Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2018/00087

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, хариуцагч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Л.Мөнхсан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д нь Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э-тай 2006 онд гэрлэлтээ батлуулж 8 жил амьдрсан. Ингээд бид хоёрын дундаас 2 ихэр хүү төрсөн бөгөөд одоо 10 настай, эрүүл саруул 4 дүгээр ангид сурч байна. Э нь хамт амьдарч байхдаа сүүлийн жилүүдэд өөрийн ажлын газрын боловсон хүчин Э-тай гэр бүлээсээ гадуур амьдралтай болж сэтгэл нь бүр мөсөн хөрж, гэр орон үр хүүхдүүдээ анхаарахаа больж сүүлдээ надад гар хүрч зоддог болсон. Зодуурын улмаас миний бие нь эрүүл мэндээр хохирч баруун чихний хэнгэрэг цоорч, баруун хавирга хугарч, надад хутга тулгаж ална гэдэг байсан. Хоёр хүүхэд минь бага байсан болохоор би хүүхдүүдээ бодоод салах өргөдлөө өгөлгүй засрах болов уу гэж харсаар ирсэн. Гэтэл амьдралын явцад ан цав улам томорч цаашид амьдрах боломжгүй болсон. Энэ хүн өөрийнхөө амьдралыг өөрөө сүйтгэсэн гэж бодож байна. 2015 оны 10 дугаар сараас хойш Э бид хоёр, хоёр талд амьдраад бараг 3 жил болж байна. Одоо 2 хүүхэд минь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын сургуульд суралцаж, би өөрөө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Төрийн банк ХХК-д ажиллаж байна. Хоёр талд амьдраад хоёр жилийн хугацаа өнгөрөхөд Э нь өөрийн үр хүүхдүүдээ харж хандаж байгаагүй. Энэ хооронд эвлэрэх боломж байсан. Гэвч одоо гэнэт ухаарсан юм шиг салахгүй гээд байгаа нь утгагүй байна. Иймд бидний хоорондын маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж гэрлэлт цуцалж, хүү Д, Д нарыг өөрийн асрамжиндаа авч хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э миний бие Д-тай 2006 онд гэр бүл болж, 2007 онд хоёр ихэр хүүтэй болоод сайн сайхан амьдарч байсан. Бидний дунд мөнгө төгрөгний маргаан гарч, би өөр хүнтэй нэр холбогдсон. Гэхдээ энэ бол салах шалтгаан биш гэж боддог. Гэтэл эхнэр маань хоёр хүүхдээ аваад явчихсан. Түүнээс хойш буюу 2015 оноос тусдаа амьдарч байна. Би хувьдаа эргээд эвлэрье, 2 хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн бодолтой явдаг. Гэтэл эхнэр маань эргээд эвлэрэхгүй хэрэв мөнгө өгөх юм бол эвлэрье гэж хэлдэг. Мөнгөнөөс болоод байнга хэрүүл гардаг. Би гурван жил шахуу тусдаа амьдрахдаа 2 хүүхдэдээ мөнгө өгч өөрийн хэмжээнд тус дэм үзүүлж ирсэн. Мөн 2 хүүхэдтэй минь утсаар яриулахгүй, амралтаар нь уулзуулахгүй байгаа. Би өөрийнхөө бурууг ойлгож ухаарч, гэмшиж  байгаа. Миний буруугаас болж манай гурав гэрээсээ явсанд би үнэхээр их харамсаж байна. Энэ 3 жилийн хугацаанд би их зүйл ойлгосон. Энэ хүн надтай эвлэрээд 2 хүүхэдтэйгээ эргээд амьдрах юм бол би дахиж муу зан гаргаж, эхнэртээ гар хүрэхгүй амьдрах болно. Би баталгаа гаргаж өгч чадна. Миний хувьд эхнэр хүүхэдтэйгээ эргээд эвлэрч, хоёр хүүхэдээ өнчрүүлэхгүй сайхан амьдрана гэсэн бодолтой байна гэжээ+.

 

Хариуцагч Э 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эхэндээ бид хоёр эвлэрэх гээд их аятайхан байсан. Гэтэл болохгүй юм байна. Яагаад гэвэл энэ хүн намайг 7-8 сая төгрөг өгөх юм бол шүүхэд гаргасан өргөдлөө татан авна гэж хэлсэн. Би цалингийн зээл хийгээд 6 сая төгрөг өгсөн. Дахиад надад өгөх мөнгө үнэндээ байхгүй. Энэ хүн өрөнд орсон юм шиг байлаа. Гэтэл  хоёр талд амьдарч байж 10, 20 сая төгрөг нэхээд байж болохгүй. Хамтдаа амьдараад хамтдаа өрийг нь дарж болох л байх.Надад буруу зүйл байсан гэхдээ амьдралаа мөнгөөр үнэлнэ гэж юу байхав дээ. Тиймээс би хоёр хүүхдэдээ өгдөг юм аа өгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийг ээжийнх нь асрамжинд үлдээхэд маргаан байхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Д, хариуцагч Э нар нь 2006 онд 05 дугаар сарын  28-ны гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хоёр ихэр хүү Д, Д нар төрсөн болох нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 04 дугаар сарын 19-ны өдрийн 3/-- дугаартай албан бичиг, мөн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай ...оршин суудаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын сум дундын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 34, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай ...Д, Д нар нь эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолт, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 2017 оны 07 дугаар сарын 26, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ...тус сургуульд суралцадаг нь үнэн гэсэн тодорхойлолт, Э, Д нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Д-ийн 0063065---дугаартай, Д-н 0063066--- дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас эвлэрүүлэн зуучлалын журмаар нэхэмжлэлээ урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй хэмээн үзэж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт, талуудын маргаангүй тайлбараар нөхөр Э нь эхнэрийнхээ бие махбодид халдан зодсоноос үүдэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэр бүлийн хүчирхийллээс болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй үйл баримт бий болсон нь тогтоогдож байна.

 Гэвч тухайн үйл баримт болсноос хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн, хариуцагч Э нь өөрийн гэм буруугаа ухаарч цаашид эхнэр, хүүхэдтэйгээ хамтдаа амьдрах хүсэлтээ илэрхийлсэн зэргийг үндэслэн шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл дээрх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан цаашид эвлэрэх хүсэл байхгүй учир гэрлэлтээ цуцлуулъя гэсэн гэсэн агуулга бүхий тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №-- тоот тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэсэн үндэслэлээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч Э нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээх талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, талууд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тул хүү Д, Д нарыг эх Д-ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр /2018 онд тухайн бүс нутагт тогтоогдсон хэмжээ 175 600 төгрөг/ эцэг Э-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүүхдүүдийг  тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, нэхэмжлэгч Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 060 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир тэтгэлэг төлөгч буюу хариуцагч Э-ын нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон нийт 152 580 төгрөг гаргуулж, үүнээс 117 060 төгрөгийг нэхэмжлэгчид, 35 520 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Э, Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Д, Д нарыг эх Д-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн  40.1.2-т зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Д, Д нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/, түүнчлэн тэднийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 060 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-аас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 152 580 /нэг зуун тавин хоёр мянга таван зуун наян/ төгрөг гаргуулж, үүнээс 35 520 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод, 117 060 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ