Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 36

 

Г, П, О нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2019/0036/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, 

Прокурор Б.Бямбасүрэн, 

Шүүгдэгч П, Г, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг оролцуулан, 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П, Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нарын давж заалдах гомдлоор Г, П, О нарт холбогдох эрүүгийн 1939001320102 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Батширээт суманд 1991 онд төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух, урьд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2, 254 дүгээр зүйлийн 254.2, 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-н Г

Хэнтий аймгийн Мөрөн суманд 1992 онд төрсөн, эрэгтэй, 27 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-н П, 

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1981 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х-н О /,

Шүүгдэгч Г нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Баянхүрээ” гэх газраас иргэн Б-н хар зүсмийн хязаалан насны 1 тооны морийг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 

П-тай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Н- 1 тооны гүүг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан, 

П-тай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Н-н 1 тооны даагыг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан, 

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын дүгээр баг “Хүрээний зуух” гэх газраас Б-н 1 тооны гүүг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бумбан тохой” гэх газар оршин суух иргэн О-г хуурч урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н-н нэрийг барьж иргэн Б-н хониноос 2 тооны ямаа залилан авч 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн ба бусдад нийт 3480000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П нь Г-тай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Н-н 1 тооны гүүг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан, 

Г-тай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Н-н 1 тооны даагыг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн ба бусдад нийт 1400000 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч О нь Г-н хамт 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын дүгээр баг “Хүрээний зуух” гэх газраас Б-н 1 тооны гүүг хулгайлсан,

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бумбан тохой” гэх газар оршин суух иргэн О-ыг хуурч урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н-н нэрийг барьж иргэн Б-н хониноос 2 тооны ямаа залилан авсныг мэдсээр байж авч, зарж борлуулан 900000 төгрөгийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Т-н Г-, Б овгийн С-н П нарыг бүлэглэн бусдын мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай, Б овгийн Т-н Г-г залилах буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай, Б овгийн Х-н О-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-ыг 10 /арав/ сар, Г-г 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн ялаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О-ыг тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч П-т оногдуулсан 10 /арав/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Г, П нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан халтар зүсмийн морь, 4 хөл цагаан зээрд морьдыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 15, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч Э, Э нарт буцаан олгож, морины үнийг шүүгдэгч Г-ас 1000000 /нэг сая/ төгрөг, шүүгдэгч П-аас 1000000 /нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Г, П нарыг цагдан хорьж тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч П давж заалдах гомдолдоо: Миний бие бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. 

Би хэрэгт холбогдохын өмнө өөрийн аав С-н төрсөн ахын охин А-нд мал маллаж байсан бөгөөд хадлан, тариалангийн их ажлын үеэр ах, эгчийнхээ итгэлийг алдаж явсандаа харамсаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн бөгөөд цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж, үнэнч шударгаар ажиллаж амьдрахаа амлаж байна. Иймд надад оногдуулсан 10 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 

П-тай бүлэглэн мал хулгайлсан 2 удаагийн үйлдэлд П өөрөө санаачилж адуу хулгайлсан, зарж борлуулсан мөнгөө өөрөө авсан байхад шүүх гүйцэтгэсэн үүрэг, оролцоог үнэн зөвөөр дүгнээгүй, хэт ялгамжтай ял оногдуулсан. 

Мөн бусдын 2 тооны ямааг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ялаас хамгийн хүнд ял болох хорих ялыг сонгож хэрэглэн 6 сарын хорин ял оногдуулсан. Надад оногдуулсан хорих ял шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч П нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол, санал байхгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн. 

П нь 27 настай, эцэг, эх нь 2014, 2015 онуудад нас барсан. Айлын хоёр хүүгийн нэг бөгөөд ах нь Япон улсад ажиллаж амьдардаг. П- нь өөрийн аав С-н төрсөн ахын охин А, хүргэн ах Э-нд 2015 оноос хойш мал маллаж, тусалж ирсэн. 

П-ын хувьд малын хулгайн 2 үйлдэлтэй бөгөөд Г-тай харилцан тохиролцож хулгай хийсэн талаараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгээ илэрхийлдэг. Анхан шатны шүүхээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулсан гэж үзэж байна. 

П-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар түүнд оногдуулсан ялыг 2 жилийн хугацаанд тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ. 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г-н хувьд ганцаараа 2, П-тай бүлэглэн 2, нийт 4 удаагийн малын хулгайн үйлдэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүнд 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г, П, О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г, П, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын үйлдсэн яллах дүгнэлтэд хулгайд алдагдсан малын нас, хүйс, зүс, им, тамгын талаар тодорхой тусгаагүй, хохирогч Б-н бор зүсмийн гүүг морь гэж ташаарч бичсэн, Г нь ганцаараа Б-н бор зүсмийн гүүг хулгайлсан гэж байхад П-тай бүлэглэн хулгайлсан мэтээр ойлгомжгүй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтийн шаардлагыг хангаагүй тус хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:  

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар саны 20-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай.

  

2. Хэргийг прокурорт очтол Г, П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                Б.ДЭНСМАА