Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуул, түүний өмгөөлөгч З.Ганчимэг /1625/,

Шүүгдэгч Б.Мэнджаргал, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр /1126/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Дархчууд овогт Бууралын Мэнджаргалд холбогдох эрүүгийн 201624000651 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 11 дүгээр байр 64 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархчууд овогт Бууралын Мэнджаргал /РД:ДЮ75011418/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

 Шүүгдэгч Б.Мэнджаргал нь 2016 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ТБД андууд дэлгүүрийн  урд замд 83-98 УНА улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, мөн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” ...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Мөнгөншагайг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэргүүдэд холбогджээ.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мэнджаргал мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Пионерийг 5 шарын автобусны буудал дээр хүргэж өгөөд гэрлүүгээ явсан. Замдаа ТБД андуудын урд талын гэрлэн дохиотой гарцан дээр хохирогч Мөнгөншагайг мөргөсөн. Тухайн үед хохирогч гэнэт гараад ирсэн ба би баруун тийш дараад тоормос дарахад машины дугуй хөндийрсөн тул эсрэг дарсан. Тэгээд машинаас буух гэтэл толгой эргээд хүйтэн хөлс гарсан тул сахар унах шинж илэрсэн тул буцаж машиндаа суусан. Тэгээд бие гайгүй болохгүй байсан тул сахарын тариагаа хийхээр гэр лүүгээ харьсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуул мэдүүлэхдээ: Миний хүү Мөнгөншагай нь 2016 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө авто осолд орсон. Хүүгийн биеийн байдал хүнд байнгын хэвтэрт, уур уцаартай болсон. Байнгын эмчилгээтэй байгаа.

Мэнджаргал эмчилгээний төлбөрт 80.000, 60.000, 105.000, 1.480.000, гар утас зэрэг нийт 1.725.000 төгрөг өгсөн. Одоо баримтаар нэхэмжилсэн эмчилгээний төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулсан.

Хүү маань үхмээр байна гэдэг болсон. Байнгын асаргаатай өөрийгөө алчих болов уу гэж бодоод шөнө ч тайван унтах боломжгүй болсон. Сэтгэцийн өвчтэй болсон гээд Шар хаданд хэвтүүлж чадахгүй юм. Маш их гомдолтой. Цаашдын эмчилгээний зардал 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч М.Мөнгөншагай мэдүүлэхдээ: “2016 оны 7 дугаар сарын 16-ны орой 21:00 цагийн үед хороололд байх гэртээ эхнэр Алтанцэцэг, хүү Эрхэмбаяр нартай уулзахаар ээж Мөнгөнтуултай уулзахаар явсан. Өөр юм мэдэхгүй байна.

Осол болсон талаар мэдэхгүй байна. Манай ээжийн гэр Төмөр замын 41 дүгээр байранд байдаг...” гэжээ. /хх 22/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуул мэдүүлэхдээ: “М.Мөнгөншагай бол миний хүү байгаа юм, би 2 хүүхэдтэй, Мөнгөншагай том нь байгаа юм.

Манай гэр ТБД-н урд байрлах Сод Монгол ШТС-ын замын урд талын байр юм. Хаяг нь БГД-н 3 хороо 41-4-39 тоот юм. Мөнгөншагай одоо гэртээ байгаа, сэтгэхүй өөрчлөлттэй, хий юм хараад, одоогоос 5-6 жилийн өмнөх юм яриад маш хэцүү байна, мөн аарцагны яс гэмтэлтэй байгаа.

Мөнгөншагайгийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 2 сая төгрөг зарцуулсан. Мөн бас бус зардлууд байгаа. Түүнчлэн осолд өртөх үедээ Мөнгөншагайгийн өмсөж явсан шорт, фудвольк, гар утас зэрэг нь эвдэрч гэмтсэн, дахин ашиглах боломжгүй болсон.

Жолоочийн талаас КТГ-н зураг авахуулах 80.000 төгрөг, эм аваарай гэж 60.000 төгрөг, 105,000 төгрөгөөр эм авч өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Эрүүл саруул хүүхэд байсан. Хохирлоо барагдуулмаар байна. Жолооч бие муутай гэсэн, гэтэл 3-4 цагийн үед ямар учиртай машин барьж явсан, хэнтэй хамт явсан гээд шалгуулмаар байна...” гэжээ. /хх 44-45/

 

Гэрч Д.Одончимэг мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 16-ны орой 22:00 цагийн үед Эрдэнэт хотоос УБ хотод ирчихсэн байсан Мэнджаргалын найз Пионер манай гэрт ирсэн юм. Мэнджаргал, Пионер хоёр юм ярьж суусаар байгаад бараг 2016 оны 7 дугаар сарын 17-ны шөнийн 03:00 цаг хүргэсэн. Пионерыг хоночихоод яв гэсэн чинь маргааш өглөө эрт Эрдэнэтрүү гарах ёстой, тийм болохоор 5-н шард байх хамаатныдаа очиж хононо гэж хэлсэн. Ингээд 03:00 цаг өнгөрч байхад Мэнджаргал, Пионер хоёр гэрээс гарсан ба нөхөр маань 83-98 УНА улсын дугаартай Т.Приус маркийн автомашинаа жолоодоод явсан бөгөөд 04:00 цаг өнгөрч байхад Мэнджаргал буцаж гэртээ ирсэн. Мэнджаргал орж ирэхдээ бие муудаад байна гэхлээр нь даралтыг нь үзсэн чинь өндөрсчихсөн, мөн сахарыг нь үзсэн чинь багасчихсан байсан. Тэгэхлээр нь даралтных нь эмийг уулгачихаад, гюлкоз тариа тарьсан. Ингэсэний дараа Мэнджаргалын бие нь тавирч дээрдсэн. Ингэж байтал бараг 06:00 цаг болсон байх, Мэнджаргал тэр үед нэг л сонин хямарсан байдалтай байгаад байсан. ...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нь амралтын өдөр бүтэн сайн байсан болохоор Мэнджаргал бид хоёр гэртээ амарсан. Орой 22:00 цагийн үед би Мэнджаргалаас “чиний бие зүгээр үү, яагаад ийм сонин болоод байгаа юм бэ” гэсэн чинь “осол болсон, хүн шүргэчихлээ, ТБД андуудын урд” гэсэн. Би “тэр хүнээ яасан юм бэ” гэхэд “ард л хоцорсон, би уул нь машинаа зогсоогоод очих гэсэн чинь зүрх салгалаад бие муудаад байсан болохоор сахар болохоо байж байгаан байна, эхлээд өөртөө арга хэмжээ авахгүй бол үхэх юм байна гэж бодоод, шууд гэртээ ирсэн” гэж хэлсэн.

...Маргааш өглөө нь 08:15 цагийн үед бөөрний аппаратандаа /цус шүүлгэх зориулалттай/ орохоор Госпиталь руу явсан. Тэндээсээ эмч Болороотой хамт БГД-н Замын цагдаагийн тасаг дээр очиж болсон асуудлыг хэлсэн байналээ. 83-98 УНА улсын дугаартай автомашин нь Мэнджаргалын машин 2015 онд Бичил глобус ББСБ-с 2,500,000 төгрөгийн зээл аваад барьцаанд тавьсан байгаа...” гэжээ. /хх 59-61/

 

Гэрч Б.Лхагвадорж мэдүүлэхдээ: “..Би 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажил болох БГД-н Замын цагдаагийн тасаг дээр байж байхад манай ажилтан а/х Отгонбаяр дээр Мэнджаргал гэгч ирсэн. а/х Отгонбаяр Мэнджаргалыг осол хийсэн талаар мэдээд надад хэлсэн. Би Мэнджаргалтай уулзахад тэрээр осол хийчихээд, сахарын өвчин хөдлөөд тухайн үед ослын газар дээр байгаагүй гэж хэлсэн. Тухайн үед БГД-ийн ТБД андуудын урд замд осол үйлдэгдсэн талаар манай тасгийнхан мэдэж байсан бөгөөд холбогдож жолоочийг нь хайж байсан юм. Тэгээд Мэнджаргалыг дээрх осол үйлдсэн болохыг тогтоож, х/ч Мөнхзулд хүлээлгэн өгсөн. Мэнджаргал нь өөрөө цагдаагийн байгууллагад хүрэлцэн ирсэн...” гэжээ. /хх 62-63/

 

Гэрч Т.Пионер мэдүүлэхдээ: Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 7 дугаар сарын дундуур бямба гаригт Улаанбаатар хотод хувийн ажил хөөцөлдөж байгаад оройн цагаар Сансар төвд Мэнджаргалын гэрт очиж Мэнджаргалтай уулзсан. Мэнджаргалын байрны гадаа уулзсан. Мэнджаргал намайг гадаа харанхуй болчихсон байна, гэрт чинь хүргэж өгнө гээд өөрийнхөө приус 20 маркийн тээврийн хэрэгсэлээр 5 шард хүргэж өгөөд ганцаараа гэртэй харина гээд явсан. Мэнджаргалын байрны гадна талын зогсоолоос хөдлөхөд шөнийн 01-02 цаг болж байсан.

Мэнджаргал бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Мэнджаргал бөөрний архаг дутагдал оноштой, хоёр бөөр нь устчихсан, байнга апаратанд ордог. Би элэгний 70 хувийн хавдартай байдаг тул архи уух ямар ч боломж байхгүй. Улаанбаатар хотын Хавдар судлалын эмнэлгийн элэгний тасгийн Эрдэнэбулган эмчийн байнгын хяналтанд байдаг. Мэнджаргалтай багийн найзууд болохоор нэг нэгэнтэйгээ уулзахаар хуучилж хөөрдөг, нэг нэгэндээ сэтгэлийн дэм өгч өвчнөө ялна гэсэн утгатай ярьдаг. Мөн өвчинд тийм эм, өвс, ардын эмчилгээ сайн гэж нэг нэгэндээ хэлдэг, зөвлөдөг юм.

1981 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн сургуулийн 1 дүгээр ангид хамт орсон. Энэ цагаас хойш Мэнджаргалын талаар мэддэг болсон. Байнга холбоотой багийн сайн найзууд байгаа юм. Мэнджаргалын зан байдлын хувьд хүнд их тусархуу, үнэнч шудрага, төлөв даруу, хүнд сэтгэлийн дэм өгдөг сайн залуу байгаа юм...” гэжээ. /хх 66-67, 188/

 

Шинжээч Т.Амартүвшин мэдүүлэхдээ: “Гэмтлийн зэрэг тогтоох журамд гэмтлээс үлдсэн үлдэц, хор уршигийг тогтоох заалт байдаг. М.Мөнгөншагайд тогтоогдсон сэтгэцийн эмгэг нь одоогоор гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Уг эмгэг нь улам даамжирч ойгүйдэл нь сэргэхгүй, улмаар уналт таталтын шинж илэрвэл гэмтлийн зэрэгт хамаарна, хамаарахдаа тухай үеийн өөрчлөлтөөр гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг шийднэ.

Гэмтлийн зэрэг тогтоох журамын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хуваарийн дагуу тогтооно. Хөдөлмөрийн чадвар 35-аас дээш бол хүнд, 30 хүртэл бол хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх 112/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10017 дугаартай дүгнэлтэд: 1. Мөнгөншагайгийн биед баруун чамархай суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, духны шарх, баруун тохой, зүүн шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна. /хх 76/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1324 дугаартай дүгнэлтэд: 1.2. Мөнгөншагайгийн биед 2016.7.17-ны өдрийн зам тээврийн ослын улмаас баруун суудал ясны дээд салаа, умдаг ясны доод салааны далд хугарал гэмтэл учирсан байх боломжтой байна. Уг гэмтэл нь урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэгийн 10017 тоот актанд тусгагдаагүй байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. /хх 245-246 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6143 дугаартай дүгнэлтэд:1.Нэр хаяг тодорхойгүй гэж хаягласан цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. /хх 78/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6142 дугаартай дүгнэлтэд: 1.2. Шинжилгээнд ирүүлсэн нэр, хаяг тодорхойгүй /В96002201704/-ийн гэх цусанд 3,4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 3,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх 79/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4440 дугаартай дүгнэлтэд:1. Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэж буй гарын дардас санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй. 3. Шинжилгээнд тэнцэж буй гарын дардас санд MN000710016105, MN000710005705, MN000720002767, MN005610000573, MN000710011986 дугаараар Мөнх-Эрдэнийн Мөнгөншагай нэрээр 5 удаа бүртгэгдсэн байна” гэжээ. /хх 81-86 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4482 дугаартай дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 гэж дугаарласан хуванцарууд зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхэл үүсгэж байна. Харин бусад хуванцарууд нэг бүхэл үүсгэхгүй байна.2. Шинжилгээнд ирүүлсэн хуванцаруудаар ямар маркийн тээврийн хэрэгслийн ямар эд анги болохыг тогтоох боломжгүй байна” гэж дүгнэжээ. /хх 88-89 хуудас/

 

Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 93 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10469 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Мэнджаргал нь 2 талын бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, даралт ихсэх хэлбэр, бөөрний архаг дутагдал 3-р үе шат өвчтэй ба уг өвчин байнгын хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчин юм. Бөөрний архаг дутагдал өвчин 2009 онд анх оношлогджээ. 2. Бөөрний архаг дутагдал өвчний үед даралт тогтвортой ихсэх, цус эргэлтийн дутагдал үүсэх, дотор муухайрах, цусан дахь глюкоз буурах шинж тэмдэг илэрч улмаар гипогликемийн комд орж ухаан балартах боломжтой. 3. Бөөрний дутагдал өвчтэй хүн тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ. /хх 95 хуудас/

 

Эмчийн дүгнэлт /хх 96 хуудас/

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 97-102 хуудас/

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 16/34010 дугаартай дүгнэлт: 1. Уг тээврийн хэрэгсэлийн урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүч, гэрлийн туслахын тохиргоо стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, ерөнхий байдал иж бүрдлийн хувьд бүрэн бус байна. 2. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, стандартын шаардлага хангахгүй, ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: - зүүн талын их гэрлийн бүрхүүл, дохио дээд хэсгээрээ хагарсан, - зүүн талын урд хаалга 50х35 см орчим талбайд будаг нь халцарсан, - зүүн талын хойд гуфер 60х40 см орчим талбайд будаг нь халцарсан, - копуд зүүн урд хэсгээрээ 10х10 см орчим талбайд будаг нь халцарсан, - дугаарын гэрлүүд асахгүй байдалтай байлаа. 3. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь осолоос өмнө ашиглалтын үед, зүүн талын их гэрлийн бүрхүүл, дохио дээд хэсгээрээ хагарсан, копуд зүүн урд хэсгээрээ 10х10 см хунигдсан зэрэг нь тухайн осолын үед үүссэн гэж үзэж байна. 4. 4 болон 5 дугаар асуултанд нэгтгэн хариулахад: Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан осолд хэрхэн яаж нөлөөлөхийг тодорхойлох боломжгүй. 6. Хий шингэн хавсарсан АВS тоормосны системтэй, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2кН, баруун талдаа 2кН, зөрүү нь 0%, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,6кН, баруун талдаа 1,8кН, зөрүү нь 11,11% тоормосны системийн ажиллагаа хэвийн байна гэжээ. /хх 105-107/

 

Улаанбаатар хотын цагдаагийн газар Замын цагдаагийн газар шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 442 дугаартай дүгнэлтэд: 1. 83-98 УНА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Мэнджаргал нь МУ-ын ЗХД-ийн “2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч М.Мөнгөншагай нь МУ-ын ЗХД-ийн “3.5 Хөдөлгөөн зохицуулж байгаа үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио (ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио) буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Хэрэв зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 5.2-т заасныг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

ШШҮХ-ийн 6142 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд явган зорчигчийн “цусанд спиртийн агууламж илэрсэн, согтолтын хүнд” зэрэгт хамаарна гэсэн боловч явган зорчигч М.Мөнгөншагайг мөн дүрмийн “3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь согтууруулах ундаа нь хүний биеийн онцлог байдлаас хамаарч харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг, мөн камерын бичлэгээс харахад явган зорчигч М.Мөнгөншагай нь явган хүний гарцаар алхаж явсан бөгөөд түүнийг өөрийгөө хянаж, жолоодох чадвартай байсан гэж үзэхээр байна.

3. 83-98 УНА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ. /хх 109/

 

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 793 дугаартай дүгнэлтэд:  “М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг ямар шатандаа байгааг тогтоох боломжгүй. М.Мөнгөншагайн дээрх сэтгэцийн эмгэг нь 2016.7.17-ны өдрийн Зам тээврийн ослын улмаас үүссэн олдмол эмгэг байна. 2016.7.17-ны өдрөөс өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. М.Мөнгөншагайн “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэг нь зам тээврийн ослын улмаас үүссэн байна. М.Мөнгөншагай нь СЭМҮТ-ийн хяналтанд байдаггүй бөгөөд түүний удамд сэтгэцийн өвтэй хүн байсан эсэх, мөн одоо байдаг эсэх тухай ямар нэгэн баримт одоогоор үгүй байна. М.Мөнгөншагай нь 2016.7.17-ны өдөр буюу зам тээврийн осол, хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан, мөн уг өдрөөс өмнө хэрэг хариуцах чадвартай байсан. М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байгаа тул байцаан шийтгэх ажиллагаанд оролцож мэдүүлэг өгөх чадваргүй байна. М.Мөнгөншагай нь 2016.7.17-ны өдөр буюу зам тээлийн осол, хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан. М.Мөнгөншагайн дээрхи сэтгэцийн эмгэг нь цаашид эдгэрэх эсэх нь эмчилгээний үр дүн, дэглэм баримтлахаас хамаарна. Эдгэрэлт ямар шат дараалалтай явагдаж, хэдий хэмжээний хугацаа зарцуулагдахыг урьдчилан хэлэх боломжгүй болно” гэжээ. /хх 115-120 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1324 дугаартай дүгнэлтэд: “Мөнгөншагайгийн биед 2016.7.17-ны өдрийн зам тээврийн ослын улмаас баруун суудал ясны дээд салаа, умдаг ясны доод салааны далд хугарал гэмтэл учирсан байх боломжтой байна. Уг гэмтэл нь урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэгийн 10017 тоот актанд тусгагдаагүй байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэжээ. /хх 245-246 хуудас/

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4 хуудас/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7 хуудас/

            Зам тээврийн осол, тээврийн үзлэгээр тогтоосон байдал /хх 8-9 хуудас/

            Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх 10 хуудас/

            Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх 14 хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 16 хуудас/

Өвчний түүх /1хх 32-39 хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40,146,147 хуудас/

Хохирлын баримтууд /хх 47-55 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх 56 хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 71-72 хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 157 хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 161 хуудас/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 162 хуудас/

Эмчийн тодорхойлолт, Гемодиализ хяналтын карт /хх 165-180 хуудас/

Шүүгдэгч Б.Мэнджаргалаас хохирол төлбөрт 394,950 төгрөг өгсөн гэх баримтууд /хх 181-182/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Мэнджаргал нь 2016 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ТБД андууд дэлгүүрийн  урд замд 83-98 УНА улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, мөн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” ...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Мөнгөншагайг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мэнджаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуул /хх 44-45/, гэрч Д.Одончимэг /хх 59-61/, Б.Лхагвадорж /хх 62-63/, Т.Пионер /хх 66-67, 188/, шинжээч Т.Амартүвшин /хх 112/ нарын мэдүүлгүүдээр нотлогджээ.

 

Дээрх шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10017 /хх 76/, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1324 /хх 245-246/, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6143 /хх 78/, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6142 /хх 79/, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4440 /хх 81-86/, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4482 /хх 88-89/, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1324 дугаартай дүгнэлт /хх 245-246/ дугаартай дүгнэлтүүд, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 16/34010 дугаартай дүгнэлт /хх 105-107/, Улаанбаатар хотын цагдаагийн газар Замын цагдаагийн газар шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 442 дугаартай дүгнэлт /хх 109/, Шүүх Сэтгэц эмгэг судлалын 793 дугаартай дүгнэлт /хх 115-120/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, Зам тээврийн осол, тээврийн үзлэгээр тогтоосон байдал /хх 8-9/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх 14/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16/, өвчний түүх /хх 32-39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40,146,147/, хохирлын баримтууд /хх 47-55/, эд зүйлийн үнэлгээ /хх 56/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 71-72/, Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 93/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 157/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 161/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мэнджаргалд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Мэнджаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, “Шүүх Сэтгэц эмгэг судлалын 793 дугаартай дүгнэлтэд:  “М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна” /хх 115-120/ гэснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

            Шүүгдэгч Б.Мэнджаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар оногдуулсан хорих ялын зарим ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.  

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Мэнджаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.725.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 096231 тоот үнэмлэх /хуучин/, машины гэрлийн хуванцар эд зүйлийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, зам тээврийн ослын талаарх бичлэг бүхий улаан өнгийн флаш дискийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хавсаргахаар шийдвэрлэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардалд 20.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч хохирогчид ямар эмчилгээ, сувилгаа хийлгэх нь тодорхойгүй нотлох баримтгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуулын нэхэмжлэлийг хангахгүй орхиж, цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-д зааснаар шүүгдэгч Б.Мэнджаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Б.Мэнджаргал нь хохирогчийн эмчилгээний хохирлыг төлж барагдуулсан тул түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Учир нь: Хохирогч М.Мөнгөншагайгийн зам тээврийн улмаас түүний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүйгээс гадна Шүүх Сэтгэц эмгэг судлалын 793 дугаартай дүгнэлтээр: “М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. М.Мөнгөншагайн дээрх сэтгэцийн эмгэг нь 2016.7.17-ны өдрийн Зам тээврийн ослын улмаас үүссэн олдмол эмгэг байна. 2016.7.17-ны өдрөөс өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна…” /хх 115-120/ гэснээс үзэхэд хохирогчид учирсан гэм хорын хохирол арилаагүй байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10469 дугаартай дүгнэлтээр “Б.Мэнджаргал нь 2 талын бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, даралт ихсэх хэлбэр, бөөрний архаг дутагдал 3-р үе шат өвчтэй ба уг өвчин байнгын хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчин юм. Бөөрний архаг дутагдал өвчин 2009 онд анх оношлогджээ. Бөөрний архаг дутагдал өвчний үед даралт тогтвортой ихсэх, цус эргэлтийн дутагдал үүсэх, дотор муухайрах, цусан дахь глюкоз буурах шинж тэмдэг илэрч улмаар гипогликемийн комд орж ухаан балартах боломжтой” гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.3-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.3-т заасан “өвчний учир ялаас чөлөөлөх” зохицуулалт нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа ялтан хүнд өвчнөөр өвчилсөн тохиолдолд хамаарах тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ тогтоолоор хамтатган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархчууд овгийн Бууралын Мэнджаргал нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Дархчууд овгийн Бууралын Мэнджаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Мэнджаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мэнджаргалд оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Мэнджаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.725.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 096231 тоот үнэмлэх, машины гэрлийн хуванцар эд зүйлийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, зам тээврийн ослын талаарх бичлэг бүхий улаан өнгийн флаш дискийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хавсаргасугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1–д зааснаар хохирогчийн цаашид гарах эмчилгээний төлбөр 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-д зааснаар шүүгдэгч Б.Мэнджаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мэнджаргалын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мэнджаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ