Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 134/ШШ2018/00116

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

Ш-О ХК-д холбогдох

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ажилтнуудад олгох 13 дахь сарын буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалин, нийт 17 900 247 төгрөг гаргуулах тухай, 

2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 2 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 5 040 474 төгрөг, эрх зүйн туслалцаа авсаны урьдчилгаа хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, нийт 6 040 474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,

 

Хариуцагч “Шивээ Овоо” ХК нь нэхэмжлэгч Ж.Б холбогдуулан

Үндэслэлгүй олгогдсон тэтгэмж 8 424 900 төгрөг, өөртөө үндэслэлгүйгээр тодорхойлолт бичиж, журам зөрчин авсан илүү цагийн хөлс 2 772 305 төгрөг, нийт 11 197 205 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар №134/ШШ2017/00185 шийдвэр, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар №216/МА2018/00002 магадлалаар Ж.Б миний ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэлэлцэж нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэсэн тул 2017 оны 07 дугаар сарын 01-нээс одоог хүртэл буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 17 900 247 төгрөгийг олгуулж өгнө үү. Ажилгүй байх хугацааны цалинг бодохдоо “Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам”-ны 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн а/дугаар заалтыг баримтлан гаргасан болно.

Үүнд: Ажлаас халагдахын өмнөх 4,5,6 дугаар сарын дундаж цалин /1824735+1348899+2600000/:3=1924545 төгрөг ажилгүй байсан 8 сарын хугацаагаар үржүүлж, ажилгүй байсан сар хүрээгүй ажлын 12 хоногийн хугацааг нэг өдрийн дундаж цалин /1824735+1348899+2600000/:63 өдөр=91644.98 төгрөгөөр үржүүлээд /91644.98*12 өдөр=1099740 төгрөг/ дээр нь ажилтнуудад олгох 13 дахь сарын цалин буюу жлийн эцсийн үр дүнгийн шагнал цалин болох 1404150 төгрөгийг нэмж 17900247 төгрөгийг гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гарсантай холбоотойгоор нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалингаа тооцож гаргасан байна. Ингэхдээ 2 сар 15 хоногийн нөхөн олговор 5 223 764 төгрөг, мөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Яагаад өмгөөллийн хөслийг “Ш О ХК-иас нэхэмжилж байна вэ гэвэл “Ш О ХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд миний ажиллах, хөдөлмөрлөх эрхийг зөрчсний улмаас энэхүү харилцаа үүсэж байгаа учраас буруутай этгээдээс өмгөөллийн хөлсийг төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс урьдчилгаа болгож төлсөн 1 000 000 төгрөгийг “Ш О нэхэмжилж байна. Өмгөөлөгчтэй гэрээ байгуулахдаа нэхэмжилсэн үнийн дүнгийн 10 хувиар тооцож гэрээг байгуулсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар нийт 6 040 474 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хойшилсон. Намайг ажил эгүүлэн авах тушаал гарсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд “Ш О” ХК-иас ажлын байраар хангаж, цалин хөлс олгоогүй учраас 2018 оны 06 дугаар сарын 06-наас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу 10 хоногийн ажлын хөлс болох 916 449 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

     Нэхэмжлэгч Ж.Б болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлэн шаардлагадаа:

     “... Харин одоо 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 2 сар 15 хоногийн цалин нөхөн олговор болох 5 223 764 төгрөг /2 сарын 1924545*2=3 849 090 төгрөг, 15 хоногийн 91644,98*13=1191384 төгрөг/ өмгөөлөгч Э.Сайханаатай эрх зүйн туслалцаа үзүүлэх гараа байгуулж эрх зүйн туслалцаа авсны урьдчилгаа хөлсөнд 1 000 000 төгрөгийг төлсөн ба тус 1 000 000 төгрөгийг нэмж нийт 6 040 474 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М миний бие Ж.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Учир нь: Ж.Б ШО” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр захиргаа, хүний бодлогын хэлтэс татан буугдсан, ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 6 сарын дундаж цалинтай тэнцэх 8.424.900 төгрөгийн тэтгэмж, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг ажлын 13 өдрөөр олгож шийдвэрлэсэн юм. Ж.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 8424900 төгрөгийг 2017 оны 07 дугаар сард олгосон.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2017/00185 дугаар шийдвэрээр “ШО ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017.07.03-ны өдрийн Б/249 дүгээр тушаал үндэслэлгүй гарсан хэмжээн үзэж Ж.Б ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн болно. “Ш О ХК-ийн зүгээс Ж.Б олгосон 8424900 төгрөгийн тэтгэмжийг үндэслэлгүй болох нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.26-ны өдрийн 134/ШШ2017/00185 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул Ж.Б буцаан суутган авах нь зүйтэй байна. Мөн шийдвэрээр Ж.Б ажлаас халах нь үндэслэлгүй хэмээн үзсэн учир ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгох нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг ажлын 13 өдрөөр тооцон олгосон 1 113 643 төгрөгийн Ж.Б буцаан суутгах ёстой байна. “ШО ХК-ийн Гүйцэтгэх захирлын Ж.Б ажлаас чөлөөлөх тушаал 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр гарсан тул Ж.Б олгох ёстой олговрыг 2017 оны 07 дугаар сард олгох ёстой атал 2017 оны 06 дугаар сарын цалин хөлс дээр нэмж олгосон нь санхүүгийн алдаа болсон байна хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна. Мөн 2017 оны 04 дүгээр сард Ж.Б 14 цагийн илүү цагийн хөлс 184 294 төгрөгийг өөртөө цохолт хийн олгосон байна. Илүү цагийн хөлсийг ажилтны дээд тушаалын албан тушаалтны тушаал шийдвэрээр олгох ёстой атал өөртөө илүү цагийн хөлс бодон олгох цохолт хийн илүү цагийн хөлс авсан нь холбогдох журмыг зөрчсөн үйлдэл болсон байна. 2017 оны 06 дугаар сарын Ж.Б ажилласан байдлын бүртгэл олдохгүй байгаа бөгөөд ажилласан байдалд туйлын эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгааг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлд ажилтнуудад олгох 13 дахь сарын цалин буюу жилийн эцсийн үр дүнгийн шагнал цалин 1404150 төгрөгийг гаргуулах хэмээн дурдсаныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсаныг цалин хөлсний маргааныг шийдвэрлэхэд ажилтны үр дүнгийн шагнал, урамшуулалыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хууль болон бусад дүрэм, журмаар тодорхойлогдсон шаардах эрх байхгүй болно.

Ж.Б цалин хөлс олголтын байдлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцолбол:

2017 оны 04 дүгээр сард 1824734.69 төгрөг, үндэслэлгүй олгосон илүү цагийн хөлс 184294.69 хасах, хоолны лимит хөнгөлөлт 45875 төгрөг хасах нийт 1594565 төгрөг байна.

2017 оны 05 дугаар сард 1348899 төгрөг хоолны лимит хөнгөлөлт 31650 төгрөг нийт 1317249 төгрөг байна.

2017 оны 06 дугаар сард 1404150 төгрөг олгох ёстой.

2017 оны 4, 5, 6 дугаар саруудад авах ёстой цалин хөлс, нэмэгдлийг оруулан тооцвол /1594565+1348899+1404150/= 4347614 төгрөг байна.

Үүнийг дундаж цалин бодох аргачлалаар 3 хуваавал /4347614*3/=1449204 төгрөг байна. Ж.Б тус шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцвол /2017.07.03-наас 2018.03.03/-ны өдөр 8 сар /1449204*8/= 11593632 төгрөг байна.

Хоногоор тооцвол /1449204*21/=69009 төгрөг байна. Үүнийг Ж.Б /2018.03.16-ны өдрийг хүртэлх ажлын өдөр 9 хоног байна/ үржүүлэн тооцвол /69009*9/=621081 төгрөг болж байна.

Олгох ёстой дундаж цалин хөлсийг, хоногоор тооцон олгох хөлстэй нэмж тооцон бодвол /11593632+621081/=12214713 төгрөг болж байна.

Олгохоор тооцсон 12214713 төгрөгнөөс үндэслэлгүй олгосон тэтгэмж 8424900 төгрөг, олговор 1113643 төгрөгийг хасч тооцвол 2676170 төгрөгийг “ШО” ХК нь Ж.Б олгох үндэслэлтэй байна.

Иймд Ж.Б “ШО ХК-иас 17900427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 15224077 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ж.Б “ШО ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр захиргаа, хүний бодлогын хэлтэс татан буугдсан, ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 6 сарын дундаж цалинтай тэнцэх 8.424.900 төгрөгийн тэтгэмж, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг ажлын 13 өдрөөр олгож шийдвэрлэсэн юм.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2017/00185 дугаар шийдвэрээр “ШО” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017.07.03-ны өдрийн Б/249 дүгээр тушаал үндэслэлгүй гарсан хэмжээн үзэж Ж.Б ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Ж.Б ажлаас халсан шийдвэр үндэслэлгүй болсон тул мөн хуулийн 42.1-д заасны дагуу олгогдсон 8.424.900 төгрөгийн тэтгэмжийг Ж.Б буцаан авах шаардлага “Шивээ Овоо” ХК-д үүссэн болно.

Мөн 2016 оны 1, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад нийт 2.245.521 төгрөгийн,  2017 оны 1 дүгээр сард 179.507.81 төгрөгийн 3 дугаар сард 162.981.70 төгрөгийн 4 дүгээр сард 184.294.69 төгрөгиин нийт 2772305 төгрөгийн илүү цагийн хөлс Ж.Б олгосон байна.  “ШО ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар “Ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг олгох журам”-ын 1 дүгээр хавсралтын 4.5.5-д “Дэд захирал, хэлтэс болон хэсгийн дарга нар илүү цагаар ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 10 хувиар гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно” хэмээн заасан. Гэтэл уг журмыг зөрчин Ж.Б компанийн Гүйцэтгэх захирлын тушаал гаргуулалгүйгээр өөртөө илүү цагийн хөлс олгох тодорхойлолт бичин илүү цагийн хөлсийг авсан байна. Дээр дурдсан тэтгэмж, илүү цагийн олголтын байдал Ж.Б гаргасан үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох болон харилцан тооцогдох боломжтой бөгөөд Ж.Б ажлаас чөлөөлөх тухай ШО ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаас үүдэлтэй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” хэмээн заасан байна.

Иймд Ж.Б үндэслэлгүй олгогдсон тэтгэмж 8.424.900 төгрөг, өөртөө үндэслэлгүйгээр тодорхойлолт бичиж, журам зөрчин авсан нийт 2772305 төгрөгийн илүү цагийн хөлс нийт 11197205.20 төгрөгийг гаргуулж “ШО” ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартаа:

“ШО ХК-ийн ирүүлсэн 11 197 250 төгтөг 20 мөнгийн сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Үүнд: 2016 оны 1, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад авсан 2 245 521 төгрөгийн цалин, 2017 оны 01 дүгээр сард 179 507 төгрөг 81 мөнгийн 3 дугаар сард 162 981 төгрөг 07 мөнгө, нийт 2 772 305 төгрөгийн илүү цагийн хөлсийг нэхэмжилсэн.

Дээрх илүү цагийн хөлсийг нэхэмжлэхдээ “ШО ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал зөрчсөн, өөртөө илүү цагийн тодорхойлолт бичээд шууд авчихсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Гэтэл илүү цагаар болон амралтын өдрүүдээр ажилласан илүү цагийг олгохдоо шууд хэн нэгэн хүн хэлтсийн даргын цохолтоор олгогдох боломжгүй бөгөөд СЭЗХ-ийн цалин хариуцсан нягтлан бодогч ажилтан нэг бүрээр илүү цагийн ирцтэй нь тулган хянаж баталгаажуулан, тулгасны дараа хөдөлмөрийн эдийн засагч мөн хянаж, ерөнхий ня-бо мөн хянаж 2 дугаар гарын үсэг зурсны дараа гүйцэтгэх захирал хянан баталгаажуулснаар цалин хөлс олгогддог болно.

Гэтэл “ШО” ХК-ийн ирүүлсэн нэхэмжлэлийн утгатай адил хэн нэгэн илүү цагийн тодорхойлолт бичээд өөртөө үндэслэлгүйээр илүү цагийн цалин олгодог мэтээр бичсэн нь өөрийн уурхай болоод СЭЗХ-т ажилладаг нийт ажилчид, мөн миний биеийг доромжилж буй мэдрэмж төрж байгаа энд бичих нь зөв байх. Дээрх илүү цагийн цалин хөлсийг миний бие нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу шударгаар хөдөлмөрлөж авсан тул үндэслэлгүйгээр цалин хөлс авсан гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
            Иймд дээрх нэхэмжлэлд тусгасан 2772305 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Хариуцагч талаас тэтгэмж 8 424 900 төгрөг, амралтын мөнгөнд олгосон олговор 1 113 643 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал 1 404 150 төгрөгийг тус тус хасуулна гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 17 900 247 төгрөг дээр нэмэгдүүлсэн шаардлага нэмэгдээд ойролцоогоор 24 000 000 төгрөг болж байна.  Тэтгэмж 8 424 900 төгрөг дээр нэхэмжлэгч талаас маргах зүйл байхгүй. Амралтын нөхөн олговрыг ямар үндэслэлээр олгохгүй гэж байгаа тайлбараа хэлсэнгүй. Ажилтан нь жилд нэг удаа ээлжийн амралт эдэлдэг. Амруулах үүрэг нь ажил олгогч талд, амрах эрх нь ажилтанд байдаг. Энэ нь хуульд зааснаар зохицуулагдсан байдаг. Тиймээс амралтын мөнгөн дээр маргах үндэслэлгүй гэж үзэж байна. Үр дүнгийн шагнал 1 404 150 төгрөгийг хасуулна гэж байна. Ж.Б ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажиллаж байсан гэж тооцно. Ж.Б нь хууль бусаар ажлаас халагдсаны улмаас үр дүнгийн шагнал цалингаа авч чадаагүй. Тиймээс 1 404 150 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. “ШО” ХК-ийн нийт ажилчдын үр дүнгийн урамшуулал авсан албан тушаалтан нарын нэрсийн жагсаалт болон олгосон мөнгөн дүн хэрэгт авагдсан. “ШО ХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот жилийн ажлын үр дүнгийн шагнал цалин олгох тухай тушаал байна. Мөн “ШО ХК-ийн Шагнал, урамшуулал олгох тухай журмын 2.4, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1, хамтын гэрээний 3.20-д зааснаар ажилтанд албан хаагчид нэг сарын урамшуулал цалин олгосон байсан. Тиймээс үр дүнгийн урамшууллын цалинг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийн хувьд зохих нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа тул нотлогдож байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  “ШО ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мн миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин, орлого нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “ШО ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 тоот тушаалаар Ж.Б цомхотголоор буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-г журамлан ажлаас чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө “ШО ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу 8 424 900 төгрөгийн тэтгэмж, 1 113 643 төгрөгийн олговорыг олгосон байгаа. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2017/00185 тоот шийдвэрээр “ШО ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 тоот тушаал үндэслэлгүй байна, Ж.Б ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн байсан. Тэгэхээр тушаалаар олгогдсон тэтгэмж болон амралтын мөнгийг “ШО ХК буцааж авах хууль зүйн үндэслэлтэй болсон. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журмын 55 дугаар тушаалын 9-д дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс бүртгэл байна гэж байна. Мөн 4-т нөхөх олговор олгох орлогоос унаа, түлш, байр, хоолны хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж байна. Ж.Б нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “ШО ХК-иас нийт 17 900 247 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал 1 404 150 төгрөг нэхэмжилсэн. Ингэхдээ дундаж цалингийн үнийн дүн тавигдаагүй, 1 924 545 төгрөгийг 8 сараар үржүүлсэн байсан мөртлөө нийт бодолтын дүн байхгүй байна. Дундаж цалин хөлсийг 63 хоногт хуваагаад 91 644 төгрөг 98 мөнгөөр тооцож ажлын 12 хоногоор үржүүлээд 1 099 740 төгрөг гэж гаргаад нийт 17 900 247 төгрөг  нэхэмжилсэн байна. Тэгэхээр нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой бус харагдаж байна. Цалингийн дүн нь тодорхой биш, зөвхөн үржүүлж ойлгох юм шиг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 нь ажилд эгүүлэн тогтоох гэсэн заалт байгаа. Тэгэхээр жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал 1 404 150 төгрөг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар олгогдох үндэслэлгүй болж байна. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд өмгөөллийн хөлсийг хувь хүн өөрөө хариуцах ёстой. Үндсэн хуульд зааснаар хувь хүн өмгөөлөгч хөлсөлж эрхээ хамгаалуулж болно. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсний маргаан дээр өмгөөлөгчийн хөлсийг хариуцагчаас нэхэмжлэх ёстой гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тиймээс өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлээс олгосон тэтгэмж 8424900 төгрөг, амралтын мөнгөнд олгосон олговор 1113643 төгрөг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг, жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал 1404150 төгрөгийг хасуулахаар тооцоо гарч байна гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

 Нэхэмжлэгч Ж.Б нь “Шивээ Овоо” ХК-д холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ажилтнуудад олгох 13 дахь сарын буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалин, нийт 17 900 247 төгрөг гаргуулах тухай, 

2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 2 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 5 040 474 төгрөг, эрх зүйн туслалцаа авсаны урьдчилгаа хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, нийт 6 040 474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,

Хариуцагч “ШО ХК нь нэхэмжлэгч Ж.Б холбогдуулан үндэслэлгүй олгогдсон тэтгэмж 8 424 900 төгрөг, өөртөө үндэслэлгүйгээр тодорхойлолт бичиж, журам зөрчин авсан илүү цагийн хөлс 2 772 305 төгрөг, нийт 11 197 205 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэг. Үндсэн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

а. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2017/00185 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг үндэслэн Ж.Б урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 216/МА2018/00002 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх15-22/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... үндсэн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, ажилтнуудад олгох 13 дахь сарын буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалин 1 404 150 төгрөгийг  Хөдөлмөрийн тухай хууль болон бусад дүрэм, журмаар тодорхойлогдсон шаардах эрхгүй”, “... Ж.Б шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон учир ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг ажлын 13 өдрөөр тооцон олгосон 1 113 643 төгрөг, тэтгэмжийн 8 424 900 төгрөгийг тус тус суутгах ёстой”, “... өмгөөлөгч авах нь хүний өөрийн эрхийн асуудал тул өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах үндэслэлгүй ...” гэж тайлбарлаж маргана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно хэмээн заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Ж.Б ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул тэрээр ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан ажил олгогч ажлаас буруу халсан үеийн олговрыг нөхөн төлөх учиртай тул хариуцагч “ШО ХК-иас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймд, нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ж.Б ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг дараах байдлаар тооцож шийдвэрлэв.

Ж.Б нь нэг сард 1 924 545 төгрөгийн дундаж цалинтай болох нь нэхэмжлэгчид олгосон 000061209 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хх-6/ тогтоогдох ба /1 348 899+1 824 735+2 600 000=5 773 634:3 сар=1 924 545/ түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын А-д зааснаар тооцож олгов. Үүнд: 2017 оны 07 дугаар сард ажлын 4 хоног, 08 дугаар сард ажлын 23 хоног, 09 дүгээр сард ажлын 21 хоног, 10 дугаар сард ажлын 22 хоног, 11 дүгээр сард ажлын 21 хоног, 12 дугаар сард ажлын 20 хоног, 2018 оны 01 дүгээр сард ажлын 22 хоног, 02 дугаар сард 19 хоног, 03 дугаар сард 11 хоног, 04 дүгээр сард 21 хоног, 05 дугаар сард 23 хоног, 06 дугаар сард 3 хоног,  нийт ажлын 210 хоног, 1 924 545:21.5=89 513 төгрөг, 210 хоног x89 513=18 797 730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 2 738 841 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь үндсэн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаараа урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 21 536 571 төгрөг нэхэмжилсэн болно. /21 536 571-18 797 730=2 738 841 төгрөг/

 

б.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрээр Ж.Б ажилд нь эгүүлэн томилсон тул ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг ажлын 13 хоногоор тооцож олгосон олговрыг буцаан гаргуулах ёстой гэж тайлбарлана.

Хавтаст хэрэгт авагдсан Ж.Б 2017 оны цалингийн тооцоогоор /хх-33/ дээрх ээлжийн амралтын олговрыг авсан нь нотлогдож байх ба нэхэмжлэгчээс уг мөнгийг аваагүй гэдэгт маргаагүй, харин 2017 оны ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор биш хэмээн маргана.

Гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг ажлын 13 хоногоор тооцож олгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд ажилтны ээлжийн амралт, түүний хугацааг зохицуулсан ба ажилтан жил бүр амрах эрхтэй. Иймээс ээлжийн амралтын мөнгө болон цалин хөлсийг давхардуулан олгохгүй тул 2017 оны 07 дугаар сарын нийт ажлын хоногоос ээлжийн амралтын 13 хоногийг хасч, нэхэмжлэгчийг 2017 оны 07 дугаар сард ажлын 4 хоног ажилласнаар тооцож, ажилгүй байсан хугацааны цалин олгосон болохыг дурдах нь зүйтэй.

 

в. Нэхэмжлэгчийн ажилтнуудад олгох 13 дахь сарын буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалин болох 1 404 150 төгрөг нэхэмжилсэнийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

“ШО ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилтнуудад шагнал, урамшуулал олгох журмыг шинэчлэн батлах тухай” А/64 дүгээр тушаал, түүний 1 дүгээр хавсралтаар уг 13 дахь сарын буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалин олгох шалгуур үзүүлэлтийг заасан байна.

Тодруулбал, дээрх журмын 2.4-д “компанийн тайлант жилийн төлөвлөгөөт зорилтын гүйцэтгэл, эдийн засгийн үр ашиг, ажлын эцсийн үр дүн, хэлтэс, алба, хэсэг нэгжийн ажлын болон зардлын гүйцэтгэл, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, захиргаанаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдал зэргийг харгалзан 3 хүртэлх сарын дундаж цалинтай тэнцэх үр дүнгийн шагналт цалин, урамшуулал олгоно” гэж зааснаас үзэхэд хэдийгээр ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсаныг шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоосон боловч нэхэмжлэгч нь энэ шалгуур үзүүлэлтийг хангасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

г. Нэхэмжлэгч Ж.Б нь сайн дурын үндсэн дээр  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлс төлсөн явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар нэхэмжлэгч нь эрхийнхээ хүрээнд хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Иймд, өмгөөлөгчийн хөлс болох 1 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

а. “ШО ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Ж.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 6 сарын дундаж цалинтай тэнцэх 8 424 900 төгрөгийн тэтгэмж олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийг 2 шатны шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоож, мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул тэтгэмжийн 8 424 900 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй ба нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй болно.

 

б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ж.Б нь “... өөртөө илүү цагийн хөлс олгох тодорхойлолт бичин илүү цагийн хөлсийг авсан ...” гэж маргана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” тул илүү цагийн хөлсийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр 2016 оны 01, 03-12 дугаар сарын илүү цагийн хөлс болох 2 245 521 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 179 507.81 төгрөг, 03 дугаар сард 162 981.70 төгрөг, 04 дүгээр сард 184 294.69 төгрөг, нийт 2 772 305 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 251 939 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох  улсын тэмдэгтийн хураамжид 149 748 төгрөгийг гаргуулж, хариуцагч “ШО ХК-д тус тус олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д  зааснаар хариуцагч “ШО ХК-иас нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 797 730 /арван найман сая долоон зуун ерэн долоон мянга долоон зуун гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б олгож, үлдсэн 2 738 841 /хоёр сая долоон зуун гучин найман мянга найман зуун дөчин нэгэн/ төгрөг болон 13 дахь сарын буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалин 1 404 150 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга нэг зуун тавин/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б 6 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийн 8 424 900 /найман сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, хариуцагч “ШО ХК-д олгож, илүү цагийн хөлс болох 2 772 305 /хоёр сая долоон зуун далан хоёр мянга гурван зуун таван/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “ШО ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 251 939 /хоёр зуун тавин нэгэн мянга есөн зуун гучин есөн/ төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч “ШО ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194 105 /нэг зуун ерөн дөрвөн мянга нэг зуун таван/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 149 748 /нэг зуун дөчин есөн мянга долоон зуун дөчин найман/ төгрөгийг  гаргуулж, хариуцагч “ШО” ХК-д тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЦОГЗОЛМАА