Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/628

 

 

 

 

   2022         07          25                                  2022/ШЦТ/628

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн даргаар Ч.Алтнай,

улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2211001930517 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Олхон овогт Б.Б

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ зохиогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б. Б нь 2021 оны 01-09 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэндмн ББСБ” /Lendmn/ ХК-ийн мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулж өгсөн компанийн эзэмшлийн 12.069.894 /арван хоёр сая жаран есөн мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг компьютерын процессор, 2 ширхэг компьютерын дэлгэц зэргийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“...би компанид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... би авсан юмаа бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би "Lendmn" компанид хуульч ажилтай, компанийн хуулийн асуудлыг хариуцан ажилладаг. Болсон асуудлын талаар гэвэл манайд Б гэх хүн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд мэдээлэл технологийн инженерээр ажилласан. Энэ хүн 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын хооронд буюу улс орон даяар "ковид-19" цар тахал өвчин гарсны улмаас компанийн ажилчид ажлын байран дээрээ ирэхгүй, зайнаас гэрээр ажиллаж байсан юм. Гэхдээ ажил дээр цөөхөн хэдэн хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ирж ажилладаг байсан. Эдгээр ажилладаг хүмүүсийн нэг нь Б байсан. Тэр хүн компанийн компьютер инженерийн асуудлыг хариуцдаг бөгөөд дээрх хугацаанд нийт 13 ширхэг процессор, 2 ширхэг компьютерын дэлгэцийг хулгайлан авсан байсан. Тэрийг ажилчид цугласан үеэс буюу 2021 оны 05 дугаар сарын үед мэдсэн. Б компьютер яасан вэ гэж асуухад янзлах гэж аваад явсан маргааш аваад ирье гэж хэлээд тэрнээс хойш дахин ажил дээр ирээгүй. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрөө компьютер хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрөөд буцаагаад авчирч өгнө, эсхүл төлнө гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн. Мөн энэ шалтгаанаар ажлаас нь халсан, ажлаас халагдсан тушаалын хавсралтад 15 ширхэг компьютер авч явснаа хүлээн зөвшөөрч өөрөө гараар тэмдэглэл бичиж, гарын үсэг зурсан. Ингээд энэ хүн манай байгууллагад 15.250.000 төгрөгийн хохирол учруулаад одоо хүртэл хохирлоо нөхөн төлөхгүй байгаа асуудалд гомдолтой байна... Гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021 оны үндсэн хөрөнгийн тооллогын комисс томилох тухай тушаал гарсан. Комисс тооллого хийж үзээд 15 ширхэг компьютер алдагдсан байна гэж үзсэн. “...Өмнөх мэдүүлэгтээ ойлгомжгүй ярьсан юм шиг байна. 13 ширээний компьютер биш 13 ширхэг процессор, 2 ширхэг дэлгэц алдагдсан. Ингээд нийт 15 болж байгаа юм. Үзүүлэлтийн талаарх мэдээллийг би нягтлан бодогчоор гаргуулъя...”,“...Б нийт 13 ширхэг процессор, 2 ширхэг дэлгэц авснаа хүлээн зөвшөөрч манайд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн санал гомдолгүй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-14 дүгээр тал/,

- гэрч Э.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Lendmn компанид 2017 оны 11 дүгээр сараас эхлэн цалингийн нягтлан бодогчоор ажиллаж байна. Болсон асуудлын талаар гэвэл 2021 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд улс орон даяар “ковид 19” цар тахал өвчин гарч бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотой ажилчид зайнаас гэрээс ажиллаж байсан. Манайх 90 орчим ажилтантай байгууллага. Хөл хорионы үеэр ажилчид гэрээр ажилласан, цөөхөн хэдэн ажилчид л оффис дээр ирж ажилладаг байсан. Гэрээр ажилладаг ажилчдын компьютерүүд бүгд ажил дээр байсан юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сараас эхлэн ажилчид оффис дээр ирж ажиллаж эхэлсэн бөгөөд тэгэхэд нэлээд хэдэн ажилтны компьютерүүд нь дутсан. Инженер Бт өөрт нь 2 ширхэг байсан, үүнээс 1 ширхэг компьютер, 1 ширхэг дэлгэц байсан. мөн Нарангарав 1 ширхэг, Саранжил 1 ширхэг, Мөнх-Эрдэнэ 1 ширхэг, Батжаргал 1 ширхэг, Ханбаатар 1 ширхэг, Батзаяа 5 ширхэг, Тунгалагмөрөн 2 ширхэг, Тамирын 1 ширхэг дэлгэц тус тус алдагдсан байна. Ингээд бөөн асуудал болсон. Б бүх компьютерын эвдрэл гэмтлүүдийг хариуцаад явдаг болохоор энд байсан компьютерүүд яасан юм бэ гэж асуухад эхлээд зарим нэгийг нь засварт өгчихсөн гэж ярьсан, заримыг нь авч явсан, маргааш аваад ирнэ гэж хэлсэн. Яагаад зөвшөөрөлгүй аваад явж байгаа юм гэхэд маргааш авчирна гээд байсан. Ингээд энэ асуудлыг байгууллагын захиралд танилцуулахад тушаал гаргаад тооллого хийхээр болсон. Тооллого хийгээд үзтэл "dell загварын 13 ширхэг компьютер, 2 ширхэг дэлгэц алдагдсан байсан, энэ асуудлыг Баас асуухад надад байгаа авчирна гэж яваад дахин ирж уулзаагүй. Тэгэхдээ мөн дээрх эд зүйлсийг авсан талаараа гараар өргөдөл бичиж өгөөд ажлаас халсан тушаал дээр бас 15 ширхэг компьютер авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гараараа тэмдэглэл бичиж өгсөн. Гэвч дахин ирж уулзаагүй, хохирлоо нөхөж төлөөгүй өдий хүрсэн...”,“...би мэдүүлэг дээрээ буруу ярьсан байна. 13 ширхэг процессор, 2 ширхэг компьютерын дэлгэц алдагдсан. 2 ширхэг дэлгэц нь хоёулаа 22 инч. Процессоруудын үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг би хуульч Одончимэгт өгсөн...” /Хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/ Гэрч Г.Болор-Эрдэнийн мэдүүлэгт: “...Би "Lendmn" ББСБ ХК-д хүний нөөцийн менежерээр ажилладаг. Бадрахын Б гэх хүн одоо миний санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сард мэдээлэл технологийн инженерээр ажилд орсон... Ажил үүргийн хуваарийг товчхон тайлбарлавал тухайн компанид ажиллаж байгаа тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эвдэрсэн, гэмтсэн тохиолдолд засаж янзлах үүрэгтэй ажилладаг байсан... Гэтэл 2021 оны 02 дугаар сараас 07 дугаар сарын хооронд "dell" загварын 13 ширхэг процессор, 2 ширхэг дэлгэц алдагдсан байсан, Б хариуцаж ажилладаг болохоор энэ талаар асууж тодруулахад заримыг нь хүнд өртэй байсан тэрэндээ өгсөн, заримыг нь ломбардад тавьсан гэж хэлсэн. Чи яаж байгаа юм бэ, нийт хэдийг авсан юм бэ гэхэд 13 ширхэг процессор, 2 ширхэг дэлгэц авсан гэж хэлсэн. Энэ байдлыг байгууллагын удирдлагад танилцуулахад эд хогшлын тооллого хийх шаардлагатай гэж хэлээд тушаал гараад тооллого хийсэн. Комисст ахлах инженер Эрэлхэгзориг, нягтлан бодогч Урангоо-Агиймаа нар ороод тооллого хийгээд үзсэн чинь 13 ширхэг процессор, 2 ширхэг дэлгэц дутсан гэсэн тооцоог гаргасан. Өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрөөд яваад байсан, удалгүй дутагдлаар ажлаас халагдсан бөгөөд халагдахдаа тушаалын хавсралт дээр 15 ширхэг компьютер авсан талаараа хүлээн зөвшөөрч өөрөө энэ талаараа бичиж өгсөн. Харин ажлаас гарах өргөдөл дээр яагаад 11 ширхэг гэж бичсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. 13 ширхэг процессор, 2 ширхэг дэлгэц авсан, түүнийг хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан тэрнийхээ оронд өгсөн, харин заримыг нь ломбардад тавьсан гэж хэлсэн яриаг би ганцаараа сонсоогүй, түүнийг ахлах инженер Эрэлхэгзориг хамт байсан болохоор бас сонссон, 15 ширхэг дутаасан болохыг надаас гадна Эрэлхэгзориг сонссон болохоор давхар нотлох байх. Тийм асуудал байхгүй ээ, өөрөө л сайн дураараа бичиж өгсөн. Мөн авсан юмнуудаа удаахгүй төлчихнө гэж хэлсэн. Хэрвээ үнэхээр аваагүй л юм бол тэр хүн заавал тэгж бичиж өгөхгүй, шууд гараад явчих боломж өөрт нь хангалттай байсан, бид нар хуулийн хүмүүс биш болохоор ийм тохиолдолд яадаг эсэхийг мэдэхгүй шүү дээ, ямар ч гэсэн хэдийг авсан юм гэж асуусан, 15 ширхэг гэж хэлсэн, дараа нь тооллого хийгдсэн, 15 ширхэг дутсан гэсэн тооцоо гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

- гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Lendmn” ББСБ” ХК-д мэдээлэл технологийн ахлах инженерээр ажилладаг. Бадрахын Б гэх хүн одоо миний санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сард мэдээлэл технологийн инженерээр ажилд орсон. Тус компани нь нийт 98 ажилтантай, 90 орчим хүн албан ажилдаа компьютер ашигладаг. Компанийн хэмжээнд 2 мэдээлэл технологийн ажилтан байдаг. Би ахлах инженерээр нь ажилладаг юм. Бтай 2 жил хамт ажиллалаа... ажилчид Баар юм янзлуулъя гээд дуудах нь дууддаг, гэтэл очоод хажууд нь ерөөсөө янзалдаггүй, ийш тийшээ шууд аваад явчихдаг, өөр давхар дээр очоод янзална гэх зэргээр олон хүнийхийг авсан байсан, тэгснээ буцааж өгөөгүй. Ингээд процессорууд алга болсныг мэдээд Б л тэд нарыг байнга оролддог байсан болохоор яасан эсэхийг асуусан. Тэр үед надтай хамт хүний нөөцийн менежер Болор-Эрдэнэ хамт байсан, талыг нь хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан тэрэнд өгсөн, талыг нь ломбардад барьцаанд тавьчихсан, удахгүй буцаагаад өгчихнө, аваад ирнэ гэсээр байгаад ажлаасаа халагдчихсан. Анх өөрөө 13 ширхэг процессор, 2 ширхэг дэлгэц авсан гэдгээ хэлсэн юм. Энэ байдлыг удирдлагад танилцуулахад тооллого хий гэж хэлсэн, нягтлан бодогч Урангоо- Агиймаа бид хоёр тооллого хийж үзээд “dell” загварын 13 ширхэг процессор, 2 ширхэг дэлгэц дутсан. Дараа нь Б ажлаас гарах үедээ дээрх эд зүйлсийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөрийн гараар бичиг хийж өгөөд явсан. Удахгүй төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

-гэрч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 08 дугаар сард ээлжийн амралт аваад 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа орсон чинь миний компьютерын процессор алга болчихсон байсан. Би Баас "Миний процессор яасан юм вэ” гэж асуутал засварт өгчихсөн байгаа, удахгүй аваад өгье гэж хэлсэн. Би уг нь амрахаас өмнө процессорын дэлгэц рүү орох оролт нь хааяа хөндийрөөд байгаа гэдгийг хэлж байсан юм. Гэтэл миний тэгж хэлсэн, мөн дээрээс нь ээлжийн амралт авсан байгааг далимдуулаад авчихсан байсан. Уг нь тэр гэмтэл засварт өгөөд янзлуулах ямар ч шаардлагагүй байсан юм. Үл ялиг л гэмтэл байсан. Мөн миний өмнөх компьютерын процессорын хавтан нь гэмтэлтэй байсан тэрийг засаад өгөөч гэж хэлээд Бт өгсөн, гэтэл тэрийг бас буцааж егөөгүй. Ингээд миний хоёр ширхэг процессорыг авчхаад өгөөгүй. Хэзээ засвараас гарах юм бэ гэж асуухад удахгүй гарчихна, өнөөдөр маргааш гэсээр өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

- гэрч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын үед манай ахлах ажилтан Болормаа шинээр зөөврийн компьютер авах болоод надад өөрийнхөө хуучин хэрэглэж байсан "dell" загварын компьютерыг өгсөн. Ингээд би инженер Быг дуудаад тухайн компьютерыг форматлуулаад хуучин компьютероос файлуудаа хуулуулаад янзлуулсан. Тэгээд хуучин дэлгэц, процессор хоёрыг арын ханын шүүгээнд хийчихсэн байсан. Дараа нь нэлээд хэд хоногийн дараа манай ажилтан Зоригоо над дээр ирээд хуучин дэлгэц, процессор чинь байгаа биз дээ гэхээр нь байгаа гэж хэлээд шүүгээгээ нээгээд үзтэл дэлгэц нь байгаа мөртөө процессор нь байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

- гэрч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын үед ковидын цар тахалтай холбоотой зарим ажилчид гэрээс ажиллаж байсан. Би ажлаасаа процессороо аваад дэлгэцийг нь үлдээгээд явсан. Тэгээд үргэлжлүүлж ээлжийн амралтаа аваад 2021 оны 08 дугаар сард ажилдаа ирэхэд миний суудаг ажлын ширээн дээр байсан компьютерын дэлгэц маань алга байсан. Ер нь компанийн ажилтнуудын компьютерыг Б л ганцаараа авч буцаагаад байранд нь тавиад явж байдаг. Янзлах гэж байгаа, эсхүл янзалсан гээд тэр л ажилчдын компьютерыг оролддог юм. Тэгээд би Б миний ширээн дээр байсан дэлгэц яасан вэ гэж асуусан чинь олж өгнө л гэж хэлсэн. Тэгээд удалгүй ажлаасаа гарчихсан, миний дэлгэцийг олж өгөөгүй... Одоо миний санаж байгаагаар Делл загварын компьютерын дэлгэц байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

- гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэдний дундаас 1 ширхэг процессор алга болсон, ямар үзүүлэлттэй процессор байсан эсэхийг мэдэхгүй байна... өрөө рүүгээ авч ороод янзална гээд л аваад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

- гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Намайг ажилд ороход нэг ширхэг компьютер дансалж өгсөн. Тэрийг манайд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Жаргал гэх хэрэглэж байгаад ажлаасаа гарсан. Дараа нь тэр компьютер алга болчихсон. Яаж алга болсон эсэхийг болон хэн авсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Процессор нь алга болсон байсан. Ямар үзүүлэлттэй байсан эсэхийг ёстой санахгүй байна. “dell” загварын процессор байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЧД1-22-207 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 дугаар тал/,

- хууль ёсны төлөөлөгч Х.Оээс гаргаж өгсөн “Лэндмн ББСБ” ХК- ийн 2021 оны жилийн эцсийн хөрөнгө орлогын тайлангийн хуулбар, тус компаниас Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 55-62 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар “Лэндмн ББСБ” /Lendmn/ ХК-ийн мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулж өгсөн компанийн эзэмшлийн 12.069.894 /арван хоёр сая жаран есөн мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг компьютерын процессор, 2 ширхэг компьютерын дэлгэц зэргийг завшсан гэмт үйлдэл нь нотлогдож байна.

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Б. Б нь 2021 оны 01-09 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэндмн ББСБ” /Lendmn/ ХК-ийн мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулж өгсөн компанийн эзэмшлийн 12.069.894 /арван хоёр сая жаран есөн мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг компьютерын процессор, 2 ширхэг компьютерын дэлгэц зэргийг хувьдаа завшиж, өөрийн дур зоргоор захиран зарцуулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Быг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт энэ хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Олхон овогт Б.Бт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Бт торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ