| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00439/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 328
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг оршин суух Буриад овогт Д. Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын Харчу овогт Б.Д холбогдох,
Зээлийн төлбөр 60,950,360 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д надтай харилцан тохиролцож, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 43,130,000 төгрөгийг сарын 02 хувийн хүүтэй, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай зээлэн, барьцаанд нь RODEX, 3000LC-7 маркийн экскаватор тавьсан.
Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг төлж, зээлийн бусад төлбөрийг одоог хүртэл төлөхгүй байна.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 40,130,000 төгрөг, хүү 6,038,200 төгрөг, алданги 8,841,650 төгрөг, нийт 58,207,200 төгрөгийг Б.Д гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Д.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Үндсэн зээлийн төлбөр 38,130,000 төгрөг, хүү 6,900,000 төгрөг, алданги 12,964,200 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 2,910,360 төгрөг, нийт 60,950,360 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа 7,895,510 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.
Б.Д шүүхэд гаргасан татгалзал болон тайлбартаа: Би Д.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 15,000 долларыг тухайн үеийн ханшаар төлнө.
Зээлийн гэрээ бол миний өвчтэй байх үед аргагүй байдлыг далимдуулж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.
Б.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие одоогоос хоёр жилийн өмнө Д.Ц гоос мөнгө зээлсэн бөгөөд одоо 38,600,000 төгрөг төлнө. Гэтэл Д.Ц намайг хүнд бэртэж, өвчтэй алхаж чадахгүй байх үеийг ашиглан аргагүй гачигдлаар далимдуулж, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь миний эрх зүйн байдлыг ихээхэн дордуулж, надаас илүү мөнгө нэхэмжлэх боломж олгож байгаа тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалтыг үндэслэн зээлийн гэрээг хүчингүйд тооцсон. Гэтэл энэ зохицуулалт нь гэрээ байгуулсан эсэхийг тооцох зохицуулалт болохоос гэрээг хүчингүйд тооцуулах зохицуулалт биш юм.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Д.Ц миний аргагүй байдлыг далимдуулан гэрээгээ нөхөж хийсэн гэсэн. Д.Ц , Б.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээ нь ямар нэгэн хуулийг зөрчөөгүй бөгөөд энэ гэрээг хоёр тал тохирч байгуулсныг хууль ёсны гэрээ гэж нотариат гэрчилсэн байдаг.
Анх зээл олгохдоо хүү болон барьцаагүй, хугацаагүйгээр зөвхөн аман хэлцлээр зээлүүлсэн. Харин талууд нэг жилийн дараа авсан зээлийнхээ талаар харилцан тохиролцож хүүтэй, барьцаатай, алданги тооцохоор болж зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж хийсэн. Өөрөөр хэлбэл энэ гэрээг нөхөж хийсэн биш харин зээлийн гэрээг өөрчилж хийсэн гэрээ юм. Өөрөөр хэлбэл гэрээг байгуулах, өөрчлөх нь гэрээг байгуулж буй талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Хуулиар баталгаажуулсан талуудын гэрээний чөлөөт байдалд хэн ч халдах эрхгүй.
Өмнө нь анхан шатны шүүх долларын ханшны талаар талууд маргаангүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үнэн зөв байна гэсэн зарчмыг алдагдуулсан. Харин ч талууд долларын ханшны талаар маргаантай байсан. Гэтэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гээд 15,000 долларыг 30,697,800 төгрөг байна гэж хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Үүний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийг хэрэглэх байсан гэж бодож байна.
Шүүхэд гаргасан нийт нэхэмжлэлийн шаардлага 60,950,360 төгрөг байна. Үүнээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 2,910,360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 58,040,000 төгрөгийг Б.Д гээс гаргуулахаар нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл үндсэн зээл 38,130,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 6,900,800 төгрөг, алданги 12,964,200 төгрөг болж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцно гэж үзэж байна. Тиймээс анх авсан 15,000 долларыг авсан өдрийн ханшаар нь төлнө.
Хариуцагч нь өрх толгойлсон, гурван хүүхэд тэжээдэг эмэгтэй бөгөөд түүнийг осолд орж, үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон үеийг ашиглан зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Ц , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга нар үндсэн зээл 38,130,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүү 6,900,800 төгрөг, алданги 12,964,200 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 2,910,360 төгрөг, нийт 60,950,360 төгрөг Б.Д гээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-ийн 60 дугаар тал/
Б.Д нь 15,000 долларыг тухайн үеийн ханшаар буюу 2040 төгрөгөөр тооцож төлнө. Харин 14,800,000 төгрөгийн зээлийг бүрэн төлсөн. Мөн хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг намайг хүнд бэртэж, өвчтэй алхаж чадахгүй байх үеийг ашиглан хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох ёстой гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. /хх-ийн 43, 58 дугаар тал/
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигч 43,130,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, сарын 02 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан байна. /хх-ийн 5 дугаар тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт . . . зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө . . . шилжүүлэх, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгсөн байхыг шаарддаг.
Д.Ц нь зээлийн гэрээ бичгээр байгуулахаас өмнө Б.Д д 15,000 доллар, 14,800,000 төгрөгийн зээл тус тус өгсөн болох нь доллар хүлээн авсан баримтын хуулбар /хх-ийн 66 дугаар тал/, зээлийн төлбөрийн тооцооны баримт /хх-ийн 68 дугаар тал/, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Д гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 108 дугаар тал/-аар тогтоогдсон тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцов.
Мөн зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд тус гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Д.Ц нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг Б.Д гээс шаардах эрхтэй, Б.Д нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар долларын зээлийг төгрөгт шилжүүлэн гэрээ байгуулах, мөн мөнгийг зээлийн гэрээ байгуулахаас өмнө, байгуулсан өдөр, байгуулсны дараа нь өгөх үү гэдгийг гэрээний талууд өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Харин долларын зээлийг төгрөгт шилжүүлэн гэрээ байгуулснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 236.1.3-д талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж заасны дагуу Б.Д гийн 15,000 доллар Д.Ц д төлөх үүрэг дуусгавар болсон байна гэж дүгнэв.
Нөгөө талаас Б.Д , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүнд бэртэж, өвчтэй алхаж чадахгүй байх үеийг ашиглан байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Б.Д гийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байна.
1. Б.Д нь зээлийн гэрээ бичгээр байгуулахаас өмнө Д.Ц гоос дараах байдлаар зээл авч, төгрөгийн зээлийн зарим хэсгийг буцаан төлсөн байна. Үүнд:
| Авсан зээл /доллар/ | Авсан зээл /төгрөг/ | Төлсөн зээл /төгрөг/ | Зээлийн үлдэгдэл /төгрөг/ | |
| 2016.03.14 | 15,000 |
|
|
|
| 2016.03.30 |
| 10,000,000 |
| |
| 2016.04.18 |
| 2,000,000 |
| |
| 2016.04.23 |
| 300,000 |
| |
| 2016.09.20 |
| 2,500,000 |
| |
| 2016.07.02 |
| 7,900,000 |
| |
| 2016.10.14 |
| 2,000,000 |
| |
| Нийт | 15,000 | 14,800,000 | 9,900,000 | 4,900,000 |
Өөрөөр хэлбэл Д.Ц нь зээлийн гэрээ бичгээр байгуулахаас өмнө Б.Д д 15,000 доллар, 14,800,000 төгрөгийн зээл тус тус өгч, төгрөгийн зээлээс 9,900,000 төгрөгийг буцаан авч /14,800,000-9,900,000=4,900,000/, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 15,000 доллар, 4,900,000 төгрөгийн зээл үлдсэн бөгөөд 15,000 долларыг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Монгол банкнаас зарласан ханш 2,484.27 төгрөг /хх-ийн 160, 161 дүгээр тал/-өөр тооцоход 37,264,050 төгрөг, үүн дээр төгрөгийн зээлийн үлдэгдэл 4,900,000 төгрөгийг нэмэхэд долларын болон төгрөгийн зээлийн нийлбэр 42,164,050 төгрөг /37,264,050+4,900,000=42,164,050/ болж байна. Тодруулбал зээлийн гэрээ бичгээр байгуулахаас өмнө зохигчийн өгсөн, авсан долларын болон төгрөгийн зээлийн үлдэгдэл нь 43,130,000 төгрөг биш 42,164,050 төгрөг байсан байна.
Харин үндсэн зээлийн төлбөр болох 42,164,050 төгрөгөөс Б.Д гийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж зааснаар хасаж, үндсэн зээлийн үлдэгдлийг 37,164,050 төгрөг гэж тооцов.
2. Д.Ц , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга нар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хүү 6,900,800 төгрөг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхийн шаардсан бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
Зохигчийн хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээний 1-д зааснаар Д.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 2 хувийн хүү авахаар Б.Д тэй тохиролцсон бөгөөд энэ хугацаа дуусахад зохигч сунгаагүй байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Д.Ц хүү авах эрхээ алдсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар 282.3 дахь хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөр 42,164,050 төгрөгөөс 5 сарын хүү 4,216,405 төгрөг /843,281*5=4,216,405/, 06 хоногийн хүү 168,656 төгрөг /28,109*6=168,656/, нийт 4,385,061 төгрөгийн хүү тооцов.
3. Д.Ц , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга нар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх алданги 12,964,200 төгрөг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийж, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр төлөхөөр хууль болон гэрээнд заасан байхыг тус тус шаардсан.
Зохигчийн хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээний 3-д зааснаар зээл эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлүүлэхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэсэн заалтын дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөр 42,164,050 төгрөгөөс 01 сар, 8 хоногийн алданги, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөр 39,164,050 төгрөгөөс 9 хоногийн алданги, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөр 37,164,050 төгрөгөөс 01 сар, 29 хоногийн алданги тооцохоор байна.
Гэтэл Д.Ц нь алданги 12,964,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул алдангийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зөв бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасан байх тул Б.Д гийн өрх толгойлсон байдлыг харгалзан 12,964,200 төгрөгийн алдангийг шүүх 50 хувиас багасгаж, 6,482,100 төгрөгийн алданги тооцов.
Д.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга нь шүүхэд төлөөлж, туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 2,910,360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан /хх-ийн 174 дүгээр тал/, мөн зохигч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр фидуцийн гэрээ байгуулсан /хх-ийн 6 дугаар тал/ боловч Д.Ц нь шүүхэд фидуцийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Иймд зээлийн төлбөр 60,950,360 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 37,164,050 төгрөг, хүү 4,385,061 төгрөг, алданги 6,482,100 төгрөг, нийт 48,031,211 төгрөгийг Б.Д гээс гаргуулан Д.Ц д олгож, 10,008,789 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Д.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга шүүхэд төлөөлж, туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 2,910,360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин Д.Ц , Б.Д нарын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Б.Д гийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
4. Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 58,207,200 төгрөг гэж тодорхойлж 448,989 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн /хх-ийн 3 дугаар тал/, Д.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 7,895,510 төгрөгөөр нэмэгдүүлж 141,278 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 45,320 төгрөг төлж, 95,958 төгрөг дутуу төлсөн, мөн Б.Д 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 43,130,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр гэж зааснаар 373,600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 70,200 төгрөг төлж, 303,400 төгрөг дутуу төлсөн байна.
Иймд Д.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,306 төгрөг /448,986+45,320=494306/, Б.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 48,031,211 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Б.Д гээс улсын тэмдэгтийн хураамж 398,106 төгрөг гаргуулан Д.Ц д олгож, Б.Д гээр 303,400 төгрөг, Д.Ц гоор 95,958 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус нөхөн төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Д гээс 48,031,211 төгрөг гаргуулан Д.Ц д олгож, Д.Ц гийн нэхэмжлэлээс 10,008,789 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхэд төлөөлж, туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 2,910,360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга татгалзсан болохыг баталсугай.
3. Д.Ц , Б.Д нарын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Б.Д гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,306 төгрөг, Б.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Д гээс улсын тэмдэгтийн хураамж 398,106 төгрөг гаргуулж Д.Ц д олгож, Б.Д гээр 303,400 төгрөг, Д.Ц гоор 95,958 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус нөхөн төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.