьдарсан. Б.Э-тай хамт амьдрах хугацаанд өөр эмэгтэйчүүдтэй нэр холбогдож намайг хардаж үг хэлээр дарамталдаг, миний биед гар хүрдэг байсан. Б.Э нь У гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж, Б.Э-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би гэрлэлтээ цуцлуулаад 4 хүүхдээ өөрөө авах хүсэлтэй байна. Би эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрэх боломжгүй талаар шийдвэрээ авсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би 4 хүүхдээ өөрийн асрамжинд авч Б.Э-с салмаар байна. Би Б.Э-г олон удаа уучилж байсан. Би шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Э нь Б.Б-тэй 2001 онд гэр бүл болж, 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр Б.Б нь 2016 оны 10 дугаар сард Өмнөговь аймаг руу ажил хийнэ гэж яваад 2017 оны оны 11 дүгээр сард ирсэн. Энэ хугацаанд надтай холбоо бариагүй ба хүүхдүүдтэйгээ ирж уулзаагүй болно. Б.Б нь жил гаруй сураггүй байж байгаад ирсэн даруйдаа салах тухай өргөдөл гаргасан байсан. Тус өргөдөлд бичсэнээр Б.Э миний бие У-тэй хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан нь үнэн хэдий ч одоо тийм асуудал байхгүй ганцаараа амьдарч байгаа болно. Би цаашид дахин ийм алдаа гаргахгүй үр хүүхдийндүүнхээ ирээдүйг бодож Б-тэй эвлэрэн гэр бүлээрээ элэг бүтэн амьдрахыг хүсч байна. Иймээс миний хүсэлтийг хүлээн авч уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Э-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Б.Э, Б.Б г нар нь 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин Э.Ц, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Э.Ө, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр охин Э.Ц, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.М нар төрсөн болох нь №25 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №0310, №450, №6201000772, тоот төрсний гэрчилгээний хуулбарууд, болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрлэлтийн харилцаанд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдоогүй байгааг дурдав.
Зохигчид 1 жилийн хугацаанд гэр бүлийн харилцаагүй тусдаа амьдарсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл хэрэгт авагдсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хүүхдүүдийн санал зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын тайлбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 783 тоот тодорхойлолт, “Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтууд, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэргээр охин Э.Ө, Э.Ц, хүү Э.М нар нь эх Б.Б-н асрамжинд амьдарч байгаа нь нотлогдож байгаа тул охин Э.Ц, Э.Ө, Э.Ц, хүү Э.М нарыг эх Б.Б-н асрамжинд үлдээж, хариуцагч Б.Э-с хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус заасан эцгийн үүргээ гэрлэлт цуцалсан эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Э, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Б нарт даалгалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-с гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 50009 төгрөг, нийт 120209 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Шарынхан овгийн Б.Э, Арвайхээр овгийн Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э.Ц, 2008 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Э.Ө, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Э.Ц, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Э-с тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эцгийн үүргээ гэрлэлт цуцалсан эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Э-д, уг үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Б-т тус тус даалгасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнбатаас 120209 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
7. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Эрдэнэд даалгасугай.
8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.