Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1015

 

 

 

 

 

 

 

   2022             08            10                                      2022/ШЦТ/1015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Р.Мягмардорж,

хохирогч Ж.Ч.............н,

шүүгдэгч С.Э..............р, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0070) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0064 00794 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хариад овогт С.............дийн Э..............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, ............................ байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ........................, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 412 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 226 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 226 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хорих ялаар тогтоосон.

   

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Э..............р нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 ............... иргэн Ж.Ч.............ны эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун хоншоорын хөндийн урд, дотор, гадна хананууд, зүүн хоншоорын хөндийн урд, гадна хананууд, хатуу тагнай дайрсан нийлмэл хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч С.Э..............р нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ............... иргэн Ж.Ч.............н, Д.Б...............р нарын хамт архидан согтуурсан байна. Ийнхүү согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа шүүгдэгч С.Э..............р нь шалтаг шалтгаангүйгээр Ж.Ч.............ны эрүүл мэндэд халдаж биед нь “баруун нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун хоншоорын хөндийн урд, дотор, гадна хананууд, зүүн хоншоорын хөндийн урд, гадна хананууд, хатуу тагнай дайрсан нийлмэл хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх” гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-2 жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын PCNA11037712 дугаартай хуудаст: “...Дуудлага өгсөн: 80331654, ...Дуудлага хүлээн авсан: 2022.01.22 02:12:36, ...Дуудлагын утга: Танихгүй 3 хүнд зодуулсан гэх хүн ГССҮТ-д ирсэн...” гэх баримт (хавтаст хэргийн 6),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 19 цаг 02 минут 54 секундэд Ж.Ч.............н, Д.Б...............р, С.Э..............р нар Хилчин хотхоны 15-р байрны орц руу орж байна. ...20 цаг 24 минут 11 секундэд С.Э..............р орцноос ганцаараа гарах ба зөрөөд Х.У............г, нөхрийн хамт орц руу орж байна. ...20 цаг 30 минут 36 секундэд ...Д.Б...............р ...орцноос ганцаараа гарч байна. ...20 цаг 35 минут 10 секундэд Ж.Ч.............н орцноос гарч ...үүдэнд Д.Б...............ртай таарч байна...” гэх баримт (хавтаст хэргийн 49-53 дахь тал)

- Хохирогч Ж.Ч.............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн үед гэртээ 0.2 литрийн архи уучхаад хилчин хотхон ортол С.Э..............рын подволын гэрэл асаалттай байхаар нь орсон. Тэнд С.Э..............р, Баатар, Жаргалсайхан, 12-р байранд байх зүс таних залуу нар архи уугаад байж байхаар нь би хамт уунгаа Э..............ртай ажил ярьсан. Тэгж байтал 12-р байрны залуу харилаа гэж хэлээд гарсан удалгүй Жаргалсайхан, Баатар хоёр гараад явсны дараа би Э..............рын гэрт орж уусан. Э..............рын гэрт хүү нь байсан. Би тэгээд юу болсныг сайн санахгүй байна ямар ч байсан Э..............рын гэрээс гараагүй миний хөл муу учраас гарсан бол гэр рүү шууд явна... Б...............р, Э..............р болон Э..............рын хүү нь байсан энэ 3 хүнээс өөр намайг зодох хүн байхгүй. Э..............р намайг эмнэлэгт хэвтсэн хойно тэр хавийн хүмүүсээр утасдуулаад миний биеийг яаж байгаа бол гэж тантаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

Надад нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгөх баримт байна...би эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн...би гомдолтой байна...шүүх хуралд сууна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

- Гэрч Д.Б...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байтал Э..............р залгаж архи уух уу гэхээр нь гарч очтол Э..............р, Ч.............н нар байсан. Тэгээд дэлгүүрээс 0.5 литрийн архи авч Э..............рын гэрт орж нэг хундага архи уучхаад би гарахдаа Ч.............ныг гарахгүй юм уу гэтэл гутлаа өмсөж чадахгүй унаад байсан. Тэгээд би гараад явсан тухайн үед Э..............рын гэрт Э..............р, Ч.............н, Э..............рын хүү жижиг өрөөндөө үлдсэн. Тэгээд би гэртээ орж байж байтал эхнэр Ою.............эг танай хөл муутай найз болох Ч.............н чинь орцны шатан дээр цусаа гоожуулсан сууж байна гэхээр нь бид хоёр гарч очтол Ч.............ны хамар уруулаас нь цус гараад хатсан байсан мөн өрөөсөн гутал нь тайлагдсан байж байхаар нь гутлыг нь өмсгөж байхад манай орцны Б............д, Урнаа хоёр орж ирж таараад Ч.............ны яасан бэ гэхэд дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

- Гэрч Б.Б............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 21-ний орой 19-20 цагийн үед эхнэрийн хамт ажлаа дуусгаад гэр рүүгээ орох гээд орц руу ортол Э..............р согтуу байдалтай зөрж гарсан. Тэгээд шатаар дээшээ өгсөж 2 давхарт гартал ертөнцийн зүгээр баруун талд шалтан дээр Ч.............н суучихсан нүүр, толгой хэсэгтээ цохиулсан байдалтай цус гарсан сууж байхаар нь эхнэр бид хоёр яасан бэ гэж асуутал хажууд нь Б...............р согтуу байхаар нь би чи цохисон юм уу гэхэд Б...............р үгүй ээ, би юу гэж цохидог юм гэсэн тэгээд бид хоёр гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

- Гэрч Х.У............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа тараад 20 цаг өнгөрч байхад нөхөр Б............дын хамт орц руу ороход 2 давхарт Ч.............н 49 тоотын өмнө гутлаа тайлагдсан нүүр нь цус болсон сууж байсан. Тэгэхээр нь би очоод Ч.............ныг зүгээр рүү гэж асуухад хариу хэлэх тэнхээгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр дээшээ гэр рүү гээ ороод эхнэр рүү залгах гэтэл дугаар нь олдоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

- Насанд хүрээгүй гэрч Э.................ангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав Э..............рын сууж байсан газар цус шиг шингэн юм гоожсон байдалтай байсан. гэрийн эд зүйл эвдэрч хэмхрээгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2875 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун хацар, эрүү орчмоор бага зэрэг овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Доод уруулын баруун хэсэгт 1х0.1см, 0.7х0.1см, 0.5х0.1см 0.6х0.1см арьсны түвшингээс бага зэрэг овойсон цайвар ягаан өнгийн сорвитой. Бид өөр ил харагдах гэмтэлгүй.

2022.01.22-ны Лазермэд эмнэлгийн толгойн КТГ-д: Баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү 1.3см өргөн хэсэгт 0.5см гүн цөмөрсөн, доод хана зөрүү багатай, баруун хоншоорын хөндийн урд, дотор, гадна хананууд, зүүн хоншоорын хөндийн урд, гадна хананууд, хатуу тагнай дайрсан нийлмэл хугарлуудтай. Хамрын баруун, зүүн хажуу хана хугаралтай. Баруун этмойд, 2 талын хоншоорын хөндийд /+60/HU нягтралтай цустай...духны урд хэсэгт тархины эдэд 1.6х1.0см хэмжээтэй /+13/HU нягтралтай тархины эдийн нягтрал буурсан зон тодорхойлогдоно. Баруун нүдний ухархайн эргэн тойронд, хамар, баруун хацар, эрүү хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай, хийн бөмбөлөгтэй.

2022.01.27-ны өдрийн ГССҮТ-н толгойн КТГ-д: Толгойн томограммуудад давтан 2022.01.22-ны өдрийн толгойн КТГ дээр хугарлыг дэлгэрэнгүй бичсэн...баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн урд хэсгийн тархины эдийн гүнд 1.5х1.2см хэмжээтэй +9 HU нягтралтай энцефаломаляцийн уйланхайтай. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай. Субарахнойдал зайнууд өргөссөн. Хажуугийн ховдол /D=S/ болон III, IV ховдолууд өргөссөн. Тунгалаг таславчийн уйланхайтай.

-Амбулаториор эмчлүүлэгсдийн картнаас: 2022.02.01-ний өдрийн нүдний эмчийн үзлэгт: Хоёр нүдний хараа 1.0 онош: баруун нүдний ухархайн хананы хугарал. 2022.02.22-ны УХТЭ-ны УХТЭ-ийн нүдний эмчийн үзлэгт: ...онош: баруун нүдний дотор ханын хугарал...ДҮГНЭЛТ

1. Ж.Ч.............ны биед баруун нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун хоншоорын хөндийн урд, дотор, гадна хананууд, зүүн хоншоорын хөндийн урд гадна хананууд, зүүн хоншоорын хөндийн урд, гадна хананууд, хатуу тагнай дайрсан нийлмэл хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал)

- Шинжээч эмч М.Ариунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтлүүд бөгөөд тухайн хэсэг газарт хүч үйлчилсний улмаас гэмтэл үүссэн байна. Унах үед толгой нүүрний тавигдсан хэсгүүд буюу духны төвгөр, хацар төвгөр, эрүү ооч хэсэгт гэмтэл үүсэх боломжтой байдаг. Харин Ч.............ны биед баруун нүдний ухархайн доод хана, дотор хана, баруун хоншоорын хөндийн урд дотор, гадна хананууд зүүн хоншоорын хөндийн урд, гадна хананууд хатуу тагнай дайрсан нийлмэл хугарал, хамар ясны хугарал баруун нүдний дээд, доод зовхи, хамар баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх гэмтлүүд учирч ийм ердийн хавтайг шалан дээр унах үед боломжгүй гэж үзэж байна. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч С.Э..............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ч.............нтай подволд архи ууж байхдаа ажлын талаар ярьсан тэрнээс бид хоёр хоорондоо муудалцаагүй. Би Ч.............ныг байрнаас гарахаас өмнө нь би 5 минутын өмнө нь гарчихсан. Ч.............н нь гутал хувцсаа өмсөж чадахгүй тэндээ үлдсэн. Ч.............н нь хөл муутай болохоор уначихдаг байсан....” гэж (хавтаст хэргийн 94 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2875 дугаартай дүгнэлтээр хохирогч Ж.Ч.............ны биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсанд хамаарна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.Э..............р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхдаа хохирогч Ж.Ч.............ны эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Э..............рыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ч.............н нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 969.960 төгрөг (хавтаст хэргийн 57-59 дэх тал), хохирогчийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 553.300 төгрөг (хавтаст хэргийн 134-135 дахь) тус тус зарцуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Э..............р нь хохирогчид учруулсан хохирлоос 300.000 төгрөгийг төлж үлдэх хохирлыг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг...ийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлнэ,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ...эрүүл мэнд...д хууль бусаар санаатай ...үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч С.Э..............раас 1.223.260 төгрөгийг 6 сарын хугацаанд гаруулж хохирогч Ж.Ч.............нд 669.960 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 553.300 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч С.Э..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч С.Э..............р болон түүний өмгөөлөгч “...Үйлчлүүлэгчийн хувьд өрх толгойлсон эцэг. Энэ талаар хохирогч тодорхой мэдүүлсэн. 3 хүүхдээ тэжээдэг, “Цэгц” ХХК-д ажилладаг. Ар гэрт нь С.Э..............раас өөр орлого олдог хүн байхгүй. Өнөөдрийн байдлаар хохирогчийн хувьд гомдол саналгүй, 669.960 төгрөгийг нэхэмжилнэ гэж байна. Үүнийг 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс хохирогчийн хүсэлтийн дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү ...” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Э..............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67, 184 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 122-126, 121, 119-120 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 72, 76 дахь тал), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 189-190 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч С.Э..............рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Э..............рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 Эрүүгийн 2208 0064 00794 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт С.............дийн Э..............рыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э..............рыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э..............р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Э..............раас 1.223.260 (нэг сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун жар)төгрөгийг 6 ( зургаа) сарын хугацаанд гаруулж, хохирогч Ж.Ч.............нд 669.960 (зургаан зуун жаран есөн мянга есөн зуун жаран) төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 553.300 ( таван зуун тавин гурван мянга гурван зуун) төгрөг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ