Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 688

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 Ц.Н-т холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ш.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Н-т холбогдох эрүүгийн 1706036550067 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шагдар овгийн Ц.Н-, 19.. оны ... дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...........” хүүхэд хөгжлийн төвд нягтлан бодогч ажилтай, ам бүл ............ хамт ....... д............ дугаар хороо, ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............ дүүргийн ......... дугаар хороо,......... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Ц.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 11а байрны 59 тоотод согтуугаар хамт архи ууж байсан Р.Б-ыг утсандаа бичлэг хийснээр шалтаглан хэвлийн тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шагдар овгийн Ц.Н-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хохирогч Р.Б- цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг Сиди-г хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хутгыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Ц.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Н- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийн хүртэл 1 жил 6 сарын турш хийсэн хэрэгтээ гэмшиж, өөртөө дүгнэлт хийн гэм буруугаа ухамсарлаж байгаа. Хэрэг үүссэн өдрөөс мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн бүх шатанд үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Мөн миний өөрийн нэрээр овоглодог охин Н.А, эх Гарамын Жүкей нар маш их санаа зовж байна. Н.Азжаргал нь 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 44 дүгээр сургуулийн 8 дугаар ангид сурдаг 14 настай. Миний асрамжид өссөн өсвөр насны охин. Г.Жүкей нь 1957 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн. 63 настай, тэтгэвэрт байдаг. Сахар болон үе мөч, зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй. Би энэ хоёр хүний асран хамгаалагч, тэжээгч нь юм. Өсвөр насны охин, бие муутай өндөр настай эхийн минь нөхцөл байдлыг авч үзэн, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон энэ алдааг минь, хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж, гэм буруугаа ухамсарлаж байгааг минь хүлээн авч ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийн гэм буруутай үйлдлүүд байдаг. Шүүгдэгч Ц.Н- нь хохирлоо нөхөн төлсөн, хохирогч ямар нэгэн гомдол, саналгүй гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн байдаг. Шүүгдэгч Ц.Н- нь өсвөр насны охинтойгоо мөн эхтэйгээ хамт амьдарч байсан. Охин, эх хоёроо харж, асардаг байсан. Гэмт хэргийнхээ хор уршиг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа. Иймд ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Н-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дуаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаад түүнд оногдуулж болох хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сар хорих ял оногдуулсан. Уг гэмт хэрэг маань 5-12 жил хүртэл хорих ялтай, хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Иймд 5 жил хорих ялын гуравны хоёроос хэтрэхгүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг анхан шатны шүүхээс оногдуулсан. Дахин ялыг доош татах ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх саналтай байна. ... “гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Н-т холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 11а байрны 59 тоотод согтуугаар хамт архи ууж байсан Р.Б-ыг утсандаа бичлэг хийлээ гэж шалтаглан хэвлийн тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Б.Лхагвасүрэнгийн “... Н би хүн хутгалчихлаа гээд орилсон. Би юу болов гээд тонгойсон чинь нэг юмаар толгой руу цохьсон. Хэн юугаар цохьсон гэдгийг би мэдээгүй...”  /хх-33/,

Хохирогч Р.Б-ын “... “Лхагваа ахаа бичлэг хийгээд байна, утсыг нь авч устгахгүй бол болохгүй шүү” гээд миний утсыг булааж авах гээд дайраад булаацалдсан. Тэгэхэд би Наранчимэгийг түлхэхэд хивсэн дээр өвдгөө тэврээд сууж байснаа босоод “чамайг ерөөсөө зүйл дуусгачихъя” гээд гал тогооны хэсгээс шар иштэй хутга барьж ирээд л юу юугүй миний шууд миний цээж рүү хутгалсан...” /хх-36/,

Ц.Н-ийн “... Б ахад хандаж наад бичлэгээ одоо боль гэж хэлсэн. Миний гарт байсан хутгыг авах гэж боссон юм уу, эсхүл өөрийгөө хамгаалах гэж боссон юм уу мэдэхгүй байна. Босоод ирэхэд нь хутгаараа гэдэс орчим газар нь хутгалчихсан юм...”  /хх-114/ гэсэн мэдүүлгүүд болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 14685 дугаартай “Р.Б-ын биед хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн, нэвтэрсэн эх сэмж гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-57/,

Сиди-нд бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-80/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Н-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба  шүүгдэгч Ц.Н-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байна

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Н-ийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүй.

Шүүгдэгч Ц.Н- “Өөрт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх” агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ц.Н- бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

          Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ