Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00386

 

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/00390

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Д холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.У , хариуцагч Б.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд Б.Д-тэй танилцан үерхэж байгаад бидний дундаас 2015 онд хүү У.А төрсөн. Төрсөн цагаас одоог хүртэл ямар ч харилцаагүй болсон. Иймд У.А-г эцэг Б.Д мөн эсэхийг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Э.У тай танилцаад 2015 оны 08 дугаар сард Булган аймагт ажиллаж байхад жирэмсэн болсон гэж хэлсэн. Би хамт амьдарч хүүхдээ төрүүлье гэхэд Э.У ын ээж охиноо хамт амьдруулахгүй үр хөндүүлэх мөнгө өг гэж шаардаж 2015 оны 08 дугаар сард 230,000 төгрөг авсан. Түүнээс хойш холбогдоогүй тул хүүхдээ авахуулсан гэж бодож байсан. 2015 оны 11 дүгээр сард цуг ажиллаж байсан М.Г-тэй танилцаж дагавар охин Э 4 настай өөрийн охин Э 3 сартай, ам бүл 4-үүлээ амьдарч байна. Эхнэр ажилгүй, хүүхдээ хардаг, би зун намартаа зам барилгын ажил хийдэг, өвөлдөө ажилгүй байдаг тул одоогийн байдлаар эцэг тогтоолгох мөнгөний боломжгүй байна. Хамт амьдаръя гэхэд гэр бүл нь зөвшөөрөхгүй, хүүхдээ авахуулна гэж мөнгө авч салаад, одоо намайг өөрийн амьдралаа зохиож гэр бүлээ тэжээж авч явж байхад тэтгэлэг тогтоолгоно гэж байгаад гомдолтой байна. Хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Э.У  нь хариуцагч Б.Д-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

            Э.У , Б.Д нар нь 2013 онд танилцаж, үерхсэн боловч гэр бүл болж эхнэр, нөхрийн журмаар амьдраагүй, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байна. Тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү У.А-г төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ.... Би хамт амьдарч хүүхдээ төрүүлье гэхэд Э.У ын ээж охиноо хамт амьдруулахгүй үр хөндүүлэх мөнгө өг гэж шаардаж 2015 оны 08 дугаар сард 230,000 төгрөг авсан. Түүнээс хойш холбогдоогүй, Хамт амьдаръя гэхэд гэр бүл нь зөвшөөрөхгүй, хүүхдээ авахуулна гэж мөнгө авч салаад, одоо намайг өөрийн амьдралаа зохиож гэр бүлээ тэжээж авч явж байхад тэтгэлэг тогтоолгоно гэж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч өөрийн хүү мөн эсэхэд эргэлзэж улмаар шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2402 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Б.Д нь У.А-н биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ...хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, 26 дугаар зүйлийн 26.2.2-д эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд хариуцагч ... өөр амьдрал зохиосон гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байгаа боловч хариуцагчийн энэ тайлбар нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин хүү У.Алтантүлхүүрийн эцэг нь Б.Д мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Дэлгэрсайхнаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хүү У.А-г эхийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан эцэг Б.Д-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү У.А-н эцэг нь Д мөн болохыг тогтоосугай.

2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү У.А-г эх Э.У ын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү У.Алтантүлхүүрт бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Б.Д-с сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, нэхэмжлэгч Э.У ын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Д-с 99,345 төгрөг гаргуулан 70,200 төгрөгийг Э.У т олгож, 29 145 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.

5.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН