Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 178

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

хохирогч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч М.Энхманлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0-463/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрсүд овгийн Мандалын Энхманлайд холбогдох эрүүгийн 2016 2601 0677 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн “А-1” танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бэрсүд овгийн Мандалын Энхманлай Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын барилгын инженер мэргэжилтэй, “Милл Хаус” ХХК-нд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн инженерээр ажилладаг, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их Нарангийн 11 дүгээр гудамжны 1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ЧА87032111 дугаарын регистртэй. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч М.Энхманлай нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокены гадна иргэн Б.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар нэг удаа цохиж, улмаар түүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхманлай мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед миний багын найз Ө.Наранбаярын хүүхдийн 01 насны төрсөн өдрийн баярт оролцсон юм. Тухайн өдөр манай найзууд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд уг арга хэмжээ дуусч Мөнх-Эрдэнэ бид хоёр “Мираж” ресторанаас гараад явж байхдаа Бат-Оргил гэдэг залуутай анх би мөрөөрөө шүргэлцсэн. Тэгээд Бат-Оргилоос уучлалт гуйхад Бат-Оргилын согтолтын зэрэг өндөр байсан болохоор Мөнх-Эрдэнэ бид хоёр руу уурлаж эхэлсэн. Мөнх-Эрдэнэ бид хоёр Бат-Оргилтой маргалдаж байгаад явсан. Тэгээд “Их Наранд” манай хажууд амьдардаг таньдаг Алтанхундага, Батсүх, Цэнгэлдорж нартай тааралдаж юм яриад, тамхи татаад зогсож байсан. Тэгэхэд Батсүх Бат-Оргилыг өмөөрч, Бат-Оргилоос болж Мөнх-Эрдэнэ рүү үсчиж, уурлаад “манай дошин дээр байж та нар юу юм бэ” гээд хэрүүл хийж эхэлсэн. Батсүх, Мөнх-Эрдэнэ хоёр хоорондоо ноцолдож эхэлсэн. Энэ үед цаанаас үл таних хэдэн залуучууд гарч ирсэн. Сүүлд мэдэхэд Бат-Оргилын найзууд болох хохирогч Бат-Эрдэнэ болон найзууд нь Жагар, Санжаа, Найдан нар машин дотор сууж байгаад гарч ирсэн юм билээ. Жагар, Санжаа, Найдан нар нь Алтанхундага, Батсүх, Цэнгэлдорж нартай бас маргалдаж муудалцаж байсан. Тухайн өдөр Бат-Оргилын төрсөн өдөр болоод Алтанхундага, Цэнгэлдорж, Батсүх нар ресторанд ирсэн байсан. Харин нөгөө талаас нь Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нар бас Бат-Оргилын төрсөн өдрийг тэмдэглэх гэж ирсэн гадаа байсан юм байна лээ. Эдгээр хүмүүс нь нэг нэгнийгээ танихгүй. Цэнгэлдорж, Алтанхундага, Батсүх, Жагар, Санжаа, Найдан нарыг холбож байгаа хүн нь Бат-Оргил юм. Харин Наранбаяр, Мөнх-Эрдэнэ, Ариунтуул, Ариунжаргал бид Наранбаярын хүүхдийн 1 насны төрсөн өдрийг тэмдэглэх гэж “Мираж” ресторанд очоод, дуусаад гарч явсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэ, Батсүх хоёрыг зодолдож байгааг нь хараад, энэ нь асар хурдан хугацаанд найз нараа өмөөрсөн зодоон болсон юм. 10 гаруй хүн байсан. Зодоон нь 5-10 минутын хугацаанд болж өнгөрсөн. Батсүх, Мөнх-Эрдэнэ хоёрын зодооныг хоёр талаасаа салгасан юм. Би  зодоонд салгах зорилгоор оролцсон. Тухайн үед найз нарыгаа салгах гэж байгаад хохирогч Бат-Эрдэнийг би цохисон. Санаатайгаар цохиогүй. Тухайн зодоонд маш олон хүмүүс байсан, гадаа харанхуй байсан болохоор хохирогчийг цохисон гэдгээ би тухайн үед мэдээгүй. Зодоон салгаж байх явцад 1 залуу намайг цохисон. Би тэр залууг гэж бодоод цохисон. Гэтэл хохирогч Бат-Эрдэнийг цохисон байна лээ. Би хохирогч Бат-Эрдэнийг андуураад цохисон байх.  Сүүлд хохирогчтой ганцаарчлан уулзах үед хохирогч намайг цохисон гэдгийг хэлсэн. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хохиролд 1,500,000 төгрөг төлсөнийг Бат-Эрдэнийн ээж хүлээн авсан. Нэг удаагийн болгоомжгүй явдлаас болж хүн хохироосондоо харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Бат-Оргил гэдэг найзын төрсөн өдөр болсон. Намайг гэртээ байхад оройн 18 цагийн үед Жагар, Санжаа хоёр над руу утсаар яриад Бат-Оргилын төрсөн өдөр болж байна очоод мэнд хүргэчихээд ирье гэж хэлсэн. Тэгээд удаагүй Жагар, Санжаа хоёр манай гэрт машинтай 18 цаг 30 минутын үед ирсэн. Гэрт ирээд Бат-Оргил руу залгаад “Мираж” караокед байна гэхээр нь очсон. Бат-Оргил гарч ирж машинд бид нартай уулзсан. Тэгээд ресторанаас орж хувцсаа аваад ирье гэж хэлээд буцаад “Мираж” руу орж байхдаа маргаан үүссэн байсан. Бат-Оргил бид нарыг машинаас буугаад ир гэж дуудахаар нь  Жагар, Санжаа бид нар машинаас буугаад очиход маргаан болж байсан. Салгах гэж байхад Энхманлай цохисон. Тухайн үед хэн намайг цохисон гэдгийг сайн хараагүй, миний хажуу талаас цохисон болохоор сайн харж чадаагүй. Сүүлд нь эргээд хальт харахад “Хип Хоп” загварын малгай өмссөн дунд орчим нуруутай залуу байсан. Тэр нь энэ Энхманлай байсан л даа. Энхманлай бид хоёр тухайн үед маргалдсан зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Мөрдөн байцаалтад нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг авсан. Цаашид хагалгаа хийлгэж тавиулсан хадаасаа авахуулна. Энэ зардал нь 300.000 төгрөг болох байх. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөн эрүүгийн 2016 2601 0677 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад:

1.Хохирогч Б.Бат-Эрдэнийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед би найзууд болох Жагар, Найдан, Санжаа нартай 10 дугаар хороололд уулзчихаад найз Бат-Оргилын төрсөн өдөрт очьё гээд 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Мираж” баарны гадна очиж Бат-Оргилын утас руу нь яриад дуудаж уулзсан. Тэгээд бид нар машинд 30 гаруй минут юм ярьсан. Бат-Оргил “би дотогшоо орчихоод ирье” гэж хэлээд ороод удалгүй дотор хамт сууж байсан найзуудтайгаа цуг хэдэн танихгүй залуучуудтай муудалцчихсан гарч ирээд “буугаад ир” гээд бид нарыг дуудсан. Тэгэхээр нь Жагар, Найдан, Санжаа бид дөрөв бууж очтол нөгөө залуучууд нь бид нар руу дайраад нэг нь манай найз Жагартай муудалцахаар нь би очиж салгачихаад буцаад алхаж явтал хажуу талаас хип хоп малгайтай, бордуу царайтай, 170-173 орчим өндөртэй, 23-25 орчим насны залуу хүрч ирээд миний зүүн хацар руу гараараа их хүчтэй нэг удаа цохисон. Би тэр залуу руу хартал дахиад намайг цохих гээд дайрахад нь зугтаагаад тэд нарыг холоос хараад зогсож байгаад машиндаа очиж суусан. Араас Жагар, Найдан, Санжаа нар орж ирээд бид нар шууд гэмтлийн эмнэлэг дээр очиж хацарныхаа зургийг авахуулахад эмч нь “энэ зурган дээр сайн мэдэгдэхгүй байна, маргааш дахиад томографикийн зураг авахуул” гэж хэлэхээр нь бид нар гэмтлээс гараад гэр гэртээ харьсан. Би 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр томографикийн зураг авахуулахад зүүн хацарны яс, хамрын яс, нүдний доод талын яс зэрэг хугарсан байна гэж хэлэхээр нь цагдаад хандсан. Тэр залуугийн царайг сайн харж чадсан учраас одоо харвал танина. Тэр залуу надтай өндөр намаараа ойролцоо, бор царайтай, туранхайвтар залуу байсан. Намайг цохиулахыг хүн харсан эсэхийг би мэдэхгүй байна. Тэр залуу архи уучихсан дунд зэргийн согтолттой буюу өөрийн үйлдэл үг яриаг удирдан жолоодох чадвартай байсан. Би 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орж, хацарныхаа ясыг хадуулсан. Одоо 3 сарын дараа хадаасыг нь авна гэж байсан. Миний зүүн тал мэдээгүй байгаа, 6 сарын дараа хэвэндээ орно гэж байсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Эмчилгээний зардалтай холбоотой баримтууд надад байгаа...” гэх мэдүүлэг [1],

Мөн түүний 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Хэрэг болдог өдөр Энхманлай хар өнгийн хип хоп загварын саравчтай малгай өмссөн байсан. Би тэр өдөр Энхманлайгийн царай төрх, биеийнх нь өндөр зэргийг сайн харсан учраас таньж олсон. Би хэрэг үйлдэгдсэнээс хойш байнга халуурч энэ хугацаанд 1 удаа хацар, хамар нүдний нийлсэн 3 хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал маань арай дээрдэж халуурах нь гайгүй болсон. Би 2016 оны 06 дугаар сард дахин хагалгаанд орж хацарынхаа хадаасыг авахуулах ёстой. Энхманлай намайг ямар шалтгаанаар цохисныг мэдэхгүй, юу ч хэлэлгүйгээр шууд ирээд нүүр рүү маань гараараа нэг удаа цохисон. Би урьд нь Энхманлайг таньдаггүй байсан. Ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаатай байгаагүй. Миний эмчилгээний зардал баримтаар 589,000 төгрөг болсон, баримтаа авч чадаагүй байгаа. Ойролцоогоор 2,000,000 төгрөгийн зардал болсон. Тийм болохоор 2,589,000 төгрөг нэхэмжилж байна. Дахин хагалгаа хийлгэх учраас тэр зардлыг тухайн үед нь нэхэмжилнэ. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг [2],

Мөн түүний 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Зодоон болсоны дараа найз Жагарын Toyota sprinter маркийн бүдэг бор өнгийн 83-69 УБЯ улсын дугаартай автомашинаар “Мираж” баарнаас ертөнцийн зүгээр урагшаа төв замаараа Драгон төвийн урдуур гараад Саппорогоор хойшоо эргээд гэмтлийн эмнэлэг очсон. Намайг Жагарын машинд суугаад гэмтлийн эмнэлэг явах гээд хөдлөхөд Энхманлай гэх залуу “Мираж” төвийн урд үлдсэн. Миний зүүн талын хацар халуу дүүгээд хонхойгоод цөмөрчихлөө гээд сандраад гэмтлийн эмнэлэг рүү яарч явж байсан болохоор Энхманлай гэх залууг хөөх боломж байгаагүй. Найз Бат-Оргил, Санжаа, Жагар, Найдан бид тав гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний эмчилгээний зардлын баримт байхгүй байна. Би мөрдөн байцаалтын шатанд нийт 385.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Баримтгүй үйлчлүүлсэн 1 дүгээр эмнэлгийн хагалгааны зардал 450.000 төгрөг, хувийн эмнэлэг болон таньдаг хүмүүст үзүүлж явсаны баримтгүй зардал 692.000 төгрөг гэж тооцохоор одоо надад нийт 1,500,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг [3],

 

2.Гэрч Ө.Наранбаярын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай хүүгийн 1 насных нь төрсөн өдөр болоод би өөрийн ажилладаг “Мираж” центрийн 1 давхарт байрлах ресторанд 14 цагийн үед тэмдэглэсэн. Хүүгийн маань төрсөн өдөрт манай найзууд болох Дэлгэрдалай, Гантөр, Мөнх-Эрдэнэ, Энхманлай, Ариунжаргал, Ариунтуул, Мөнхчимэг нар ирсэн. Тэгээд бид нар орой 18 цагийн үед дуусаад би эхнэр хүүхдийн хамт гэр рүүгээ харихаар явсан. Дэлгэрдалай, Гантөр, Мөнх-Эрдэнэ, Энхманлай, Ариунжаргал, Ариунтуул, Мөнхчимэг нар үлдэж караокед орцгоосон. Тэгтэл намайг гэртээ байж байхад 20 цагийн үед Дэлгэрдалай над руу утсаар яриад “танай ажлын гадаа зодоон болоод би тэндээс шууд харьчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Энхманлай руу утсаар ярьсан чинь “би таван шард байна” гэхээр нь би очоод Энхманлайг аваад ажил дээрээ очиж камерын бичлэг шүүж үзсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор зодоон нь сайн харагдахгүй байсан. Тэгээд би Энхманлайг гэрт нь буулгаж өгчихөөд харьсан. ...Би Бат-Эрдэнэ гэдэг залууг танихгүй, ямар нэгэн харилцаа байхгүй....” гэх мэдүүлэг [4],

 

3.Гэрч Б.Дэлгэрдалайгийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найз Наранбаярын хүүгийн 1 насны төрсөн өдөр болж Гантөр, Мөнх-Эрдэнэ, Энхманлай, Ариунжаргал, Ариунтуул Мөнхчимэг бид нар очсон. Тэгээд бид нар хүүхдийнх нь төрсөн өдрийг тэмдэглэж дуусаад 18 цагийн үед Наранбаяр эхнэр хүүхэдтэйгээ цуг явсан. Бусад нь Миражийн караокед орж 2 цаг дуулсан юм. Караокед байхдаа би архи, пиво уугаагүй. 20 цагийн үед бид нар караокегоос гарахаар болоод Мөнх-Эрдэнэ, Энхманлай хоёр түрүүлж гарсан. Харин бусад нь тооцоо хийх гээд дотор үлдсэн байсан. Тэгээд би 10 гаруй минутын дараа Миражаас гартал үүдэнд манай найз Мөнх-Эрдэнэ сүүлд нэрийг нь мэдэхэд Батсүх гэдэг залуутай муудалцаж байхаар нь би очиж салгаж болиулсан. Тэгтэл MIRAJ-ийн үүдэнд байсан цагаан өнгийн суудлын машинаас хэдэн залуучууд бууж ирээд Мөнх-Эрдэнэ, Энхманлай нартай маргалдсан. Тэр үед манай эхнэр Ариунжаргал намайг татаад тэд нар руу ойртуулаагүй. ...Би Бат-Эрдэнэ гэдэг залууг урьд нь огт таньдаггүй, ямар нэгэн харилцаатай байгаагүй. Хэрэг болох үед тэр залуу хэнтэй маргалдсан болон түүнийг хэн зодсоныг би хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэр үед Мөнх-Эрдэнэ, Энхманлай нар архи дарс уугаагүй, эрүүл байсан. Харин тэр хоёртой муудалцсан залуучууд нь нилээн согтуу байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг [5],

 

4.Гэрч Б.Бат-Оргилын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Би 18 цагийн үед найзууд болох Батсүх, Бат-Өлзий, Аптанхундага нарын хамтаар “Мираж” караоке руу орсон юм. Тэр үед надтай уулзахаар манай найзууд болох Бат-Эрдэнэ, Найдан, Жагар, Санжаа нар ирсэн. Би тэд нартай “Мираж”-ийн үүдэнд машин дотор нь уулзчихаад буцаж орж явахдаа сүүлд нэрийг нь мэдэхэд Энхманлайтай нь мөрлөлцчихсөн чинь Энхманлай “яагаад байнаа” гэхээр нь би “яагаач үгүй ээ, зүгээр” гэж хэлсэн. Тэгтэл Энхманлайтай цуг явсан сүүлд нэрийг нь мэдэхэд Мөнх-Эрдэнэ хажуунаас “тэнэг бацаан зүгээр байгаарай” гэж хэлэхэд нь дотроос гарч ирсэн манай найз Батсүх “чи яагаад байгаа юм, чи тийм том юм уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь Мөнх-Эрдэнэ Батсүхийг барьж аваад түлхэж “Мираж”-ийн үүдний хайсыг давуулаад унагаачихсан. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийг салгах гээд очтол араас Гантөр гэдэг залуу намайг татаж болиулсан. Гантөр над руу дайраад байхаар нь Бат-Өлзий, Санжаа нар намайг болиулаад машинд суулгасан. Тэгээд Найдан, Санжаа, Жагар, Бат-Эрдэнэ, Бат-Өлзий бид нар гэмтлийн эмнэлэг рүү очиж Бат-Эрдэнийг үзүүлчихээд гэр гэртээ харьсан. Би тэр үед ямар нэгэн хүнтэй зодолдоогүй. Гантөр гэдэг залуу нь над руу дайрахад би гадаа машинд байсан. Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нарыг дуудсан. Тэд нар машинаасаа бууж ирээд Санжаа нь намайг салгаад машинд суулгасан юм. Би Бат-Эрдэнийг хэн цохисоныг нь хараагүй. Тэр өдөр Батсүх, Бат-Өлзий, Аптанхундага бид нар Батсүхийнд 2 шил 0.75 литрийн Чингис архи уусан байсан. Бүгдээрээ л дунд зэргийн согтолттой байсан. Харин Бат-Эрдэнэ, Найдан, Жагар, Санжаа нар архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг [6] ,

Мөн түүний 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Хэрэг болох үед би “Мираж”-ийн үүдэнд Мөнх-Эрдэнэ, Энхманлай нартай муудалцаж байсан. Энхманлай бид хоёрыг салсны дараа Мөнх-Эрдэнэ над руу дайраад байсан. Бид нар хөөсөн зүйл байхгүй. “Мираж”-ийн үүднээс хөдлөөд шууд доошоо геологийн төв лаборатори руу уруудаад 1 дүгээр хорооллын төв замаар гэмтэл рүү явсан...” гэх мэдүүлэг [7],

 

5.Гэрч А.Алтанхундагийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найз Бат-Оргилын төрсөн өдөр болсон. Батсүх, Бат-Оргил, Бат-Өлзий бид нар төрсөн өдрийг нь тэмдэглэж Батсүхийн гэрт хоёр шил 0.75 литрийн Чингис архи ууцгааж байхдаа “Мираж”-д төрсөн өдрийн эзэн 3 цаг үнэгүй дуулдаг гэж байсан гэж хоорондоо ярилцаад тэндээсээ 18 цагийн үед “Мираж” руу очсон. Тэгээд бид нар дотогшоо ортол Бат-Оргил “гадаа манай найзууд ирчихсэн байна би гарч уулзчихаад ирье” гээд гарсан. Удалгүй Бат-Өлзий хойноос нь гарчихаад буцаж орж ирээд “гадаа Бат-Оргил хүмүүстэй муудалцаад байна” гэхээр нь Батсүх, Бат-Өлзийтэй цуг түрүүлээд гарсан. Би удалгүй хойноос нь гараад очтол манай их наранд амьдардаг Гантөр гэдэг залуу Бат-Оргилтой маргалдаж байхаар нь би салгасан. Бат-Оргилын найз Жагар  ирээд намайг Бат-Оргилыг зодох гэж байна гэж буруу ойлгоод над руу дайраад бид хоёр маргалдсан. Тэгтэл Бат-Өлзий хүрч ирээд Жагар бид хоёрыг салгасан. Жагар, Бат-Өлзий хоёр Бат-Оргилыг машин руу авч явахаар нь би хойноос нь очиж Жагартай эвлэрээд салсан. Тэгээд удалгүй Бат-Оргил, Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нарын найзуудтайгаа цуг машинтайгаа хөдлөөд явсны дараа “Мираж”-ийн гадаа Мөнх-Эрдэнэ, Энхманлай бид нар үлдсэн. Тэгсэн чинь Бат-Оргилын сууж явсан машин буцаж ирээд дотроос нь Бат-Оргил, Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нар бууж ирээд Мөнх- Эрдэнэ, Энхманлай нар руу дайрахаар нь би салгасан. Мөнх-Эрдэнэ, Энхманлай нар зугтаачихсан. ...Миний харснаар Бат-Оргил Энхманлайтай, Мөнх-Эрдэнэ Батсүхтэй, Жагар бид хоёр хоорондоо муудалцсан. Зууралдаад л хоорондоо хэрэлдэж муудалцаад байсан. ...Бат-Эрдэнэ гэдэг залууг хэн цохисоныг хараагүй...” гэх мэдүүлэг [8],

-Мөн түүний 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 05–ны өдөр би Ууганбаатар байцаагчийн таньж олуулах ажиллагаанд 7 гэсэн дугаартай цаас барин нийт есүүлээ оролцсон. ...Ууганбаатар байцаагч одоо таньж олуулах үйл ажиллагаа явагдана, та нараас хохирогчийг цохисон хүнийг өөрөө танина гэсэн болохоор таньж олуулах ажиллагаа явагдах гэж байна гээд бид нарт цаасан дээр дугаар хэвлэж өгөөд нэг, нэгээр нь дугаартай цаас бариулаад  өөрийнхөө үүдэнд коридорт зогсоогоод хохирогчийг гаднаас дуудаж оруулж ирсэн. Тэгээд Ууганбаатар байцаагч хохирогч Бат-Эрдэнэд таныг цохисон залуу энд байна уу, байвал заана уу гэхэд Бат-Эрдэнэ 5-10 секунд харж зогсож байснаа Энхманлайг заасан. Тэгэхэд Ууганбаатар байцаагч 2, 3 янзаар зураг авч байгаад хохирогчийг буруу хараад зогсож байх хооронд бид нарын зогсож байсан байрыг сольж зогсоогоод дахин заалгахад Энхманлайг заасан. ...Таньж олуулах үйл ажиллагаа явагдсан өдөр хохирогчид Энхманлайг цохисон хүн гэж Ууганбаатар байцаагч зааж өгч харагдаагүй. ...” гэх мэдүүлэг [9],

 

6.Гэрч Т.Гантөрийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найз Наранбаярын хүүхдийнх нь төрсөн өдөр болоод найзуудыгаа урьсан. Дэлгэрдалай, Энхманлай, Мөнх-Эрдэнэ, Ариунтуул, Мөнхчимэг, Ариунжаргал бид “Мираж”-д очсон. Төрсөн өдрийн арга хэмжээ 17 цагийн үед дуусахад Дэлгэрдалай, Энхманлай, Мөнх-Эрдэнэ, Ариунтуул, Мөнхчимэг, Ариунжаргал бид  караокед орохоор болцгоосон. Караокед Дэлгэрдалай, Мөнх-Эрдэнэ, Энхманлай нар пиво ууцгаасан. ...гадаа шуугилдаад байхаар нь гараад очтол Мөнх-Эрдэнэ Батсүх гэдэг бандитай зууралдчихсан, араас нь Бат-Оргил гэдэг банди салгах гэж байгаа бололтой зуурчихсан байж байсан. Би очоод Бат-Оргилыг татаж тэр хоёроос холдуулсан. ...Манай найзуудаас Энхманлай, Мөнх-Эрдэнэ, Дэлгэрдалай нар байсан. Бат-Оргил гэдэг бандитай цуг явж байсан Батсүх, Алтанхундага болон нэрийг нь мэдэхгүй 5-6 залуу байсан. Намайг “Мираж”-аас гарч ирэхэд Батсүх Мөнх-Эрдэнэ хоёр хоорондоо зууралдчихсан зогсож байсан. ...Энхманлай хар өнгийн хип хоп саравчтай малгайтай, хар өнгийн биеийн тамирын цамцтай байсан. ...” гэх мэдүүлэг [10],

 

7.Гэрч Э.Мөнх-Эрдэнийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би найзууд болох Энхманлай, Гантөр, Дэлгэрдалай, Ариунтуул, Ариунжаргал, Мөнхчимэг нарын хамтаар найз Наранбаярын хүүхдийнх нь төрсөн өдөр дээр очсон. 18 цагийн үед төрсөн өдөр дуусахаар бид “Мираж”-ийн доод давхарт байдаг караокед орсон. Төрсөн өдөр дээр бид нар архи дарс уугаагүй, караокед архи дарс уугаагүй. 20 цагийн үед караокегоос гарахаар болж Энхманлай бид хоёр тамхи татахаар түрүүлж гартал “Мираж”-ийн үүдэнд Энхманлай үл таних залуутай сүүлд нэрийг нь мэдэхэд Бат-Оргил гэдэг залуутай мөрлөлцөөд хоорондоо муудалцсан. Би хажуунаас нь “наадуул чинь бацаанууд байна шүү дээ, явъя” гэж хэлтэл цаанаас Бат-Оргилтой цуг явсан Батсүх гэдэг залуу “чи тийм том юм уу” гээд дээгүүрх хувцасаа тайлаад над руу хүрч ирээд намайг заамдахаар нь би Батсүхийг түлхтэл төмөр хашаа даваад унасан. Тэгтэл намайг Дэлгэрдалай салгаж болиулахаар нь би дахиж хүнтэй муудалцаагүй. Тэгээд Энхманлай бид хоёр Дэлгэрдалайг эхнэр Ариунжаргалтай нь цуг таксинд суулгаж өгчихөөд буцаад “Мираж”-ийн үүдэнд очиход тэнд зогсож байсан цагаан машинаас Жагар, Найдан, Санжаа гэдэг залуучууд гарч ирээд бид хоёрыг зодох гээд дайрахаар нь би зугтаачихсан. ...Энхманлай бид хоёрыг “Мираж”-аас гарч ирээд би Батсүх гэдэг залуутай маргалдаад над руу хүрч ирээд заамдахаар нь би түлхээд унагаачихсан. Түүнээс өөр би хүнтэй муудалцаагүй. Бат-Эрдэнэ гэдэг залуугийн биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг [11],

Мөн түүний 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ууганбаатар байцаагч дуудаж таньж олуулах ажиллагаанд оролцуулсан. Би уг ажиллагаанд 4 дугаар барьж оролцсон. Таньж олуулах ажиллагаанд оролцохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж мөрдөн байцаагч Ууганбаатарын өрөөнд орж хэвлэсэн дугаар аваад үүдний корьдорт нийт есүүлээ дугаар барьж зогссон. Биднийг дугаар бариад зогссоны дараа хохирогч гэх залууг гаднаас оруулж ирээд таныг цохисон хүн энд байна уу гэхэд байна гэсэн. Тэгээд байцаагч хохирогч таныг цохисон хүнийг заана уу гэхэд хохирогч Энхманлайг гараараа заагаад энэ залуу мөн байна гэж хэлсэн. Тэгэхэд ямар хэлбэрээр нь таньж байгаа гэж асуухад хохирогч царайг нь хараад таньж байна гэж хэлж байсан. Тэгээд байцаагч хохирогчийг өөр өрөөнд оруулаад бид нарын байрыг сольж зогсоогоод дахин хохирогчийг өрөөнөөс гаргаж ирээд таныг цохьсон гэх хүнийг заана уу гэхэд Энхманлайг заасан. Тэгээд ажиллагаа дуусаад зураг аваад дууссан. ...Тэгэхэд хохирогч Энхманлайг заасан. Ямар нэгэн урьдчилан зааж өгсөн асуудал байхгүй. ...Миний мэдэж байгаагаар таньж олуулах ажиллагаа эхлээд хохирогч залуу орж ирсэн. Тэр үед л би тэр хохирогчийг харсан. Хэн нэгэн хохирогч Бат-Эрдэнэд Энхманлайг урьдчилан харуулж зааж өгсөн асуудлыг би мэдэхгүй. ...” [12] гэх мэдүүлэг,

 

8.Гэрч Б.Бат-Өлзийгийн 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найз Бат-Оргилын төрсөн өдөр болоод Батсүх, Алтанхундага, Бат-Оргил бид 2 шил 0.75 литрийн архи уусан. Орой 18 цагийн үед “Мираж”-ийн караокед орохоор очсон. Тэгээд бид нар дөнгөж дотогшоо ортол Бат-Оргил “та нар орж бай, гадаа манай найзууд ирсэн байна” гэж хэлээд гарсан. Бид нар караокены өрөө рүү орцгоосон. Бат-Оргил орж ирэлгүй удаад 40 орчим минут болохоор нь Бат-Оргилыг дуудах гээд гарч явтал Бат-Оргил наашаа ирж явах замдаа сүүлд нэрийг нь мэдэхэд Энхманлайтай мөрөөрөө шүргэлцээд муудалцахаар нь би очоод салгасан. Мөнх-Эрдэнэ гэдэг залуу Бат-Оргилыг “тэнэг бацаан минь ална шүү” гэж хэлсэн. Тэр үед Батсүх дотроос гарч ирээд Мөнх-Эрдэнэд “чи яахлаараа хүн алдаг юм” гэж хэлээд Мөнх-Эрдэнэтэй барилцаж автал Мөнх-Эрдэнэ Батсүхийг түлхээд хайс давуулаад унагаачихаар нь би очиж салгасан. Тэгтэл “Мираж”-ийн хашаанд зогсож байсан машинаас Бат-Оргилын найзууд болох Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нар бууж ирээд тэнд байсан залуучуудтай муудалцсан. Би Алтанхундага, Жагар нарыг салгасан. Мөн Гантөр нь Бат-Оргилтой муудалцахаар би салгаад Бат-Оргилыг машинд оруулж суулгасан. Удалгүй муудалцаж байсан хүмүүс салаад Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нар машин дээр ирэхээр нь Бат-Оргил бид хоёр машинаас буугаад “Мираж”-ийн үүдэнд үлдсэн. Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нарыг машинтайгаа хөдлөөд явахаар нь би 21-ийн ТҮЦ рүү очиж тамхи авчихаад буцаад ирэхэд Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нар буцаад ирчихсэн Энхманлай, Мөнх-Эрдэнэ нар зам уруудаад доошоо зугтааж байсан. Тэгээд Бат-Оргил бид хоёр Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нартай цуг гэмтлийн эмнэлэг рүү очиж Бат-Эрдэнийг үзүүлэхэд эмч нь “хацрых нь яс цөмөрчихсөн байна” гэж хэлсэн. Тэндээсээ бид нар гэр гэр рүүгээ харьцгаасан. Тэр үед хүмүүс хоорондоо тэгж сүрхий зодолдоогүй тал талд л хоорондоо хэрэлдээд муудалцаад байсан. Жагар, Бат-Эрдэнэ нар архи уугаагүй байсан. ...” гэх мэдүүлэг [13],

-мөн түүний 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...таньж олуулах ажилгаанд 5 гэсэн дугаартай цаас барин оролцсон. Ууганбаатар байцаагч нийт 9 ширхэг дугаар хэвлэж өгөөд одоо коридорт гарч зогсоод та нараас хохирогчийг цохисон хүнийг хохирогчоор заалгах үйл ажиллагаа явагдана. Учир нь хохирогч өөрийг нь цохисон хүнийг танина гэж байгаа болохоор ийм ажиллагаа явагдаж байна гээд бид 9-ийг коридорт гаргаж зогсоогоод хохирогчийг гаднаас хүнээр дуудуулж ирээд энэ хүмүүс дунд чамайг цохисон хүн байна уу гэж асуухад хохирогч Бат-Эрдэнэ Энхманлайг заасан. Тэгэхэд Ууганбаатар байцаагч энэ хүнийг ямар байдлаар таньж байгаагаа хэлнэ үү гэхэд Бат-Эрдэнэ би таньж байна, энэ залуу хэрэг болдог өдөр малгай, цүнх үүрсэн байсан гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнийг коридорын булан эргүүлж холдуулж байгаад Ууганбаатар байцаагч бид нарыг байраа соль гэж хэлээд байрлалаа сольж зогсоход Бат-Эрдэнэнийг дахин авч ирээд одоо энэ дунд таныг зодсон хүн байна уу гэж асуухад Бат-Эрдэнэ Энхманлайг заасан. Тэгээд Ууганбаатар байцаагч зураг аваад дуусгасан. ...таньж олуулах ажиллагааны үед Ууганбаатар байцаагч Бат-Эрдэнэд Энхманлайг зодож цохисон гэж хэлж заагаагүй...” гэх мэдүүлэг [14],

 

9.Гэрч Б.Батсүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед намайг гэртээ байж байхад Бат-Оргил, Бат-Өлзий, Аптанхундага нар манай гэрт ирсэн. Тэр өдөр Бат-Оргилын төрсөн өдөр нь байсан болохоор бид 2 шил 0.75 литрийн архи ууцгаасан. 18 цагийн үед “Мираж” руу орсон. Бат-Оргил “найзуудтайгаа уулзчихаад ирье” гэж хэлээд гараад орж ирэхгүй удаад байхаар би хойноос нь гартал Бат-Оргил манай их наранд байдаг Энхманлай гэдэг залуутай муудалцаж байсан. Би очоод “яасан юу болсон бэ” гэж асуусан чинь хажуунаас сүүлд нэрийг нь мэдэхэд Мөнх-Эрдэнэ гэдэг залуу “бацаанууд давраад байна уу” гэхээр нь би “чи хэн юм бэ” гэж хэлтэл Мөнх-Эрдэнэ намайг заамдаж түлхээд төмөр хайс давуулаад унагаахад миний өмд урагдчихсан. Тэр үед Мөнх-Эрдэнийг Бат-Өлзий салгаж болиулахаар нь би “Мираж” руу орж өмдөө толинд хартал бөгсөн хэсгээрээ нилээн том урагдчихсан байсан. Тэгээд намайг буцаад гарахад Энхманлай “та нарын ихэнхийг нь таньдаг юм байна, та нар эрүүлдээ уулзаарай” гэж хэлээд найзуудтайгаа цуг явчихаар нь би тэндээс шууд гэртээ харьсан. Бат-Эрдэнэ болон түүнтэй цуг явсан залуучууд хашаан дотор машинд сууцгааж байсан. Хэрэг болох үед тэр Бат-Эрдэнэ гэдэг залууг хэн яаж цохьсоныг би хараагүй. ...” гэх мэдүүлэг [15],

 

10.Гэрч Т.Санжаагийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найз Бат-Оргилын төрсөн өдөр болсон. Тэр өдрийн орой 18 цагийн үед Бат-Оргил руу утсаар ярихад “Мираж”-ийн караокед байна гэхээр нь Бат-Эрдэнэ, Жагар, Найдан бид Жагарын машинтай очсон. Тэгээд Бат-Оргилыг дуудаж гаргаж ирээд бид нар машинд суугаад 30 орчим минут юм ярьж байгаад Бат-Оргил “би дотогшоо орж найзууддаа явлаа гэж хэлчихээд гараад ирье” гэж хэлээд орсон. Удалгүй Бат-Оргил буцаж хүрч ирээд “манийг чинь зодчихлоо” гэхээр нь Бат-Эрдэнэ, Жагар, Найдан бид дөрөв машинаас буугаад очтол Бат-Оргил, Батсүх нар танихгүй залуучуудтай сүүлд нь нэрийг нь мэдэхэд Мөнх-Эрдэнэ, Энхманлай нартай муудалчихсан байж байсан. Тэр үед Бат-Оргилыг тэд нартай муудалцаад байхаар нь би Бат-Өлзийтэй цуг салгаад түүнийг машин руу авч очсон. ...Тэр үед Бат-Эрдэнийн хацар нь өвдөөд эвгүй болчихлоо гэхээр нь бид нар Бат-Эрдэнийг үзүүлэхээр тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд “хацар нь гэмтсэн байна, та нар маргааш ЗD эхогоор сайн харуул” гэж хэлсэн. Тэгээд бид нар гэр гэр рүүгээ харьсан. ...Бат-Эрдэнэ “намайг саравчтай малгайтай залуу цохичихлоо” гэж хэлж байсан. ...Бат-Оргилтой муудалцаж байсан Энхманлай гэдэг залуу хар өнгийн хип хоп загварын саравчтай малгайтай байсан. ...” гэх мэдүүлэг [16],

 

11.Гэрч О.Жагарын 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найз Бат-Оргил “Мираж”-ийн караокед найзуудтайгаа цуг төрсөн өдрөө тэмдэглэж байна” гэхээр нь би найзууд болох Бат-Эрдэнэ, Санжаа, Найдан нарын хамтаар 18 цагийн үед очсон. Бат-Оргилыг дуудаж гаргаж ирээд бид  машин дотор 30 орчим минут юм ярьж сууж байгаад бүгдээрээ кино үзэхээр болсон. Тэгтэл Бат-Оргил “би дотогшоо орж найзууддаа явлаа гэдгээ хэлчихээд ирье” гээд дотогшоо орсон. Удалгүй Бат-Оргил бид нар руу хүрч ирснээ “гараад ир” гэхээр нь бид нар машинаасаа буугаад очтол Бат-Оргил руу 2-3 залуу нийлээд дайраад байхаар нь би очоод болиулах гэтэл сүүлд нэрийг нь мэдэхэд Алтанхундага гэдэг залуу түлхээд бид хоёр муудалцсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь манай найзууд байхгүй байхаар нь би зугтаагаад машин руугаа очиход Бат-Эрдэнэ, Бат-Оргил, Бат-Өлзий, Найдан нар байсан, Санжаа байхгүй байсан. Тэгсэн чинь Бат-Өлзий надад “чи Алтанхундагыг таньдаггүй юм уу наадах чинь Бат-Оргил бид хоёрын найз шүү дээ” гэж хэлсэн. Удалгүй Алтанхундага над дээр ирээд уучлалт гуйгаад салсан. Бат-Оргилтой анх муудалцаж байсан Мөнх-Эрдэнэ, Энхманлай нар  “одоо явцгаа ахын дүү нар” гэхээр нь би “та нарын дүү байснаа танихгүй юм байна” гэж хэлээд тэр залуутай дахиад маргалдсан. Алтанхундага бид нарыг салгаж болиултал Мөнх-Эрдэнэ, Энхманлай нар доошоо гүйчихсэн юм. ...Намайг буцаад машин дээрээ очиход Бат-Эрдэнийн хацар нь эвгүй болчихлоо гэхээр нь бид нар шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлчихээд харьцгаасан. Бат-Эрдэнийг хэн цохиж гэмтэл учруулсныг нь би хараагүй. Хэрэг болсны дараа Бат-Эрдэнэ саравчтай малгайтай, цүнх үүрчихсэн байсан залууд цохиулчихлаа гэж хэлж байсан. Тэр үед Энхманлай гэдэг залуу хар өнгийн саравчтай малгайтай, цүнх үүрчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг [17],

 

12.Гэрч Г.Найдангийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Бат-Эрдэнэ, Жагар, Санжаа бид нар 18 цагийн үед “Мираж” руу очиж найз Бат-Оргилтой уулзсан. Тэгээд бид машинд хэсэг юм ярьж байгаад Бат-Оргил буцаад орчихоод ирье гэж хэлээд ороод удалгүй гарч ирээд бид нарыг дуудахаар нь очтол танихгүй хэдэн залуучуудтай муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь бид салгаж болиулсан. ...Тэр үед Бат-Эрдэнэ “сая малгайтай залуу миний хацар руу цохичихлоо, хацар сонин болоод байна” гэхээр нь бид нар гэмтэл явахаар болсон. Жагар “баарны үүдэнд шилээ унагаачихаж” гээд явснаа сүүлд нэрийг нь мэдэхэд Энхманлай, Мөнх-Эрдэнэ нартай муудалцахаар бид нар очиж салгасан чинь тэр хоёр залуу цаашаа зугтаачихсан. ...Бат-Эрдэнэ хэлэхдээ “хип хоп саравчтай малгайтай хүнд цохиулчихлаа” гэж байсан. Тэнд байсан хүмүүсээс тийм малгайтай хүн ганцхан Энхманлай л байсан. ...” гэх мэдүүлэг [18],

Мөн түүний 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр өдөр зодоон болсны дараа бид нар машинд суугаад ГССҮТ рүү явж байх замд Бат-Эрдэнэ “намайг хип хоп саравчтай хар малгайтай залуу намайг цохисон” гэж хэлж байсан. Хэрэг болох үед сүүлд нэрийг нь мэдэхэд Энхманлай гэдэг залуу Бат-Эрдэнийн хэлсэн шиг хар өнгийн хип хоп саравчтай малгайтай байсан. ...” гэх мэдүүлэг  [19],

 

13.Гэрч У.Ариунжаргалын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Дэлгэрдалайгийн найз Наранбаярын хүүхдийн 1 насны төрсөн өдрийн баяр Сонгинохайрхан дүүргийн “Мираж” бааранд болсон. 18 цагийн үед Наранбаярын хүүхдийн төрсөн өдрийн баяр дуусаад ...манай нөхөр Дэлгэрдалай, Мөнх-Эрдэнэ, Гантөр, түүний эхнэр Мөнхчимэг, Ариунтуул, Энхманлай бид үлдээд “Мираж” баарны караокены 01 дугаарын өрөөнд орж ундаа ус уугаад юм яриад сууж байгаад 19 цаг 30 минутын орчим, Энхманлай, Мөнх-Эрдэнэ, Ариунтуул, Гантөмөр, Мөнхчимэг нар караокенаас түрүүлээд гарсан. ...би араас нь нөхөртэйгээ “Мираж” баарнаас гарахад Энхманлай, Мөнх-Эрдэнэ хоёр тамхи татаад хажууд нь Ариунтуул зогсож байсан. ...Мөнх-Эрдэнэ нэг танихгүй хөл дээрээ тогтож чадахгүй хэмжээний шал согтуу өндөр туранхай залуухан жоохон 20 орчим насны  залуутай хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би нөхөртэйгээ шатаар буугаад явж байтал тэр согтуу залуу Мөнх-Эрдэнэ рүү татаж байсан тамхиныхаа ишийг шидээд Мөнх-Эрдэнэ тэр залуутай барилцаад байж байтал цаанаас нь танихгүй 2 залуу ирээд тэр согтуу залууг салгаад авсан. Бид нар Мөнх-Эрдэнийг мөн адил салгаад байж байтал зогсоол дээр нэг машин ирж зогсоод дотроос нь 3-4 залуу бууж гарч ирээд тэр согтуу байсан танихгүй 3 залуутай зодолдоод байсан. Тэгээд бид нар хараад зогсож байтал дахиад араас нь 3-4 залуу гүйж ирээд манай нөхөр Дэлгэрдалай, Мөнх-Эрдэнэ, Энхманлай нартай зодолдоод байсан. Манай нөхөр Дэлгэрдалай, Мөнх-Эрдэнэ, Энхманлай нар тэр залуучуудтай урдаас нь зодолдож байсан. Би нөхөр Дэлгэрдалай, Мөнх-Эрдэнэ хоёрыг салгаад байж байхад Ариунтуул Энхманлайг салгаад бид 5 зам руу хойшоо гараад харахад “Мираж” баарны өмнө зодолдож байсан хүмүүс байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг [20],

 

14.Гэрч Э.Ариунтуулын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Ууганбаярын найз Наранбаярын хүүхдийн 1 насны  төрсөн өдрийн баярт би ганцаараа 16 цагийн үед очсон санагдаж байна. ...22 цагийн үед “Мираж” төвийн караокенаас Мөнх-Эрдэнэ, Энхманлай бид гурав түрүүлж гараад зогсож байтал нэг согтуу залуу Мөнх-Эрдэнээс юм асуугаад хэрүүл өдөөд байснаа гэнэт зодолдоод эхэлсэн. ...хэн нь зодоод хэн нь зодуулаад байгааг харж чадаагүй, ер нь харилцан зодолдоод байсан. ...” гэх мэдүүлэг [21],

 

15.Гэрч С.Цэнгэлдоржийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Мираж”-ийн гадаа зодоон болоход байсан хүмүүсийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ууганбаатар байцаагч дуудаж таньж олуулах ажиллагаанд оролцуулсан. Би уг ажилгаанд 2 дугаартай цаас барьж зогсож оролцсон. Уг ажиллагаа эхлэхээс өмнө Ууганбаатар байцаагчийн өрөөнд хохирогчоос бусад есүүлээ ороход цаасан дээр дугаар хэвлэж өгсөн. Ууганбаатар байцаагч өрөө жижиг байна коридорт таньж олуулах ажиллагаа явуулна гээд бид есийг гаргаад өөрсдөө холилдоод зогсчих гэсэн. Тэр үед хохирогч цагдаагийн хүлээлгийн өрөөнөөс орж ирсэн. Тэгэхэд таныг цохисон хүн энд байна уу, байвал заана уу гэхэд хохирогч Бат-Эрдэнэ нээх удаагүй шууд Энхманлайг заагаад энэ мөн гэж хэлсэн. Тэгэхэд Ууганбаатар байцаагч зураг авсан. Тэгээд дараа нь хохирогчийг өөр өрөө рүү оруулсан билүү өөр газар руу харуулсан бил үү, явуулсан бил үү сайн санахгүй байна. Ямар ч байсан хохирогчийг байхгүй үед Ууганбаатар байцаагч байрлал солиулж зогсоогоод хохирогчийг дахин дуудаж таныг цохисон хүнийг заана уу гэхэд дахин Энхманлайг заасан. Тэгээд Ууганбаатар байцаагч зураг аваад ажиллагааг дуусгасан. Таньж олуулах ажиллагааны явцад Ууганбаатар байцаагч хохирогчид Энхманлайг зааж өгөөгүй, хохирогч өөрөө зааж байсан. ...” гэх мэдүүлэг [22],

 

16.Гэрч Б.Гантулгын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Намайг Г.Ууганбаатар байцаагчийн өрөөнд байхад олон залуучуудад дугаар бичсэн цаас өгөөд намайг хүн таньж олуулах талаар тайлбарлан өгсөн. Тэгээд тэдгээр залуучуудыг өрөөнөөсөө гаргаад  1 давхарын буланд эгнүүлж дугаарласан цаас бариулж зогсоогоод цагдаагийн газрын үүдний жижүүрийг дуудаад гадаа нэг хохирогч байгаа дуудаад өг гэж хэлж байсан. Тэгээд гаднаас нэг туранхай өндөр залууг орж ирэхэд Ууганбаатар байцаагч чамайг зодсон залуу энд байна уу, байвал заа гэж хэлсэн. Тэгэхэд тэр өндөр туранхай хохирогч залуу улаан куртиктэй намхан залууг энэ намайг цохисон залуу гарцаагүй мөн гэж хэлсэн. Тэгэхэд Ууганбаатар байцаагч хохирогч гэх залууг жижүүрийн өрөөнд ороод байж бай дуудахаар эргээд ирээрэй гэж хэлээд явсаных нь дараа дугаар барьж зогсож байсан залуучуудын байрлалыг сольж зогсоогоод хохирогч гэх залууг дуудаж чамайг зодсон хүн энэ дунд байна уу гэхэд энэ залуу байна гээд дахиад нөгөө улаан куртиктэй намхан залууг заасан. ...Намайг Ууганбаатар байцаагч өрөөнд ороод ир гэж дуудсан. Тэгээд яваад ороход баахан залуучууд оруулчихсан байж байсан. Тэр үед намайг цагдаагийн хэлтсийн үүдэнд сууж байхад хохирогч гэх туранхай өндөр залуу байхгүй байсан. Хохирогч гэх залуу Ууганбаатар байцаагчтай уг ажиллагааны явцад хоорондоо уулзаагүй. Миний хөндлөнгөөс ажиглаж байх үед байцаагч чамайг зодсон хүн гэж хэлээгүй. Хохирогч хамгийн сүүлд ганцаараа гаднаас хүнээр дуудуулан орж ирсэн...” гэх мэдүүлэг [23],

17.М.Энхманлайгийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Мираж”-ийн ресторанд манай найз Наранбаярын хүүхдийн нэг насных нь төрсөн өдөр болсон. Уг баярт би найзууд болох Дэлгэрдалай, Ариунтуул, Гантөр, Мөнхчимэг, Мөнх-Эрдэнэ нарын хамт очсон. Төрсөн өдрийн баяр 17 цагийн үед дуусаад Дэлгэрдалай, Ариунтуул, Гантөр, Мөнхчимэг, Мөнх-Эрдэнэ бид нар “Мираж”-ийн караокед орсон. Тэнд ойролцоогоор 2 цаг орчим болоод гарсан. Мөнх-Эрдэнэ бид хоёр караокегоос түрүүлж гарч яваад үүдний шатан дээр би сүүлд нэрийг нь мэдсэн Бат-Оргил гэдэг залуутай мөрөөрөө шүргэлцсэн. Бат-Оргил “та нар манай дошинд байна, зүгээр байгаарай” гэж хэлэхээр нь би Бат-Оргилтой маргалдсан. Тэгтэл хажуунаас Мөнх-Эрдэнэ “наад бацаануудаа орхио, явъя” гэж хэлтэл цаанаас нь манай их наранд амьдардаг Батсүх гэдэг залуу гарч ирээд “та нар муусайн зүгээр байгаарай” гэж хэлээд дээгүүрх хувцасаа тайлаад Мөнх-Эрдэнэтэй муудалцахад Мөнх-Эрдэнэ Батсүхийг гадаа үүдний хайс давуулаад унагаахад бид нар салгасан. Тэгтэл “Мираж”-ийн хашаанд зогсож байсан цагаан өнгийн суудлын машинаас 4 залуу бууж ирээд бид нар руу дайраад тал талд л хүмүүс хоорондоо муудалцаад байсан. Тэр үед би Мөнх-Эрдэнийг Батсүхээс салгах гээд зогсож байсан. Тэнд байсан сүүлд нэрийг нь мэдсэн Жагар гэдэг залууд “та нар одоо болио, чи найз нарыгаа аваад яв, би ч бас найз нарыгаа аваад явлаа” гэж хэлээд Жагар бид хоёр тэнд муудалцаж байсан хүмүүсийг салгаж болиулсан. ...Би Бат-Эрдэнийг огт цохиогүй. Би тэр өдөр хар өнгийн биеийн тамирын цамц, хар улаан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн пүүз, хар өнгийн саравчтай, хип хоп загвартай малгай өмссөн байсан. Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй эрүүл байсан. Урьд нь Бат-Эрдэнийг харж байгаагүй, ямар нэгэн харилцаатай байгаагүй. ...” гэх мэдүүлэг [24],

-Мөн түүний 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...мөрдөн байцаагч Ууганбаатар намайг хохирогчид урьдчилан зааж өгсөн асуудал байхгүй. Шүүх хурал дээр Мөнх-Эрдэнэ харж байсан гэж хэлээрэй гэж өмгөөлөгч Д.Чинбат надад хэлсэн....” гэх мэдүүлэг [25],

18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3122 тоот актын:

 “...1.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн ухархайн доод хана, зүүн гайморовын хөндийн гадна хажуу хана, хацар ясны хугарал үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Ариунзул/...” гэсэн дүгнэлт...” [26]

 

19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 790 тоот актын:

 “...1.Хохирогч Б.Бат-Эрдэнийн биед зүүн зүүн ухархайн доод хана, гайморовын хөндийн гадна хажуу хана, хацар ясны хугарал зүүн нүдний алимын салстад цус хуралт, үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно.

4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

5.Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь дээрхи гэмтлийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авсан байх боломжтой.

6.Хэргийн материалд Б.Бат-Эрдэнэ нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө гэмтэл авч байсан талаар эмнэлгийн бичиг баримт байхгүй байна.

7.Шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан 3122 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. /Шинжээч С.Чулуунсүх, А.Амгаланболд, Г.Ханхүү /...” гэсэн дүгнэлт...” [27]

 

20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 12897 тоот актын:

 “...1. М.Энхманлайгийн биед фото зураг болон  бүртгэлийн хуудаснаас үзэхэд тухайн үед хамрын баруун талд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар  эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /Шинжээч Т.Номинцэцэг/ ” гэсэн дүгнэлт...” [28]

21.2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Бат-Эрдэнээр өөрт нь гэмтэл учруулсан гэх хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [29],

22.Хохирогч Б.Бат-Эрдэнийн Brilliance Clinic эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн баримт [30],

23.Хохирогч Б.Бат-Эрдэнийн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд [31],

24.Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт Б.Бат-Эрдэнэ нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 30 минутад үзүүлсэн тухай бүртгэлийн хуудасны хуулбар [32],

25.Шүүгдэгч М.Энхманлайгийн иргэний үнэмлэхийн лавлагаа [33], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [34] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүхийн дүгнэлт:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

Нэг. Шүүгдэгч М.Энхманлай нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокены гадна иргэн Б.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар шалтгаангүйгээр нэг удаа цохиж улмаар түүний бие махбодид зүүн ухархайн доод хана, гайморовын хөндийн гадна хажуу хана, хацар ясны хугарал, зүүн нүдний алимын салстад цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч Б.Бат-Эрдэнийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Бат-Оргил “би дотогшоо орчихоод ирье” гэж хэлээд ороод удалгүй дотор хамт сууж байсан найзуудтайгаа цуг хэдэн танихгүй залуучуудтай муудалцчихсан гарч ирээд “буугаад ир” гээд бид нарыг дуудсан. Жагар, Найдан, Санжаа бид дөрөв бууж очтол нөгөө залуучууд нь бид нар руу дайраад нэг нь манай найз Жагартай муудалцахаар нь би очиж салгачихаад буцаад алхаж явтал хажуу талаас хип хоп малгайтай, бордуу царайтай, 170-173 орчим өндөртэй, 23-25 орчим насны залуу хүрч ирээд миний зүүн хацар руу гараараа их хүчтэй нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [35], мөн түүний 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Хэрэг болдог өдөр Энхманлай хар өнгийн хип хоп загварын саравчтай малгай өмссөн байсан. Би тэр өдөр Энхманлайгийн царай төрх, биеийнх нь өндөр зэргийг сайн харсан учраас таньж олсон. ...” гэх мэдүүлэг [36], түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг,

-гэрч Б.Бат-Оргилын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр болсон. 18 цагийн үед манай найзууд Бат-Эрдэнэ, Найдан, Жагар, Санжаа нар ирсэн. Би тэдэнтэй уулзчихаад буцаж орж явахдаа “Мираж”-ийн үүдэнд сүүлд нэрийг нь мэдсэн Энхманлайтай нь мөрлөлцчихсөн чинь Энхманлай “яагаад байнаа” гэсэн. ...Тэгтэл Энхманлайтай цуг явсан сүүлд нэрийг нь мэдсэн Мөнх-Эрдэнэ  хажуунаас “тэнэг бацаан зүгээр байгаарай” гэж хэлэхэд нь дотроос гарч ирсэн манай найз Батсүх “чи яагаад байгаа юм, чи тийм том юм уу” гэж хэлсэн. Би гадаа машинд байсан Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нарыг дуудсан.
...” гэх мэдүүлэг [37] ,

-гэрч Э.Мөнх-Эрдэнийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн “... Энхманлай үл таних, сүүлд нэрийг нь мэдсэн Бат-Оргил гэдэг залуутай мөрлөлцөөд хоорондоо муудалцсан. Би хажуунаас нь наадуул чинь бацаанууд байна шүү дээ, явъя гэж хэлтэл Батсүх гэдэг залуу чи тийм том юм уу гээд дээгүүрх хувцсаа тайлаад над руу хүрч ирээд намайг заамдсан. ...” гэх мэдүүлэг [38], мөн түүний  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Таньж олуулах ажилгаанд оролцохоор мөрдөн байцаагч Ууганбаатарын өрөөнд орж хэвлэсэн дугаар аваад үүдний коридорт барьж зогссон. ...хохирогч гэх залууг гаднаас оруулж ирээд таныг цохисон хүн энд байна уу гэхэд байна гэсэн. ...хохирогч Энхманлайг гараараа заагаад энэ залуу мөн байна гэж хэлсэн. Тэгэхэд ямар хэлбэрээр нь таньж байгаа гэж асуухад хохирогч царайг нь хараад таньж байна гэж хэлж байсан. Тэгээд байцаагч хохирогчийг өөр өрөөнд оруулаад бид нарын байрыг  сольж зогсоогоод дахин хохирогчийг өрөөнөөс гаргаж ирээд таныг цохьсон гэх хүнийг заана уу гэхэд Энхманлайг заасан...” гэх мэдүүлэг[39],

-гэрч Т.Гантөрийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Мөнх-Эрдэнэ Батсүх гэдэг бандитай зууралдчихсан, араас нь Бат-Оргил гэдэг банди салгах гэж байгаа бололтой зуурчихсан байж байсан. Би очоод Бат-Оргилыг татаж тэр хоёроос холдуулчихаад тэд нарыг хоорондоо муудалцахаа болихоор нь би буцаад буудал руугаа орчихсон. Манай найзуудаас Энхманлай, Мөнх-Эрдэнэ, Дэлгэрдалай нар байсан. ...Энхманлай хар өнгийн хип хоп саравчтай малгайтай, хар өнгийн биеийн тамирын цамцтай байсан...” гэх мэдүүлэг [40],

-гэрч Б.Бат-Өлзийгийн 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...Бат-Оргил сүүлд нэрийг нь мэдсэн Энхманлайтай мөрөөрөө шүргэлцээд муудалцахаар нь би очоод салгасан. Батсүх дотроос гарч ирээд Мөнх-Эрдэнэ барилцаж авсан. ...тэгтэл “Мираж”-ийн хашаанд зогсож байсан машинаас Бат-Оргилын найзууд нь болох Жагар, Санжаа, Найдан, Бат-Эрдэнэ нар бууж ирээд тэнд байсан залуучуудтай муудалцсан. Удалгүй муудалцаж байсан хүмүүс салсан. Тэгээд Бат-Эрдэнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эмч нь хацарынх нь яс цөмөрчихсөн байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг  [41], түүний 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Ууганбаатар байцаагчийн таньж олуулах ажиллагаанд 5 гэсэн дугаартай цаас оролцсон. ...та нараас хохирогчийг цохисон хүнийг хохирогчоор заалгах үйл ажиллагаа явагдана. Учир нь хохирогч өөрийг нь цохисон хүнийг танина гэж байгаа болохоор ийм ажиллагаа явагдаж байна гээд биднийг коридорт гаргаж зогсоогоод хохирогчийг гаднаас хүнээр дуудуулж ирээд энэ хүмүүс дунд чамайг цохисон хүн байна уу гэж асуухад хохирогч Бат-Эрдэнэ Энхманлайг заасан. Тэгэхэд Ууганбаатар байцаагч энэ хүнийг ямар байдлаар таньж байгаагаа хэлнэ үү гэхэд Бат-Эрдэнэ би таньж байна, энэ залуу хэрэг болдог өдөр малгай цүнх үүрсэн байсан гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнийг коридорын булан эргүүлж холдуулж байгаад Ууганбаатар байцаагч бид нарыг байраа соль гэж хэлээд байрлалаа сольж зогсоход Бат-Эрдэнэнийг дахин авч ирээд одоо энэ дунд таныг зодсон хүн байна уу гэж асуухад Бат-Эрдэнэ Энхманлайг заасан...” гэх мэдүүлэг [42],

-гэрч Т.Санжаагийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Бат-Оргил найзууддаа явлаа гэж хэлчихээд ирье” гээд дотогшоо орсон. Удалгүй Бат-Оргил буцаж хүрч ирээд “манийг чинь зодчихлоо” гэхээр нь Бат-Эрдэнэ, Жагар, Найдан бид дөрөв машинаас буугаад очтол Бат-Оргил, Батсүх нар танихгүй залуучуудтай сүүлд нь нэрийг нь мэдэхэд Мөнх-Эрдэнэ, Энхманлай нартай муудалчихсан байж байсан. Бат-Эрдэнийн хацар өвдөөд эвгүй болчихлоо гэхээр нь бид нар Бат-Эрдэнийг үзүүлэхээр тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд “хацар нь гэмтсэн байна, та нар маргааш ЗD эхогоор сайн харуул” гэж хэлсэн. ...Намайг 58 дугаар байр руу оччихоод ирэхэд Бат-Эрдэнэ “намайг саравчтай малгайтай залуу цохичихлоо” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг [43],

-гэрч О.Жагарын 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Бат-Оргил руу 2-3 залуучууд нийлээд дайраад байхаар нь би очоод болиулах гэтэл Алтанхундага гэдэг залуу түлхээд бид хоёр муудалцсан. Нэг мэдсэн манай найзууд байхгүй байхаар нь машин руу очиход Бат-Эрдэнэ, Найдан, Бат-Оргил, Бат-Өлзий нар байсан. ...Машин дээрээ очиход Бат-Эрдэнийн хацар нь эвгүй болчихлоо гэхээр нь бид нар шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлчихээд харьцгаасан. ...Хэрэг болсны дараа Бат-Эрдэнэ “саравчтай малгайтай, цүнх үүрчихсэн байсан залууд цохиулчихлаа” гэж хэлж байсан. Тэр үед Энхманлай гэдэг залуу хар өнгийн саравчтай малгайтай, цүнх үүрчихсэн байсан...” гэх мэдүүлэг [44],

-гэрч Г.Найдангийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Бат-Оргил биднийг дуудахаар нь очиход танихгүй хэдэн залуучуудтай муудалцаад зогсож байсан. ...Буцаад машин дээрээ очиход ...Бат-Эрдэнэ “сая малгайтай залуу миний хацар руу цохичихлоо, хацар сонин болоод байна” гэхээр нь бид нар гэмтэл явахаар болсон. ...Бат-Эрдэнэ хэлэхдээ хип хоп саравчтай малгайтай хүнд цохиулчихлаа гэж байсан. Тэнд байсан хүмүүсээс тийм малгайтай хүн ганцхан Энхманлай л байсан. ...” гэх мэдүүлэг [45],

-түүний 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр өдөр зодоон болсны дараа бид нар машинд суугаад Гэмтэл Согог судлалын үндэсний төв рүү явж байх замд Бат-Эрдэнэ “намайг хип хоп саравчтай хар малгайтай залуу намайг цохисон” гэж хэлж байсан. Хэрэг болох үед сүүлд нэрийг нь мэдэхэд Энхманлай гэдэг залуу Бат-Эрдэнийн хэлсэн шиг хар өнгийн хип хоп саравчтай малгайтай байсан. ...” [46] гэх мэдүүлэг,

-гэрч С.Цэнгэлдоржийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Мираж”-ийн гадаа зодоон болоход байсан хүмүүсийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ууганбаатар байцаагч дуудаж таньж олуулах ажиллагаанд оролцуулсан. Би уг ажиллагаанд 2 дугаартай цаас барьж зогсож оролцсон. ...Тэр үед хохирогч цагдаагийн хүлээлгийн өрөөнөөс орж ирсэн. Тэгэхэд таныг цохисон хүн энд байна уу, байвал заана уу гэхэд хохирогч Бат-Эрдэнэ нээх удаагүй шууд Энхманлайг заагаад энэ мөн гэж хэлсэн. ...дараа нь ...хохирогчийг байхгүй үед Ууганбаатар байцаагч байрлал солиулж зогсоогоод хохирогчийг дахин дуудаж таныг цохисон хүнийг заана уу гэхэд дахин Энхманлайг заасан...” гэх мэдүүлэг [47],

-гэрч А.Алтанхундагийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 05–ны өдөр би Ууганбаатар байцаагчийн таньж олуулах ажиллагаанд 7 гэсэн дугаартай цаас барин оролцсон. ...Ууганбаатар байцаагч одоо таньж олуулах үйл ажиллагаа явагдана ...гээд бид нарт цаасан дээр дугаар хэвлэж өгөөд нэг нэгээр нь дугаартай цаас бариулаад  өөрийнхөө үүдэнд коридорт зогсоогоод хохирогчийг гаднаас дуудаж оруулж ирсэн. ...Ууганбаатар байцаагч хохирогч Бат-Эрдэнэд таныг цохисон залуу энд байна уу, байвал заана уу гэхэд Бат-Эрдэнэ 5-10 секунд харж зогсож байснаа Энхманлайг заасан. ...хохирогчийг буруу хараад зогсож байх хооронд бид нарын зогсож байсан байрыг сольж зогсоогоод дахин заалгахад Энхманлайг заасан...” гэх мэдүүлэг [48],

-гэрч Б.Гантулгын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...гаднаас нэг туранхай өндөр залууг орж ирэхэд Ууганбаатар байцаагч чамайг зодсон залуу энд байна уу, байвал заа гэж хэлсэн. Тэгэхэд тэр өндөр туранхай хохирогч залуу улаан куртиктэй намхан залууг энэ намайг цохисон залуу гарцаагүй мөн гэж хэлсэн. Тэгэхэд Ууганбаатар байцаагч хохирогч гэх залууг жижүүрийн өрөөнд ороод байж бай, дуудахаар эргээд ирээрэй гэж хэлээд явсаных нь дараа дугаар барьж зогсож байсан залуучуудын байрлалыг сольж зогсоогоод хохирогч гэх залууг дуудаж чамайг зодсон хүн энэ дунд байна уу гэхэд энэ залуу байна гээд дахиад нөгөө улаан куртиктэй намхан залууг заасан...” гэх мэдүүлэг [49],

-М.Энхманлайгийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Би тэр өдөр хар өнгийн биеийн тамирын цамц, хар улаан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн пүүз, хар өнгийн саравчтай, хип хоп загвартай малгай өмссөн байсан...” гэх мэдүүлэг [50], шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3122 тоот акт, дүгнэлт [51],  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 790 тоот акт, дүгнэлт [52],   Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт Б.Бат-Эрдэнэ нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 30 минутад үзүүлсэн тухай бүртгэлийн хуудасны хуулбар [53], 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Бат-Эрдэнээр өөрт нь гэмтэл учруулсан гэх хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [54] бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Танхайрах гэмт хэрэг нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, эмх замбараагүй, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр үйлдэгддэг.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр М.Энхманлай нь “Мираж” караокеноос гарч явах замдаа иргэн Б.Бат-Оргилтой мөрөөрөө шүргэлцэж, тэдний хооронд маргаан үүссэн, улмаар иргэн Б.Бат-Оргил нь “Мираж” рестораны гадна машинд сууж байсан найзууд болох О.Жагар, Т.Санжаа, Г.Найдан, Б.Бат-Эрдэнэ нарт “би зодуулчихлаа” гэж тэднийг дуудаж ирүүлжээ. Б.Бат-Оргилын дуудсанаар ирсэн дээрх хүмүүс нь шүүгдэгч М.Энхманлай, Б.Бат-Оргил болон тэдэнтэй хамт байсан Б.Батсүх, Э.Мөнх-Эрдэнэ нарын маргааныг салгах зорилготой байсан байх бөгөөд энэ явцад М.Энхманлай нь хохирогч Б.Бат-Эрдэнийг цохиж гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Энхманлай нь мөрдөн байцаалтад хохирогч Б.Бат-Эрдэнийг цохиж зодоогүй гэж гэм буруугийн талаар маргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ” “...Зодооны салгаж байх явцад 1 залуу намайг цохисон. Би тэр залууг гэж бодоод цохисон. Гэтэл хохирогч Бат-Эрдэнийг цохисон байна лээ. Би хохирогч Бат-Эрдэнийг андуураад цохисон байх..” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй.

Нөгөө талаас хохирогч Б.Бат-Эрдэнэ нь таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгч М.Энхманлайг түүний царайны төрх, биеийн хэмжээ, өмсөж байсан хувцас зэргээр нь таньж байгаагаа мэдүүлсэн, мөн тухайн өдөр хохирогч Б.Бат-Эрдэнийг гэмтлийн эмнэлэгт хүргэхээр явж байх замд Б.Бат-Эрдэнээс “намайг хип хоп загварын малгайтай, цүнх үүрсэн залуу цохисон” гэж ярьж байсныг гэрч Т.Гантөр, Т.Санжаа, О.Жагар, Г.Найдан нар гэрчлэн мэдүүлсэн, 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тухайн зодоон болсон газар М.Энхманлай нь “хип хоп” загварын малгайтай байсан, өөр ийм загварын малгай өмссөн хүн байгаагүй гэж хэргийн газар байсан гэрчүүд гэрчлэн мэдүүлсэн зэргээр хохирогч Б.Бат-Эрдэнийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтлийг шүүгдэгч М.Энхманлай учруулсан болох нь тогтоогдсон.

Тухайн өдөр хэрэг маргаан нь “Мираж” караокены үүдэнд буюу нийтийн эзэмшлийн зам талбайд олон нийтийн газар болсон байна. Хохирогч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч М.Энхманлай нар нь бие биенээ таньдаггүй байсан байх ба М.Энхманлай нь  хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн байна.

Харин хохирогч Б.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч М.Энхманлайтай эхэлж маргалдсан, хохирогч зүй бус ажиллагаа гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Энхманлайд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Энхманлайд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч М.Энхманлайг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Энхманлай нь мөрдөн байцаалтад “би өөрөө бас бусдад зодуулж гэмтэл авсан” гэж маргаж, энэ талаар мөрдөн байцаалтад шинжээч томилоход шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12897 дугаартай дүгнэлтээр “М.Энхманлайгийн гэрэл зураг, бүртгэлийн хуудаснаас үзэхэд тухайн үед хамрын баруун талд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан, гэмтлийн зэрэгт хамаарахгүй[55] гэсэн байх ба, шүүгдэгч М.Энхманлай нь шалгуулах шаардлагагүй гэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

            Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бат-Эрдэнийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирч, хохирогч Б.Бат-Эрдэнэ нь хагалгаанд орсон байна.

            Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтад 2,589,000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч, дараа нь зарим гарсан зардал нь баримтгүй байгаа гэж мэдүүлж, нэхэмжлэлээ 1,500,000 төгрөг болгон өөрчилж, хэрэгт:

-“Хаппи Веритас” эмнэлэгт үзүүлсэн 15,000 төгрөгийн,

-Цээжний эхо зураг авахуулсаны төлбөр 20,000 төгрөгийн,

-Толгойн компьютер томографик хийлгэсэн 120,000 төгрөгийн,

-бичлэг хийлгэсний 15,000 төгрөгийн,

- “Оношмед” эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн 88,000 төгрөгийн,

-1 дүгээр эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 63,000 төгрөгийн, нийт 321,000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Энхманлай нь хохирогч Б.Бат-Эрдэнийн эх Нинждамбад 1,500,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [56], шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба хууль ёсны шаардлага хангасан баримтын дүнгээс илүү дүнгээр нөхөн төлжээ.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Бат-Эрдэнэ нь цаашид нүүрэнд тавиулсан хадаасаа авахуулах хагалгаа хийлгэнэ, энэ нь 300,000 орчим төгрөг болох байх, үүнийгээ нэхэмжилнэ гэх ба энэ нь бодитоор гарсан зардал биш байна. Нөгөө талаас хохирогч Б.Бат-Эрдэнэ нь хэрэгт 321,000 төгрөгийн баримт ирүүлж 1,500,000 төгрөг хүлээн авсан байх ба эдгээрийн зөрүү нь түүнд 1,179,000 төгрөг илүү нөхөн төлөгдсөн, энэ нь цаашид гарах 300,000 төгрөгийн зардал нь төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Харин хохирогч Б.Бат-Эрдэнэ цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын зардал нь шүүгдэгчээс хүлээн авсан дээрх 1,500,000 төгрөгөөс илүү хэмжээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Энхманлайгаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Иймээс шүүх шүүгдэгч М.Энхманлайг энэ тогтоолоор хохирогч Б.Бат-Эрдэнэд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав.Шүүгдэгчийн хувийн байдал болон бусад асуудлын талаар.

  Шүүгдэгч М.Энхманлай нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуудсаар [57] Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ын санд бүртгэгдээгүй буюу ялгүй байна.

Иймд шүүгдэгч М.Энхманлайд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч М.Энхманлай нь цагдан хоригдсон хоноггүй, түүнийг бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Бэрсүд овгийн Мандалын Энхманлайг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мандалын Энхманлайг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхманлайд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч М.Энхманлай цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Бат-Эрдэнэд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Бат-Эрдэнэ цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч М.Энхманлайд оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Энхманлайд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Энхманлайд авсан бусдын батлан даалтад өгсөн  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 153 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 96 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 161 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 160 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 165  дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 95 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 157-158 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 159 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 162  дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 167 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 67-68 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 167-169 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 58 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 99-100 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 189 дүгээр тал.

[29] Хавтаст хэргийн 5-8 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 76 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 77-80 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 176 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 72 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 73 дугаар тал.

[35] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[37] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[38] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[39] Хавтаст хэргийн 160 дугаар тал.

[40] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[41] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[42] Хавтаст хэргийн 165  дугаар тал.

[43] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.

[44] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал.

[45] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[46] Хавтаст хэргийн 95 дугаар тал.

[47] Хавтаст хэргийн 162  дугаар тал.

[48] Хавтаст хэргийн 161 дүгээр тал.

[49] Хавтаст хэргийн 167 дугаар тал.

[50] Хавтаст хэргийн 67-68 дугаар тал.

[51] Хавтаст хэргийн 58 дугаар тал.

[52] Хавтаст хэргийн 99-100 дугаар тал.

[53] Хавтаст хэргийн 176 дугаар тал.

[54] Хавтаст хэргийн 5-8 дугаар тал.

[55] Хавтаст  хэргийн 189 дүгээр тал.

[56] Хавтаст хэргийн 193 дугаар тал.

[57] Хавтаст хэргийн 73 дугаар тал.