| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0598/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/632 |
| Огноо | 2022-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/632
2022 07 26 2022/ШЦТ/632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Б.Б,
нарийн бичгийн даргаар Ч.Алтнай,
улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 221100001290 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Маамуу овогтой Б.Б
Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 22-533 тоотод “өөрийн хүү Б.Эийн /3 настай/ нүүрэн тус газар нь цохилоо” гэх шалтгаанаар хохирогч бага насны хүүхэд болох 2 нас 12 сар 14 хоногтой Н.Тийн нүүр, шанаан тус газар нь гараараа цохиж, баруун гарын шуу хэсэгт гар утасны цэнэглэгчээр ороолгож эрүүл мэндэд нь “...баруун, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн хацар, баруун шуу, нуруунд цус хуралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уг үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,
- хууль ёсны төлөөлөгч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд би өөрийн ээж Оюунбилэгтийн гэрт хүүхдүүдээ аваад хамт амьдарч байсан юм. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед ажлаа тараад Бгийн гэрт яваад ороход миний 2 настай Тэмүүлэл нь уйлчихсан байсан мөн тухайн үед хажууд нь миний 8 настай хүү Монголбаяр, хүргэн дүү Б болон түүний 3 настай хүү Э нар байсан. Тэгээд би Бгийн гэрт хоол идчихээд тус хашаанд байдаг ээжийнхээ гэрт орсон. Тэгээд 23 цагийн үед байхаа манай Тэмүүлэл хүү гар утас үзээд хэвтэж байх үед нь анзаарахад зүүн хацар хөхрөөд улайгаад хавдсан байсан. Тэгэхээр нь би 8 настай Монголбаяр хүүгээсээ дүүгийнх нь хацар яачихсан юм бэ гэхэд Монголбаяр надад хэлэхдээ та битгий хэлээрэй гээд айгаад байсан. Тэгээд надад Б ахын хүүхдийг нь цохисон гээд хацар луу л алгадаад байсан, тэгээд уйлаад байхаар ам руу нь цамц чихээд байсан. Тэгээд дүү огьсон тэгж байтал та гэрт ирээд дүүгийн нүүр гарыг угаасан юмаа гэж надад хэлсэн. Тэрнээс манай хүүхэд өглөө нь ээжийн гэрт үлдээгээд явахад хацар нь зүгээр байсан юм. Уг нь би ээж Оюунбилэгийн гэрт 2 настай Тэмүүлэлийг, 8 настай Монголбаяр, 16 настай Баяндорж нарын хараа хяналтад үлдээдэг, манай ээж байхгүй эмнэлэгт хэвтэж байгаа болохоор хоолыг нь хийж өгдөг юм. Тэгээд Бгийн хүүхэдтэй тоглоод ярьж сургах гээд л манай хүүхэдтэй тоглодог юм. Тухайн үед манай 16 настай Баяндорж нь дүүг нь зодож байгааг сонсоогүй юм байна лээ. Тэгээд тухайн үед би Бг дуудаад ээжийн гэрт орж ирэхээр нь чи миний 2 настай хүүхдийг зодчихсон юм уу гэхэд тиймээ би нойтон гараараа нэг удаа алгадсан болохоор аймар харагдаж байгаа юм гэж хэлсэн. Чи тэгээд энэ жоохон хүүхдийг яаж байгаа юм бэ гэхэд миний яаж хайрлаж өсгөсөн энхрий хүүхдийг маань цохисон болохоор нь би зодсон юм аа тийм учраас би яагаад ч уучлалт гуйхгүй гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өглөө цагдаад хандсан юм. Би хувийн эмнэлэг болох ЭМЖЖ гэдэг нэртэй эмнэлэгт өөрийн төлбөрөөр үзүүлсэн... Баруун, зүүн талын хацар луу алгадсан байсан гэхдээ зүүн талынх нь хацар арай илүү улаан, хөхөрсөн байсан. Баруун шуу руу нь утасны цэнэглэгчээр ороолгосон гэж Монголбаяр надад хэлсэн мөн нурууных нь гол хэсэгт нь жижигхэн хөхөрсөн байсан. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ манай хүүхдийг зодсонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,
- насанд хүрээгүй гэрч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-533 тоотод би өөрийн төрсөн ах Баяндорж, 2 настай Тэмүүлэл нарын хамт эмээгийнхээ гэрт үлдсэн. Харин ээж ажилдаа явсан. Тухайн өдөр унтаж байгаад дүү Тэмүүлэлийн хамт өглөө босоод Б ахын гэрт ороод цай уусан. Тэгээд өдөр эмээгийн гэрт тоглоод байж байхад Б ах мөн хажууд байсан. Тухайн үед Тэмүүлэл дүү маань Б ахын 3 настай хүү Эийн хацрыг урчихлаа гэх шалтгаанаар манай дүү болох Тэмүүлэлийг Б ах зүүн талын хацар луу нь 30 гаруй л байх баруун талын хацар луу нь 1 удаа цохисон. Тэгээд орой нь дахиад Б ах Эийн биед дахиад халдаж болохгүй шүү гэж манай дүү Тэмүүлэлийн гарын шуу руу нь цэнэглэгчээр 1 удаа шавхуурдаж цохисон. Мөн хувцасных нь энгэрээс зулгаагаад байсан. Тухайн үед ээжийг ажлаас тараад ирэх үед нь Б ах манай дүү Тэмүүлэлийн нүүрийг угааж байсан болохоор уйлаад байхаар нь ээж дүүгийн нүүрийг нь угааж байсан болохоор уйлсан гэж бодсон. Тухайн үед ээж дүүгийн хацрыг анзаараагүй тэгээд дүү гадаа тоглож байгаад орой гэртээ орж ирсний дараа ээж дүүгийн хацрыг хараад Б ахыг зодсон талаар би ээжид хэлсэн. Мөн тухайн үед Б ах надад хэлэхдээ ээж чинь дүүг чинь яачихсан юм бэ гэж асуувал дүү өөрөө уначихсан юм гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Б ахад за гэж хэлсэн. Гэхдээ би ээжид болсон асуудлын талаар бүгдийг хэлсэн. Ээжийг ирэх үед Б ах сайхан сэтгэлтэй болчихдог юм. Зөвхөн гараараа цохисон, мөн дүүг уйлаад байхаар нь чимээгүй бай гээд ам руу нь цамц хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар бага насны хохирогч Н.Тийг, шүүгдэгч Б.Б нь зодсон үйл явдал тогтоогдож байна
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8836 дугаартай “...Н.Тийн биед баруун, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн хацар, баруун шуу, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2022.06.17-ны өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
- Нас тоолсон тухай мөрдөгчийн “...Насанд хүрээгүй Н.Тийн насыг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр тоолоход 2 нас 12 сар 14 хоногтой байсан болохыг тоолж тэмдэглэл үйлдэв....” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтаар насанд хүрээгүй хохирогч Н.Тийн Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 22-533 тоотод бага насны хүүхэд хохирогч Н.Тийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж нүүр, шанаан тус газар нь гараараа цохиж, баруун гарын шуу хэсэгт гар утасны цэнэглэгчээр ороолгож эрүүл мэндэд нь “...баруун, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн хацар, баруун шуу, нуруунд цус хуралт..." бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 22-533 тоотод “өөрийн хүү Б.Эийн /3 настай/ нүүрэн тус газар нь цохилоо” гэх шалтгаанаар бага насны хүүхэд болох 2 нас 12 сар 14 хоногтой хохирогч Н.Тийг шууд санаатайгаар биеээ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж нүүр, шанаан тус газар нь гараараа цохиж, баруун гарын шуу хэсэгт гар утасны цэнэглэгчээр ороолгож хохирогчийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан, хүүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хийсэн нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь тус тус харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцацрал нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Маамуу овогт Б.Бд хохирогчийн бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бг 1000 /мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Бг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ