Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 35

 

М-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0035/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, 

Прокурор Б.Ичинхорол,  

Яллагдагч М, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарыг оролцуулан, 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Прокурорын газрын эсэргүүцлээр М-д холбогдох эрүүгийн 1840000960045 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотод 1967 онд төрсөн, эрэгтэй, 52 настай, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо “Глоб” хотхоны 32-05 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт А-н М нь

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа “Гэгээ” хотхонд орон сууцны гүйцэтгэгч компани болох “К” ХХК-ийн захирлын үүргийг гүйцэтгэж байхдаа иргэн О-тэй “орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж бусдыг хуурч залилан 2017 оны 01 дүгээр сарын 24-нд 14000000, 2017 оны 02 дугаар сарын 20-нд 5000000, 2017 оны 3 дугаар сарын 30-нд 4500000 төгрөгийг өөрийн 5084167159 дугаартай данс руу хийлгэж, нийт 23500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1, 3, 4-т заасныг тус тус зөрчиж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй, М яллагдагчаар байцаагаагүй, харин М гэгчийг яллагдагчаар байцааж яллагдагчаас мэдүүлэг аваагүй орхигдуулсан, мөн хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилвэл зохих этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, О, Э, Бн нараас авч хөрөнгө оруулсан гэх 150000000, J-н хөрөнгө оруулсан гэх 600000000 төгрөгийн санхүүгийн баримтууд болон “К” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээг хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж, ирүүлэх шаардлагатай байгаа, хэргийн материалыг өмгөөлөгч Энх-Амгаланд танилцуулаагүй, танилцуулах боломжоор хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлүүдээр яллагдагч М-д холбогдох эрүүгийн 1840000960045 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяа эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. 

Хохирогч О-н цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, мөрдөн байцаалтад өгсөн “...М надад тус барилгын 2 дугаар орцны 2 давхрын 10 тоот байрыг авна гэвэл цагаан сарын өмнө буюу 2 сард бэлэн болгож өгнө, харин улсын комисст хүлээлгэж өгсний дараа байрны ордерыг нэр дээр чинь гаргаж өгнө гэж хэлсэн. ...Би 34 метр квадрат байрыг 23500000 төгрөгөөр авахаар болж байрны мөнгийг бүрэн төлсөн. ...Байрандаа ороход усны ганцхан шугам байхаар нь асуусан чинь ганцхан шугамтай гэж хэлсэн. ...би халуун, хүйтэн усаа шийдэгдээгүй байранд юу гэж орох юм бэ, гэрээгээ цуцлая гэж хэлсэн. ...М-с мөнгө аваагүй, утсаар нь холбогдохоор өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. ...“Гэгээ” хотхон дээр очиж хариуцаж байгаа хүнтэй нь уулзахад М барилгад огт хамаагүй, гүйцэтгэгч компаниар манай барилгад ажил хийсэн гэж хэлсэн. ...Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/, 

Хятад улсын иргэн J-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хөрөнгийг 100 хувь, барилга барих газрыг М гаргахаар тохиролцсон. Мөн барилга баригдаж дууссаны дараа худалдан борлуулсны ашгийг 50, 50 хувиар хувааж авахаар болсон. Би нийт 634187960 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. М бид хоёр энэ мөнгийг барилга барихад зарцуулсан гэдгийг баталгаажуулж 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Тус гэрээнд барилгын ажлыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 100 хувь барьж дуусгахаар тусгасан. Гэтэл гэрээнд заасан хугацаанд барилга барьж дуусаагүй. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр М-тэй уулзахад баригдаж дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “К” ХХК-ийн нэр дээр гаргуулж, “З” ББСБ-д 20000000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг өөрөө хэрэглэсэн гэж хэлсэн. Тэгээд М надад 20000000 төгрөгийг төлөөд хөрөнгө оруулсан барилгаа миний нэр дээрээс өөрийнхөө нэр рүү шилжүүлж ав гэж хэлсэн. Бид хоёр тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээг нотариатаар баталгаажуулсан. ...Би хүргэн Б-д итгэмжлэл өгч Хэнтий аймаг руу явуулаад “З” ББСБ-д тавьсан хөрөнгийн гэрчилгээг 20000000 төгрөгийг нь төлж аваад Б-н нэр дээр шилжүүлж авсан. Үүнээс хойш М тус барилгын асуудалд оролцоогүй. Б уг барилгыг өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилгыг барьж дуусгаад улсын бүртгэлийн гэрчилгээ авах гэсэн боловч газрын гэрчилгээг нь М “З” ББСБ-д барьцаанд тавьчихсан байсан учир гэрчилгээ авч чадахгүй, мөн комисст хүлээлгэж өгөх  боломжгүй болсон.

М “Гэгээ” хотхоны барилгын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй оролцсон. Тэрээр захиалагч нартай гэрээ байгуулж мөнгө төгрөг авах эрхгүй. 

Би М-г байрны өмчлөх эрхийн гэрчилгээг “90 хувийн гүйцэтгэлтэй” гэж гаргуулж банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан гэдгийг сүүлд мэдсэн. Иймд М нь энэ барилга байгууламжаас захиран зарцуулах эрх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар яллагдагч М нь “Гэгээ” хотхоны орон сууцыг төв шугамд холбогдсон халуун, хүйтэн устай гэж хохирогч О-д бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “орон сууц худалдан авах гэрээ” байгуулан О-с 23500000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байхад сэдэлт, санаа зорилгыг тогтоо гэсэн нь үндэслэлгүй байна. 

Мөрдөгч прокурорын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “М-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”-ыг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр танилцуулж мэдүүлэг авсан болох нь овог, регистрийн дугаар, мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд М-г М гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд ноцтой зөрчөөгүй байна. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  нэхэмжлэвэл зохих Одгэрэлийг хохирогчоор тогтоосон ба хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар гэмт хэргийг улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй байхаар хуульчилсан байна. Мөн шүүх хохирогчийг давхар иргэний нэхэмжлэгчээр тогтоох эсхүл өөр хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор заасан эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байна. 

Яллагдагч М- нь хохирогч О-г залилсан хэрэгт прокурорт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хэрэгт хамааралгүй Э, Б, J нараас өгсөн гэх санхүүгийн баримт, “К” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж ирүүлэх шаардлагатай гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй, ач холбогдолгүй юм. 

Яллагдагч М-д мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авах эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авсан ба яллагдагч мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч сонгож аваагүй, өмгөөлөгч сонгож авсан талаар гэрээ, хүсэлт зэрэг баримтыг ирүүлээгүй. Харин яллагдагч М Энх-Амгаланг шүүхийн шатанд өмгөөлөгчөөр сонгон авч гэрээ байгуулсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. 

Шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичлээ гэжээ. 

Шүүгдэгч М давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг хохирогч О-г бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэж байна. Мөн О байранд шугам сүлжээ байхгүй байсан гэж мэдүүлж байна. Өнөөдрийн байдлаар тус байранд 18 айл амьдарч байна. Тухайн байранд дулаан, бохирын сүлжээ холбогдсон, хэрэглээний халуун ус байдаг. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Мөрдөн байцаалтын үед би өмгөөлөгч аваагүй нь үнэн. Учир нь мөрдөгч эхний байцаалтыг өмгөөлөгчгүй аваад дараагийн байцаалтыг өмгөөлөгчтэй өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл дахин байцаалт аваагүй хэрэг прокурорт шилжсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийднэ гэж байгаад больсон байсан. Би шүүхийн шатанд өмгөөлөгч авсан. 

Э, Б, J нараас өгсөн гэх санхүүгийн баримт, “К” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээг гаргуулах тухайд: Тухайн үед надад хориг тавьсан байсан учир баримтуудыг хотоос авчирч өгөх боломж гараагүй, 2 дахь удаагийн байцаалтыг өмгөөлөгчтэй өгөөд, баримтуудыг өгнө гэж бодож байсан. Би тухайн барилгыг барьсан учир холбогдох баримтууд надад байдаг. Миний бие тухайн барилгатай холбоотой санхүүгийн баримтыг гаргаж өгөх хүсэлттэй байна. Мөн би барилгыг барьсан боловч нэг ч төгрөгийн цалин аваагүй. 

Мөн намайг захиалга авах эрхгүй гэж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрээнд хятадуудын санхүүгийн хөрөнгө оруулалт зогсонгуут захиалга авч хөрөнгө босгон барилгыг барьж дуусгах талаар тусгасан байдаг. Би нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. 

Миний бие яллагдахаар бол J-тэй хамт яллагдана. Учир нь ашиг, алдагдлаа 50, 50 хувиар хүлээхээр тохиролцсон. 

J цагаан сараас өмнө захиалагчдыг оруул гэж надад хэлсэн. Гэтэл О-г мэдэхгүй гэж худал хэлж байна. О манай барилгад хамгийн анх захиалга өгсөн. О-н өгсөн мөнгөнөөс дээж гэж 1000000 төгрөгийг J-н гэрт цагаан сарын дараа аваачиж өгсөн. Тухайн үед 10-15 хүний захиалга байсан. Би эрсдэлээс айж захиалгыг аваагүй. J “М- захиалагч хүмүүс мөнгө өгөхгүй байна гэж хэлж байсан” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээр намайг захиалга авахын хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна. Би О-н хохирлыг өөрөө барагдуулна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 

М-г хохирогч О-г бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдрийн байдлаар тухайн байранд 16-17 айл орсон байдаг. J-н М-тэй байгуулсан гэрээнд ашиг, алдагдалыг 50, 50 хувиар хариуцахаар, захиалга авч хөрөнгө босгож барилгын ажлыг гүйцэтгэх талаар заасан байдаг. Хавтаст хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй байдаг. М-н олсон 150000000 төгрөгөөр юу хийсэн, J-н хөрөнгө оруулсан 600000000 төгрөг хаанаас эх үүсвэртэй, уг мөнгөөр юу хийсэн талаар тогтоох шаардлагатай байсан. Мөн М-тэй хамт ажиллаж байсан ажилчид О-с авсан 23500000 төгрөгөөр өөрийнх нь орсон байранд засвар үйлчилгээ хийсэн гэдгийг гэрчилдэг. J нь барилгыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, мөнгийг авсан. М-г худал хэлж залилсан мэтээр харагдуулж бусдыг төөрөгдөлд оруулж хариуцлагаа хүлээхгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд буюу 5 дугаар сарын 21-ний өдөр би М-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Эхний байцаалтыг өмгөөлөгчгүй авсан бөгөөд хоёр дахь байцаалтыг өмгөөлөгчтэй өгнө гэж М хэлсэн. Гэтэл М-с дахин байцаалт аваагүй хэрэг прокурорт шилжсэн. Хэрэв байцаалтыг өмгөөлөгчтэй өгсөн бол нотлох баримтуудаа гаргаж өгөх боломжтой байсан. Яллагдагчийг өмгөөлөгчөөр хангах үүргээ мөрдөн байцаагч, прокурор гүйцэтгээгүй байдаг. Мөн барилгыг улсын комисс хүлээж аваагүй учир хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Хятад, Монгол талууд хоорондоо асуудлаа шийдвэрлээд хохирогчийн мөнгийг төлсөн бол уг асуудал шийдэгдэх байсан. Хятад талаас нэг ч мөнгө орж ирээгүй учир хохирогчийг хохиролгүй болгож чадаагүй. Энэ бол эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг юм. Мөрдөгч болон прокурор нэг талыг барьж яллагдагчийг чирэгдүүлж байна. 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М-д холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагийн эсэргүүцлээр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй байна. Тухайлбал: М-н О-тэй орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулах үед гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжтой байсан эсэх, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн эсэх, анхнаасаа гэрээнд заасан халуун усгүй орон сууцыг өгөх, ашиг олох гэсэн субъектив санаа зорилго түүнд байсан эсэхийг тогтоох шаардлагатай байна.

М нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлөөр хангагдаагүй байна. 

Иймд гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох, яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр хангах, хэргийн материалтай танилцуулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

М-г 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар татаж, тогтоолыг танилцуулан, мэдүүлэг /хх-ийн 44-50 хуудас/ авсан тэмдэглэлд М-г М гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:  

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                Б.ДЭНСМАА