| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0597/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/631 |
| Огноо | 2022-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/631
2022 07 26 2022/ШЦТ/631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Д.О,
хохирогч Ц.Ц,
нарийн бичгийн даргаар Ч.Алтнай,
улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2211000001261 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигон овогт Д.О
Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн эмч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Д.О нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандах” сувиллын газрын гадна хохирогч Ц.Цтай “газрын маргаан хийж, нөхрийг нь доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлий 1 удаа өшиглөж, гараараа толгой руу нь цохиж, нүүрийг нь маажиж эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, хэвлийд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр хашаандаа 2013 оноос хойш сувиллын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүнээс хойш урд гудамжны 6-н айлын газрын худалдаж аваад дээрх талбайдаа өргөтгөл хийх гэж байгаа юм. 2021 оны намар урд гудамж руугаа хашаагаа нийлүүлсэн. Манайхаас зүүн зүгт байдаг айлуудын нэг айлын гудамж таглалаа гээд хороо болон газрын албанд гомдол гаргаж эхэлсэн юм. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байхад хашаан дотор гадаа хүмүүс чанга чанга дугаар хэрүүл маргаан хийгээд байхаар нь гараад хартал нөхөр Нямсүрэн нь газрын албаны хүн маргаан үүсгээд байгаа эмэгтэйтэй маргалдаад зогсож байхаар нь би нөхрөө хэрүүл маргаан хийлгэхгүй гээд болиулах гэтэл Нямсүрэн нь намайг ор гээд байхаар нь би эргэж ороод байж байтал манай асрагч Оюунням “хүүеээ гадаа юу болоод байна” гэхээр нь гаралгүй байж байтал манай хамтран амьдрагч орж ирээд надад “энэ авгай намайг байгууллагын барлаг гээд, чи хөөгдөөд гардаг, авгайн чинь хүүхдүүд ирээд намайг зоддог гээд байна гэхээр нь миний уур хүрээд гараад хашаанд байсан машины арын хаалгыг нээхэд Ц сууж байхаар нь “чи одоо болиоч ээ, юу гээд байгаа юм бэ, хэрүүлээ болиоч” гээд нэг удаа гуяа орчимд нь өшиглөсөн чинь хаалгаа хаагаад дотроос нь түгжихээр нь би урд талын хаалгаар нь машин руу цээжээ оруулаад чи болиоч ээ гээд чагнуураараа зангасан чинь миний өөдөөс сарваганаж байгаад чагнуурыг нэг талаас нь зуурчхаад тавихгүй болохоор нь би түүнээс чагнуураа салгаж авах гэж гараараа түүний нүүр орчим хүрсэн чинь миний хумсанд байсан чимэглэлүүд нүүрийг нь урсан юм шиг байна лээ. Тэгээд би машинаас бууж байшин руу орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/,
- хохирогч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх манай гэрийн хажууханд “Мандах” нярайн сувиллын газар гэх байгууллага ажилладаг ба 2021 оны сүүлээр тухайн газар манай хажуугийн айлуудын явдаг гудмыг хаагаад хашаа барьчихсан. Үүнээс болоод би тухайн хүмүүстэй хэд хэдэн удаа маргалдаж байсан юм. Дараа нь би болон манай ойр хавьд амьдардаг хэд хэдэн хүн хорооны даргад гомдол гаргасан. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албаны Анхбаяр гэх хүнтэй хамт “Мандах” нярайн сувиллын газарт очиход сувиллын газрын эзэн Нямсүрэн Анхбаяртай уулзаж байгаад намайг хараад шууд дайраад “чи муу гичий, янхан” гээд байсан ба сувилал дотроос Нямсүрэнгийн эхнэр О гэх хүн гарч ирээд “Чи заваан янхан авгай, чи иймдээ л үр хүүхэдгүй яваа юм” гэж хэлээд сувилал руугаа орчихсон. Тэгсэн чинь гэнэт Нямсүрэн над руу салаавч өгч байснаа миний зүүн хөхний ойролцоо нэг удаа гараа атгаж байгаад цохихоор нь би хөлөөрөө Нямсүрэнгийн хөл рүү өшиглөх гэж оролдсон ба шүргэх шиг болсон. Тэгээд би зугтаагаад газрын албаны Анхбаярын машины арын суудал дээр суусан, Анхбаяр ч бас машины жолоочийн суудал дээр ирээд суусан юм. Тэгтэл О машин руу гүйж ирээд арын хаалгыг онгойлгож байгаад “яасан хэл амтай авгай вэ” гэж хэлээд миний баруун хацрыг самардаад, толгой хэсэг рүү 5-6 удаа гараараа цохиод, зүүж явсан эмчийн чагнуураараа намайг гар мөр рүү 3-4 удаа ороолгосон, бас миний нурууны баруун доод хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөчхөөд машины хаалга хаачихаар нь би хаалгаа түгжсэн чинь О машины урд хаалгаар орж ирээд урд суудал дээр өвдгөөрөө сууж байгаад намайг чагнуураараа хэд хэдэн удаа ороолгоод толгой руу цохиод байсан. Тэгэхээр нь би чагнуурыг нь татаж аваад машины цонхоор шидчихээд Анхбаяр луу “яваарай” гээд Анхбаяр машинаа асаагаад хөдөлсөн. Өөр зодоон болоогүй... Газрын маргааны асуудлаас болоод маргалдаад байсан... Нямсүрэн миний зүүн хөхний дээд хэсэгт нэг удаа гараараа цохисон юм. О олон удаа толгой, нүүр лүү цохиод, миний нурууны баруун доод хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд, эмчийн чагнуураар хэд хэдэн удаа ороолгосон...”, “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгийн яаралтай тусламж авсан, мөн тухайн өдрөө ГССҮТ-өөс яаралтай тусламж авсан. Би элэгний хорт хавдартай хүн байгаа юм. Бусад тусламж үйлчилгээнүүд нь миний өмнөх өвчнөөс болоод гарсан зардлууд мөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-19дүгээр тал/,
- гэрч Э.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны хэсэг иргэдийн гаргасан өргөдлийн дагуу... “Мандах” нярайн сувиллын гадна өөрийн Приус 30 маркийн автомашинтай очсон... Хэсэг хугацааны дараа хэрүүл нь даамжраад Нямсүрэн Цг “үр хүүхэдгүй авгай минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд Ц бид хоёр явахаар болоод машинд суугаад хөдлөх гэж байхад тус газрын эзэн О гэх эмэгтэй машин руу хүрч ирээд Цг хойд суудалд сууж байхад нь “чи юу гээд байгаа юм бэ, яагаад манай нөхрийг доромжлоод байгаа юм” гээд машины арын хаалгыг онгорхой байхад Цг 1 удаа хөлөөрөө өшиглөсөн, тухайн үед миний толгой өвдөөд байсан болохоор хаана нь өшиглөсөн гэдгийг хараагүй, тэгээд О арын хаалгаар Цтай ноцолдоод байсан. Тэгтэл Ц арын хаалгыг түгжчихсэн чинь О урд хаалгаар орж ирээд чагнуураараа Цг хэд хэдэн удаа ороолгоод авсан. Тухайн үед Ц чагнуурыг нь булаагаад авчихсан чинь О Цгийн нүүр лүү нь хэдэн удаа самардаад авсан. Тэгээд би машинаа асаагаад хөдлөөд явсан... О Цгийн нүүрийг 2-3 удаа самардсан, бас бие рүү нь 1-2 удаа өшиглөсөн, чагнуураараа бас хэд хэдэн удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
- гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний уур хүрээд Цэцэгээ рүү салаавч гаргасан. Тэгээд явахгүй болохоор нь би машиндаа суугаад яв” гэж хэлээд Цэцгээгийн зүүн мөр лүү нь нэг удаа гараараа түлхсэн, тэгсэн ч гэсэн хэрүүл хийгээд байхаар нь би өөрийн эхнэр О дээр очоод “намайг хэл амаар доромжлоод байна” гэсэн чинь О машин дээр очоод арын хаалгыг онгойлгоод Цэцэгээ гэх хүнтэй бие биетэйгээ түлхэлцээд байсан... машин нь хар теньтэй байсан болохоор бүх болсон асуудлыг би тийм сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хохирогч Ц.Ц нь гэрч Б.Нямсүрэнтэй хоорондоо хэл амаар доромжлон маргалдсаны улмаас гэрч Б.Нийн хамтран амьдрагч болох шүүгдэгч Д.О нь түүнийг өмөөрч хохирогч Ц.Цтай үргэлжлүүлэн маргалдаж улмаар зодсон үйл явдал болсон нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
-Шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 7331 дугаартай дүгнэлт “...Ц.Цгийн биед баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, цээжний зүүн хөхөнд цус хуралт, хэвлийд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/,
-Шинжээч эмч Т.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цээжний зүүн хөхөнд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун хацар эрүүний зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шууны цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ц.Цгийн бие мах бодид дээрх Д.Оын үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.О нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандах” сувиллын газрын гадна хохирогч Ц.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлий тус газар 1 удаа хөлөөрөө өшиглөж, гараараа толгой руу нь цохиж, нүүрийг нь маажих зэргээр зодож бие махбодод нь баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, хэвлийд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч Д.Оын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандах” сувиллын газрын гадна хохирогч Ц.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг нийгэмд аюултай хийсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Д.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь тус тус харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
хохирогч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, иргэний хариуцагчийн нэхэмжилсэн 209.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан зэргийг үндэслэн шүүгдэгч Д.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт энэ хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оад 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Оыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ