Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/649

 

 

 

 

 

 

 

 

  2022         08         02                                    2022/ШЦТ/649

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ц.Х,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Д.Ундармаа нарыг оролцуулан эрүүгийн 2211000000410 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Хар хуурчид овогт Ц.Х

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 ээж, 2 дүү, эхнэр, 2 охины хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Ц.Х нь цахим хэрэгсэл буюу “Цахилгаан бензин мото кросс захиалга” нэртэй фейсбүүк хаяг ашиглан “мотоцикл зарна” гэж хуурамч зар байршуулан хохирогч О.Баас нийт 5.229.000 төгрөг авсан, хохирогч Э.Моос 100.000 төгрөгийг, хохирогч М.Цоос 1.000.000 төгрөгийг, хохирогч Э.Паас 2.200.000 төгрөгийг, хохирогч Б.Цаас 3.000.000 төгрөгийг, хохирогч М.Таас 5.000.000 төгрөгийг,  хохирогч Б.Баас  нийт 2.966.300 төгрөгийг тус тус өөрийн дансанд шилжүүлэн авч, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Х нь “Цахилгаан бензин мото кросс захиалга” нэртэй фейсбүүк хаяг ашиглан “мотоцикл зарна” гэж хуурамч зар байршуулан:

1. Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд хохирогч О.Баас  3 удаагийн гүйлгээгээр нийт 5.229.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1805153531 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

2. Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Э.Мос нийт 100.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1805153531 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

3. Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч М.Цоос нийт 1.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1805153531 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

4. Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 07,08,14-ний өдрүүдэд хохирогч Э.Пас нийт 2.200.000 төгрөгийг бусдын Хаан банкны 5005922449, 5031243577, 5111033819 дугаарын данснуудаар шилжүүлэн авсан,

5. Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 10,19-ний өдрүүдэд хохирогч Б.Цас нийт 3.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1805153531 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

6. Чингэлтэй дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч М.Таас нийт 5.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1805153531 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

7. Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.Баас нийт 2.966.300 төгрөгийг бусдын Хаан банкны 5094332338, 5301977499, 5217028083, 5005922446 дугаартай данснуудаар шилжүүлэн авсан тус тус үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17-р хороо Зүрх-Уулын зусланд байхдаа фейсбүүкээр мотоцикл зарна гэсэн зарын дагуу “Цахилгаан бензин мото кросс захиалга” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй фейсбүүк чатаар холбогдож “Ямаха өр-6” загварын мотоцикл захиалахаар болж тэр хүн данс руу мөнгө хийх шаардлагатай гэсэн тул 2021 оны 10 сарын 24,25, 11 сарын 02-ны өдрүүдэд тэр хүний өгсөн 1805153531 Цэцгээ Хүслийн жигүүр гэх данс руу өөрийн Хаан банкны 5176102427 дугаарын данснаас нийт 3 удаагийн гүйлгээгээр 5.229.000 төгрөгийг Я688307323 гэсэн утгаар шилжүүлэн өгсөн. Тэр хүнийг 2-3 хоног хүлээсэн боловч надтай ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

- хохирогч Э.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр мотоцикл зарна гэсэн зарын дагуу “Цахилгаан бензин мото кросс захиалга” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй фейсбүүк чатаар холбогдож цахилгаан мотоцикл захиалахаар болж тэр хүний өгсөн 1805153531 гэх данс руу өөрийн дүү болох О.Дий Голомт банкны 4715103115 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 100.000 төгрөгийг ТЕМКА99502077 гэсэн утгаар шилжүүлэн өгсөн. Тэр хүнийг 2-3 сар хүлээсэн боловч надтай ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 164-165 дугаар тал/,

- хохирогч М.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр мотоцикл зарна гэсэн зарын дагуу “Цахилгаан бензин мото кросс захиалга” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй фейсбүүк чатаар холбогдож цахилгаан мотоцикл захиалахаар болж тэр хүний өгсөн 1805153531 гэх данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 453174316 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг 89805005 гэсэн утгаар шилжүүлэн өгсөн. Тэр хүнийг 2-3 сар хүлээсэн боловч надтай ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... “гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 209-210 дугаар тал/,

- хохирогч Э.Пын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 07,08,14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр мотоцикл зарна гэсэн зарын дагуу “Цахилгаан бензин мото кросс захиалга” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй фейсбүүк чатаар холбогдож цахилгаан мотоцикл захиалахаар болж тэр хүний өгсөн 5005922449, 5031243577, 5111033819 гэх данснууд руу өөрийн Хаан банкны 5607034945 дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 2.200.000 төгрөгийг “Zoljargal m2 to” гэсэн утгаар шилжүүлэн өгсөн. Тэр хүнийг 2-3 сар хүлээсэн боловч надтай ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар тал/,

- хохирогч Б.Цн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 10,19-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр мотоцикл зарна гэсэн зарын дагуу “Цахилгаан бензин мото кросс захиалга” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй фейсбүүк чатаар холбогдож цахилгаан мотоцикл захиалахаар болж тэр хүний өгсөн 1805153531 гэх данс руу өөрийн Хаан банкны 5219227604, Худалдаа хөгжлийн банкны 499292771 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 3.000.000 төгрөгийг “80539333” гэсэн утгаар шилжүүлэн өгсөн. Тэр хүнийг 2-3 сар хүлээсэн боловч надтай ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар тал/,

-хохирогч М.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 167-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр мотоцикл зарна гэсэн зарын дагуу “Цахилгаан бензин мото кросс захиалга” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй фейсбүүк чатаар холбогдож цахилгаан мотоцикл захиалахаар болж тэр хүний өгсөн 1805153531 гэх данс руу өөрийн Хаан банкны 5225479310 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр нийт 5.000.000 төгрөгийг “tamir” гэсэн утгаар шилжүүлэн өгсөн. Тэр хүнийг 2-3 сар хүлээсэн боловч надтай ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185 дугаар тал/,

- хохирогч Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 10 дугаар сард мотоцикл авах зорилгоор фейсбүүк цахим орчинд тавигдсан мотоцикл зарах нийтлэлийн дор коммент хэлбэрээр мотоцикл хайж байна үнэ хэд вэ гэх утгаар үлдээж байсан юм. Тэгсэн 2021 оны 10 дугаар сарын 10-ны “Цахилгаан бензин мото кросс захиалга” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож мотоцикл худалдан авах талаар тохиролцож 1.000.000 төгрөгийг урьдчилгаа гэж аав Баянмөнхийн эзэмшдэг Хаан банкны 5217022659 тоот данснаас 5094332338 тоот Хаан банкны Ууганзаяа эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. 10 дугаар сарын 12-ны өдөр “Цахилгаан бензин мото кросс гэх нэртэй фейсбүүк хаягтай гэх хүнтэй царай харж ярихад Ц.Х гэх бичиг баримттай хүн дахин урьдчилгааны мөнгө өгөөч, мотоцикл авах мөнгөнөөс чинь хямдруулна гэж хэлээд мөн аав Баянмөнхийн эзэмшдэг Хаан банкны 5217022659 тоот данснаас 5301977499 тоот Хаан банкны Ундрахжаргал эзэмшигчтэй данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн, Дараа нь надтай фейсбүүкээр хаягаар царай харж ярин хил хаагдсан мотоцикл чинь орж ирэх боломжгүй болсон гэдээ хойшлогдсон талаар хэлсэн бөгөөд 10 дугаар сарын 21-ний өдөр надтай дахин холбогдож бензин тос, тээврийн мөнгө 266.000 төгрөгийг шилжүүл гэж хэлэхээр нь өөрийн эзэмшдэг Хаан банкны 5217028083 тоот данснаас Болд гэх эзэмшигчтэй Хаан банкны 5925258080 тоот данс руу 266.000 төгрөгийг өөрийн нэр болон утасны дугаараа утга дээр нь бичиж шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин холбогдож мотоцикл чинь Эрдэнэт хот руу хөдөлсөн 3607 УНМ улсын дугаартай Маяти загварын машинд ачуулсан үлдэгдэл мөнгөө хий гээд өөрийн эзэмшдэг Хаан банкны данснаас 5005922446 тоот Намуунцэцэг эзэмшигчтэй Хаан банкны данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн...би өөрийн шилжүүлсэн 2.966.300 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар тал/,

- гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...5005922446 дугаарын данс нь миний эзэмшлийн данс бөгөөд 2018 онд нээж ашиглаж байгаа. Тухайн дансны интернэт банкийг хамтран амьдрагч Ц.Х гэгч нь 2021 оны 06 сараас эхлэн ашиглаж байсан. Миний тэр дансанд хаанаас хэн хэдэн төгрөг шилжүүлж байгаа талаар би мэддэггүй байсан. Ц.Х гэгч нь 2021 оны зун фейсбүүк хаягийнхаа нэрийг “Цахилгаан мото кросс” гэж солиод нэг мотоциклийн зураг тавьчихсан байсан. Ц.Х гэгчээс би юу хийгээд яваад байгаа юм гэхэд Хятад улсаас мотоцикл оруулж ирж зарах гэж байгаа гэж хэлсэн ба би бол ямар нэгэн хууль бус зүйл зүйл хийгээгүй гэж надад хэлдэг байсан...Би тухайн 88400813 дугаарын утсыг 2021 оны өвөл Юнител дээрээс авч байсан ба Ц.Х нь тухайн дугаарыг барьдаг байсан. Бид хоёр 2020 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

- гэрч А.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний үеэл дүү болох Х надтай 95958724 дугаарын утсаар холбогдож гадаад улсаас дугуй оруулж байгаа юм нэг хүн надаас дугуй захиалсан юм Хаан банкны данс хэрэгтэй гээд байна. Та дансаа ашиглуулаач тэр хүн таны данс руу 1.000.000 төгрөг хийхээр буцаагаад миний эзэмшдэг Голомт банкны 1805153531 данс руу шилжүүлчих гэхээр нь би өөрийн данс руу 5217022659 тоот данснаас хийгдсэн 1.000.000 төгрөгийн орлогын гүйлгээг Хийн өөрийнх нь эзэмшдэг Голомт банкны 1805153531 тоот данс руу хийгээрэй гэж Ц.Х хэлэхээр нь би хийсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

- гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Х гэх залуу надаас мөнгө авчхаад өгөөгүй надад өртэй байсан болохоор дээрх данснаас орсон мөнгийг Ц.Х хийлгэсэн гэж бодож байна. Бусад зүйлийг сайн мэдэхгүй байна...Надад тийм ажил хийдэг гэж хэлдэг болохоос яг мотоцикл оруулж ирдэггүй. Надад мөнгийг чинь өсгөөд Кровн аваад өгье гэж хэлээд мөнгө авч байсан. Өгөхгүй удаад цагдаа, шүүхэд би хандаж мөнгөө буцааж авч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал/,

- гэрч У.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг “Шангрила” төвийн зүүн талд байрлах Очир центр төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Сток хаус ресторан дээр намайг ажиллаж байхад нэг эмэгтэй хамт 20 гаруй насны 180 орчим см өндөртэй залуу хоол идэж байгаад өөрийнхөө дансыг ашиглах боломжгүй цалингаа авах гэсэн юм гээд данс байвал ашиглуулаач гэхээр нь ээж Ундрахжаргалын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5301977499 тоот дансанд ямар ч мөнгөгүй байсан учир уг дансанд бүртгэлтэй виза картыг өгөөд дансаа хэлсэн юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5 дугаар тал/,

- Ц.Хийн эзэмшлийн Голомт банкны 1805153531 дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 43-64 дүгээр тал/,

- Ц.Хийн эзэмшлийн Голомт банкны 1805153531 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 64-70 дугаар тал/,

- Ц.Хийн эзэмшлийн Хаан банкны 5926250170 дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 78-91 дүгээр тал/,

- Ц.Хийн эзэмшлийн Хаан банкны 5926250170 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар тал/,

- Ц.Цогбаярын эзэмшлийн Хаан банкны 5031243577 дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр тал/,

- 2021 оны 09 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 1872 дугаартай зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 194 дугаар тал/,

- Э.Баянмөнхийн эзэмшлийн Хаан банкны 5217022659 тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар тал/,

- Б.Батбаярын эзэмшлийн Хаан банкны 5217022659 тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар тал/,

- А.Ууганзаяагийн эзэмшлийн Хаан банкны 5094332338 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар тал/,

- Б.Ундрахжаргалын эзэмшлийн Хаан банкны 5301977499 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 20 дугаар тал/,

- Ц.Намуунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5005922446 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

- О.Болдын эзэмшлийн Хаан банкны 5925258080 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар тал/,

- Голомт банкны 2022 оны 01 сарын 12-ны өдрийн ГБ/10/726 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 24-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Х нь цахим орчинд хуурамч зар байршуулан нийт 7 удаагийн үйлдлээр дээрх нэр бүхий 7 хохирогчоос нийт 19.495.300 төгрөгийг өөрийн голомт банкны данс болон бусдын Хаан банкны дансуудаар өөртөө шилжүүлэн авч  хохирол учруулан залилсан үйл баримт нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлөд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг  гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор урьдах танилынхаа харилцааг ашиглан өмчлөгчиг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэн өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

 

шүүгдэгч Ц.Х нь үргэлжилсэн үйлдлээр шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр цахилгаан бензин хосолсон хөдөлгүүртэй мото кроссын захиалга авч бусдад худалдан борлуулах үйл ажиллагаа хийдэггүй атлаа захиалга авна гэж цахим хэрэгсэл ашиглан “Цахилгаан бензин мото кросс захиалга” гэх нэрт хуурамч цахим хаяг нээн, зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 7 хохирогчийг хуурч тэдний өмлөх эрхэнд нь халдаж нийт 19.495.300 төгрөгийг хохирогч нараас өөртөө шилжүүлэн авч залилсан хууль бус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.Хт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаж шүүхээс гэм буруутайд түүнийг тооцсон шийдвэр гаргасан.

 Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол төлөх ажлын 5 хоногийн завсарлага авч, улмаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ирэлгүй нийт 1 сар 07 хоног оргон зайлсан юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хийн гэм бурууг хэлэлцэх хуралдаан нь хуульд заасан журмын дагуу бүрэн шийдвэрлэгдэж дууссан тул түүнийг олдмогц шүүх хуралдааны ажиллагааг эрүүгийн хариуцлага оногдуулах шатнаас эхэлж явуулсан болно. 

 

Шүүгдэгч Ц.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шатнаас оргон зайлсан болох хувийн байдлыг нь  тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт засан хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ц.Хийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төрийн сангийн дансанд хохирол төлбөрт нийт 9.000.000 төгрөг байршуулсан байх ба үүнээс үнийн дүнгийн хэмжээгээр бага хохирогч Э.Мд 100.000 төгрөг, хохирогч М.Цид 1.000.000 төгрөг тус тус олгож, үлдэх мөнгөнөөс хохирогч О.Бад 1.580.000 төгрөг, хохирогч Э.Пд 1.580.000 төгрөг, хохирогч Б.Цд 1.580.000 төгрөг, хохирогч М.Тт 1.580.000 төгрөг, хохирогч Б.Бт 1.580.000 төгрөгийг тус тус  хувь тэнцүүлэн олгож, төлөх төлбөрөөс нь хасаж тооцов.

Иймд шүүгдэгч Ц.Хээс нийт 10.525.300 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Бд 3.649.000 төгрөг, хохирогч Э.Пд 620.000 төгрөг, хохирогч Э.Цд 1.420.000 төгрөг, хохирогч М.Тт 3.420.000 төгрөг, хохирогч Б.Бт 1.416.300 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 02 өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хар хуурчид овогт Ц.Хийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хт 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Хээс шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан Ц.Хийн цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийг түүний биечлэн эдлэх ялаас хасаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан нийт 9.000.000 /есөн сая/ төгрөгөөс гаргуулж, хохирогч Б-д 1.580.000 /нэг сая таван зуун наян мянга/ төгрөг, хохирогч Э.М-д 100.000 /нэг зуун мянга/ төгрөг, хохирогч М.Ц-д 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч Э.П-д 1.580.000 / нэг сая таван зуун наян мянга/ төгрөг, хохирогч Б.Ц-д 1.580.000 / нэг сая таван зуун наян мянга / төгрөг, хохирогч М.Т-т 1.580.000 / нэг сая таван зуун наян мянга / төгрөг, хохирогч Б.Б-т 1.580.000 / нэг сая таван зуун наян мянга / төгрөг тус тус олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хээс нийт 10.525.300 /арван сая таван зуун хорин таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Б-д 3.649.000 /гурван сая зургаан дөчин есөн мянга/ төгрөг, хохирогч Э.П-д 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөг, хохирогч Б.Ц-д 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг, хохирогч М.Т-т 3.420.000 /гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг, хохирогч Б.Б-т 1.416.300 /нэг дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуу/ төгрөгийг тус тус олгосугай.

           8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ