Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан, 

иргэдийн төлөөлөгч Ж.Төмөр,

улсын яллагч Б.Жаргал, 

Хохирогч Б.Тунгалаг, Д.Ичиндолгор,

Шүүгдэгч Т.Үүрийнцолмон, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овгийн Түмэнбаярын Үүрийнцолмонд холбогдох эрүүгийн 201626021117 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Хамбын 45-01 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн хороог нь мэдэхгүй, Тахилтын задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Их Монгол овогт Түмэнбаярын Үүрийнцолмон /РД:НФ86010531/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Т.Үүрийнцолмон нь урьд хулгайлах болон энэ хэрэгт шийтгүүлж, ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхад давтан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс худалдааны төвийн дэргэд “гар утсаар чинь яриад өгье” гэж Б.Тунгалагийг хуурч мэхлэн iphone 5 загварын гар утсыг нь авч явж 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Д.Отгонбаярын машинд гар өргөн сууж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол 4а байранд хүргүүлээд буухдаа “утсаар чинь яриад өгье” гэж Д.Отгонбаярыг хуурч мэхлэн, Самсунг загварын гар утсыг нь авч 470,000 төгрөгийн хохирол,

2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутгаас хохирогч Д.Ичиндолгорын машинд гар өргөн сууж Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Дүүхээ-2 худалдааны төвийн гадна хүргүүлж буухдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж Д.Ичиндолгорыг хуурч мэхлэн iphone 6 загварын гар утсыг нь авч явж, 1,800,000 төгрөгийн хохирол,

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31-р сургуулийн орчим явж байсан 12 настай С.Анар-Эрдэнийг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч мэхлэн Самсунг эс-6 загварын гар утсыг нь авч явж, 700,000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 3,320,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Үүрийнцолмон мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар мэдүүлсэн ба улсын яллагчийн яллах дүгнэлтэд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв бичигдсэн байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тунгалаг мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн 37-75 УНӨ дугаартай портер маркийн машинтай гурвалжин барилгын материалын үүдэн дээр байхад шүүгдэгч ирээд Нисэхээс Үйлдвэр комбинат руу юм зөөнө гэсэн. Нисэх дээр грушик буулгаад аавтай юм зөөж бай гээд үлдээгээд Нарантуул орох хэрэг гарлаа гээд Нарантуул дээр ирээд дугуй авахаа болилоо Барс орно гээд ченжтэй яриад тохироод намайг кантенер луу ухрааж байх үед миний утсыг аваад явсан байсан.

            Дараа нь манай гурвалжин зах дээр явж байхад нь барьж авсан ба утас зарсан ченжээсээ авч өгнө гээд өгөөгүй. Байцаагчид нь хэлсэн боловч ченжээ олохгүй байна гэсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ичиндолгор мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн эзэмшлийн 70-06 УББ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Короло маркийн машинтайгаа 10 цагийн орчим халтуур хийж явсан. Шүүгдэгч Хөгжим бүжгийн орчмоос гар өргөөд суусан ба Сансарт ээжээсээ мөнгө авна гээд хүргүүлсэн. Тэгээд Нисэх орж мах авна гээд явсан. Тэгээд мөнгө дутаад махаа авч чадсангүй Барс орж хүнээс мөнгө авах хэрэгтэй гээд Барс орсон. Тэгээд буцаж Нисэх орсон. Тэгээд Сансар луу явж байгаад Төв аймаг орох хэрэг гарлаа гээд Төв аймаг орсон. Тухайн үед үнэхээр үнэмшилтэй яриад байсан тул би итгэсэн. Мэргэжлийн хүн юм билээ. Тэгээд Төв аймгаасаа хот ороод Ханын материал орж ахаасаа мөнгө авч таньд өгнө гэсэн. Тэгээд ханын материалд очоод миний утсаар чинь яриад өгий гээд аваад ярьж байснаа гүйгээд яваад өгсөн.

            Нөхөр маань хүнд өвчтэй байдаг. Хохирлын 1.800.000 төгрөгийг гаргуулмаар байна” гэв.

           

Хохирогч Б.Тунгалаг мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр намайг өөрийн эзэмшлийн 37-75 УНӨ улсын дугаартай портер машинтай гурвалжин зах дээр зогсож байхад үл таних 30 гаран насны эрэгтэй хүн хүрч ирээд Нисэхийн байрнаас тавилга зөөгөөд Үйлдвэр комбинат руу орно явах уу гэхээр нь би 30 мянган төгрөгөөр явна гэж хэлсэн чинь явъя гэж хэлээд цуг явсан ба уг залуу нь замаасаа грушиг залуу авсан. Тэгээд бид гурав Нисэх ороод 5 давхар байрны гадаа грушиг ах бид хоёрыг зогсоогоод байр руу өөрөө орсон ба удаагүй буцаж гарч ирээд грушиг ахыг манай аавтай та тавилга зөөж бай гэж Нисэхийн байр руу дагуулж оруулаад өөрөө буцаад гараад ирсэн ба надтай хамт Нарантуул захын Өгөөмөр зах руу хамт ороод дугуй авна гэж хэлсэн ба тэр залуу тухайн үед дугуй авахаа болилоо, хоёулаа гурил авий гэхээр нь Барс захын гадаа ирээд  гурил зардаг кантенарын гадаа ирээд гурил зардаг хүнтэй уулзаад намайг машинаа кантенэр руу ойртуулаарай гэхээр нь би машинаа ухрааж байхад уг залуу нь гар утсаа өгч бай гэхээр нь өөрийнхөө Айпоне-5 маркийн гар утсаа өгчихөөд машинаа ухрааж байрлуулчихаад машинаас буугаад гурилын худалдагч дээр ирээд гурил авах гэж байсан залуу хаачсан бэ гэж асуусан чинь АТМ ороод мөнгө аваад ирий гээд явсан гэхээр нь хэсэг хүлээгээд ирэхгүй байхаар нь гурил зарж байсан эмэгтэй хүний утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь дуудаад байсан мөртлөө авахгүй байсан учраас би утсаа залилуулсанаа мэдсэн.

Тэр хүн 30 гаран насны бор царайтай, хавар, намрын богино хар курткитэй байсан. Би утсаа 2014 онд 860 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. /1 хавтас 41,42 хуудас/

 

Хохирогч Д.Ичиндолгор мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн эзэмшлийн 70-06 УББ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Короло маркийн машинтайгаа 10 цагийн орчим халтуур хийж явсан юм. Тэгээд би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хөгжим бүжгээс Сансар явах замд үл таних эрэгтэй хүн гар өргөхөөр нь би хаашаа явах юм бэ, гэтэл тэр хүн Сансар орно гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн хүнийг суулгаад Сансар ортол тэр залуу Сансарын орчим нэг аптектай байр орсон юм. Тэгээд тэр залуу тэр аптек дотор ээж ажилладаг би ээжээсээ ороод мөнгө аваад буцаад хүрээд ирье гэхээр нь би зөвшөөрөөд тухайн аптекны гадаа хүлээж зогссон юм. Тэгээд тэр залуу аптек руу орчихоод 10 гаран минут болоод гарч ирээд машинд суугаад одоо Нисэх явъя би тэндээс мах авах гэсэн юм, гэхээр нь би явсан бөгөөд Нисэхийн эцэс дээр байдаг хөндлөн цагаан байрны гадаа очоод намайг хүлээж бай би махныхаа мөнгийг өгчихөөд гараад ирье гээд тэр байрны орцруу явж ороод 10 гаран минут болоод гарч ирээд машинд суусан. Тэгээд машинд суугаад махны мөнгө дутчихлаа гэж хэлээд, мөнгө олох хэрэгтэй байна гэж хэлээд Барс захруу явсан юм. Тэгээд Барс очоод нэг газарлуу орчихоод гарч ирээд мөнгөө авчихлаа гэж хэлээд барс захын хойно байдаг давхар байранд очоод нэг орцруу явж ороод бас л 5-10 минут болоод гарч ирсэн ба гарч ирчихээд машинд суугаад буцаад мөнгө аваачиж өгнө гэж хэлээд анх очсон Нисэхийн байрлуу орсон юм. Тэгээд Нисэх дээр очоод тухайн байрлуугаа орчихоод гарч ирээд мөнгөө өгчихлөө гэж хэлээд мах өөр машинд ачиж явна гэж надад хэлсэн юм. Тэгээд буцаад ээж дээрээ очно гэхээр нь би Сансарлуу явж байтал тэр залуу утсаар ярьчихаад манай найз нар Төв аймгийн наана амралтанд байгаа юмаа, машин олдохгүй байна, та яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Төв аймаг орсон юм.Тэгээд Төв аймагт очоод бид 2 Төв аймгийн захруу орсон бөгөөд би тэр залуугаас танай найз нар чинь амралтанд байгаа гэж хэлээ биз дээ, гэж асуутал тэр залуу манай найз нар Төв аймгийн зах дээр хүлээж байя гэж хэлсэн юм гэсэн. Тэгээд бид 2 захаар явж байгаад би тэр залууг зах дотор ороод алга болчих байх гэж бодоод машинаасаа буугаад дагаад явсан юм. ...тэр залуу утсаа гаргаж ирж ярьчихаад өө манай найз нар хотруу явж байна гэнэ 2-уулаа хойноос нь хотруу буцаад явъя гээд бид 2 буцаад явсан юм. Тухайн үед хотруу явахдаа тэр залуу захаас сүү авсан бөгөөд тэр сүүгээ хотруу явах замд овоон дээр өргөсөн. Тэгээд цаашаа яваад хотод орж ирээд тэр залуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалд байдаг Дүүхээ төв орж ахаасаа мөнгө авна, гэж хэлээд утсаар яриад Дүүхээрүү явсан юм. Тэгээд би Дүүхээ төвийн гадна байж байтал тэр залуу Дүүхээ төв рүү орчихоод гарч ирээд надад нэг СД өгсөн юм. Тэгээд би тухайн СД-г нь үзэж байтал тэр залуу намайг утсаа өгч байгаач ганц залгачихаад өгье гэхээр нь би кодыг нь тайлаад тухайн ярих гэж байгаа дугаарыг нь хийгээд тэр залууд өгсөн юм. Тухайн үед тэр залуу миний жолоочийн эсрэг талд гадна зогсож байсан ба би машин дотроо сууж байсан юм. Тэгээд би тэр залуугийн өгсөн СД-г үзэж байгаад нэг хартал тэр залуу замын хажуу талд байдаг дэлгүүрлүү гүйгээд орохоор нь би хойноос нь явж очоод хартал тэр дэлгүүр нь нөгөө талаараа зам руу гардаг хаалгатай байсан ба тэр залуу тэр хаалгаар нь гараад явчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад  хандсан. Би тухайн залилуулсан утсаа 2015 онд Бээжингээс 2,000,000 гаран төгрөгөөр авч байсан юм.

Тэр хүн 30 гаран настай, цэнхэр өмдтэй, саарал өнгийн мактай бор царайтай, бага зэргийн урагшаа бөгтийж алхдаг, дунд зэргийн нуруутай, туранхай эрэгтэй хүн байсан юм.

Тэр хүн утсаар ярихдаа би Болдоо байна гэж ярьж байсан. Миний утас Айпоне-6 маркийн гар утас байсан. Би алдсан утсаа олж авмаар байна” гэжээ. /1 хав 46-47 хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч С.Анар-Эрдэнэ мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16:50 цагт гэрийнхээ хажуу талын 2б байр болон 31-р сургуулийн голд явж байхад нэг танихгүй ах надад ахын дүү утсаараа яриулах боломж байна уу ахад нь яаралтай утсаар ярих хэрэг гараад байна гэхээр нь май ахаа гээд өөрийн Самсунг галакси Эс-6 маркийн 980,000 төгрөгийн үнэтэй 2016 оны 02 дугаар сард өвөөгөөсөө бэлгэнд авсан гар утсаа өгсөн чинь хүнтэй ярих шиг болоод надад буцааж өгсөн. Ах нь эхнэрийнхээ ээжтэй хэрэлдсэн байна. Ахад нь их эвгүй байна, ахынхаа гэрт ороод хүүхдийг маань аваад гараад ирээч гэж хэлээд намайг 28-р байрлуу дагуулж очоод подволруу гэрээ зааж өгсөн. Би подволруу орж байхдаа ахаа ахаа гэсэн чинь наана чинь байгаа гэхээр нь сүүлийн шатнаас буугаад ахаа хаана байгаа юм бэ гэсэн чинь дугарахгүй байхаар нь би буцаад гүйгээд гарсан чинь миний утсыг аваад зугтаагаад явсан байсан учир хажуугаар явж байсан хүнээс тусламж гуйж эгчрүүгээ залгаад гар утсаа алдсан талаараа хэлэхэд байрныхаа урд хүрээд ир гэсэн. Тэр хооронд 10 минут болоод эгч машинаараа ирж аваад цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утсыг хуурч авсан хүн бор царайтай, туранхай, өндөрдүү, богино хар үстэй, эрүү хэсэгтээ цөөхөн сахалтай, 26-30 орчим настай хүн байсан. Харах юм бол танина, аман зураг гаргаж чадахгүй. Алдсан гар утсаа 700,000 төгрөгөөр үнэлнэ” гэжээ. /1хав 20, 51 хуудас/

 

Хохирогч Д.Отгонбаяр мэдүүлэхдээ: “Би Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Төв номын сан руу мянга мянган төгрөгөөр 4 зорчигч авч хүргэж халтуур хийдэг юм. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн приус-10 маркийн 3152 УНВ улсын дугаартай авто машинаар Нисэх онгоцны буудлаас 4 хүн суулгаад хотын төв явах замд яармагын автобусны буудал дээр нэг хүн нь буухад тэндээс нэг үл таних залуу Төв номын сан орно гээд нэмж суусан. Тэгээд Төв номын сан дээр ирээд зогсоход машинд сууж явсан 3 зорчигч буухад яармагаас суусан үл таних залуу ганцаараа үлдээд эгчээ хөдөөнөөс надад мах ирж байгаа юм та 21 дүгээр хороолол ороод өгчих би махаа аваад буцаад Нисэх хүргүүлэнэ гэхээр нь үгүй гэхэд гуйсаар байгаад зөвшөөрүүлээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын 4а байрны гадна зогсоогоод орцруу орсноо удалгүй гарч ирснээ эгчээ утсаар чинь яриад өгье гэхээр нь би юм бодолгүй гар утасаа гаргаж өгөхөд утсыг маань авч залгаж ярьж байснаа ярьсан хэвээрээ 4а байрны урдаасаа 2 дахь орцруу орчихоор нь буцаад л гараад ирэх байх гэж бодоод орцруу хараад хүлээгээд 20 орчим болоод гарч ирэхгүй болохоор нь орсон орцруу ороход тэр орц нь дэлгүүрээр дамжаад цаашаа нэвт гардаг хаалгатай байсан. ...Ингээд би цагдаад дуудлага өгөөд нэг эмэгтэй цагдаа ирээд надтай хамт ойр орчмоор явж уг дэлгүүрийн камерыг үзэж шалгахад камер нь ажиллахгүй байсан.

Тэр хүн туранхай, бор царайтай, 160-165 см орчим өндөртэй, үүдэн шүд нь онгорхой, 30 орчим насны, улаан өнгийн саравчтай малгайтай, дээгүүрээ шар өнгийн хувцастай байсан. Тэр хүн надад өөрийнхөө нэрийг хэлээгүй, танилцаагүй.

Миний гар утас Самсунг галакси Жи-5 загварын шаргал өнгийн корпустай, гадна талаараа хавтастай бор шар өнгийн гэртэй, дотроо 94941880 гэсэн дугаарын сим карттай байсан” гэжээ. /1хав 59-60,61 хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ /1 хав 43, 48,52, 62 хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1 хав 101-107 хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 124,125 хуудас/

шийтгэх тогтоолын хуулбарууд /1хав 126, 129, 130-131, 134-140 хуудас/

Насанд хүрээгүй хохирогч С.Анар-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Т.Соёл-Эрдэнийн гаргасан “Самсунг галакси эс-6 маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул цаашид гомдолгүй” гэх баримт /1 хав 100/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бичгийн баримтыг уншиж шинжлэн судалсан болно.   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.Үүрийнцолмон нь урьд бусдын эд хөрөнгийг залилах хэрэгт шийтгүүлж, ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхад давтан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс худалдааны төвийн дэргэд “гар утсаар чинь яриад өгье” гэж Б.Тунгалагийг хуурч мэхлэн iphone 5 загварын гар утсыг нь авч явж 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Д.Отгонбаярын машинд гар өргөн сууж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол 4а байранд хүргүүлээд буухдаа “утсаар чинь яриад өгье” гэж Д.Отгонбаярыг хуурч мэхлэн, Самсунг загварын гар утсыг нь авч 470,000 төгрөгийн хохирол,

2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутгаас хохирогч Д.Ичиндолгорын машинд гар өргөн сууж Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Дүүхээ-2 худалдааны төвийн гадна хүргүүлж буухдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж Д.Ичиндолгорыг хуурч мэхлэн iphone 6 загварын гар утсыг нь авч явж, 1,800,000 төгрөгийн хохирол,

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31-р сургуулийн орчим явж байсан 12 настай С.Анар-Эрдэнийг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч мэхлэн Самсунг эс-6 загварын гар утсыг нь авч явж, 700,000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 3,320,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Үүрийнцолмонгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Тунгалаг /1 хав 41, 42/, Д.Ичиндолгор /1 хав 46-47/, Д.Отгонбаяр /1 хав 59-60, 61/ насанд хүрээгүй хохирогч С.Анар-Эрдэнэ /1хав 20, 51/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1 хав 43, 48,52, 62/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1 хав 101-107/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 124,125/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хав 126, 129, 130-131, 134-140/, Насанд хүрээгүй хохирогч С.Анар-Эрдэнийн хохирол төлсөн тухай баримт /1 хав 100/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Т.Үүрийнцолмонд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул түүнийг урд бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдэж ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн залилан хохирогч нарт бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Үүрийнцолмонгийн цагдан хоригдсон 127 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, насанд хүрээгүй хохирогч С.Анар-Эрдэнийн хохирол биет байдлаар төлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Т.Үүрийнцолмонгийн нэр хөрөнгөөс 2,620,000 төгрөгийг гаргуулан 350,000 төгрөгийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөрхотхоны 45а байр 123 тоотод оршин суух хохирогч Алагадууныхан овогт Баянжаргалын Тунгалагт /РД:ЧБ70092662/-д, 470,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонины 19-173 тоотод оршин суух хохирогч Боржигон овгийн Дашзэвэгийн Отгонбаяр /РД:УБ69091409/-д, 1,800,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнж 46-106 тоотод оршин суух, 94988547 дугаарын утастай, хохирогч Монгол овгийн Дамдинсүрэнгийн Ичиндолгор /РД:ХМ73111084/-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.  

           

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их Монгол овгийн Түмэнбаярын Үүрийнцолмон нь урьд бусдыг залилсан гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Их Монгол овгийн Түмэнбаярын Үүрийнцолмонг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 /таван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Их Монгол овгийн Түмэнбаярын Үүрийнцолмонд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Т.Үүрийнцолмонгийн цагдан хоригдсон 127 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, насанд хүрээгүй хохирогч С.Анар-Эрдэнийн хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Үүрийнцолмонгийн нэр хөрөнгөөс 2,620,000 төгрөгийг гаргуулан 350,000 төгрөгийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөрхотхоны 45а байр 123 тоотод оршин суух хохирогч Алаг адууныхан овогт Баянжаргалын Тунгалагт /РД:ЧБ70092662/-д, 470,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонины 19-173 тоотод оршин суух хохирогч Боржигон овгийн Дашзэвэгийн Отгонбаяр /РД:УБ69091409/-д, 1,800,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнж 46-106 тоотод оршин суух хохирогч Монгол овгийн Дамдинсүрэнгийн Ичиндолгорт /РД:ХМ73111084/-д тус тус олгосугай.

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Үүрийнцолмонгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Үүрийнцолмонгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                                Ч.ОТГОНБАЯР

 

                                                                                     Л.ОЮУН