Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/635

 

 

 

 

   2022          07          26                                  2022/ШЦТ/635

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Э.Г,

нарийн бичгийн даргаар Ч.Алтнай,

улсын яллагч Ж.Баянжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2211006231198 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Шарнууд овогт Э.Г

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Э.Г 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялалт плаза” орчимд явж байхдаа хохирогч Б.Уийн гээсэн “Самсунг А12” маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 399,200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

            - шүүгдэгч Э.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны шөнө өөрийн найз Тунгалагтамирын хамт шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа “Нисдэг машин”-ы урд талд байрлах “Ялалт плаза”- гийн нэг давхарт байрлах “СU” сүлжээ дэлгүүрт орж үйлчлүүлсэн бөгөөд тухайн дэлгүүрт ойролцоогоор 20орчим минут болоод гарсан байдаг юм. Тухайн газраас гараад найзынхаа хамт такси бариад явж байгаад гар утсаа байгаа эсэхийг үзэхэд гар утас маань байхгүй байсан ингээд би “Бөмбөгөр” худалдааны төвийн гэрлэн дохио дээр буугаад тухайн дэлгүүр лүүгээ гүйж очоод гэтэл гар утас маань байхгүй байсан. Ингээд өөрийн утас руу залгахад нэг эрэгтэй хүн авч байсан бөгөөд “...“Ялалт плаза” төвийн хаалган дээрээс олсон,шагналыг нь өгвөл аваачаад өгье” гэсэн тэгэхээр нь би “за ойлголоо, та өөрийнхөө дугаарыг өгөөч” гэсэн чинь “би утсыг чинь унтраахгүй аваачаад өгье” гэж хэлсэн. Ингээд хэсэг байж байгаад залгаж үзтэл гар утас маань холбогдох боломжгүй гэсэн дохио өгч байсан. Би гар утсандаа хамгийн сүүлд 94191164, 89907991 гэсэн дугааруудыг ашиглаж байсан. Миний гар утасны имей дугаар нь 355423962225194 гэсэн имей дугаартай байсан, гар утас маань дэлгэцийн кодтой байсан. Би гар утсаа хамгийн сүүлд “СU” дэлгүүрт байхдаа ашиглаж байгаад гарах хүртлээ утсаар яриад байж байсан бөгөөд “СU” дэлгүүрээс гар утсаа аваад гарснаа санаж байна. “Ялалт плаза” төвийн урд талд халаасандаа хийхдээ унагаасан байх гэж бодож байна. Би гар утсаа ямар нэгэн байдлаар хулгайд алдаагүй өөрөө хаяж гээсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЧД1-22-418 дугаартай хохирлын тооцоо гаргасан үнэлгээ /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

- ”Юнител” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05-01/3909 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

- 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Э.Гаас эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн, авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

- шүүгдэгч Э.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар Э.Г нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялалт плаза” орчимд явж байхдаа хохирогч Б.Учралмаагийн гээсэн “Самсунг” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөртөө авч ашиглан завшиж, нийт 399.200 төгрөгийн хохирол учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Э.Г нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялалт” плаза орчимд явж байхдаа хохирогч Б.Учралмаагийн гээсэн “Самсунг” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөртөө авч ашиглан завшиж, нийт 399.200 төгрөгийн хохирол учруулсан бусдын өмчлөх эрхийн эсрэг хийсэн нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Б.Учралмаагийн: “...гар утсаа буцаан авсан гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Э.Гыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Шарнууд овогт Э.Гыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ