Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2018/00088/И |
Дугаар | 134/ШШ2018/00124 |
Огноо | 2018-07-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 134/ШШ2018/00124
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-6/б тоот дахь хашаа, байшингаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр,
Хариуцагч Б-ын гаргасан нэхэмжлэгч У-аас засварын материал 459 700 төгрөг, засвар хийлгэсэн ажлын хөлс 1 400 000 төгрөг, байрны худалдан авахаар тохиролцож шилжүүлсэн 4 000 000 төгрөг нийт 5 859 700 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч
Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч у шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У би 2017 оны 09 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 5-6/б тоотод байрлах ҮХХ-Ү1902001883 улсын дугаарын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц, ҮХХ-Г19020031- улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг Б-д 9 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тухайн үед Б 2017 оны 09 сарын 29-ний өдөр 4 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сараас хэтрэхгүй өгөх боломжтой, нөхөр хөдөө явж ажил эрхэлдэг, ажлаас ирэхдээ 3-4 сая төгрөгтэй ирдэг учраас үлдсэн мөнгийг бэлэн төлж барагдуулна гэхээр нь түүнд итгэсэн. Би худалдан борлуулж буй хашаа байшингаа ахуйн үйлчилгээний ломбарданд барьцаалж 5 000 000 төгрөгийг зээлсэн байсан бөгөөд зээлийн төлбөрөөс 3 сая төгрөгний үлдэгдэлтэй түүний хүү алдангид 6 000 000 төгрөг төлөх байсан учраас арга буюу өндөр үнээр буюу 12 000 000 төгрөгөөр зарж борлуулах байсан ч зах зээлийн үнээс доогуур худалдан борлуулж байгаа гэх учир шалтгаанаа Б-д хэлэхэд тэрээр хүлээн зөвшөөрч 9 000 000 төгрөгөөр худалдан авъя, ломбарданд төлөх ёстой 6 000 000 төгрөгийг төлж барагдуулъя гээд 4 000 000 төгрөгийг төлж, үлдэх 2 000 000 төгрөгийг 2-3 хоногоос хэтрэхгүйгээр төлж барагдуулахаар Б ломбардны эзэнтэй тохиролцож даруй миний өмчлөлийн хувийн орон сууц, газрын гэрчилгээг чөлөөлж өөрөө авсан юм. Гэвч Б ломбарданд төлөх ёстой 2 000 000 төгрөгийг ч төлж барагдуулаагүй надад төлөх ёстой мөнгийг ч өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Түүнтэй тохиролцсон ёсоор мөнгөө төлж барагдуул, ломбардны үлдэгдэл мөнгөө төл гэхэд төлөөгүй, сүүлдээ уурлаад утсаа авахгүй, аашилж загнах болсон. Мөн манай орон сууцанд өөрсдийн дураар орж амьдарсан байсан. Анх Б бид хоёр 4 000 000 төгрөгийг өгч авалцахдаа үлдэгдэл мөнгийг бүрэн барагдуулж дууссан нөхцөлд хашаа байшин, газрыг Б-ын өмчлөлд шилжүүлж өгөх, Б нь өөрөө мөнгөө бүрэн төлж тооцоо дуустал хашаанд гэр барьж амьдарч байгаад тооцоо дуусч үнийг барагдуулсны дараа хашаа байршинд орж, зохих ёсоор өөрийн өмчлөлд шилжүүлж авахаар харилцан тохиролцсон байсан. Гэтэл Б нь тооцоогоо хийж дуусгаагүй, албан ёсоор нэр дээрээ шилжүүлж аваагүй байж надад ч хэлэлгүйгээр дур мэдэн манай байшинд засвар хийж орсон байсан. Би худалдан борлуулсан гэх хашаа байшингийн үлдэгдэл болох 5 000 000 төгрөгийг төл гэж шаардлага тавихаар сүүлдээ би засвар хийж орсон, засварын үнэнд тооцно гэх болсон бөгөөд өөрсдийн дураар орж суучихаад мөнгөө ч төлөхгүй, үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй байгаа бол хашаа байшинг минь суллаж өгөхгүй маш ихээр хохироож байна. Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилладаг учир тэднийхийг шууд нүүж орсон болохыг мэдээгүй, тохиролцсон ёсоор хашаанд гэр барьж амьдарч байгаа гэж ойлгож явсан. Гэтэл манай хашаанд буунгуутаа байшинд орж засвар хийж амьдарсан байсныг сүүлд мэдсэн. Ийнхүү байшинд маань дураараа орж суун хашаа байшинг худалдан авсан нэртэй хуурч мэхэлж, хохироож итгэл эвдэн мөнгөө ч өгдөггүй, адаг сүүлдээ танай байранд засвар хийсэн, засварт тооцно гэх мэтээр илтэд бусдыг хохироож басамжилж байна. Иймээс би одоо өөрийн гэсэн орон сууцгүй, хэдэн хүүхдээ дагуулан орон сууц хөлслөн амьдарч байгаа учир нэгэнт тохиролцсон ёсоор 5 000 000 төгрөгийг төлөхгүй байгаа учир түүнд хашаа, байшингаа худалдахаас татгалзаж, өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-6/б тоот дахь хашаа, байшингаас албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У-тай маргалдах зүйл байхгүй. Хашаа, байшинг нь суллаж өгнө. Гэхдээ миний өгсөн 4 000 000 төгрөгийг өгсний дараа суллаж өгнө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У анхнаасаа байрыг өөрөө нээж өгсөн. Би хашааг нь цэвэрлээд гэрээ барьж байхад У хоёр удаа ирж уулзсан. У надтай харилцаатай, манайхаар орж гараад явж байсан. Намайг юу хийх гэж байгааг мэдэж байсан. Би 10 дугаар сарын 07-нд нүүж очоод 11 дүгээр сар гарахад гэрээ дулаалаад гэртээ амьдарч байсан. Гэтэл У байшинд орохгүй яасан юм бэ гэхээр нь би хүний хуучин юманд ороод яахав, засвар хийж байж орно гэсэн. Гэтэл У манай байшин хоёр хувин нүүрс хийгээд янзын хална, танай бага хүргэн манай хүүтэй хамт барилгын засвар хийдэг, хүргэнээрээ засвар хийлгэ гэж хэлсэн. У засвар хийдэг хүнийг хүртэл надад хэлж өгсөн. Тэгээд байшинг галлаж үзтэл сайн халж байсан, У зөвшөөрсөн болохоор бага хүргэнээрээ засвар хийлгэхэд миний сэтгэлд нийцээгүй. Нэгэнт засварын ажил эхэлсэн болохоор хүн хөлсөлж засвараа дуусгасан. Тухайн үед засвар хийж байхад У ирсэн. Засвар хийж дууссаны дараа хоёр, гурван удаа ирсэн. Би хүн зөвшөөрөөгүй байхад айлын байшинд орж засвар хийхгүй. Яагаад засварын мөнгийг өгөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Иймд би ломбарданд өгсөн 4 000 000 төгрөг, засварын материал авсан 459 700 төгрөг, ажлын хөлсөнд өгсөн 1 400 000 төгрөг нийт 5 859 700 төгрөгийг У-аас нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б сөрөг нэхэмжлэлдээ У нь миний нэр дээр бүртгэлийн гэрчилгээг шилжүүлээгүйгээс орон сууцны үлдэгдэл мөнгийг төлж чадаагүй болно гэжээ. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахаар харилцан тохиролцохдоо, төлбөр мөнгийг төлж барагдуулсан нөхцөлд, түүний өмчлөлд шилжүүлэх нь зүй ёсны юм. Гэтэл өөрөө мөнгөө өгөхгүй, өгье гэсэн сэтгэлгүй, хүний байранд хүч түрэн орж, өдий хүртэл үнэ төлбөргүй сууж байсан мөртлөө надаас шалтгаалсан мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж, тэрээр банкны барьцаанд тавьж зээл авч, надад төлөх талаар бид хоёрын хооронд ямар ч тохиролцоо байгаагүй. Иймээс би Б-ын ломбарданд төлсөн 4 000 000 төгрөгийг буцааж төлж барагдуулна. Харин 2017 оны 11, 12 дугаар сард засвар хийсэн засварын материал 459 700 төгрөг, ажлын хөлсний 1 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. У-г өөрөө байшиндаа засвар хийгээд орохыг зөвшөөрч, байшингаа онгойлгож өгсөн гэж ор үндэслэлгүй хэлж байна. Харин наймаа хийхдээ байшингаа онгойлгож, үзүүлж байсан. Гэтэл Б нь манай байшинд тооцоогоо хийж дуусгаагүй, албан ёсоор нэр дээрээ шилжүүлж аваагүй байж, надад ч хэлээгүйгээр дур мэдэн засвар хийж орж, дайллага, цайллага хийсэн байсан. У сүүлд Өмнөговь аймгаас ажлаасаа ирээд мөнгөө нэхэх гэж очоод байшинд засвар хийж орсныг мэдсэн бөгөөд багахан хэмжээний засвар хийсэн байсан. Манай байшингийн түгжээ нь гараар татахад онгойдог учир өөрөө онгойлгоод засвар хийсэн байна лээ. Хэрэгт байгаа барилгын материалын баримт нь үнэн баримт уу, худлаа баримт уу гэдэгт эргэлзэж байна. Хөлсний хувьд дэндүү өндөр үнэ байна. Тиймээс хүний байшинд дур мэдэн орж суучихаад сайн дураараа хийсэн засварын материал болон ажлын хөлсийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэхэд:
Нэхэмжлэгч У нь хариуцагч Б-д холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-6/б тоот дахь хашаа, байшингаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх түүний тайлбарыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 158 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэхэд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б нь нэхэмжлэгч У-д холбогдуулан засварын материал 459 700 төгрөг, засвар хийлгэсэн ажлын хөлс 1 400 000 төгрөг, байрны худалдан авахаар тохиролцож өгсөн 4 000 000 төгрөг, нийт 5 859 700 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх шаардлагуудаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У нь байр худалдаж авахаар тохиролцож шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг ямар нэг маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөн тул энэхүү шаардлагыг хувьд мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин засварын материал 459 700 төгрөг, засвар хийлгэсэн ажлын хөлс 1 400 000 төгрөг нийт 1 859 700 төгрөгийн шаардлагыг ...байранд орж амьдрах зөвшөөрлийг өгөөгүй байхад дураараа орж засвар хийж амьдарсан учир төлөхгүй хэмээн маргана.
Шүүх талуудын маргааны хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч У, хариуцагч Б нар нь 2017 оны 09 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 5-6/б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг, хувийн орон сууцны хамт 9 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, Б нь 4 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг дараа өгөхөөр хэлцэл хийсэн байна.
Гэвч Б үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учраас талууд гэрээ байгуулаагүй, Б нь газар болон орон сууцыг У шилжүүлэх, У-аас урьдчилж авсан 4 000 000 төгрөгийг буцаан өгөх талаар харилцан тохиролцсон маргаангүй байна.
Талууд маргаантай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөр өөрөөр буюу хариуцагч нь ...У надад байшинд орж амьдрахыг зөвшөөрсөн гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У нь ...байшинд орж амьдрах зөвшөөрөл огт өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэн аль нь өөрсдийн тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Тиймээс шүүх талуудын маргаангүй тайлбараас дүгнэж, хариуцагч Б нь бусдын эд хөрөнгийг буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-6/б тоот дахь хашаа, байшинг эзэмших эрхийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар хууль ёсоор олж авсан, улмаар 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар шударга эзэмшигч гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч У нь өөрийн өмчлөлийн хашаа, байшинг худалдах буюу өөр этгээдэд бүр мөсөн шилжүүлэх зорилгоор, хариуцагч Б нь тухайн хашаа, байшинг худалдан авах буюу бүр мөсөн өөрийн болгох зорилгоор хэлцэл хийсний үндсэн дээр Б нь уг хашаа байшинд нүүж орж амьдарсан байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй.
Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцож хэлцэл хийсэн боловч хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулаагүй, хэн аль гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар эд хөрөнгийг эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Б нь нэхэмжлэгч У-аас засварын материал 459 700 төгрөг, засвар хийлгэсэн ажлын хөлс 1 400 000 төгрөгийг шаардах эрхтэй.
Гэвч шүүхээс хэрэгт авагдсан Д ХХК-ийн зарлагын баримтыг үндэслэн засварын материалын зардал 459 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин засвар хийлгэсэн ажлын хөлс 1 400 000 төгрөгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108 705 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 86 305 төгрөгийг нэхэмжлэгч У-аас гаргуулж хариуцагч Д.Батжаргалд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-6/б тоот дахь хашаа, байшингаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, мөн нэхэмжлэгч У нь худалдах худалдан авах хэлцлийн дагуу шилжүүлсэн 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, тус тус хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар нэхэмжлэгч У-аас засварын материалын зардал 459 700 /дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулж хариуцагч Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас засвар хийлгэсэн ажлын хөлс 1 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 158 950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У-д, хариуцагч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108 705 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч У-аас улсын тэмдэгтийн хураамжинд 86 305 /наян зургаан мянга гурван зуун таван/ төгрөгийг гаргуулж хариуцагч
Б-д тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ