Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2525

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Үын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03132 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Үын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б дүүргийн цэцэрлэгт холбогдох  

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Анхзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Сарангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 32 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн б/31 тоот тушаалаар намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироосон. Миний бие бага насны 3 хүүхэдтэй бөгөөд өрх толгойлсон, амьдралын боломж бололцоо тун хэцүү тул эрхлэгчид энэ тухайгаа хэлж бусад ажилчдын адил үлдээхийг хүссэн боловч миний өргөдлийг хүлээж авалгүй намайг болон хүүхдүүдийг минь улам хүнд байдал руу түлхэж хатуу хахир хандаж байгаад нь би эмэгтэй хүний хувьд маш их гомдож байна. Анх ажилд ороход бусад ажилчид эрхлэгчид бэлэг сэлт, мөнгө өгч байсан боловч надад өгөх гээд өгөх зүйл байгаагүй. Өөрийнхөө хэдэн хүүхдийг хоногийн хоолтой байлгах гээд ядарч явна. Эрхлэгч Алтанцэцэг ажилд авсан хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө болон бусад бэлэг сэлт өгсөн хүмүүсийг бүгдийг нь авч үлдээд амьдралын хүнд хэцүүгээс гарыг нь цайлгаж чадаагүй нийт 7 хүний гэрээг сунгахгүйгээр халж, ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 01-нд ажилд орсон. Ажлаа хийж байгаад 2017 оны 05 дугаар сарын 31-нд ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 3 шалтгаанаар зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэж тушаал гаргасан. Ажил олгогч нь ямар үндэслэлээр туршилтын хугацааг дуусгаж байгааг заагаагүй. Ажиллаж байх хугацаанд ямар нэг байдлаар алдаа гаргаж байгаагүй. Ажлаа хийж чадаагүй гэсэн баримтгүй, хугацаа дууссан гэж тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан бөгөөд амралтын өдөр таарвал дараагийн өдөр дуусах байтал наана нь гэрээг дуусгасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт хэдийгээр заасан боловч бага насны 2 хүүхэдтэй, нөхөр нь ажилгүй. Ажил олгогч нь энэ байдлыг харалгүй ажлаас чөлөөлсөн нь буруу. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, олговор гаргуулах, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь хугацаатай гэрээ байгуулсан. Хариуцагч нь төсвийн байгууллага. Хууль сахиулах их сургуулийн хашаанд үйл ажиллагаа явуулах болсон тул энэ байдлаа хэлж хугацаатай гэрээ байгуулсан. Анх гэрээ байгуулахдаа хугацаатай гэдгээ мэдэж байсан. 05 дугаар сарын 31-нд хугацаа дууссан тул хөдөлмөрийн харилцааг дуусгасан. Нэхэмжлэгч нь 1 хоногийн өмнө чөлөөлсөн байна гэдэг. Хариуцагч нь боловсролын байгууллага. Иймд хичээлийн жилд баригдаж үйл ажиллагаа явуулдаг тул 05 дугаар сарын 31-нд тушаал гаргасан. 06 дугаар сарын 02-нд тушаал гаргавал хичээлийн жилийн үйл ажиллагаа дууссан байх байсан. Нэхэмжлэгч нь ажлаа таслаад явдаг байсан. Эрхлэгч нь гэрээс нь хүртэл очиж авсан байдаг. Улмаар сахилгын арга хэмжээ авсан байдаг. Гэхдээ тушаал үүнийг үндэслээгүй. Талууд хугацаатай гэрээ байгуулсан тул гэрээний хугацаа яригдаж байгаа. Дотоод журамтай танилцсан талаар нэхэмжлэгч тал маргахгүй байгаа гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Үыг хариуцагч Б дүүргийн цэцэрлэгийн туслах багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 1 928 063 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 45 799 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлйн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Хариуцагчаас гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/217 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 8 дахь мөрөнд 32 дугаар цэцэрлэгт 5 туслах багшийн орон тоотой ажиллахаар баталсан, хариуцагч энэ 5 орон тоондоо бүрэн дүүрэн ажилтантай байснаасаа гадуур Хууль сахиулах их сургуулийн гаргаж өгсөн шинэ байранд 2016 оны 12 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхлэхдээ дүүргийн засаг даргад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102 дугаартай албан бичгээр туслах багшийн орон тоо одоо 5 байгаа, үүнийг 7-н орон тоогоор нэмэгдүүлж, нийт 12 туслах багшийн орон тоотой ажиллах саналаа хүргүүлсэн байдаг, батлагдаагүй 7 орон тоондоо шинээр авсан туслах багш нартайгаа харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулан, 2016 оны А/24 тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам батлан, батлагдсан орон тооноос гадуур хугацаатай хөдөлмөрийн гэрээг нэр дурдсан 11 ажил, албан тушаалд шинээр ажиллаж байгаа ажилтантай хугацаатай гэрээ байгуулан ажиллуулахаар дотоод журмын 13.3 дахь заалтаар зохицуулсан байдаг.

Гэтэл шүүх нэхэмжлэгч Б.Үын ажиллаж байсан туслах багшийн орон тоо хөдөлмөрийн гэрээ байгуулах үед байнгын ажлын байр байсан, зохигчдын хооронд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хөдөлмөрийн гэрээ гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэлгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон нь шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч Б дүүргийн цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч байгууллагын эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/63 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасныг үндэслэн туслах багшийн ажилд томилж, мөн өдөр 32/37 тоот хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулан ажиллаж байгаад Б дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 9, 12-14, 22, 72-73/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А.24 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 13.3-д “Шинээр ажилд орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай 6 сараас илүүгүй хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана” гэж зааснаар ажил олгогч байгууллага нь ажилтантай 6 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/11 тоот тушаалаар батлагдсан шинэчилсэн хөдөлмөрийн дотоод журмын журмын 8.8-д “шинээр ажилд орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай 6 сараас илүүгүй хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж тус тус заажээ. /хх 23-24, 46-53/

 

            Нэхэмжлэгч нь “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 сарын хугацаа 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусах байсан, ажлаас чөлөөлөх тушаал дээрх хугацаанаас өмнө гарсан” гэж, хариуцагч нь “тухайн байгууллагын үйл ажиллагаа 05 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зогсдог” гэж тус тус тайлбарлаж байгааг харьцуулан үзвэл ажилтныг ажлаас чөлөөлсөн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар 6 сарын хугацаа дууссан гэж үзэж нэхэмжлэгч Б.Үтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Үын хариуцагч Б дүүргийн цэцэрлэгт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН