Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0615/Э |
Дугаар | 2022/ ШЦТ/655 |
Огноо | 2022-07-29 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/655
2022 08 04 2022/ШЦТ/655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Н.Б,
хохирогч Б.А,
нарийн бичгийн даргаар Б.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Дөлгөөн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2111014881274 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Шавгын овоо овогт Н.Б
Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, хоёр хүүхдийнх нь хамт, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 5 буудлын орчимд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Б.Аыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт мөргөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А над руу “чи надаар ганц юм авхуулна гэсэн яасан, май энэ мөнгийг аваад архи аваад ир” гээд надад 20 төгрөгүүд гаргаж ирж өгөхөөр нь “чи муу хүн доромжлоод байна уу” гээд би заамдаж аваад, хамар нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,
- хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хараа архи худалдаж авч гарч ирээд, танайх руу хамт явъя гэхээр нь би яах юм бэ гээд гудамжинд архиа задлаад нэг нэг татчихаад явлаа гээд зам руу гараад явж байтал тэр хоёр ирж, миний хоёр талаас гудам руу чирч оруулаад, Б намайг шууд татаад мөргөсөн. Миний нүүрэнд оч манараад хамраас цус гарч, хэсэг хугацаанд ухаан балартсан..., ...Б надтай үл ялих зүйлээр шалтаглан намайг мөргөж цохисон юм. Намайг Бээс өөр хүн зодсон, цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар Н.Б нь хохирогч Б.Аыг зодсон үйл баримт тогтоогдож байна.
- хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 сарын 19-ний өдрийн №11250 дугаартай шинжээч эмч Б.Баяртогтохын “...Б.Аын биед баруун хацрын нумын зөрүүгүй сэлтэрсэн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана духны хөдий рүү цөмөрсөн, зүүн духны хөдийн доод ханахаас зүүн нүдний ухархайн дотор хана руу үргэлжилсэн сэлтэрсэн шугаман хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархины доргилт, доод уруулын өнгөц шарх, дух хоёрын нүдний зовхи, хамар, хацар, шанаа, чамархай, доод эрүү, уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд болно. дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/ хохирогч Б.Аын Эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын орчимд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Б.Аыг нүүр хэсэгт мөргөх, цохих зэргээр зодож бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын орчимд хат архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Б.Атай хоорондоо маргалдаж, улмаар шууд санаатайгаар хохирогчийн нүүр хэсэгт мөргөх, цохих зэргээр эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгэлгүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор 376 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг шүүх оногдуулав. Мөн шүүгдэгч Н.Б нь энэ гэмт хэрэгтээ нийт 47 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан журмын дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон нийт 376 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, эдлэх ялаас нь хасч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлсэнд тооцож шүүх шийдвэрлэв. Тиймээс Н.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл авч, шүүх хуралдааны танхимаас сулласан болно.
Бусад асуудлын талаар
хохирогч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн. Шүүгдэгч Н.Б нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 151.000 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул уг шийтгэх тогтоол гарах үед Н.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Н.Б нь энэ гэмт хэрэгтээ 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 08 дугаар 04-ний өдөр хүртэл нийт 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсон болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шавгын овоо овогт Н.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бт 376 /гурван зуун далан зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон нийт 47 хоногийг, нэг хоногийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд дүйцүүлэн тооцож нийт 376 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 376 /гурван зуун далан зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, ялаа бүрэн эдэлсэнд тооцсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Н.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Бийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ