Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Давстбулаг 4 гудамж 5 тоотод оршин суух, Б овгийн Б М //-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргад холбогдох

Урамшууллын 450000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, Д.П, Э.П, нарийн бичгийн дарга Д.Д оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахмадын хорооны даргаар 1985 оноос хойш 2017 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. 2017 он гарснаас хойш надад ахмадын хорооны даргаар ажилласны урамшуулал өгдөг байсныг огт өгсөнгүй. Энэ талаар сумын Засаг даргын санхүүгээс асуухаар  хөрөнгө мөнгөний боломжгүйгээс өгч чадахгүй байна гэж хэлсэн. Би 2017 онд Дэлгэрхаан сумын засаг дарга Ж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээг сард 45000 төгрөгийн урамшуулал авах ёстой. Иймд 2017 оны 01 сараас 09 сар хүртэлх хугацааны сар бүрийн урамшууллын мөнгө нийт 400 000 төгрөгийг Дэлгэрхаан сумын Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ. /хх1-2/

Нэхэмжлэгч Б. ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа...Сумын ахмадын хорооны дарга сар бүр 50000 төгрөг өгөх шийдвэртэй. 2017 онд нэг ч удаа өгөөгүй учир бүтэн 9 сар урамшуулал өгсөнгүй, 450000 төгрөг өгөх ёстой. Нэхэмжлэлийг 50000 төгрөгийг нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу гэжээ. /хх/

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие 1938 онд төрсөн, одоо 80 настай. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахмадын хорооны даргаар 1985 оноос 2017 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.

Дэлгэрхаан сумын Засаг даргатай 2017 оны 3 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээнд ахмадын хорооны дарга нь сумын засаг даргад хагас, бүтэн жилээр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнасан нөхцөлд Төв аймгийн засаг даргын 2009 оны 24 дүгээр захирамжаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшил олгоно  гэж заасан байгаа. Гэрээний дагуу ахмадын хорооны дарга миний бие нь ажил үйлчилгээ гүйцэтгэнэ.

Ингээд урамшууллаа авах гээд сумын Засаг дарга Д.Ж уулзахад “Аудит акт тавьсан, танд урамшуулал олгох боломжгүй “ гэж хэлсэн. Одоо шүүхэд ирээд ажлаа тайлагнаагүй тул олгоогүй гэж тайлбарлаж байгаа. Үүнийг би зөвшөөрөхгүй. Учир нь 2017 он гараад урамшуулал огт өгөөгүй тул би сумын засаг даргад хагас жилийн тайлангаа тавиагүй юм.

Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлд Аймгийн засаг даргын 2013 оны 24 дүгээр захирамжаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшил олгоно гэж заасан байгаа боловч Ахмадын хорооноос ирүүлсэн баримтад аймгийн засаг даргын 2010 оны 317 тоот захирамжаар сумдын ахмадын хорооны дарга нарт сард 100 000 төгрөг гэж тогтоосон гэснээр би Төв аймгийн Дэлгэрхаан сумын засаг даргаас аймгийн Засаг даргын 2010 оны 317 дугаар захирамжийн дагуу урамшуулал нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээнд засаг даргын захирамжийн  алдаа гарсан байж болно.    

Сумдын Ахмадын хорооны дарга нь сард 100 000 төгрөгийн урамшил авах бөгөөд үүнээс 50000 төгрөгийг аймгийн Ахмадын хороо, 50000 төгрөгийг сумын Засаг дарга өгөх үүрэгтэй. 

Миний бие нь Дэлгэрхаан сумын Ахмадын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Ахмадын хорооноос 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаандаа сар бүр 50000 төгрөгийн урамшууллыг бэлнээр  байсан. Би өөрөө аймагт ирж авдаг байсан. Энэ баримт хэрэгт байгаа.

Харин Дэлгэрхаан сумын Засаг дарга урамшууллыг 2016 онд өгч байснаа 2017 он гарснаар огт өгөөгүй тул 2017 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацааны 9 сарын урамшил болох 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга Д.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа... Сумын Ахмадын хорооны дарга Б.М 2017 оны 05 сарын 09-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урамшил олгоогүй учир нь гэрээний 2 дугаар зүйлийн 5 заалтад “Ахмадын хорооны дарга ажлаа хагас бүтэн жилээр тайлагнаж байсан нөхцөлд сар бүрийн урамшилыг аймгийн Засаг даргын 2013 оны 24 тоот захирамжийн дагуу олгоно гэж заасны дагуу ажлаа тайлагнаагүй. Төв аймгийн Аудитын газрын 2017 оны 03 сарын 25-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай албан шаардлага. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны төсөвт тэтгэмж урамшилын зардалд 200 000 төгрөг төсөвлөгдсөн зэрэг асуудлаас болж ахмадын хорооны даргын урамшууллыг олгоогүй болно. Цаашид ч нөхөж олгох боломжгүй гэжээ. /хх4/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... миний бие Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2001 оноос 2017 оны 11 сар хүртэл ажиллаж байсан. Ахмадын хорооны даргын урамшуулал болох 50000 төгрөгийг  2015, 2016 онд цалингийн сангаас олгож байсан боловч аудитын газрын шаардлагаар зогсоосон. 2017 он гараад урамшуулал олгоогүй. Б.М нь засаг даргатай гэрээ байгуулж  хагас жилээр тайлангаа гаргаагүй тул олгоогүй гэж ойлгож болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбртаа...Миний бие нь тус сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Сумын төсөвд ахмадын хорооны даргын урамшуулал гэж огт байгаагүй тул цалингийн сангаас сард 50000 төгрөгийн урамшуулал олгосныг аудит шалгаад акт тавьсан байгаа. Одоо 450 000 төгрөгийг олгох боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Б.М нь засаг даргатай байгуулсан гэрээгээ дүгнүүлээд  урамшуулал олгох тухай  засаг даргын зөвшөөрөл аваад ирвэл урамшуулалыг олгож болно. Миний бие нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд өөрийн дураар урамшууллыг шууд олгодог албан тушаалтан биш юм. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргад холбогдуулан сумын ахмадын хорооны даргын урамшуулал 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ...Төв аймгийн Засаг даргын 2010 оны 317 дугаар захирамжаар сумдын ахмадын хорооны даргын урамшууллыг 100 000 төгрөгөөр тогтоосон. Энэ 100 000 төгрөгийг аймгийн Ахмадын хороо 50000 төгрөгийг, сумын Засаг дарга 50000 төгрөгөөр тус тус өгнө. Аймгийн Ахмадын хороо нь надад 2016 оны урамшууллыг бэлэн болон бусаар, 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацааны урамшууллыг өгсөн байгаа. Дэлгэрхаан сумын засаг дарга 2017 онд огт урамшуулал өгөөгүй. Иймд Дэлгэрхаан сумын засаг даргаас 2017 оны 01 сараас 10 сар хүртэл хугацааны урамшуулал 450 000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагчийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ...ахмадын хорооны дарга нь гэрээнд зааснаар хагас бүтэн жилээр ажлаа тайлангаагүй мөн аудитын албан шаардлагын дагуу урамшууллыг олгоогүй гэж маргаж байна.

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.М нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахмадын хорооны даргаар  1985 оноос 2017 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан,  хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь түүнд 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл ажилласан хугацааны урамшил олгоогүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Төв аймгийн Засаг даргын 2009 оны 01 сарын 15-ны өдрийн 24 тоот “Ахмад настны талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн 2 дахь дугаарт ...Сумдын ахмадын хорооны дарга нарт олгох урамшууллыг 2009 оны 01 сарын 01-нээс эхлэн 50 000 төгрөгөөр тогтоож, Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтээр тооцон олгохыг сумдын Засаг дарга нарт даалгасугай” гэж,  улмаар Төв аймгийн засаг даргын 2010 оны 06 сарын 25-ны өдрийн 317 тоот “Ахмадын хороодын ажлыг сайжруулах тухай” захирамжаар сумдын Засаг дарга нарт 1.3-д Сумдын ахмадын хорооны үйл ажиллагааны зардалд зориулж 2011 оны 01 дүгээр сараас эхлэн жил бүр 500 000 төгрөгийг төсөвт суулган олгож байх,  1.4-д сумдын ахмадын  хорооны дарга нарт сард олгох урамшууллыг 2011 оны 01 сарын 01-нээс эхлэн 100 000 төгрөгөөр тогтоож, Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтээр тооцон олгох,  1.7-д Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 8-ын 5-д заасны дагуу ахмадын санг Засгийн газрын 2008 оны 162 дугаар тогтоолын дагуу төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс ахмадын санг хуульд заасан үндэслэлийн дагуу байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах гэж тус тус даалгажээ. /хх35,38/

Сумдын Ахмадын хорооны дарга нь Төв аймгийн засаг даргын 2009 оны 24 тоот захирамжаар сумын засаг даргын тамгын газраас сард 50000 төгрөгийн урамшуулал,  2010 оны 317 тоот захирамжаар 2011 оны 01 сарын 01-нээс эхлэн 100 000 төгрөгийн урамшууллыг тус тус авч эхэлсэн болох нь зохигчдын тайлбар болон дээрх захирамжуудаар тогтоогдож байна. 

Төв аймгийн Засаг даргын 2010 оны 317 тоот захирамжаар сумдын ахмадын хорооны дарга нарт сард олгох урамшууллын “нэмэгдсэн” 50000 төгрөгийг Аймгийн ахмадын хороо нь 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд сумдын төрийн сангийн дансанд шилжүүлэн олгож байсан болох нь тодруулбал Төв аймгийн Дэлгэрхаан сумын Төрийн санд 2016 оны 02 сарын 05 өдөр “Ахмадын хорооны даргын урамшуулал 1 дүгээр улирал 135000 төгрөг”,  2016 оны 05 сарын 24-ний өдөр Ахмадын хорооны даргын урамшуулал 2 дугаар улирал 135000 төгрөг 135000 төгрөг”, 2016 оны 09 сарын 24-ний өдөр Ахмадын хорооны даргын урамшуулал 3 дугаар улирал 135000 төгрөг” гэж тус тус шилжүүлсэн баримтаар, сумдын ахмадын хорооны дарга нарын 2016 оны 11, 12 дугаар сард урамшил олгосон хүснэгтэд “Дэлгэрхаан Б.М 67500 төгрөг”-ийг хүлээн авч, гарын үсэг зурсан баримтуудаар, аймгийн ахмадын хорооноос 2017 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл хугацаанд сар тутам 45000 төгрөг хүлээн авсан тухай цалингийн тооцооны картаар,ахмадын хорооноос Б.М 2017 оны 10 сарын 19-ний өдөр 135000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх39-43,60,70,80/

Төв аймгийн Засаг даргын 2010 оны 317 тоот захирамжаар сумын Засаг дарга нарт Сумдын ахмадын хорооны үйл ажиллагааны зардалд зориулж  2011 оны 01 дүгээр сараас эхлэн жил бүр 500 000 төгрөгийг төсөвт суулган олгож байх,  сумдын ахмадын  хорооны дарга нарт сард олгох урамшууллыг 2011 оны 01 сарын 01-нээс эхлэн 100 000 төгрөгөөр тогтоож, Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтээр тооцон олгохоор даалгасан байхад Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар нь Ахмадын хорооны даргын урамшууллыг цалингийн сангаас олгож зөрчил гаргасан бөгөөд энэ үндэслэлээр ахмадын хорооны даргын урамшуулал олгохгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.  /хх35/

Тодруулбал Дэлгэрхаан сумын Засаг дарга Б.Ж нь тус сумын Ахмадын хорооны дарга Б.М 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний 2 дугаар зүйлийн 5 дугаарт ...”Ахмадын хорооны дарга ажиллах гэрээ төлөвлөгөөтэй ажлаа хагас бүтэн жилээр тайлагнаж байсан нөхцөлд сар бүрийн урамшилыг олгож байх”-аар заасан байна./хх5-6/

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Хамтран ажиллах гэрээ гэсэн гарчигтай боловч гэрээний зүйл, хөлс төлөх арга журам, агуулга зэргээс үзэхэд   Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэснээр нэхэмжлэгч Дэлгэрхаан сумын Ахмадын хорооны даргын ажил үйлчилгээ гүйцэтгэсний хөлсийг Дэлгэрхаан сумын Засаг даргаас шаардах эрхтэй байна.

Нөгөө талаар сумын Засаг дарга дээрх гэрээнд зааснаар ажил үйлчилгээг дүгнээгүй атлаа урамшуулал олгоогүй нь үндэслэлгүй бөгөөд энэхүү татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргаас Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ахмадын хорооны даргаар 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ажилласан хөлс 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргаас 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлин 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 17100 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 17100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг  тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ЦОЛМОН