Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2018/00128

                             Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: О. М- д  холбогдох

Хүүхдийн тэтгэлэг, нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2008 онд О.Мтэй танилцаж үерхэж байгаад 2010 онд хүү Б.М г төрүүлсэн. О.М нь надтай танилцахын өмнө гэр бүлтэй байсан бөгөөд үүнийгээ нууж, намайг хууран мэхэлсэн. Мөн гэрлэлтээ цуцлуулж, хүү бид хоёртоо амьдарна, тусдаа гаръя гэж гуйдаг, манай аав ээжийнд хамь амьдардаг байсан. Ингээд хүүгээ 6 сартай байхад шалтгаангүй хэрүүл маргаан хийж, танайхтай таарахгүй юм байна гээд орхиод явсан. Түүнээс хойш 8 жилийн хугацаанд хүүхдээ эргэж тойрох болов уу, ядаж аав ээж нь асууж сураглах болов уу гэж их л хүлээж өдийг хүрлээ. О.М 2 жилийн өмнө гэнэт утсаар ярьж, хүүтэйгээ уулзая гэхэд нь уулзуулсан. Өөрөө эхнэр хүүхэдтэй болоод автомашин угаалгын газар ажиллуулдаг гэсэн боловч туслалцаа үзүүлээгүй алга болсон. Хүү Б.М хүлээн зөвшөөрдөг. Иймд эцэг О.М-с хүү Б.М төрснөөс хойш нөхөн төлбөр гаргуулах, цаашид хуульд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь О.М-тэй танилцсан, гэрлэлтээ бүртгүүлээгүй манай аавын гэрт хамтран амьдарч байгаад би 2010 оны 01 сарын 08-ны өдөр хүү Б.М төрүүлж, эхээрээ овоглож гэрчилгээ авсан. Хүү маань одоо 8 нас хүрч байгаа, миний асрамжид Угтаалцайдам сумын 2 дугаар ангид суралцаж байна. Хүүгийн эцэг О.М нь 8 жилийн өмнө орхиод явсан, энэ хугацаанд бидэнд огт тусалж дэмжиж байгаагүй. Иймд хариуцагч О.Мэс 8 жилийн хугацааны нөхөн төлбөр шаардсан боловч шүүх хуралдаан дээр тэрээр 2018 оны 05 сарын 31-ний дотор 500 000 төгрөгийг, 2018 оны 09 сарын 01-ний дотор 500 000 төгрөгийг өгөхөөр зөвшөөрч, тохиролцлоо. Үүнийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Мөн хуульд зааснаар хүүхдэд тэжээн тэтгэх тэтгэлгийг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан тайлбартаа...Миний бие 2008 онд Д.Бтай танилцаж, 2010 онд Б.Мөнх хүүтэй болсон. Бид 2011 оноос таарамжгүй харьцаанаас тусдаа амьдарч эхэлсэн. Хүү Б.Мд тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч  О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Д.Бтай хамт амьдарч хүү Б.Мыг төрүүлсэн. Хүүхдийн талаар маргаан байхгүй, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин 8 жилийн хугацааны нөхөн төлбөрт юу нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ажил төрөл эрхлээгүй хүндхэн байгаа тул 2018 оны 05 сарын 31-ний дотор 500 000 төгрөг, 2018 оны 09 сарын 01-ний дотор 500 000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Цаашид боломжоороо тусалж дэмжинэ гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 Нэхэмжлэгч Д.Б хариуцагч О.Мд холбогдуулан нөхөн төлбөр гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.Б, О.М нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр гэр бүлийн харьцаатай байснаар 2010 оны 01 сарын 08-ны өдөр хүү М төрүүлэн эх Д.Бгаар овоглон 2010 оны 02 сарын 04-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлсэн, хүү Б.М сургуульд суралцаж байгаа болох нь төрсний 0346504/07  тоот гэрчилгээ,  Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, зохигчийн тайлбараар  тус тус тогтоогдож байна.

Хариуцагч О.М хүү Б.Мын төрсөн эцэг мөн болохыг  зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйклийн 40.1.1, 40.1.2-д зааснаар эцгээс тэтгэлэг тогтоож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар 1000 000 төгрөгийг хариуцагч зөвшөөрч 2 хувааж төлөхөөр зохигч талууд тохиролцсон болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 1000 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 28550 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар зааснаар 2010 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн Б.М 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Мэр тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хариуцагч О.М нэхэмжлэгч Д.Бд 2018 оны 05 сарын 31-ний дотор 500 000 төгрөг, 2018 оны 09 сарын 01-ний дотор 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бгаас тэмдэгтийн хураамж 28209 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч О.Мэс тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд, тэмдэгтийн хураамж 28550 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН