Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 15

 

                               “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн

                              нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн захирал Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Магнайбаатар, Л.Мөнхзаяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 478 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0677 дугаар магадлалтай, “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 83 дугаар зүйлийн 83.1.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Захиргааны зөрчлийн тухай №62 тэмдэглэл, мөн өдрийн 000035842 дугаар  Шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0677 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Захиргааны зөрчлийн тухай №62 тэмдэглэл, мөн өдрийн 000035842 дугаар  Шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгосон байна.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 211/МА2016/0677 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Даатгалын зах зээл нь өөрөө Санхүүгийн зах зээлийн тусгай зохицуулалт бүхий тусгайлсан салбар болохын хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан этгээд л энэхүү салбарын үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Энэ хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгоно”, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Зохицуулах  хороо дараах  шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд тухайн төрөл, хэлбэрээс хамааран нэмэлт шаардлага тавьж болно” гэж тус тус зааж өгсөн. Нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.2.3-т “даатгалын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг” гэж заасны дагуу тус Хорооноос даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан боловч даатгагч  даатгуулагч нарын хооронд байгуулсан гэрээний дагуу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийн үйл ажиллагааг даатгалын хохирлын нөхөн төлбөрийн холбогдох баримт, материалыг судалж, даатгагчийн өмнөөс олгосон байдаг бөгөөд энэхүү үйлдэл нь “Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.1-д “даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг” гэж заасныг зөрчиж, “Даатгалын зөвлөх үйлчилгээ” гэх нэрийн дор бусдад үүссэн даатгалын тохиолдолд нийт 31,447,217.00 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгагч байгууллагын өмнөөс нөхөн төлж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн даатгалын компаниас буцаан нэхэмжилж байгаа нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон даатгалын зуучлагчийн эрх үүргийг хэтрүүлэн ашигласан нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх хуульд заасан даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн хууль бус үйлдэл юм. Иймд Даатгалын тухай хуулийн  83 дугаар зүйлийн 83.1.1-д заасан арга хэмжээг авсан бөгөөд энэхүү шийтгэвэр /1,000,000 төгрөг/-ийг  нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК төлж барагдуулсан байдаг. Магадлалд дурьдсанчлан Иргэний хуулийн заалтууд нь илүү нарийвчилсан хууль болох Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн зүйл заалтад санхүүгийн салбарын онцлог байдлыг харгалзан зөвшөөрсөн, хориглосон байдлаар тусгасан байхад Иргэний хуулийн ерөнхий заалтуудаар үгүйсгэн тайлбарлаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл санхүүгийн салбарын хүрээнд явагдаж байгаа иргэн, хуулийн этгээдүүдийн үйлдэл, үйл ажиллагаанууд нь төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тодорхой хяналтын дор явагддаг бөгөөд үүнээс хальсан, зөвшөөрөлгүй үйлдлүүд нь хориглогдсон байдгаараа онцлогтойн зэрэгцээ хууль бусаар олсон орлогод ногдох татварын асуудал хүртэл яригдах боломжгүй болдог учир санхүүгийн салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрэх үр дагаврыг бий болгодог. Магадгүй тухайн тохиолдлыг эрх бүхий байгууллагаас судалж, эрхэлж болох шинэ бүтээгдэхүүн, үйл ажиллагаа гэж үзвэл хууль журмын үндсэн дээр мөн тусгай зөвшөөрөл олгогдох асуудал цаашид яригдаж болох боломжтой. Энэ нь нэг талдаа даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулагч этгээдийн хохирол төлбөр үнэн зөв тооцогдож, барагдуулж байгаад хяналт тавих, төөрөгдөлд орох, хохирохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой. “Эрсдэлийн шийдэл” ХХК нь даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлдэгийн хувьд даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулагчийн хүсэлтээр холбогдох материалыг бүрдүүлж, даатгалын компанид хандах, хохирлыг барагдуулан, даатгуулагчид өгч, түүнээс өөрийн ажлын хөлсийг буюу шагнал урамшууллыг авах нь тусгай зөвшөөрлийн хүрээнд нийцсэн үйлдэл бөгөөд үүнийг хориглоогүй. Харин даатгалын компанийн нэрийн өмнөөс хохирлыг даатгуулагчтай тохирсон гэдэг нэрийн дор өөрийн дураар тогтоож, барагдуулж байгаа нь хууль бус гэж үзээд Санхүүгийн зохицуулах хороо үзсэн болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “... Хэдийгээр Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-т зааснаар даатгалын зуучлагч нь даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс шагнал авах эрх бүхий этгээд боловч даатгалын зуучлагчийг энэ төрлийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хориглоогүй байна...” гэсэн дүгнэлт нь Санхүүгийн салбарын онцлогийг харгалзаж үзээгүй, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үл ойшоосон агуулга бүхий тайлбар байх бөгөөд энэхүү тайлбарыг цаашид уг зах зээлд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо хэмээх санхүүгийн зах зээлийг зохицуулах тусгай байгууллага байх шаардлагатайг үгүйсгэх хүртэл үр дагаврыг үүсгэж байна. Нөгөөтэйгүүр нийтийн буюу захиргааны эрх зүйн харилцаанд заавал байх нэг субьект нь захиргааны байгууллага байдаг. Энэ утгаараа даатгалын зах зээл нь өөрөө санхүүгийн зах зээлийн тусгай зохицуулалт бүхий тусгайлсан салбар болохын хувьд захиргааны байгууллага буюу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан этгээд л энэхүү салбарын үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Харин дээрх магадлалд дурдсанаар “... даатгалын зуучлагчийг энэ төрлийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хориглоогүй байна...” гэсэн дүгнэлт нь дээрх нийтийн эрх зүйн үндсэн шинж, зарчмыг үгүйсгэсэн шинжтэй байна. Цаашид санхүүгийн зах зээлд, тэр дундаа даатгалын зах зээлд хэн бүхэн зохицуулалтгүйгээр, дураар аашилж, үйл ажиллагаа явуулахыг хөхүүлэн дэмжсэн үр дагавартай. Иймд энэ бүх сөрөг үр дагаврыг бий болгох, хууль тогтоогчийн үндсэн хүсэл зоргийг үл харгалзсан тайлбар бүхий Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 211/МА2016/0677 дугаар магадлалыг хянан үзэж, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ

Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК-иас “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Болор-Эрдэнэ, П.Магнайбаатар нарын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар “Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл”, мөн өдрийн 000035842 дугаар Шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийн “000035842 дугаар Шийтгэврийг хүчингүй болгуулах” шаардлагыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 382 дугаар тогтоолоор “Эрсдэлийн шийдэл” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосны дагуу нэхэмжлэгч тухайн үйл ажиллагааг явуулахаас гадна даатгалын тохиолдол үүссэн даатгуулагчтай харилцан тохиролцож хохирлыг өөрийн хөрөнгөөр урьдчилан төлж, түүний “даатгагчаас хохирол шаардах эрх”-ийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, урьдчилан төлсөн хохирлын төлбөрийг даатгалын компаниас нэхэмжлэх ажиллагаа явуулдаг байна.

Үүнийг нэхэмжлэгч “даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх даатгагчийн эрх, үүргийг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа биш, даатгуулагчийн шаардах эрхийг шилжүүлэн авч байгаа үйл ажиллагаа” гэж, хариуцагч “даатгалын зуучлагч даатгалын тохиолдол үүсэхэд хохирлыг нөхөн төлөх үйл ажиллагааг явуулах эрхгүй, даатгуулагч, даатгагчийн хооронд үүсэх харилцааг хэрэгжүүлж байна” гэж маргажээ.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг” гэж тодорхойлсон байна.

Даатгалын тодорхой тохиолдол үүсэхэд даатгуулагчид учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх үүргийг даатгагч гэрээний үндсэн дээр хүлээдэг бөгөөд тухайн тохиолдолд, “Эрсдэлийн шийдэл” ХХК хохирлыг нөхөн төлөх талаар даатгуулагчтай урьдчилан гэрээ байгуулаагүй, харин даатгуулагчийн хохирол нэхэмжлэх эрхийг “Нэхэмжлэх эрх шилжүүлэх тухай” гэрээний дагуу шилжүүлэн авч  байгааг даатгалын үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй, уг гэрээг даатгалын гэрээ эсхүл түүнтэй адилтгах гэрээний төрөл гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч “даатгуулагчид учирсан хохирлыг ямар хэмжээгээр тооцон нөхөн төлбөр олгох нь даатгалын асуудал бөгөөд бидний урьдчилан төлсөн төлбөрөөс бага байх эрсдэлээ манай компани өөрөө хариуцна” гэж тайлбарласан ба “Даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын тохиолдол үүсэхэд хохирлын үнэлгээг тодорхойлон, нөхөн төлбөр олгох харилцаанд “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн урьдчилан төлсөн төлбөрийн хэмжээгээр хохирлыг тодорхойлон төлөх эрх зүйн үр дагавар үүсэхгүй байна.

Нөгөөтэйгүүр, даатгалын мэргэжлийн оролцогчийн хувьд “шаардах эрх”-ийг шилжүүлэн авах ажиллагаа хориглогдоогүй буюу Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаанд хамаараагүй байна. 

Тодруулбал, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т “Даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг давхардуулан олгохгүй” гэж даатгалын зуучлагчид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулахыг хориглосноос бус даатгуулагчийн шаардах эрхийг шилжүүлэн авахыг хориглосон зохицуулалт байхгүйн зэрэгцээ “хууль тогтоомжоор хориглогдсоноос бусад үйл ажиллагаа иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөгдөх” эрх зүйн суурь зарчмын хүрээнд явагдсан хууль ёсны үйл ажиллагаа байна.

Иймд, “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн явуулж буй дээрх үйл ажиллагааг даатгалын үйл ажиллагаа гэж үзэн Даатгалын тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.1-д заасныг үндэслэн 000035842 дугаар шийтгэврээр 1 000 000 төгрөгийн торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хуулиар хориглоогүй /тусгай зөвшөөрөл шаардагдахгүй/ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

Харин “Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл” нь “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн дээрх үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шалгаж, зөрчлийн байдлыг тодорхойлсон баримт бичиг бөгөөд дангаараа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байжээ.

Учир нь, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  /2002 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг…” гэж заасан ба “Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл” дээр дурдсанчлан захирамжилсан шинжийг агуулаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх зөрчлийг хянан шалгаж үйлдсэн тус тэмдэглэлийг захиргааны акт гэж үзэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөлгүйгээр “захиргааны акт” гэж үзэн шийтгэврийн хамт хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул  магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0677 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар зүйлийн 01-ний өдрийн 000035842 дугаар шийтгэврийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар зүйлийн 01-ний өдрийн 62 дугаар Захиргааны зөрчлийн тэмдэглэлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, магадлалын 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН