| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01155/И |
| Дугаар | 00395 |
| Огноо | 2018-04-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 00395
| 2018 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2018/00395 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Ц холбогдох
2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: “Э” ХЗХ нь иргэн миний өмчлөлийн 00000тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ямарч үндэслэлгүйгээр хууль бусаар эзэмшилдээ авч төлбөр төлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус хоршооны өрийг барагдуулахын тулд миний өмчлөлийн байрыг хураах гэсэн оролдлогыг тус тус хийсэн. Эдгээр оролдого хийх үед өөрийн өмчлөлийн байрны гэрчилгээг Э ХЗХ-ны эзэмшилд байгааг мэдэж өөрийн орон сууцаа өмчлөх Хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөд байгааг ойлгосон байна.
Дээрх ажиллагааны явцад миний өмчлөлийн байр Э ХЗХ биш иргэн Д-с талийгч ээжийн маань авсан зээлийн барьцаад тавигдсан тухай баримт бичгүүдийг дүүгээсээ болон улсын бүртгэлийн газраас олж авсан. Миний ээж Б нь 2016 оны 03 сарын 18-ны өдөр нас барсан байдаг. Гэтэл Д уг зээлийг миний төрсөн дүү болох Ц-с нэхэмжилж шүүхэд хандсаныг Ц төлөхийг хүлээн зөвшөөрч Орхон аймаг дахь сум дундын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № 142 /ШШ2016/000880 шүүгчийн захирамж гарсан байдаг ба уг зээлийг дүү маань цалингаасаа сар бүр төлсөөр ирсэн байна. Харин Э ХЗХ-нь уг зээлийн хөрөнгө нь манай хоршооны хөрөнгө гэдэг үндэслэлээр миний гэрчилгээг барьцаанд авсан байдаг. Эдгээр үйл явдлыг миний бие мэдэхгүй байсаар ирсэн. Миний бие барьцааны гэрээ бусад итгэмжлэл болон зөвшөөрөл хэн нэгэнд өгөөгүй, барьцааны гэрээ итгэмжлэлд гарын үсэг зураагүй юм. Иймээс би Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э ХЗХ-ны хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн 00000тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэж байх явцад Э ХЗХ-оос намайг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нотариатч Ж.Ц-н баталгаажуулсан өөрийн талийгч ээж Б.Б-д олгосон Итгэмжлэлийг үндэслэн орон сууцыг тань барьцаалж зээл олгосон гэсэн тул дээрх итгэмжлэлийг би хийлгүүлээгүй гарын үсэг зураагүй учраас итгэмжлэл дээрх миний гэх гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулсан юм. Шинжээчийн дүгнэлтэд дээрх итгэмжлэл дээрх гарын үсэг минийх биш болохьн тогтоосон болно. Иймээс нотариатч Ж.Ц-н 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний өөрийн талийгч ээж Б.Б-д олгосон гэх итгэмжлэлийг баталгаажуулахдаа намайг байлцуулалгүй миний зөвшөөрөлгүйгээр миний өмнөөс уг итгэмжлэлийг олгож баталсан нь хууль бус байна гэж үзэж байх тул нотариатч Ж.Ц-н 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулсан төлөөлүүлэгч Б.Батмөнхөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д олгосон гэх 483 дугаар бүхий Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б-н нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтийг гаргаж байна.
Итгэмжлэл нь төлөөллийн гол хэлбэр бөгөөд хэн нэгэн этгээд сайн дурын үндсэн үндсэн дээр өөрийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл хийлгэхээр өөрийн бүрэн эрхээ өөр этгээдэд олгож байгаа хууль ёсны баримт бичиг юм. Нотариатын тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.3, 411 дүгээр зүйлд итгэмжлэл гэрчлэх талаах зохицуулсан ба Иргэний хуулийн 64-р зүйлийн 64.2 бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг баримтлан ажилласан. Б. Б нь өөрийн биеэр ирээгүй байхад итгэмжлэлийг хийх ямар ч боломжгүй бөгөөд итгэмжлэл хийх үйлдлийг нотариатч гэрчлэн хийхдээ түүний иргэний үнэмлэх болон холбогдох баримтыг үндэслэн тулган үзэж, итгэмжлэл болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж итгэмжлэлийг олгодог.
Дээрх итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг 2015.10.22 нд олгосон байх ба Б. Б гэх иргэн өөрийн өмчлөлийн байрыг тавих эрхийг Б.Б-д олгосон итгэмжлэлийг гар бичвэрээр утга агуулгыг бичсэн, талууд гарын үсэг зурсан итгэмжлэлийг 483 дугаарт бүртгэсэн нотариатч миний үйлдэл байгаатай танилцлаа. Миний бие тухайн итгэмжлэлээр төлөөлүүлэгч биечлэн ирээгүй байхад нотариатын үйлдэл хийх боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр миний гарьн үсэг биш гэж тогтоогдсон гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргажээ. Шинжээчийн дүгнэлт гарахад миний бие оролцоогүй бөгөөд ямар баримтуудыг үндэслэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байх тул шинжээчийн дүгнэлттэй танилцаж , холбогдох баримтуудыг гаргаж дахин шинжээчийн дүгнэлтийг хийлгүүлэх хүсэлтэй байна. Мөн хүмүүсийн гарын үсэг тогтворгүй байх нь элбэг байдаг гэжээ.
Шүүхийн хэлэцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. Б нь хариуцагч нотариатч Ж.Ц-дхолбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж.Ц тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.
Орхон аймгийн тойргийн нотариатч хариуцагч Ж.Ц нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 00000тоот 29 м2, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар- 00068118, гэрчилгээний улсын бүртгэлийн дугаар-Ү-2101006724 бүхий орон сууцыг хувь хүнд болон ББСБ-ийн зээлийн барьцаанд бариулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбарт бүртгүүлэх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлэх, мөнгийг авч, захиран зарцуулах бүрэн эрхийг Б.Батмөнхөөс Б.Б-д 6 сарын хугацаатай олгосон, төлөөлүүлэгч Б. гэсний ард Б. Б гэж зурсан гарын үсэг бүхий хэргийн 1-р хавтасны 33-р талд авагдсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлүүлэгч Б.Батмөнхийг байлцуулахгүйгээр гэрчилсэн болох нь нэхэмжлэгч Б.Б-н тайлбар, ...итгэмжлэлд зурсан шинжилж буй гарын үсэг нь Б.Б-н гарын үсэг биш, шинжилж буй гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 748 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хэдийгээр хариуцагч Ж.Ц , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Б.Батмөнхийг өөрийн биеэр хүрэлцэн ирж нотариатын үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шинжээчдийн 2 удаагийн дүгнэлтээр Б.Б-н гарын үсэг биш гэж тогтоогдсон нь уг тайлбарыг няцааж байна. Мөн нотариатч нь төлөөлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, бичиг баримтыг шалгах үүргээ хангалтай биелүүлээгүй байна.
Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоох, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д бичгээр олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, 64 дүгээр зүйлийн 64.3-т энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь угтаа байж болохгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй, хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус, талуудад гэрээний эрх, үүргийг үүсгэх үндэслэл болдоггүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан үндэслэлүүдээр нотариатч Ж.Ц-н 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 463 дугаартай итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.1, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 463 дугаартай итгэмжлэл гэрчилсэн нотариатчын үйлдлийг хүчингүй болгож, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН