Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 121/2023/0021/З |
Дугаар | 221/МА2024/0157 |
Огноо | 2024-03-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2024/0157
Ц.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Г.П
Нэхэмжлэлийн шаардлага: “...Ө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Л.Х
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түв
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 121/2023/0021/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б нь “Ө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргасан байна.
2. Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр: “Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.4 дэх заалтыг тус тус баримтлан Ц.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.Б г Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Б гийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцон олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт бичилт хийхийг Ө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхэд шаардлагатай нотлох баримт өөрөө бүрдүүлэх, гаргуулан авах ажиллагаагаа дутуу хэрэгжүүлж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээний хүрээнд үнэлж, дүгнээгүй, хууль хяналтын байгууллага нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа хуульд заасан ноцтой зөрчил гаргасныг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны хариуцлага буюу сахилгын шийтгэл заавал хүлээлгэх тухай хууль зүйн үндэслэлийг буруу байна гэж дүгнэсэн нь илтэд нэг талд үйлчилсэн гэж дүгнэхээр байна.
3.2. ... Өнөөдрийн төрийн албаны хууль хэрэглээ, практикт албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл гэдэг ойлголтыг бид яаж хэрэгжүулж байна вэ гэвэл Сахилгын зөрчил гаргасныг зохих журмын дагуу шалган тогтоож, сахилгын зөрчлийн шинж байдалд тохируулан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулахыг сахилгын шийтгэл гэж ойлгож хэрэгжүүлж байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд хууль тогтоомжид заасан хориглох зүйл болон хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж тооцож байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам’’-ыг төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад хэрэглэдэг. Харин Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар /Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль/ тогтоодог Төрийн үйлчилгээний албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар тус тус зохицуулахаар хуульчилсныг бид хэрэгжүүлсэн гэж үзэж байна.
3.3. Өөрөөр хэлбэл Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах гэдэг нь тухайн эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлж, түүнээс доод шатлалын албан тушаалд томилохыг ойлгох бөгөөд Ц.Б гийн тухайд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Боловсролын тухай хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд захирлын албан тушаалаас чөлөөлсөн, захирлын албан тушаалаас доод ангиллын албан тушаалд томилох ойлголт уг хуульд байхгүй бөгөөд дараагийн түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо Ц.Б г албан тушаалаас бууруулах тухай ойлголтыг өгч ажлын байраар хангах чиглэл өгсөн юм.
Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх зөвлөмж”-ийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарна” гэж тусгасан байдаг.
3.4. Гэвч үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан “Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь үндэслэл болгож Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-ийг баримтлан хууль хэрэглээг уялдуулан шийдвэр гаргасныг” гэж буруу тайлбарлан дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч үндэслэлтэй маргаангүй гэдгийг анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан байдаг мөртөө шийдвэрээ үнэхээр ойлгомжгүй гаргасан.
3.5. 3ахиргааны ерөнхий хуулийн хүрээнд заасан сонсох ажиллагааг бид хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж, шийдвэр гаргах ажиллагааг Авлигатай тэмцэх газраас заасан хугацаанд биш нөхцөл байдлыг тогтоох, нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах гээд бүх талаас нь судалж гаргасан ... Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Хариуцлага тооцуулах тухай албан бичгийг хүлээн авч Ц.Б тай манай байгууллагын удирдлагууд, аймгийн Засаг дарга, засаг даргын үүрэг гүйцэтгэгч гээд бүх эрх бүхий албан тушаалтнууд удаа дараа уулзаж, утсаар холбогдож, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн бөгөөд албан ёсоор ажлаас чөлөөлөх шаардлага үүссэн талаар мэдэгдэж, сонсох ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийж, хуулийн үндэслэлд ажлаас бууруулах үндэслэлд байхгүй учир таныг чөлөөлж, дараагийн түр томилогдох захиралд ажлын байраар хангах чиглэл хүргүүлэх тухай мэдэгдэж, албан тушаалаас бууруулах хуулийн заалтыг ингэж хэрэгжүүлдэг гэдэг талаар тайлбарлаж өгсөн. Мөн Ц.Б тай ажил хүлээлцэх комиссыг ч байгуулж, тухайлан тайлбарласан байдаг.
3.6. Мөн тухайн үед албан тушаал бууруулах үндэслэл бүхий шийдвэрийг яаж гаргах, практик хэрэглээний талаар албан бичиг ирүүлсэн Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс зэрэг байгууллагаас зөвлөгөө авч хэрэгжүүлсэн байдаг. Ц.Б нь сонсох ажиллагаанд оролцож, асуулт асууж, хууль зүйн одоогийн мөрдөгдөж байгаа хэм хэмжээний талаар ойлголт авч, тухайн үед маргаан үүсгээгүй, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт арга хэмжээ тооцох үндэслэл зөрчил бүгд дурдагдсныг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлж байсныг бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд албан тушаалаас чөлөөлөгдөхгүйгээр бусад тухайлбал сахилгын арга хэмжээ тооцуулах талаар өөрөө хүсэлт гаргасныг шийдвэрлэх боломжгүйг ч шийдвэрт оруулсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд манай байгууллагаас 2023 оны 09 дүгээр сарын 08-ний Б/18 дугаар тушаалыг гаргаж, ажлыг нь хүлээлцсэн.
3.7. Мөн сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.4-д заасан хэлбэрээр хийсэн талаарх материалаа шүүхэд гаргаж өгсөн ч бүрэн үнэлээгүй, бусад үүрэн холбооны оператор байгууллагуудаас шаардлагатай баримт материалыг гаргуулж авч болох байсан ч аваагүй нь хэргийг тал бүрээс шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй зөвхөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын аман тайлбарт хөтлөгдөж, Ц.Б г ажлаас чөлөөлсөн үндсэн шалтгааныг тодорхойлж байгаа үндэслэл, нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй гэж үзэж байна.
3.8. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгчээс “Ажлаас чөлөөлсөн тушаалд хэрэглэсэн эрх зүйн хэм хэмжээ болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэг нь “... хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь буруулах” тухай заалт байх бөгөөд энэхүү заалтыг хэрэглэн ажлаас чөлөөлсөн нь хууль хэрэглээний алдаатай захиргааны акт байна” гэж, хариуцагчаас “… эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр сургуулийн ойн арга хэмжээ зохион байгуулсан мөн өөрийн албан хаагчийн дансаар болон төгсөгчдөөс их хэмжээний мөнгө бэлнээр авсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Түүнээс гадна тухайн байгууллагын албан хаагчдаас бичгээр хууль бус хандив цуглуулсан талаар хөндлөнгийн шалгалт хийлгүүлэх хүсэлт Боловсрол шинжлэх ухааны газарт ирүүлснийг Боловсролын ерөнхий газарт хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хүргүүлж ажилласан. Мөн Тухайн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчид Ц.Б г зохих ажлын байраар хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн боловч өөрөө татгалзсан хариу өгсөн талаар албан бичиг ирүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-д “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4, 201.2-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” гэсэн хоёр өөр агуулга бүхий хуулийн заалтуудыг хэрэглэж, нэхэмжлэгч Ц.Б гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн зөрчилтэй байна … сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
2.4. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.5. Тодруулбал, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Ц.Б гийн үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон зөрчлүүд нь баримтаар тогтоогдсон эсэх,
Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх зорилгоор төгсөгчдөөс хандив цуглуулж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх, Төрийн сангийн тусгай данс нээсэн эсэх, энэ талаарх санхүүгийн тайлан болон холбогдох баримтуудыг цуглуулсны эцэст дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.
2.6. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “... Тус сургууль нь 2023 оны 07 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд 100 жиийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд тус ойн хүрээнд төгсөгчдөөс их хэмжээний хандив цуглуулсан ба түүний зарцуулалт тодорхойгүй, мөн спорт заалны түрээсийн орлого, гүнзгий ангийн төлбөр, үдийн хоолны төсвийн тайланг ил тод тавьдаггүй, захирал удирдлага нь танил талаа харгалзан ажилд авдаг, багш ажилчидтай ёс зүйгүй, тэгш бус харилцдаг зэрэг асуудлыг дурджээ. Иймд дээрх хүсэлтийг харгалзан 2023 оны 09 дүгээр сард багтаан хөндлөнгийн хяналт шалгалт зохион байгуулж өгнө үү” гэх 263 дугаар албан бичгийг Боловсролын ерөнхий газрын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч талаас тус албан бичгийг маргаан бүхий акт гарснаас хойш гарсан гэж маргаж байх тул уг албан бичигтэй холбоотой ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулж, дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байжээ.
2.7. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хариуцагчийн хариу тайлбарт дурдсан гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг үндэслэл бүхий дүгнэлт өгч шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ