Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/665

 

 

 

 

 

 

 

   2022         08          15                                  2022/ШЦТ/665

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ч.Б,

нарийн бичгийн даргаар Б.Тэргэлсаран,

улсын яллагч А.Азжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2211008161296 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Минжүүр тайж овогт Ч.Б

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, агрономич мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 368 дугаарт таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ч.Б нь2022 оны 05 сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхрын дэргэд эхнэр Т.Бтай маргалдаж улмаар гараараа хоолойг нь шахах, толгой, хэвлий, цээж хэсэг рүү цохих зэргээр баруун зовхи, нүдний алим, хүзүү, өвчүүнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

            - хохирогч Т.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 сарын 07-ны өдрийн 13 цагийн үед 22 -ийн товчооны орчимд байрлах Сонгинохайрхан уулын зүг ажлаар явсан юм. Тухайн газар сүлжээгүй ба орой 20 цагийн үед сүлжээтэй болоод утсаа шалгахад Б над руу 3 удаа залгасан байсан ба буцааж залгахад “би чам руу 10 удаа залгалаа, чи хаана байна, намайг ирж ав” гэхээр нь 1287 УНН улсын дугаартай автомашинтайгаа Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо очиж авахад  “чи миний дуудлагыг аваагүй” гээд уурлаад цээж рүү нэг удаа цохихоор нь би гараараа хамгаалсан. Тэгэхээр нь “чи яачхаад байгаа юм бэ” гэхэд гэтэл нөхөр надад “улсаас залгаад Далан давхарт байгаа ээжийнхээ шарилыг аваарай чандарлаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад ямар хамаатай юм бэ, олон жилийн өмнөх шарилыг би мэдэхгүй” гэж хэлсэн чинь уурлаад намайг “хамт ээжийн шарилыг хайя” гээд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхар руу явсан ба тэнд очоод хашаа нь нурсан хаалгагүй хэсгээр орж зогссон. Тэгснээ намайг “гарч ээжийн шарилыг хай” гээд хэлээд хувцаснаас заамдаж хоолой шахаад байхаар би алгадтал миний баруун нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхлээр би нүүрээ дараад орилсон чинь толгойн дагз хэсэг рүү 2 удаа гараараа цохисон ба “одоо болсон юм биш үү” гээд буух гэтэл миний хэвлий цээж хэсэг рүү гараараа цохиод байсан хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар Ч.Б нь хохирогч Т.Быг зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6824 дугаартай шинжээчийн “Т.Бд баруун зовхи, нүдний алим, хүзүү, өвчүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон цохих үйлдлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/ гэх дүгнэлтээр хохирогч Т.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхрын дэргэд эхнэр хохирогч Т.Бтай маргалдаж улмаар гараараа хоолойг нь шахах, толгой, хэвлий, цээж хэсэг рүү цохих зэргээр баруун зовхи, нүдний алим, хүзүү, өвчинд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулан түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Далан давхрын дэргэд эхнэр Т.Бтай маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Ч.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Т.Бы: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Ч.Бг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Минжүүр тайж овогт Ч.Бд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бд 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ч.Бг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ