Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0498

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0498

Улаанбаатар хот

 

 

 

Иргэн Ш.Баатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ш.Баатар, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ш.Баатарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ш.Баатар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 270 дугаар шийдвэрээр:

“...Ш.Баатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Баатарыг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 3154787 /гурван сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун наян долоо/ төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь “...иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нь хурлаа зохион байгуулаагүйгээс нийтэд зарлагдсан хурлаас хаяж гарч, хурал тарсны дараа өөр газарт очиж, товлогдоогүй хурлыг хийсэн байна. Хурлыг санал хураах хэлбэрээр хийсэн нь Засаг даргын тайланг хурлаар хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх заалтыг зөрчиж байна. Хууль бус хурлын тогтоолыг үндэслэж гарсан Засаг даргын захирамж хууль бус” гэж үзсэн нь шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хорооны иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэж хуралд оролцсон иргэдийн 89 хувь нь огцруулах санал өгсөн тухай тус хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоол, холбогдох материалыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр ирүүлсэн байдаг ба хурлын тогтоолыг үндэслэн дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн.

Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын зүгээс хуралдаанаас гарсан саналыг үндэслэн шийдвэр гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хуралдааныг хэрхэн явуулах талаар нарийвчлан заагаагүй бөгөөд шүүхээс “...санал хураах ажиллагаа явагдсан учраас хууль бус хурлын тогтоол” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн “...хоёр Хурлын тогтоол гарч хүргэгдсэн байхад нэгийг нь хүлээж авч шийдвэрлээгүй” гэж шүүх хуралдаанд дурдсан. Маргаан бүхий захиргааны акт нь дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 17 дугаар тогтоол байхад хэрэгт хамааралгүй актыг үнэлсэн гэж ойлгогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг шийдвэрлэхдээ талууд маргалдаж байхад шүүх хуралдаанд тогтоох хэсгийг танилцуулахдаа дүнг танилцуулаагүй. Мөн олговрыг тооцохдоо шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож олгосон нь буруу. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасардаг учир нэхэмжлэл анх гаргасан огноогоор тооцож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримтлаагүй. Талууд нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар шүүх хуралдаанд маргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар талууд нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргахад иргэний хэргийн шүүхэд шилжүүлэхээр заасан. Гэтэл үүнийг анхаарч үзээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1198 тоот албан бичгээр дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга Ш.Баатарыг огцруулах санал ирүүлснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж хорооны иргэдийн нийтийн ээлжит бус хурлыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Лхагва гарагийн 17 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл хорооны Засаг дарга болон Хадгаламж зээлийн хоршооны удирдлагууд “...иргэдийг бичиг баримтаа шалгуулах шаардлагагүй...” гэснээс болж иргэдийн ирцийг авах, тухайн хорооны иргэн мөн эсэхийг шалгах боломжгүй болсон бөгөөд хурлын байрыг чөлөөлөхгүй байсан. Иймд тухайн хорооны хорооны Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хурал дүүргийн Иргэний танхимд хуралдаж хуралд 123 иргэн ирж хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Хурлыг хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга удирдаж, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн бичгийг уншиж танилцуулсны дараа нууцаар санал хураалт явуулж хуралд оролцсон 123 иргэнээс 123 иргэн санал хураалтанд оролцсон.

Тооллогын дүнгээр 109 иргэн “дүүргийн Засаг даргын ирүүлсэн саналыг дэмжинэ” гэсэн санал өгч, 14 иргэн “дэмжихгүй” гэсэн санал өгсөн. Хуралд оролцож саналаа өгсөн иргэдийн 89 хувь нь “хорооны Засаг дарга Ш.Баатарыг огцруулах нь зүйтэй” гэж үзсэн тул холбогдох материалыг дүүргийн Засаг даргад уламжлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх тухайн өдрийн хурлыг “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болон хурлыг хүчингүй” гэж үзсэн бөгөөд эдгээр заалт нь дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын даргын эрх хэмжээг хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын эрх хэмжээ хэмээн хэрэглэсэн.

Иймд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гарсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, мөн хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт “...хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө ...ажлаа хариуцна”, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Дээд шатны Засаг дарга ....энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А/167 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хорооны Засаг даргын үйл ажиллагааг шалгасан тухай илтгэх хуудас, мөн хороодын 2014 оны жилийн эцсийн үйл ажиллагааны хэрэгжилтийн дүн зэргийг тус тус үндэслэн 17 дугаар хорооны Засаг даргыг огцруулах асуудлыг хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх саналыг Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1198 тоот албан бичгээр тус хорооны иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлжээ.

Энэхүү албан бичгийг үндэслэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, иргэдийн Нийтийн Хурлыг мөн сарын 25-ны өдрийн 17:00 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.   

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хорооны иргэдийн Нийтийн Хурал “тухайн хорооны Засаг даргыг ...огцруулах ...саналыг хэлэлцэн ...дүүргийн Засаг даргад уламжлах” бүрэн эрхтэй, мөн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт зааснаар “...хорооны Засаг даргыг огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн хурлын саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга шийдвэрлэж байх”-аар зохицуулсан тул энэ тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн “...дүүргийн Засаг даргаас хорооны Засаг даргыг огцруулах саналыг хүлээж аваад шууд санал хураалт явуулах байдлаар, өөрөөр хэлбэл хорооны Засаг даргын тайланг тухайн хурлаар хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, мөн Засаг даргын тайлбар болон бусад этгээдийн санал, дүгнэлтийг сонсолгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн эсэх” нь маргааныг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй юм.

Учир нь Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж болон 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хуульд заасан журмын дагуу гарсан эсэхийг л анхаарахаас бус хорооны Засаг даргыг огцруулах “үндэслэл” бүрдсэн эсэх, цаашлаад огцруулах асуудлыг хэрхэн, ямар журмаар шийдвэрлэсэн зэрэгт дээрх байдлаар нарийвчлан дүгнэлт өгөх шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл хорооны иргэд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, Засаг даргыг огцруулах саналыг хуульд заасан ирцтэйгээр хуралдан олонхоороо гаргасан л бол тэрхүү санал нь зохих журмын дагуу гарсан эсэхээс үл хамааран биелэгдэх учиртай. 

Тэр тусмаа хэн нэгэн албан тушаалтнаас хамаарал бага, гагцхүү тухайн нэгжийн хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авсны үндсэн дээр томилогддог, мөн энэ үндэслэлээр хугацаанаас өмнө огцруулах боломжтой хорооны Засаг даргын тухайд олонхоос гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх шаардлагатай бөгөөд харин шүүхийн эрх хэмжээ энэ тохиолдолд Хурлын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг нягтлах хүрээнд хязгаарлагдах бөгөөд иргэдийн Нийтийн Хурал дэгээ өөрөө тогтоож, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг.

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минутад 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд тус хорооны 150 орчим оршин суугчид оролцохоор хорооны иргэний танхимд цугларсан боловч уг хуралдааныг хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авсан гэх Д.Отгоннямаар даргалуулж, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг огцруулж, ажлаас чөлөөлөн, шинээр иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн сонгож, улмаар хорооны Засаг даргыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргаж, түүнд иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч гэх Л.Сүрэндорж, Д.Уранцэцэг, Б.Болдбаатар нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж албажуулалгүйгээр дүүргийн Засаг даргад хүргүүлснийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь тус хорооны 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлаар Л.Эрдэнэцэцэгийг хурлын даргаар, Л.Баярмагнай, Д.Уранцэцэг нарыг Хурлын Тэргүүлэгчээр сонгосон, мөн Л.Сүрэндорж, Б.Болдбаатар нарын хувьд иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй ч Б.Болдбаатар 2014 оноос эхлэн Хурлын Тэргүүлэгчийн хувиар тус хорооны үйл ажиллагаанд оролцож байсан болох нь гэрчийн мэдүүлэг, Хурлын 2014, 2015 оны тогтоолуудаар нотлогддог.

Хэдийгээр иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх тухай санал гаргах нь хорооны Хурлын бүрэн эрхэд хамаарах боловч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, ...зарлан хуралдуулна”, 23.5-д “Анхдугаар хуралдаанаар ...баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэснээс үзэхэд өмнө сонгогдсон иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй, мөн орон нутгийн ээлжит сонгууль явагдаагүй байхад анхдугаар хуралдаанаар шийдвэрлэгдэх асуудлыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг огцруулж, дахин шинээр иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон байдал, мөн иргэдийн Нийтийн Хурлын дарга байсаар атал өөр этгээдээр тухайн хуралдааныг даргалуулан хуралдуулсан зэрэг нь уг хуралдаанаас гарсан аливаа шийдвэр хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулж байгаа төдийгүй энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх үүрэг дүүргийн Засаг даргад үүсгэхгүй. 

Түүнчлэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, ...гарын үсэг зурна” гэсэн хэлбэрийн шаардлага ч хангагдаагүй байдаг.

Харин 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21:00 цагт Баянзүрх дүүргийн Иргэний танхимд болсон хорооны иргэдийн Нийтийн Хуралд тус хорооны нийт 3084 өрхөөс 123 иргэний төлөөлөл оролцож, 89 хувийн буюу олонхийн саналаар хорооны Засаг даргыг огцруулахыг дэмжсэн тогтоолыг хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид батлан, албажуулж дүүргийн Засаг даргад хүргүүлсэн, тус хуралдааны ирц “20-30 өрх тутам тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн байх” хуулийн шаардлагыг хангасан байх тул энэхүү тогтоол болон уг тогтоолыг үндэслэн дүүргийн Засаг даргаас Ш.Баатарыг 17 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас огцруулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2-т “нутгийн өөрөө удирдах байгууллага бол... баг, хороонд иргэдийн Нийтийн хурал /мөн/”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “нутгийн өөрөө удирдах байгууллагад баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж тус тус заасан, мөн хуульд хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны талаар тогтоосон журам, дэс дараалал, зохион байгуулалттай холбогдсон нарийвчилсан зохицуулалт байхгүй тул хорооны иргэдийн Нийтийн Хурлын “...хорооны Засаг даргыг огцруулах талаар иргэдийн олонхоороо гаргасан шийдвэрийг үгүйсгэх, уг шийдвэрийг биелүүлсэн дүүргийн Засаг даргыг буруутгах үндэслэлгүй юм.

Үндсэндээ анхан шатны шүүхээс тухайн Хуралд оролцсон иргэдийн тоо хуулиар тогтоосон ирцэд хүрсэн эсэх, Хурлаас гарсан шийдвэр хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд л хууль зүйн дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Ажлын хэсгийн илтгэх хуудаст дурдсан зөрчлүүд үндэслэлтэй эсэхээс үл хамааран нэгэнт тухайн хуралдаанд оролцсон иргэдийн дийлэнх нь Засаг даргыг огцруулахыг дэмжсэн санал өгсөн байх тул илтгэх хуудаст дурдсан зөрчлийн заримыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай холбогдуулж дүгнэлт өгөх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Ш.Баатарын гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Б/18 дугаар захирамж, мөн дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН