Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 06 өдөр

                Дугаар 151/ШШ2018/00129

                                    Төв аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 17-349 тоотод оршин суух, Монгол овгийн О.Б /ЧП86082465/ ,

Хариуцагч: Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг Буурал 1 гудамж 10 тоотод оршин суух, Сартуул овгийн Ж.М /НМ85061014/-д  холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, өмгөөлөгч Б.Нарандолгор, хариуцагч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь 2006 онд Ж.Мтай гэрлэлтээ бүртгүүлж, 2007 онд хүү М.М, 2009 онд охин М.М, 2012 онд М.М нарыг төрүүлж өсгөсөн. Нөхөр Ж.М нь 2012 оноос өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай болж, одоо  2 хүүхэдтэй болсон. Өөрийн үр хүүхдэдээ хайр халамжгүй, гэр бүл гэсэн сэтгэлгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. 3 хүүхдийг өөрийн асрамжид авч, эцэг Ж.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь 2007 онд О.Бтай гэрлэлтээ бүртгүүлж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид таарамжгүй харьцаатай байсаар 2012 оны 10 сараас тусдаа амьдарч эхэлсэн. Би гэр бүлээ дахин эхлүүлэх хүсэлтэй байсан боловч бүтээгүй, ингээд 2014 оны 04 сараас дахин гэр бүлтэй болж 2 хүүхэд төрүүлсэн нь үнэн. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Ж.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

О.Б, Ж.М нар нь 2006 оны 11 сарын 15-ны өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Жаргалант сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2007 оны 11 сарын 27-ны өдрийн бүртгэлийн 60 дугаарт  бүртгүүлж, 2007 оны 10 сарын 31-ний өдөр хүү М.М, 2009 оны 02 сарын 03-ны өдөр охин М.М, 2012 оны 09 сарын 25-ны өдөр хүү М.М нарыг төрүүлж өсгөсөн болох нь гэрлэлтийн 0024850 тоот, хүүхдийн төрсний 00341701/-121, 0314642/-25, 0000773219/-147 тоот гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан төлөвийн таарамжгүй харьцаа, хэрүүл маргаан, гэр бүлийн тогтворгүй байдал нь 2012 оноос эхэлж улмаар 2014 оны 04 сар хүртэл үргэлжилсэн, хариуцагч Ж.М өөр гэр бүлтэй болж 2 хүүхэдтэй болсон байх бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсоныг үндэслэн тэдгээрт эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Гэрлэгчид нь насанд хүрээгүй хүүхэд М.М, М.М, М.М нарын саналыг үндэслэн эх О.Бгийн асрамжид үлдээхээр тохиролцсон бөгөөд хуульд зааснаар эцэг Ж.М-аар тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Б нь М.М, М.М, М.М нарын хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16 дугаар хороо туулын 17-349 тоотод оршин суудаг болох нь засаг даргын тодорхойлолт, М.М, М.М нар нь Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуульд суралцдаг болох нь тус сургуулийн нийгмийн ажилтаны тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул хүүхдэд төлөх тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингээр тогтоох нь зүйтэй. /Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшин 185400 төгрөг/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Монгол овгийн О.Б / /, Сартуул овгийн Ж.М / / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2007 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн М.М, 2009 оны 02 сарын 03-ны өдөр төрсөн М.М, 2012 оны 09 сарын 25-ны өдөр төрсөн  М.М нарыг эх О.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар М.М, М.М, М.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ж.Маар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

5. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх,  үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 163899 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Ж.Маас 163899 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд  олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОН