Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2018/00118

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О-д холбогдох

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н нь хариуцагч О холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О-той 2013 онд танилцаж, 2014 оноос гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. О-тай гэр бүл болсноос хойш 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү У төрж бид 2018 оны 04 дүгээр сар хүртэл амьдарсан. О нь сүүлийн жилүүдэд архи ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсан тавьж, хэрүүл маргаан тасрахгүй амар тайван амьдрах боломжгүй болсон. Бид гэрлэлтээ батлуулъя гэж ярилцаж байсан боловч албан ёсоор баталгаа хийлгээгүй байсан. Иймд цаашид бид хамтдаа амьдрах боломжгүй болсон тул хүү У-д тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О миний бие эхнэр Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна. Яагаад гэвэл эхнэр бид хоёр эвлэрэх бодолтой байна. 2018 оны 05 сарын 30-нд эхнэр Н сургуулиасаа ирж эвлэрэх талаар их нухацтай ярилцсан. 2018 оны 06 сарын 01-нд эхнэр, хүүхдээ баярлуулсан. Тэр үед би эхнэртэйгээ эвлэрсэн гэж бодож байна. Би ойрын 3 жилийн хугацаанд архи уусан нь үнэн. Цаашид би архи уухгүй, эхнэр, хүүхэдтэйгээ сайхан амьдрах бодолтой байгаа тул эвлэрүүлэн зуучлалд хэргийг шилжүүлж өгнө үү. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н нь хариуцагч О-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч Н, хариуцагч О нар нь 2013 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү У төрсөн болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8-- дугаартай ам бүлийн тодорхойлолт, У-ийн 42010003-- тоот бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Энхтусдэм ӨЭМТ-ийн 2018 оны 04 сарын 23-ны өдрийн эмч Э.Өлзийжаргалын ...У нь эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолт, Иргэдэд үйлчлэх автомат машины 2018 оны 04 сарын 27-ны өдрийн Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Зохигчид хамтран амьдрах явцдаа албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан хэдий ч хүү У-ийг эцэг О-р овоглож төрсний гэрчилгээ авснаар захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр хуульд заасан эрх, үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Хариуцагч О нь ...цаашид эхнэр, хүүхэдтэйгээ хамьтдаа амьдрах хүсэлт сонирхолтой тул хэргийг эвлэрүүлэн зуучлалд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь талууд албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлж гэр бүл болоогүй тохиолдолд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжгүй.

Нөгөөтэйгүүр шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага нь гэрлэлт цуцлах маргаан бус зөвхөн хүүхдийн тэтгэлэг шаардсан шаардлага болно.

 

Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүү У нь одоогоор эх Н-ын асрамжинд байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч О нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү У-ийг тэжээн тэтгэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Гэхдээ талууд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр /одоо тухайн бүс нутагт тогтоогдсон хэмжээ 175 600 төгрөг/ сар бүр хүүхдийн тэтгэлгийг тогтоож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, нэхэмжлэгч Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 836 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О-с улсын тэмдэгтийн хураамж 29 836 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү У-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/, түүнчлэн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Хүү У-ийг эх Н-ын асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 836 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О-аас улсын тэмдэгтийн хураамж 29 836 /хорин есөн мянга найман зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ