Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч *******- өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******- холбогдох эрүүгийн 2110022510015 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* ******* сургуулийн хөл бөмбөгийн талбайд үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******-тэй маргалдаж, түүний биед халдан зодож дух, уруул, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт, уруулд шарх, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 2110022510015 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

2. Гэрч А.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

3. Гэрч А.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)

4. Гэрч А.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал)

5. Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал)

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10646 дугаартай шинжээчийн  дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), боловсролын тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

 

1. Шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* ******* сургуулийн хөл бөмбөгийн талбайд үл ялих зүйлээр шалтаглан иргэн хохирогч *******-тэй маргалдаж, түүний биед халдан зодож дух, уруул, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт, уруулд шарх, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...ын байрныхан 5-6 залуучууд зогсож байхаар нь би хажуугаар нь өнгөрөхдөө “харих болоогүй юм уу залуучуудаа” гэж хэлсэн чинь намхан залуу ирээд “чи яах гээд байгаа юм” гэхээр нь би “залуучууд юу хийгээд байгаа юм” гэж хэлсэн. Намхан залуутай маргалдаж барьцалдаж аваад салсан. Энххүслэн, бид 3 ын авто машин руу явж байгаад болиод намайг таксинд суулгах гээд төв зам руу явж байсан чинь анх маргалдсан залуучууд өөдөөс гарч ирээд “та нар нааш ир, хөл бөмбөгийн талбай руу ороод ир, зодолдъё” гэж хэлсэн. Бид нар “үгүй” гэж хэлээд цааш явж байсан чинь бид нарын араас чулуу шидэхээр нь бид нар зугтааж байгаад бид 2 баригдсан. Тэгтэл намайг хар өнгийн куртиктэй урт үстэй дунд зэргийн өндөртэй залуу намайг өшиглөж миний өмсөж байсан цамцаар маань толгойг дарж газар унагааж байгаад миний толгой, нуруу, цээж хэсэг рүү зодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

 

Гэрч А.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* ******* *******н ******* сургуулийн дотуур байрны хажуу талд байсан хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь үл таних 3-4 согтуу залуучууд хажуугаар өнгөрөхдөө махлаг биетэй залуу нь “ахын дүү нар харьж унт” гэж хэлсэн. *******- та нар өөрсдөө согтуу байна харьж унт гэж хэлсэн чинь махлаг биетэй залуу *******-ыг цохих гээд гараараа далайхад *******- бултсан. Бид нар дундуур нь орж салгасан.  Согтуу залуучууд явцгаасан. Бид нар дэлгүүрийн гадаа тамхи татаж ундаа уучхаад харих гээд хөл бөмбөгийн талбайн хажуу талд явж байхад маргалдсан согтуу залуучууд өөдөөс ирж байсан. Бид нар зодолдох гэж байна гэж бодоод өөдөөс нь гүйсэн чинь тэр залуучууд зугтаасан. Анх *******-тай маргалдаад байсан махлаг биетэй залуу бас хамт явж байсан. Жижиг намхан биетэй залуу нь баригдсан. *******- махлаг биетэй залууг газар унагааж байгаад өшиглөж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

 

Гэрч А.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...махлаг биетэй залуу гараараа *******-ыг цохих гэж оролдоход *******- бултаад хоорондоо барьцалдсан. Бид нар дундуур нь ороод салгасан. ...Тэгэхэд анх хэрүүл маргаан үүсгэсэн залуу намхан залуугийн хамт үлдсэн. *******, ******* бид 3 хараад зогсож байсан чинь *******- анх хэрүүл маргаан хийдэг залууг газар унагаагаад өшиглөж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)

 

Гэрч А.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******- дээр ирээд “юу гэнээ ахын дүү” гээд цохих гэхэд нь *******- бултаад цохиулаагүй. Тэр хоёр барьцалдаж авахаар нь бид нар дундуур  нь орж салгасан. Бид нар хажуугийн хөл бөмбөгийн талбайн хажууд явж байсан чинь анх хэрүүл маргаан үүсгэсэн залуучууд өөдөөс орилоод ирсэн. Бид нартай зодолдох гэж байна гээд өөдөөс нь гүйсэн. Тэр залуучууд зугтаасан. Хоёр залуу зугтаахгүй үлдсэн. Анх *******-тай маргалдсан махлаг биетэй залуутай *******- ноцолдоод газар унагааж байгаад өшиглөж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10646 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. *******-ийн биед дух, уруул, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт, уруулд шарх, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч *******- нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******-тэй маргалдаж, цохиж зодож биед нь “дух, уруул, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт, уруулд шарх, бүсэлхийн зөөлөн эдийн няцралбүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

          Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******- нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч *******- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-т ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******- нь хохирогч *******-ийн эмчилгээний зардалд 350.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч *******- энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч *******- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч *******- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******- нь хохирогч *******-т 350.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОДБАЯР