Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2018/00102

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д-д холбогдох

 

үндсэн зээл 22 525 939 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1 293 421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933 төгрөг, нийт 23 820 293 төгрөг гаргуулах, зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Д холбогдуулан үндсэн зээл 22 525 939 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1 293 421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933 төгрөг, нийт 23 820 293 төгрөг гаргуулах, зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д нь Х-тай 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1120010732 дугаартай зээлийн гэрээ байгуулсан 24 500 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Банк нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлдэгч Д-ийн Х дахь 5001160481 тоот дансанд 24 500 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11200107-- дугаар барьцааны гэрээгээр Д-ийн өмчлөлийн Ү-19020005-- тоот эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000219167 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-8-1-- тоотын 48 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,974,060.7 төгрөг, зээлийн хүүд 6,320,204.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 65.04 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Д нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 135 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөөр байна.

 

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 11200107-- дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22 525 939 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар хүү 1 293 421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933 төгрөг, нийт 23 820 293 төгрөгийг Д-аас гаргуулах, мөн зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 11200107-- дугаар барьцааны гэрээн дээр дурьдсан хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч компанитай 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 24 500 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан. Ингэж зээл авах болсон шалтгаан маань Сүмбэр сум 3 дугаар баг, 4-8-1-- тоот орон сууцыг худалдан авах зорилготой байсан. Би ипотекийн зээл авсан өдрөөсөө хойш 2017 оныг хүртэл зээлээ бүрэн төлөөд явж байтал миний худалдаж авсан орон сууцны өмчлөгч гэх М гэж хүн гарч ирэн намайг шүүхэд өгсөн. Тэгээд Я бид хоёрын дунд хийсэн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулсан. Одоо миний хувьд байр ч үгүй, мөнгө ч үгүй баахан өртэй үлдэх байдал үүсээд байна. Нэхэмжлэгч компани намайг шүүхэд өгөх биш харин үл хөдлөх эд хөрөнгө худалдсан Я шүүхэд өгч зээлээ төлүүлэх нь зүйтэй болов уу? Учир нь би тэр зээлээс нэг ч төгрөг өөртөө авч үлдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны Я худалдах худалдан авах гэрээ хийсний үндсэн дээр Х-аас 24 500 000 төгрөгийг зээлж авсан. Ингэхдээ 2 хүний дундын данс эскроу дансанд мөнгийг байршуулаад тэр мөнгийг Я хүлээж авсан байдаг. Энэ мөнгийг зөвхөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 8 дугаар орцны 1-- тоот орон сууцыг худалдан авахын тулд зээлж авсан. Тэрнээс өөр зүйлд ашиглах ямар ч нөхцөлгүй, зөвхөн байр худалдаж авах гэж авсан. Гэтэл одоо энэ байр шүүхийн шийдвэрийн дагуу эзэмшигч нь Д биш болоод Я буцаад очсон. Тэгэхээр 24 500 000 төгрөгийг Я өгсөн болохоор, одоо буцааж өгөх ёстой юм. Хэрвээ миний нэр дээр байсан бол би зээлээ төлөх байсан. Тиймээс банкнаас гарын үсэг зурж мөнгө авсан Я-ээс нэхэмжлэх ёстой. Мөн барьцаа хөрөнгөөр нь хангуулаад банк өөрийн мөнгөө гаргуулж авах ёстой гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Д-д холбогдуулан үндсэн зээл 22 525 939 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1 293 421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933 төгрөг, нийт 23 820 293 төгрөг гаргуулах, зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч тал зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар маргаангүй, харин зээл авах зорилгоор хийгдсэн худалдах худалдан авах гэрээ шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцогдсон тул худалдагч тал Я зээлийг төлөх ёстой хэмээн маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан үзээд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч Х, иргэн Д нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 24 500 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 1-- тоотод байрлах 48 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар 11200107-- тоот зээлийн гэрээ, мөн уг зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор худалдан авсан байрыг барьцаалсан 11200107-- тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, харилцагчийн анкет, зээлийн өргөдлийн маягт,

Я, Д нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0001023--, 0002191-- тоот гэрчилгээнүүд, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, зээл олголтын зөвшөөрөл, дансны хуулга, зарлагын маягт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 165.3-т заасан шаардлагыг хангаснаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлүүдэд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээний хувьд дүгнэхэд:

 

1.Хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.2 болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн зээлээ төлөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан болох нь зээлийн дансны хуулгаас харагдаж байх бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч маргаагүй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд банкинд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон даатгалын хураамжид нийт 8 511 297 төгрөг 54 мөнгө төлсөн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгуудаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ төлөөгүй, үүргээ зөрчсөн учир нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй, мөн 225.5-д зааснаар барьцаа хөрөнгө өөр этгээдийн өмчлөлд шилжсэн үндэслэлээр гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байгаа гэж үзэж нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Түүнчлэн зээлдэгч зээлийн гэрээний 5.1.1-т зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй бол 5.1-т зааснаар зээлдүүлэгч банк нэг талын санаачлагаар гэрээгээ цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Нөгөөтэйгүүр барьцаа хөрөнгө өөр этгээдийн өмчлөлд шилжсэн явдал нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох, зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч Д-гаас үндсэн зээл 22 525 939 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1 293 421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933 төгрөг, нийт 23 820 293 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х-д олгох нь зүйтэй байна.

 

Барьцааны гэрээний хувьд дүгнэхэд:

 

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ барьцааны хөрөнгө шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Я-ийн өмчлөлд шилжсэн гэж дурдсан.

 

Хариуцагч талаас барьцааны гэрээний талаар маргаангүй, гэхдээ тухайн хөрөнгө нь худалдагч тал Я-д шүүхийн шийдвэрийн дагуу буцаан шилжсэн учир барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна хэмээн тайлбарлана.

 

Шүүх нэхэмжлэл, хариуцагчийн тайлбартай холбоотойгоор иргэн Я-д энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрхтэй талаар мэдэгдсэн /хх-ийн 47-50/ боловч тэрээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

 

Түүнчлэн барьцаа хөрөнгө шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Г.Янжинсүрэнгийн өмчлөлд шилжсэн болохыг нотлох баримтыг зохигч талын хэн нь ч шүүхэд гаргаж ирүүлээгүй тул шүүх зөвхөн барьцааны гэрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т зааснаар барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй байна.

 

Ингэхдээ мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар барьцаалагч нь энэ хуулийн 41.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах тухайгаа барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ, 42.2-т зааснаар Барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгч нь мэдэгдэлд заасан хугацаанд хариу өгөөгүй бол барьцаалагч нь энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж барьцаалуулагч болон тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухайгаа бичгээр мэдэгдэх үүрэгтэй байсан.

 

Гэтэл нэхэмжлэгч Х нь хариуцагч Д бичгээр мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Гэвч хариуцагч тал нь уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаагүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул шүүх дээрх хуулийн асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзээд зээлийн гэрээний        5.2, барьцааны гэрээний 4.1.4, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар ипотекийн зүйл болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 1-- тоотод байрлах 48 м.кв 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолж Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, нэхэмжлэх зэргийг, мөн хариуцагч нь хариу тайлбар, үндэслэлээ нотолж Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 134/ ШШ2016/001-- дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн хэсэг, Я-ийн тус шүүхэд гаргасан 2016 оны 10 дугаар сарын 17, 11 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтүүд зэргийг шүүхэд ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 051 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-аас улсын тэмдэгтийн хураамжинд 277 051 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д-аас үндсэн зээл 22 525 939 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1 293 421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933 төгрөг, нийт 23 820 293 /хорин гурван сая найман зуун хорин мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөг гаргуулж Х-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 1-- тоотод байрлах 48 м.кв 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангид даалгаугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 051 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-аас улсын тэмдэгтийн хураамжинд 277 051 /хоёр зуун далан долоон мянга тавин нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ