| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2018/00327/И |
| Дугаар | 462 |
| Огноо | 2018-05-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 462
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Хаан банк”ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, 15-01 тоотод оршин суух, Чоно овгийн Г.Ц,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, 15-01 тоотод оршин суух, Чоно овгийн Д.П нарт холбогдох
“6721938,86 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ц-д, Д.П нар нь тус банкны Өвөрхангай салбараас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 15007 тоот зээлийн гэрээ байгуулан 20000000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 41 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний 7.1.1, 7.1.2 дэх заалтад заасан зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийг зориулалт бусаар ашигласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч одоо хүртэл зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд Г.Ц, Д.П нараас 6721938,86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ц, Д.П нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Хаан банкнаас 20000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 6721938.86 төгрөгийг хоёр хувааж төлнө. Бид хоёрт одоохондоо боломжгүй байна. Хоёр хүүхэд оюутан, цаг зудын байдлаас отор нүүдэл хийж байна. Тийм учраас энэ төлөлтийг хоёр хувааж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 50 хувийг төлж үлдсэн 50 хувийг оноос өмнө төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк”ХХК нь Г.Ц, Д.П нараас “6721938,86 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зээлдэгч Г.Ц, хамтран зээлдэгч Д.П нар нь нэхэмжлэгч Хаан банктай зээлийн гэрээ байгуулан зээл авсан нь талуудын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан №15007 тоот зээлийн болон барцааны гэрээгээр нотлогдож байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулахад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн ч төлбөрийг төлөх хугацааны хувьд талууд тохиролцоогүйгээ илэрхийлсэн, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно”, 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байх ба хариуцагч Г.Ц, Д.П нар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6673824.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 46665.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1448.24 төгрөг, нийт 6721938.86 /зургаан сая долоон зуун хорин нэгэн мянга есөн зуун гучин найман төгрөг, наян зургаан мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк”ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 122501 гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122501 төгрөгийг орон орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Г.Ц, Д.П нараас 6721938,86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк”ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 122501 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122501 төгрөгийг орон орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.