Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2549

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02332 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дугаар сургуульд холбогдох  

 

Ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, ээлжийн амралтын олговор 6 549 787 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сутай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Дугаар сургуульд сургалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01739 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 287 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 191 792 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, 2016 оны 08 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж. дэвтэрт зохих журмаар бичилт хийхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулийн захиргаанд даалган шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 610 дугаар магадлалаар өөрчлөлт оруулан анхан шатны шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 2 470 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны магадлалыг Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00684 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Иймд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон надад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговорт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 170 хоног нийт 6 549 787 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын хугацаа 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байгааг 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл болгох, мөн дээрх ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмаар бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гарснаас хойш ажилд нь эгүүлэн тогтоосон буюу хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг нэхэмжилсэн. Үүнд ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 137 хоногийн цалин, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон 15 хоногийн амралт дээр, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар сургалтын менежерийн нэмэгдэл 15 хоногийн амралт нийт 30 хоногийн ээлжийн амралтын олговор гэж тооцон, 167 хоногийг 1 өдрийн цалинг 35 916 төгрөгөөр тооцон 6 549 787 төгрөгийг нэхэмжилж байгаа. Д.Быг ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 3 шатны шүүхээр хянагдаж байх хугацаанд түүнийг ажилд нь аваагүй. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас албадан биелүүлэх ажиллагаа явагдаж, Д.Бат-Отгон захирал эвлэрье гээд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тушаал гаргаад 08 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 08 дугаар сарын 23-наас хойшхи хугацааны цалин авсан байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх бөгөөд талуудын хооронд үүссэн маргааныг бүх шатны шүүх хэлэлцээд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад дахин нэг асуудлаар иргэний маргаан үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнгийн хэмжээ нь ямар хугацаанд ногдох цалин болохыг мэргэжлийн шинжээч томилж, эцсийн дүгнэлтийг гаргаж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бын нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн учир дахин нэхэмжлэл гаргах эрх байхгүй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 125 хоногийн цалин авах юм байна гэж бодвол үүнээс давж заалдах 14 хоногийн хугацааг хасахаар 111 хоногийн цалин яригдах байх. Энэ хүн ирж уулзаагүй, ажилдаа ир гэхээр ирдэггүй бөгөөд ирсэн үед нь тушаал гаргасан. Сургуулийн бүх ажилчид 06 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл амардаг тул нэмж 30 хоног бодогдохгүй гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч "Дугаар сургууль"-аас нэхэмжлэгч Д.Бын ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын олговорт 5 997 972 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 551 815 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар нь бичилт хийхийг хариуцагч "Дугаар сургууль"-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Дугаар сургууль"-аас улсын тэмдэгтийн хураамжид 110 918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 12 сарын 19-ны өдрөөс эхлэн 2017 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэлх цалинг нэхэмжилснийг шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Гэвч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын нийт 125 хоног гэж тооцож байгаа. Мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн давж заалдах гомдол гаргах хугацааг шүүх хасалгүй тооцсон нь буруу болжээ.

Мөн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын бүх сургуулийн багш нар ээлжийн амралтаа авдаг. Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тус сургууль 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс захирлын тушаалын дагуу бүх багш, ажилчид нар ажилдаа орсон. Гэвч Удирдлага санхүүжилтийн хуулийн дагуу сургуулийн тухайн жилийн төсөв, цалингийн сандаа багтаан багш ажилчид ээлжийн амралтын 30 хоногт ноогдох цалинг авч, амардаг.

Илүү хоног амарлаа гээд нэг ч төгрөг ээлжийн амралтын цалин дээр бодогддогүй. Төсвийн тухай хуулийнн 15 дугаар зүйл 15.1.4-т заасныг баримтлан ажилладаг бөгөөд сургуулийн төсөвтэй уялдуулан гаргасан захирлын тушаалаар тухайн заасан хоногийн хугацаагаар амардаг ба амарсан хоногийн цалинг нэмж олговол төсөв хэтрүүлсэн хэмээн хариуцлага тооцдог. Энэ нь ерөнхий боловсролын сургуулиудад байдаг нийтлэг жишиг. Хөдөлмөрийн тухай хуулиар 15 хоног тооцож, Боловсролын тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу 15 хоног тооцож, нийт 30 хоногийн амралт олгохоор хуулиар зохицуулсан байдаг. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу ажлын 125 хоногоос давж заалдах гомдол гаргах 14 хоногийг ажлын 10 хоногоор тооцон хасч, ажлын 115 хоногийн цалин болох 4 130 340 төгрөг нэмж, 2017 оны 06 дугаар сарын 15-наас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ээлжийн амралтын цалинг ээлжийн амралтын ажлын 30 хоногоор нь тооцож 894 506 төгрөг, нийт 5 024 846 төгрөгийг хуулийн дагуу олгох боломжтой” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Дугаар сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингийн олговор, ээлжийн амралтын олговорт 6 549 787 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт Д.Быг Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, тус сургуулиас түүний ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговорт 2 470 195 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01739 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 610 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00684 дугаартай тогтоол тус тус авагдсан байна. /хх 6-15/

 

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00684 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 4 сарын хугацааны цалингийн олговорт 2 470 195 төгрөгийг гаргуулж байгааг тодотгож, нэхэмжлэгч Д.Бын 1 сарын дундаж цалин хөлс 2 470 195 : 4 = 617 518 төгрөг байгаа талаар дүгнэлт өгсөнийг анзааралгүй Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01739 дугаартай шийдвэрт заасан 1 сарын цалин хөлсний дундажийг 772 215 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговор болон ээлжийн амралтын олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 27 хоногийн ээлжийн амралт эдлэх ёстой байтал 30 хоногоор тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

            Иймд Д.Быг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс ажилд нь томилсон ажил олгогчийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан 137 хоногийн цалингийн олговорт /617 548 : 21.5 = 28 723 төгрөг х 137 хоног/ 3 935 078 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 27 хоногийн ээлжийн амралтын олговорт 775 526 төгрөг, нийт 4 710 604 төгрөгийг хариуцагч дугаар сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байжээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаар талуудын тэгш эрхийн болон мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тусгасан 5 024 846 төгрөгийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 973 126 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

           

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02332 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...5 997 972 төгрөг...” гэснийг “...5 024 846 төгрөг...” гэж, “...551 815 төгрөг...” гэснийг “...973 126 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч дугаар сургуулийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН