Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 363

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ласран овгийн Б.Т-нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Амбаа овгийн . Б-д холбогдох

“Б.Т-нэхэмжлэлтэй Ө.Б-д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “316600 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай, “охин Б.О-г өөрийн асрамжинд авах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Ө.Б, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ө.Б-тай 2008 онд танилцаж, 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.У, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Б.О нар төрсөн. Ө.Б-тай хамтран амьдрах хугацаанд байнга сэтгэл санааны дарамттай, сүүлийн жилүүдэд хий хардаж, зоддог болсон. Бид 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд Ө.Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Т нь 2013 оны 07 дугаар сард надад холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Т нь нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/880 тоот шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа болно. Энэ захирамжид тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан. Иймд нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ө.Баясгалан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Б. 2008 оны 08 дугаар сарын сүүлээр танилцсан. 2009 оны 05 дугаар сард хүү У төрсөн. 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин О төрсөн. Бид хуулийн дагуу гэрлэлтээ баталгаажуулаагүй. Хамтран амьдрах хугацаандаа 2 талын аав, ээж дээр ирж очиж байсан. Учир нь би хөдөө гадаа явдаг. Би том хүү У-г өөрийн хүүхэд гэдэгт эргэлздэг. Надтай танилцахдаа жирэмсэн байсан билээ. Ийм учраас би шүүх эмнэлэгийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Би 2011 онд төрсөн охин О-г өөрийн асрамжиндаа авч тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Б.Т энэ хүүхдүүдийг өөрөө асарч хамт байдаггүй, Дархан-Уул аймгийн Сант суманд байх өөрийнхөө аав, ээждээ өгсөн. Надтай уулзуулдаггүй. Би Б.Т дарамталж байсан зүйл байхгүй тусдаа амьдардаг. Шүүх энэ асуудлыг урьд шийдсэн захирамж байхад хүлээн авсан учраас би сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Т сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүхэд гаргасан тайлбартаа: Миний том хүү Б.У нь Ө.Б-н хүүхэд мөн бөгөөд миний хувьд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд татгалзах зүйл байхгүй. Охин О-г хариуцагч Ө.Б-д өгөх боломжгүй. Цаашид өөрийн асрамжиндаа байлгах болно. Миний бие хоёр хүүхдээ ганцаараа өнөөдрийг хүртэл тэжээн тэтгэж, асран халамжилж бүхий л талаар ээжийнхээ үүргийг гүйцэтгэж ирсэн. Ажлын шаардлагаар хоёр хүүхдээ ааж, аав дээрээ түр хугацаанд харуулж, ирж очиж байсан. Саяхан өөрийн гэсэн байр, орон сууцтай болж, хоёр хүүхэдтэйгээ амар тайван амьдрах боломжтой болсон. Мөн Ө.Б нь өөр хүнтэй амьдарч, хүүхэдтэй болсон тухай дуулсан. Ө.Б-тай боломжоороо хүүхдүүдтэйгээ уулзуулдаг, эцэг хүний хувьд үүргээ биелүүлж, үр хүүхдээ харж хандах ёстой. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Энэ асуудлаар миний бие хэдийд ч гомдол гаргаж болно гэж ойлгож байна гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхэд 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ө.Б нь том хүүгээ өөрийн хүүхэд биш гэсэн учраас шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр шинжилгээ хийлгэх болсон Тухайн үед энэ саналыг Ө.Б гаргасан. Уг шинжилгээг хийлгэхэд өөрөөс гаргасан зардлыг Ө.Б-с гаргуулах гэж нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн дүгнэлт ирсэн байгаа. Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын төвөөр судалгаа хийлгэх болсон. Мөн энэ судалгааны хариу ирсэн байгаа. Ө.Б-тай 5 жил амьдрахдаа гэр бүлээ батлуулаагүй. Энэ хугацаанд бид хоёр хүүхэдтэй болсон. Бид тусдаа амьдраад бараг 5 жил болох гэж байна. Бид нэгэнт хамт амьдрах боломжгүй учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гаргасан. Хүүхдүүд маань миний аав, ээжтэй байдаг. Хүүхдүүдийг маань төрсөн цагаас нь эхлэн миний ээж, эмээ хоёр өсгөсөн.  Ө.Б-с салах болсон шалтгаан гэвэл намайг байнга дарамталж зодож, хүүгээ өөрийнхөө хүүхэд биш гэж заналхийлж, айлгаж, бие сэтгэлийн дарамтанд оруулдаг байсан. Би нурууны гэмтэлтэй, бүсэлхий нурууны мурийлттай, бага нуруу баруун тийш хазайсан, венийн судас дарагдсан гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж яваа. Нэгэнт сэтгэл санаа нийлж, хамт амьдрах боломжгүй учраас хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ө.Б нь өөр гэр бүлтэй болсон гэсэн сураг сонссон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө нь хүүхдүүдээ бодоод нэгнийгээ ойлгож, эвлэрэх байх гэж боддог байсан. Ө.Б нь одоо өөр гэр бүлтэй болсон гэдгийг би өөрийн нүдээр харж, эргэж нийлэх боломжгүй гэдгийг ойлгосон. Охин маань аавыгаа сайн танихгүй. Охин маань өмнө нь аавтайгаа нэг л удаа уулзсан. Сая эцэг тогтоолгох шинжилгээ өгөх гээд явахад нь хоёр дахь удаагийн уулзалт болсон. Аавыгаа мэдэхгүй хүүхдийг яагаад өөрийн асрамжиндаа авна гээд байгааг нь ойлгохгүй байна. Би бодохдоо албаар шүүх болон хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зайлсхийсэн арга гэж бодож байна.

Хариуцагч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нурууны суулттай гэх мэтчилэн ямар ч нотлох баримтгүй зүйлийг шүүхийн танхимд яриад байна. Б.Т нондин нөхөртэй болж, хүүхэдтэй болсон гэж сонссон. Б.Т ийм зүйл хийж байхад би яагаад эхнэр хүүхэдтэй болж болохгүй гэж. Хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлнө. Б.Т намайг хүүхдийн тэтгэлэг төлөхгүй зутгааж байна гэсэн зүйл ярьж байна. Би шүүхээс дуудсан цагт бэлэн байж байдаг. Би одоохондоо ажил төрөл хийгээгүй л байна. Хүүхдийн төлөө төвийн дүгнэлт гарсан байна лээ. Нэгэнт тийм дүгнэлт гаргасан учраас надад татгалзах зүйлгүй. Шүүх хуулийн дагуу шийднэ биз дээ. Б.Т нотолгоогүй зүйл их ярьж байна гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Б.Т нь Ө.Б-д холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, 316600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг, хариуцагч Ө.Б нь охин Б.О-г өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Зохигчид 2008 онд танилцаж, 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.У, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Б.О нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, №273, №701 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Ө.Б нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, хүү Б.Ууганбаярыг өөрийн хүүхэд биш гээд, “охин Б.О-г өөрийн асрамжид авах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 470 тоот дүгнэлтэд “Ө.Б нь Б.У-н биологийн эцэг байх магадлал 99,99%-ийн магадлалтай байна” гэж дурдсан, Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Шинжээчдийн багийн дүгнэлтэд “2011 онд төрсөн Б.О эсэн мэнд, эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч боловсрох, зөв төлөвшил хүмүүжилтэй иргэн болгохын тулд эх Б.Т асрамжид үлдээх саналтай байгааг хүргүүлж байна” гэсэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, “Нарны дөш” өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр хүү Б.У, охин Б.О нар нь төрсөн эх Б.-н асрамжид байгаа нь нотлогдож байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.Б-н сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.У, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.О нарт эцэг Ө.Б-с нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагчаас 316600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байх ба энэхүү шаардлагаа эцэг тогтоох шинжилгээнд явахдаа нэхэмжлэгчийн Улаанбаатар хотруу ирэх очих замын зардал 40600 төгрөг, хариуцагчийн Улаанбаатар хотруу ирэх очих замын зардал 40000 төгрөг, хүү Б.У болон нэхэмжлэгчийн ээж Т нарын Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотруу ирэх очих замын зардал 36000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйлчилгээний зардал 200000 төгрөг гэж тус тус тодорхойлжээ. Хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйлчилгээний зардал 200000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэх баримт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн болон хүү Б.У, нэхэмжлэгчийн ээж Тогоосүрэн нарын замын зардал, шинжээчийн зардал гэх 200000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө.Б-н замын зардалд зарцуулсан 40000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Б-с 34084 төгрөг, орон нутгын орлогын 5540607728 данснаас 40666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39682 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.У, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.О нарыг төрсөн эх Б.Т асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.У, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/  хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ө.Б-с тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн хариуцагч Ө.Б-с 40000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-олгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Б-с 34084 төгрөг, орон нутгын орлогын 5540607728 данснаас 40666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39682 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.