Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 211

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2018/00211

                                        Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил -1, Хаанбанк цамхагт байрлах, Х ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянцагаан сум, 05 дугаар баг, 05-01 тоотод орших хаягтай, “А” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Баянцагаан сум, 05 дугаар баг, 05-01 тоотод оршин суух, Тайжи овгийн Г.Д,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, их сургуулийн гудамж, 31 дүгээр  байр, 65 тоотод оршин суух, Отог тайж ургийн Б.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 90 646 282.06 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, С.Баярбаатар, хариуцагчийн төлөөлөгч Г.Д, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Анодномин ХХК, Г.Д, Б.Г нар нь Х ХХКны Хан уул салбарын тооцооны төвөөс 2014 оны 05 сарын 08-ны өдөр ЗГ14/056 тоот зээлийн гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний талууд болох үндсэн зээлдэгч Анодномин ХХК түүнийг төлөөлж Г.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Д, иргэн Б.Г нараас нэхэмжилж байгаа болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу зээлийн төлбөр буюу төрлийн шинжээр тодорхойлогдох мөнгөн хөрөнгийн үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас нэхэмжилж байгаа болно.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Б.Гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их сургуулийн гудамж 31 байрны 65 тоотод орших 46 мкв 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203018816 дугаартай орон сууц,

Б.У өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол  /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод орших 71.05 мкв 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203023055 дугаартай орон сууц,

Иргэн Б.У өмчлөлийн эрхийн улсынбүртгэлийн Ү-2202013944 тоот бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,  дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод орших, 344.9 м.кв талбайтай мансардтай хоёр давхар, хувийн сууц,

Иргэн Б.У, Ж.Батсуурь, Г.Д, Б.Ганболд, Б.Ган-Эрдэнэ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй,  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28 дугаар гудамжны 378 Д тоотод орших 700 мкв талбайтай газар,

БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан 48 128 000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгийг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүн төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 236 338 552.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 77 906 303.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 431 831.10 төгрөг, нийт 341 706 845.35 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөр зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 666 хоног, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн. Зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдлийг 2015 оны 08 сарын 17-ны өдөр 2015 оны 08 сарын 25-ны өдөр, 2016 оны 02 сарын 19-ний өдөр нийт 3 удаа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасныг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2017 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг барагдуулах: 1 үндсэн зээлийн үлдэгдэл 63 661 447.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22 823 888.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 132 946.56 төгрөг, нийт зээл 90 618 282.06 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 28 000 төгрөг, нийт 90 646 282.06 төгрөгийг нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр бараглуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох иргэн Б.Гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их сургуулийн гудамж 31 байрны 65 тоотод орших 46 мкв 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203018816 дугаартай орон сууц,

Б.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол  /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод орших 71.05 мкв 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203023055 дугаартай орон сууц,

Иргэн Б.Уын өмчлөлийн эрхийн улсынбүртгэлийн Ү-2202013944 тоот бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,  дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод орших, 344.9 м.кв талбайтай мансардтай хоёр давхар, хувийн сууц,

Иргэн Б.У, Ж.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй,  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28 дугаар гудамжны 378 Д тоотод орших 700 мкв талбайтай газар,

БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан 48 128 000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. /хх1-2/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... А ХХК-ийн захирал Г.Д, иргэн Г.Д, Г.Ганзориг нар нь Х ХХКны Хан-Уул салбараас 2014 оны 05 сарын 08-ны өдөр ЗГ14/056 тоот зээлийн гэрээ байгуулан 300 000 000  төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн. Мөн өдөр БГҮ-14/056 тоот барьцааны гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлснээр, барьцааны гэрээнүүд нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлснээр тус тус хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд сар тутам төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар гэрээний хугацаа дууссан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед үндсэн зээлийн үлдэгдэл 63 661 447.22 төгрөг, зээлийн хүү 22 823 888.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 946.56 төгрөг, нийт 90 618 282.06 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Д 2 994 000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг үндсэн зээлээс хасаж тооцоод 60 667 447.22 үндсэн зээл төгрөг,  хүү 22 823 888.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 946.56 төгрөг, нотариатын төлбөр 28 000 төгрөг,  нийт 87 652 282.07 төгрөгийг А ХХК, иргэн Г.Д, Б.Г нараас нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан бүх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагч талаас зээлийн төлбөрт 317 000 000 төгрөг төлсөн байгаа, энэ төлбөрөөс үндсэн зээлийг хасаж тооцоод үлдэгдэл төлбөр дээр уян хатан байдлаар төлбөрийг барагдуулах мөн Б.Г, Б.У нарын хөрөнгийг чөлөөлж, үлдэж байгаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хариуцагч тал нь 300 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай зээлж авсан зээлийн гэрээний барьцаанд 4 үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө барьцаалсан байдаг. Хариуцагчийн энэ хугацаанд төлсөн мөнгөн дүн нь зээлсэн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацаанд эргүүлэн төлсөн дүн юм. Мөн барьцааны гэрээнд зээлийн бүрэн барагдуулсан нөхцөлд хөрөнгийг чөлөөлөхөөр заасан тул 2 үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэв.

Хариуцагч А ХХК, Б.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа...А ХХК-ийн төлөөлж Г.Д би Х ХХКнаас зээлийн гэрээ байгуулан 300 сая төгрөгийг 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө сайжруулах зорилгоор авсан. 2015-2016 онд зээлээ хугацаанд төлж барагдуулж байсан сүүлийн 4 сарын зээлийг төлж чадаагүй. Энэ нь барилгын салбарууд материалын мөнгө зээлж авчихаад өгч чадаагүй улмаас манай байгууллага эргэлтийн хөрөнгө төлөх чадвар муудсан учраас сүүлийн 4 сарын төлөлтийг төлж чадалгүй өдий хүргэсэн. Х ХХКнаас урд нь зээл авч тухай бүрд нь төлж байсан. Х ХХКнаас зээлсэн 300 сая төгрөгийг эргүүлэн төлөхдөө хүү алдангид 78 368 292.22 төгрөг, үндсэн зээл 239 332 552.78 төгрөг, нийт 317 700 845 төгрөг төлсөн байна. Үлдсэн 60 667 744 төгрөг төлөх ёстой. Нэхэмжилсэн хүү алдангийг хасаж өгнө үү. 60 667 447 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлье. 300 сая төгрөгийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон Б.У, Б.Г нарын 2 орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ. /хх54-55/

Хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Х ХХКаас 300 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн. Зээлийн үлдэгдэл дээр маргах зүйлгүй. Зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч бараа бүтээгдэхүүний эргэлт, худалдан авалтын чанар муудаж, эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон. Ийм байсан боловч Х ХХКинд 376 сая төгрөг төлөхөөс 317сая төгрөгийг төлсөн, үндсэн зээлээс 60 сая төгрөг үлдсэн байгаа. Үлдсэн зээлийг төлөх, хөнгөлөлт эдлүүлэх боломжтой бүх арга хэмжээг авч өгнө үү, эв зүйгээр тохиролцоод үлдэгдлээс хөнгөлөх боломж байна уу гэж хүсмээр байна. Өөрөөр хэлбэл миний төлсөн нийт 317 сая төгрөгөөс үндсэн зээл 300 сая төгрөгийг хасаад 17 сая төгрөг дээр хүүний 76 сая төгрөгт нь хүү тооцоод явах боломж байна уу. Мөн 300 сая төгрөгийн зээлийн барьцаанд  4 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, одоо үндсэн зээл 60 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул  Б.Г, Б.У нарын байрыг чөлөөлж өгнө үү. ингэснээр зээлийг төлөх боломжийг нээж өгч байгаа юм. Мансардтай байшин, газар нь үлдсэн зээлийг төлж барагдуулахад хангалттай барьцаа хөрөнгө гэж үзэж байна. шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 994 000 төгрөгийг төлсөн, үүнийг хасаж тооцох байх гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК ХХК хариуцагч А ХХК, Г.Д, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 63 661 447.22 төгрөг, хүүгийн төлбөр 22 823 888.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 946.56 төгрөг, нийт 90 618 282.06 төгрөг, нотариатын төлбөр 28000 төгрөг, нийт 90 646 282.06 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас 2 994 000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 60 667 447.22 төгрөг гэж, нийт  87 652 282.07  төгрөг гаргуулна гэж тодруулсан болно.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х ХХК ХХК, хариуцагч А ХХК, Г.Д, Б.Г нар нь 2014 оны 05 сарын 08-ны өдөр ЗГ/14/056 тоот зээлийн гэрээ байгуулан хариуцагч нар 300 000 000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн байна.

Зохигчдын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн болох нь А.ХХК, Г.Дын Х ХХКинд эзэмшдэг 5129021893 тоот дансанд 2014 оны 05 сарын 09-ний өдөр 300 000 000 төгрөг шилжүүлсэн тухай баримтаар тогтоогджээ. /хх40/

Талуудын хооронд байгуулсан ЗГ/14/056 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг сар бүрийн 17-ны өдөр харилцах дансандаа төвлөрүүлж зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байна. /хх10/

Хариуцагч А ХХК нь гэрээнд заасан хугацаанд буюу  2015 оны 4,5,6,7,8 дугаар саруудын хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байсан бөгөөд зээлийг эргэн төлөх мэдэгдлийг Х ХХКнаас хүргүүлж байжээ. /хх2023/

Зээлийн гэрээнд заасан 24 сарын хугацаа нь 2016 оны 05 сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2017 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар хариуцагч нар нь үндсэн зээл 63 661 447.22 төгрөг, зээлийн хүү 22 823 888. 28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 946.56 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна. /хх32-35/

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаагүй боловч гэрээний хугацаанд 317 700 845 төгрөг төлсөн, үүнээс үндсэн зээл 300 000 000 төгрөгийг хасаж тооцоод, үлдэх 17 700 845 төгрөг болон төлөх ёстой хүү 78 368 292 төгрөг дээр гэрээ байгуулан төлөх хүсэлтийг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. /хх61-66/

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-д талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэж заасан ба хариуцагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2 994 000 төгрөг төлсөн гэх бөгөөд энэ талаар баримт хэрэгт ирүүлээгүй боловч зохигч талууд маргаагүй мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдэл 63 661 447.22 төгрөгөөс хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэлийг 2 994 000 төгрөгөөр багасгаж 60 667 447.22 төгрөг гэж тодруулсан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж, мөн зээлийнгэрээний 4 дүгээр зүйлийн  4.3-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж зааснаар хариуцагч А ХХК, Г.Д, Б.Г нараас  үндсэн зээл 60 667 447.22 төгрөг, зээлийн хүү 22 823 888. 28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 946.56 төгрөг, нотариатын төлбөр 28 000 төгрөг,  нийт 87 652 282.07 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 08-ны өдөр ЗГ/14/056 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 05 сарын 08-ны өдрийн БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр хариуцагч Б.Гийн  өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их сургуулийн гудамж 31 байрны 65 тоотод орших 46 мкв 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203018816 дугаартай орон сууц /хх12-12,26/

2014 оны 05 сарын 08-ны өдрийн БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр Б.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол  /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод орших 71.05 мкв 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203023055 дугаартай орон сууц /хх13-14, 27/,

2014 оны 05 сарын 08-ны өдрийн БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр Б.У, Ж.Батсуурь, Г.Д, Б.Ганболд, Б.Ган-Эрдэнэ нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28 дугаар гудамжны 378 Д тоот хаягт орших 700 мкв талбайтай Г-2202001816 дугаартай газар, Б.Уын өмчлөлийн мөн хаягт орших 344.9 мкв мансардтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202013944 дугаартай сууц, /хх15-16,28-29/

2014 оны 05 сарын 08-ны өдрийн БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр хариуцагч Г.Дын өмчлөлийн 48 128 000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгө /хх17-18/ тус тус барьцаалсан байна.

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан, улсын бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч талаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн ихэнх хэсгийг төлсөн,  үнийн дүн багассан тул барьцаалагч Б.Г, Б.У нарын өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг хангах үндэслэлгүй байна. Учир нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр барьцаа хөрөнгөө чөлөөлж авах эрхтэй, 5 дугаар зүйлийн 5.2.6-д банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй гэж,

Барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлснээр дуусгавар болно гэж, 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж, барьцаалуулагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэг биелэгдэж дуусгавар болоогүй байх тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээр дурдсан барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК, Г.Д, Б.Г нараас 87 652 282.07 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А ХХК, Г.Д, Б.Г нар шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их сургуулийн гудамж 31 байрны 65 тоотод орших 46 мкв 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203018816 дугаартай орон сууц,

Б.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол  /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод орших 71.05 мкв 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203023055 дугаартай орон сууц,

Иргэн Б.Уын өмчлөлийн эрхийн улсынбүртгэлийн Ү-2202013944 тоот бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,  дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод орших, 344.9 м.кв талбайтай мансардтай хоёр давхар, хувийн сууц,

Иргэн Б.У, Ж.Б, Г.Д, Б.Г, Б.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй,  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28 дугаар гудамжны 378 Д тоотод орших 700 мкв талбайтай газар,

БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан 48 128 000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Төв аймгийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  681 381 төгрөгийг  төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас  681381  төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН  банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН