Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2550

 

 

 

 

 

 

 

 

 

Г групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02650 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч З яаманд холбогдох  

 

1 503 860 293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Сүхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З яамнь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5/2545 тоот албан тоотоор урилга хүргүүлж, манай компанитай 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №С-А3-Б 2013-65/104 тоот Хөгжлийн банктай хамт гурвалсан гэрээ байгуулж, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын багц №3 болох 27.75 км асфальтобетон хучилттай замын барилгын ажил гүйцэтгүүлэхээр болсон. Дээрхи замыг гэрээний хугацаанд барьж байгуулах явцад захиалагч тал болон хяналтын компанийн шаардлагын дагуу гэрээнд өөрчлөлт оруулахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №С-А3-Б 2014-35/23 тоот гэрээ хийж, анх гэрээнд тусгагдсан асфальтобетон хучилттай замын өргөн 7 м байсныг 8 м болгон өөрчилсөнөөр манай компанийн төсөв нэмэгдэж, өөрөөр хэлбэл үнийн өсөлт үүсэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Битумын орц цемент бетон суурийн орцыг нэмэгдүүлсэн, гэрээний үүргийн дагуу санхүүжилтээ бүрэн хийгээгүй буюу материалын урьдчилгааны санхүүжилтыг 60 хоног саатуулсан. Манай талаас цаг агаарын нөхцөл байдал буюу бороотой байсан /42 хоног/, улс орон даяар эдийн засгийн хямрал бодитоор бий болж, валютын ханш огцом өсч, бараа материалын үнийн огцом өсөлтүүд гарсны улмаас замыг бүрэн барьж, хугацаандаа ашиглалтанд хүлээлгэн өгөх боломжгүй болсон.

Иймд захиалагч тал болох Зам тээвэр хөгжлийн яам, гүйцэтгэгч тал болох Г групп ХХК харилцан тохиролцож, замын барилгын ажлыг ашиглалтанд оруулах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, нэмэлт гэрээ байгуулан сунгасан.

Хэдийгээр хариуцагч тал гэрээнд өөрчлөлт оруулж, ажлын хэмжээг нэмэгдүүлсэн санхүүжүүлэлтээ бүрэн хийх үүргээ биелүүлээгүй, үнийн огцом өсөлт бий болсон. Валютын ханшийн зөрүү анх гэрээ хийх үеээс огцом өссөн байсан ч манай компани гэрээний үүргээ биелүүлэн замыг хугацаанд нь барьж дуусгасан. Энэ тухайгаа хариуцагч талд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр техник ашиглалтын түвшингийн комисс ажиллуулах хүсэлтээ хүргүүлсэн. Хариуцагч тал 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улсын комисс хуралдуулж, тухайн авто замыг улсын байнгын ашиглалтанд хүлээн авч авто замын хөдөлгөөнийг нээсэн. 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авто замын барилгын ажлыг дүгнэх хуралдаан болж хурлын тэмдэглэл үйлдэж, акт гаргасан.

Уг хурлын тэмдэглэлд захиалагч тал түүний хяналтын зөвлөх компанийн багийн ахлах З.Болдбаатар анхны гэрээнд яагаад өөрчлөлт оруулсан, түүний шалтгаан, нэмэлт ажлын тухай тодорхой тайлбарлаж, комиссын гишүүдэд танилцуулсан. Мөн гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч талын захирал гэрээнд өөрчлөлт оруулсанаар үнийн зөрүү, валютын ханшны өсөлт үүсч, санхүүгийн бодит алдагдал, хүндрэл үүссэн тухайгаа мэдэгдэж, асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлж өгөхийг хүссэн ба захиалагч тал буюу Зам тээвэр хөгжлийн яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга нь уг үнийн зөрүү, үүссэн зардлын талаар холбогдох газарт уламжлахаар болсон.

Манай компани хариуцагч талд №С-А3-Б 2013-65/104 тоот гэрээний тусгай нөхцөлийн 43-1-т нөхөн төлбөр нь магадлашгүй ажлын зардлын дүнгээс хэтэрсэн тохиолдолд захиалагч нь төсөвт тодотгол хийн төлбөрийг улсын төсвөөс гүйцэтгэгчид шилжүүлнэ, гэрээний ерөнхий нөхцлийн 1.1-д магадлашгүй ажил гэж ажил гүйцэтгэх явцад зураг төсөл,техникийн баримт бичигт тусгагдсан шийдэл ба обьектын барилгын ажлын нөхцөлд нарийвчилсан дүн шинжилгээ тооцоог хийсний үр дүнд гарч болох нэмэлт ажлыг хэлнэ хэмээн заасны дагуу бодит үнийн өсөлт бий болсон байна.

Иймд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн Зам тээвэр хөгжлийн яамны сайдад 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №150 тоот, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №167 тоот албан бичигүүдээр хандаж байсан боловч гэрээнд үнийн зөрүүгээс үүсэх нөхөн төлбөрийг олгох талаар зохицуулалт тусгагдаагүй тул захиалагчийн зүгээс асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

2013 оны №С-А3-Б 2013-65/104 тоот гэрээ, 2014 оны №С-А3-Б 2014-35/23 тоот нэмэлт гэрээний дагуу зам барьж дуусгах явцад буюу 2013 оны 6 сараас, 2014 оны 9 сар хүртэлх ажлын хэмжээнд цемент худалдан авалтын хугацаанд үүссэн валютын ханшийн өсөлтийн зөрүү 249.003.466 төгрөг, битум худалдан авалтын хугацаанд үүссэн валютын ханшийн өсөлтийн зөрүү 1 254 856 827 төгрөг болно.

Бидний зүгээс үнийн өсөлтийг шийдвэрлэж өгөхийг хариуцагч талд хүссэн боловч асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн тул шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Иймд хариуцагч Зам тээвэр, хөгжлийн яамнаас №С-А3-Б 2014-65/104 тоот гэрээний хугацаанд бий болсон үнийн өсөлт, зөрүү өртөг болох 1 503 860 293 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г групп ХХК нь нэхэмжлэлдээ...авто замыг улсын байнгын ашиглалтанд хүлээн авч, авто замын хөдөлгөөн хийсэн гэж дурдаж Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тухайн үед талууд үүргээ биелүүлсэн гэдгийг нотолжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...бусад компаниудтай хийсэн зээлээр буцаан төлөх төлөлт нь валютын ханшийн зөрүүгээс болж ихээхэн алдагдал хүлээж байсан гэсэн нь З яамтай байгуулсан гэрээнээс алдагдал хүлээгээгүйг нотолж, мөн үнийн зөрүү шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар эүйлийн 497.1 дэх хэсэгт “...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгуй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэлдээ: Хэдийгээр гэрээнд тусгагдаагүй боловч гэж нэхэмжлэлдээ дурьдсан нь Зам, тээврийн яамтай /хуучнаар/ байгуулсан №С-А3-Б2013-65/104 тоот гэрээнд үнийм өсөлтийн зөрүүг нөхөн төлөх заапт байхгүй гэдгийг нотолж, үндэслэлгүйгээр нэмэлт үнийн зөрүү шаардсан нь гэрээнээс гадуур тавьж буй шаардпага төдийгүй Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 352 5 3-т “...эсхүл захиалагчийн буруугаас ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад №С-А3-Б2013-65/104 гэрээний хугацаанд бий болсон үнийн өсөлт зөрүү өртөг болох 1 503 860 293 гаргуулахаар нэхэмжилсэн нь №С-А3-Б2013-65/104 гэрээний 4.5-д “Гэрээний дүнгээс илүү гарсан аливаа зардалд Санхүүжүүлэгч хариуцлага хүлээхгүй болно” гэж, мөн гэрээний 42.10-т “Гэрээний үнэд өөрчлөлт орсон тохиолдолд санхүүжүүлэгч төлбөр хийхгүй...” гэж заасантай тус тус нийцэхгүй байгаа нь үнийн зөрүү шаардах эрхгүй болохыг нотолж байна.

Нэхэмжлэгч Г групп ХХК болон З яамтай байгуулсан №С-А3-Б2013-65/104 тоот гэрээнээс үүссэн үнийн өсөлтийн зөрүү шаардсан нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлээд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8172 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 244 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/хт2016/00325 дугаартай тогтоол тус тус гарч "нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй" болгон шийдвэрлэсэн байтал дахин энэ асуудлаар шүүхэд иэхэмжлэл гаргаж Иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 65.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Г групп ХХК нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хянан шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр байхад энэ асуудлаар дахин дахин шүүхэд хандаж Зам, тээврийн яамыг удаа дараа хариуцагчаар татаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш зарчимд үндэслэн явагдана” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд Г групп ХХК нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул Г групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар З яамнаас Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын Багц-III болох 27.75 км хатуу хучилттай авто зам барих ажлын үнийн зөрүү 896 751 351 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 607 108 932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 677 251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З яамнаас 4 641 707 гаргуулж, нэхэмжлэгч Г групп ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Индра давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуупахад 1 доллар 1 433 төгрөг байсан. 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөхөд 1 доллар 1 821.46 төгрөг байсан бөгөөд 388.29 төгрөгийн зөрүү гарч байгаа" гэх тайлбар нь үнийн өсөлтийн зөрүүг тооцох аргачлал гэж үзэхээр байна.

Мөн "Цемент худалдан авахад 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулахад 1 юань 233.72 төгрөг байсан. 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөхөд 1 юань 291.1 төгрөг байсан бөгөөд 1 юанийн зөрүү 58.38 төгрөгийн үнийн өсөлтийн зөрүү гарчээ" гэж дүгнэсэн атлаа 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи төлбөрүүдийн үнийн зөрүүг тооцоололгүй нийт худалдан авалтыг ганцхан өсөлтөөр дүгнэж шийдсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Б.Байгалмаа нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч замын хэмжээг өөрчилсний улмаас гэрээний үргэлжлэх хугацааг 300 хоногоор хойшилсон хугацаанд...гэсэн нь нэхэмжлэлд дурдаагүй хугацааг шүүгч өөрөө гаргаж ирсэн нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн зарчмыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж, нэхэмжлэгчид давуу эрх олгосон гэж үзэх үндэстэй байна.

Мөн “...388.29 төгрөгийн зөрүү гарч байгаа гэх тайлбар нь үнийн өсөлтийн зөрүүг тооцох аргачлал гэж үзэхээр байна" гэсэн нь ойлгомжгүй бөгөөд утга агуулга, авцалдаагүй, үндэслэлгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр ... үндэслэл бүхий байна." гэж заасантай нийцэхгүй байна.

            "Талуудын хооронд үүрэг гүйцэтгэх хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх гэдэг үнийн өсөлтийн зөрүү хамаарах ..." гэж үнийн өсөлтийн зөрүүг "гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал"-д хамааруулж Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэхь заалтыг хэрэглэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэнийг нотолж байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хурал дээр хэдэн төгрөгний зөрүү хэрхэн яаж гарсан, яаж тооцсоноо огт дурдаагүй, шүүх хурал дээр ч ярьж илэрхийлж, тооцоолж чадахгүй байсаар байтал шүүгч шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож " ... нийт 631 396 939 төгрөгийн үнийн өсөлтийн зөрүү гарсан болох нь баримтаар тогтоогдож байна" гэсэн нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон нь тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасантай нийцэхгүй байна.

            ...Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгах асуудлыг 2 тал харилцан тохиролцоод гэрээг сунгасан байтал, ажил хүлээлгэн өгсөний дараа буюу 2 жилийн дараа ажил гүйцэтгэгчийн зүгээс гэнэт гэрээний үнийн өсөлтийн зөрүү шаардаж байгаа нь үндэслэлгүй болох нь үндсэн гэрээ болон нэмэлт гэрээгээр нотлогдож байгааг шүүх хянан үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасныг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

                                                                     ХЯНАВАЛ:        

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Г групп ХХК нь хариуцагч З яаманд холбогдуулан цемент болон битум худалдан авахад гарсан валютын ханшийн зөрүүд 1 503 860 293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “уг маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж дууссан” гэж маргажээ.

 

            Хэрэгт Зам, тээвэр хөгжлийн яам, Хөгжлийн банк, “Гашуутын гол” ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан С-АЗ-Б 2013-65/104 дугаартай Өндөрхаан-Чойбалсон чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сунгасан С-АЗ-Б 2014-35/23 дугаартай гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 151 дугаартай гэрээний нэмэлт гэрээ, дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Г групп ХХК-иас захиалагч Зам тээврийн яаманд холбогдуулан авто замын ажил гүйцэтгэхэд үүссэн нэмэлт зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8172 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 244 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2016/00325 дугаартай тогтоол тус тус авагдсан байна. /I-хх 12-80, II-хх 50-73/

 

            2013 оны С-АЗ-Б 2013-65/104 дугаартай гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сунгасан С-АЗ-Б 2014-35/23 дугаартай гэрээ гэрээний санхүүжилтийн нөхцөлийн 2.2-т “Санхүүжүүлэгч нь замын барилгын ажилтай холбоотой гарах аливаа нэмэлт ажил болон үнийн өсөлтийн зөрүүг нэмж санхүүжүүлэхгүй бөгөөд бүх ажлын зардал энэхүү төсөвт өртөгт багтсан гэж үзнэ”, мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 13.3.7-д “Гэрээний үнэд тохируулга хийхгүй буюу үнийн өсөлтийн зөрүүг тооцохгүй бөгөөд үүнтэй холбогдон үүсэх эрсдлийг гүйцэтгэгч хариуцна”, 13.3.9-д “Гэрээний үнэд өөрчлөлт орсон тохиолдолд санхүүжүүлэгч нь нэмэгдсэн дүнд аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд нөхөн санхүүжилтийг захиалагч улсын төсөвт тусган шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. /II-хх 53, 71/

 

            Гүйцэтгэгч нь анхны ажлын тоо хэмжээний хүрээнд 14 707 500 000 төгрөгөөр ажлыг гүйцэтгэх, гэрээний дээрх заалтуудаар “...санхүүжүүлэгч нь автозамын барилгын ажилтай холбоотой гарах үнийн өсөлтийн зөрүүг нэмж санхүүжүүлэхгүй, үнийн өсөлтийн зөрүүг тооцохгүй, үүнтэй холбогдон үүсэх эрсдлийг гүйцэтгэгч хариуцах” нөхцөлтэйгээр талууд харилцан тохиролцсон байна.

 

            Нэхэмжлэгч нь автозамын ажил гүйцэтгэхэд гарсан нэмэлт зардалд 1 398 276 826 төгрөг нэхэмжилсэний дотор 31 удаа цементийг юаниар, 16 удаа битумыг доллараар худалдан авахад ханшийн зөрүү гарсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх ба шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд мэтгэлцээн явуулж, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд талууд зохих арга хэмжээ авсан талаар дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 555 288 497 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

            Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Өндөрхаан-Чойбалсон чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын Багц-III болох 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын үнийн зөрүү 1 503 860 293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч З яам нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г групп ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 200 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                      Д.ЦОГТСАЙХАН