Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 368

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Цагаан сарт овгийн Б.Э-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хавтгай бат овгийн Д.З-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.З, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Д.З-тэй 2003 онд танилцаж, 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамт амьдарснаас хойш хүү З.М 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, охин З.М 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, хүү З.М 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус тус төрсөн. Хамт амьдрах хугацаанд эхэндээ Д.З нь намайг зоддоггүй байсан боловч хоёр жилийн дараагаас хоорондоо хэрэлдэж маргалдах бүрдээ надад гар хүрэх болсон. Би Д.З-г энэ байдлаа засах байх гэж өдий болтол тэсч байсан боловч зоддог байдал нь улам даамжирсан учир арга буюу цагдаад хандсан бөгөөд 2018 оны шүүхийн шийдвэр гарч Д.З-г гэм буруутайд тооцсон. Цаашид миний бие нь Д.З-тэй хамтран амьдрах боломжгүй байх тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.З шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Э-н гаргасан нэхэмжлэлд дахин хариу тайлбар гаргаж байна. Би Б.Э-тай эвлэрэх хүсэлтэй байгаа тул эвлэрэх хугацаа олгож өгнө үү. Миний бие нь өөрийн үйлдэлээ ухамсарлаж буруутай гэдэгээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин янз бүрийн асуудал гаргахгүйгээр элэг бүтэн гэр бүл болж цаашид амьдрах хүсэлтэй байна. Мөн хүүхдүүд маань сэтгэл санааны хувьд тогтворгүй болж байгаа. Хэрэв ээж дээрээ очвол тань дээр хүрээд ирнэ гэхчилэн зүйлүүдийг ярих болсон зэрэг шалтгааныг харгалзаж үзнэ үү. Миний бие нь өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа болно.

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 хүүхэдтэй. Бид хамт амьдраад олон жил болсон. Д.З нь хүүхдүүдийнхээ дэргэд намайг зоддог болсон. Үүнээс болж хүүхдүүд маань хүртэл намайг элдвээр хэлдэг болж байгаа. Энэ бүгд надад хүндээр нөлөөлж байгаа тул би гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Би том хүүхэддээ хань болох байх гэж бодож гурван хүүхэд төрүүлсэн. Том хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй гэв.

 Хариуцангч Д.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.З-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

 Д.З, Б.Э нар нь 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү З.М, 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин З.М, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр З.М нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №06, 15 тоот төрсний гэрчилгээний хуулбарууд, төрсний бүртгэлийн лавлгаа болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрлэлтийн харилцаанд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдоогүй байгааг дурдав.

Зохигчид 2 жилийн хугацаанд гэр бүлийн харилцаагүй тусдаа амьдарсан, хариуцагч З.З нь гэр бүлдээ гэр бүлийн хүчирхийлэл дарамт үзүүлдэг болох нь зохигчдын тайлбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Зохигчдын тайлбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 92 тоот тодорхойлолт, “Нарын дөш” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтууд, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын нэг дүгээр сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэргээр хүү З.М, охин З.М, хүү З.М нар нь эх Б.Э-н асрамжинд амьдарч байгаа нь нотлогдож байгаа тул зэргээр хүү З.М, З.М, охин З.М нарыг эх Б.Э-н асрамжинд үлдээж, хариуцагч Д.З-с хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид нь хүүхдийн асрамжийн болон, дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус заасан эцгийн үүргээ гэрлэлт цуцалсан эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Д.З-д, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Э нарт даалгалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.З-с 118462 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Хавтгайбат овгийн Д.З, Цагаансарт овгийн Б.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү З.М, 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин З.М, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн З.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.З-с тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар эцгийн үүргээ гэрлэлт цуцалсан эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Д.З-д, уг үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Э-д тус тус даалгасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Загарзүсэмээс 118462 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

7. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Эрдэнэд даалгасугай.

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.