Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2551

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01955 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Б, М ХХК нарт холбогдох  

99114524 дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх, шилжүүлэн бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баярмаа

Хариуцагч Т.Б

Хариуцагч Т.Бийн өмгөөлөгч: Д.Мөнхтуяа

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Чинхүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.М нь М ХХКкомпанитай гэрээ байгуулан 99114524 дугаарыг 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ашигласан. Үүнээс хойш 2007 оны 11 дүгээр сарын 08, 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус тус шинэчилсэн гэрээг М ХХКкомпанитай байгуулж байсан. Б.М нь хүнд өвчтэй, өвчний улмаас эмчилгээний төлбөр шаардагдаж байсан тул 2014 оны 10 дугаар сарын 21-нд Т.Бтэй н.Батзоригоор зуучлуулж, утасны дугаараа барьцаалж, зээл олгооч гэсэн хүсэлт тавьж, биечлэн уулзаж 6 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Б.М Мобиком компани дээр ирж Т.Бд дугаараа шилжүүлж өгсөн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 21-нээс 2015 оны 06 дугаар сарын 05-ныг хүртэл хугацаанд зээлийнхээ хүүгийн төлбөрт нь хүнээр дамжуулж 7 000 000 орчим төгрөгийг өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэхэд зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан. Б.М нь 6 000 000 төгрөгөөс гадна дахин хүсэлт тавьж 14 000 000 төгрөг зээлж авсан, ингэхдээ мөн л 92-93 УНУ Lexus LX470 маркийн авто машиныг барьцаалж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлж авсан. Мөн өмнөх утас барьцаалсан болзлын адил уг машиныг Т.Бийн нэр дээр шилжүүлсэн. Ингээд нийт 20 000 000 төгрөгийг Т.Бээс зээлж авсан бөгөөд үүнийгээ 2015 оны 04 дүгээр сарын 15-нд 10 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-нд 10 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Б.М нь Итгэл хүлэг ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тус төлбөрийг Б.Мийн өмнөөс тус компаниас төлж барагдуулсан. Т.Б нь 2015 оны 06 дугаар сарын 19-нд машиныг нь буцаан Б.Мийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн өдрөө Мобиком компани дээр очиж дугаар шилжүүлэх гэтэл ажлын цаг дууссан учир маргааш шилжүүлье гээд түүнээс хойш өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй учир шүүхэд хандсан. Т.Бийн нэр дээр 99114524 дугаарын гэрээ шилжсэн боловч хэрэглэж, ашиглаж, эзэмшиж байсан хүн нь Б.М өөрөө байсан. Б.М өөрөө утасны төлбөрөө төлдөг. Харин 2016 оны 11 дүгээр сараас сим картыг хариуцагч шинээр сэргээж авсан учир Б.М уг дугаарыг эзэмшиж ашиглах ямар ч боломжгүй болсон. Тийм учраас талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Б.Мийг 99114524 дугаарын эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хариуцагч Т.Бд 99114524 дугаарын эзэмших эрхийн гэрээг Б.Мийн нэр дээр эргүүлэн шилжүүлэхийг даалгаж, мөн М ХХКХХК-д 99114524 дугаарын эзэмших эрхийн гэрээг Б.Мийн нэр дээр буцаан бүртгэхийг даалгаж өгнө үү. Б.М нь утсаа худалдаагүй, ийм гэрээ хийсэн гэсэн баримт ч байхгүй, бас зээлийн хүү төлсөн гэдэг баримт ч байдаггүй. Б.М 7 000 000 төгрөг хүүнд төлсөн боловч баримт авч үлдээгүй. Тодорхой хэмжээгээр хүү авч байсан гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрсөн. 2016 оны 11 дүгээр сар хүртэл энэ дугаарыг эзэмшиж байсан гэдэг нь Б.М эзэмшиж байсан нь түүний эхнэр н.Булганхишигтэйгээ харьцаж байсан мобикомын лавлагаагаар тогтоогдоно.

Гэрч А.Б нь тухайн үед болсон явдлыг мэдүүлсэн. Гэрч Ө.Э нь зээлийн мөнгийг төлж өгсөн гэдгийг мэдүүлсэн. Б.М нь нийтдээ 20 000 000 төгрөг зээлсэн, түүндээ машин, дугаар хоёрыг барьцаалсан, түүнээс биш 10 000 000 төгрөгөөр дугаараа худалдсан зүйл огт байхгүй гэжээ. 

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б.М, Т.Б нарын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах гэж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Уг харилцааны үүрэг болох барьцааны зүйл 99114524 дугаарын эзэмших эрхийг барьцаалсан үйл баримт тогтоогдоогүй. Харин Т.Б нь Б.Мийн 99114524 дугаарын утсыг өөрөө 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 2014 оны 10 дугаар сарын 21-нд М ХХКХХК-ийн дотоод журмын дагуу эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн. Ингээд уг дугаарыг худалдаж авсан. Харин 92-93 УНУ Lexus LX470 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалах гэрээг хийсэн. Б.М түр ашиглуулаач гэсний дагуу ашиглаж байсан. Зээлийн гэрээний үүрэг дуусаад Т.Б өөрийн эзэмшилдээ ашигласан. Талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр хийсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа учир зээлийн гэрээний үүргийг хангах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, Б.Мд шаардах эрх үүссэн үйл баримт тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээний барьцаанд 99114524 дугаарын эзэмших эрхийг барьцаалсан. Энэ зээлийн гэрээ дуусгавар болоход энэ дугаарыг буцааж Б.Мийн нэр дээр шилжүүлэх гэсэн гэрээ хэлцэл, факт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Манайх 30 000 000 төгрөгийн асуудал ярьж байгаа. Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шилжүүлэх гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг Б.Мд олгосон. Мөн дээр нь автомашиныг барьцаалж 20 000 000 төгрөгийн зээл өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 16-нд н.Болорчимэгийн дансанд 10 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-нд 10 000 000 төгрөг тус тус төлснийг зөвшөөрч байгаа. Мөн өдрөө Автотээврийн үндэсний төв дээр очиж барьцаалсан 92-93 УНУ улсын дугаартай автомашиныг Б.Мийн нэр дээр шилжүүлсэн. Т.Б 10 000 000 төгрөгөөр дугаар худалдаж авсан нь эрх шилжүүлэх гэрээгээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч М ХХКХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.М болон Т.Б нарын хооронд тухайн үед харилцан тохиролцож хийгдсэн хэлцлээс энэхүү маргаан үүдэлтэй. Үйлчилгээний журмын дагуу үйлчилгээ үзүүлж, 99114524 гэсэн дугаарыг Б.Мийн өөрийнх нь хүсэлтийн дагуу Т.Бийн нэр дээр эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Үүнд манай байгууллагын буруутай байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан М ХХКХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мийг 99114524 дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг дугаарын эрхийг Б.Мийн нэр дээр шилжүүлэх, шилжүүлэн бүртгэхийг хариуцагч М ХХКХХК болон хариуцагч Т.Б нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 150 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нь 92-93 УНУ Lexus LX470 маркийн авто машиныг Т.Бд барьцаалж, 20 000 000 төгрөг зээлж авсан гэж тайлбарласныг, хариуцагч зөвшөөрдөг, маргадаггүй. Харин нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 99114524 дугаарыг барьцаалж, 6 000 000 төгрөг зээлж авсан гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд үүнийг хариуцагч зөвшөөрөхгүй маргадаг.

Шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлийг буруу ойлгон тайлбарлан хийсэн дүгнэлтээ "...Тээврийн хэрэгслийн лавлагаа, 99114524 дугаарын эрхийг шилжүүлэх тухай гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна" гэж үзсэнийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 99114524 дугаарыг барьцаалж, 6 000 000 төгрөг зээлж авсан гэж худал тайлбарладаг нь хариуцагчийн зүгээс гэрчээр оролцуулсан, гэрч Б.Уламбаярын маргаан бүхий дугаарыг 10 000 000 төгрөгөөр худалдаж авахад би хамт байсан, тортой 10 сая орчим төгрөгийг авчруулаад өгсөн гэх гэрчийн мэдүүлэг, 99114524 дугаарын  эрхийг шилжүүлэх тухай гэрээ, хариуцагч "Мобиком корпораци" ХХК-ийн дугаарын эрхийг нэхэмжлэгч Б.М биечлэн ирж, үр дагаврыг бүрэн ухамсарлаж шилжүүлдэг, энэ нь зээлийн гэрээ байх боломжгүй гэсэн тайлбараар нотлогддог.

Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Б нь Б.Мтэй 99114524 дугаарыг 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 99114524 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэсэн заалтыг зөрчиж хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчин, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-т бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцэл гэрчээр нотлох эрхээ алдсан байхад согтуу байсан гэрчийн мэдүүлгийг үнэлсэн, талууд хооронд хүүтэй зээлийн гэрээ бичгээр байхгүй, зээл төлсөн талаарх баримт байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М ХХК, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг биелүүлж 99114524 дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх, шилжүүлэн бүртгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Б эс зөвшөөрч дугаарыг 10 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж, хариуцагч М ХХК нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн дагуу дугаарыг шилжүүлэх гэрээг хийсэн гэж тус тус тайлбарлан маргажээ. 

Хэрэгт 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 000 000 төгрөгийн дүн бүхий хариуцагч Т.Бийн гарын үсэгтэй “Итгэлт хүлэг” ХХК-иас бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ХААН банк дахь А.Болорцэцэгийн 5099105060 тоот дансанд “Итгэлт хүлэг” ХХК-иас 10 000 000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны 19100501 тоот шилжүүлгийн мэдээлэл, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 000 000 төгрөгийн дүн бүхий хариуцагч Т.Бийн гарын үсэгтэй “Итгэлт хүлэг” ХХК-иас бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, мөн өдрийн “Итгэлт хүлэг” ХХК-ийн 10 000 000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний зарлагын баримтууд авагдсан байх ба хариуцагч Т.Бд 2015 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны хооронд нийт 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мээс зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн талаарх үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. /хх 12-15/ 

            Б.М, Т.Б нар нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрсдийн хүсэл зоригийн дагуу 99114524 дугаарын эрхийг шилжүүлэх тухай “Гэрээ шилжүүлэх” баримтыг үйлдсэн, хариуцагч М ХХК-ийн хувьд уг 99114524 дугаарын эзэмших эрхээ шилжүүлсэн үйлдлийг бүртгэх үүрэгтэй болохоос нэхэмжлэгч Б.Мийн өмнө ямар нэгэн үүрэг үүсээгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Мийн эзэмших эрхтэй дугаарыг М ХХК эзэмшиж, ашиглах эрхгүй тул хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Гэрч Б.Уламбаярын “...Б.Мээс архи үнэртэж байсан, гэхдээ өөрийгөө удирдаж чадахгүй хэмжээнд согтуу байгаагүй. Өөрөө ТҮЦ машинаас лавлагаа аваад дугаар дуудах үед нь өөрөө очиж шилжүүлсэн” гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн “...Б.М нь өөрийн биеээр очиж шилжүүлсэн, түүнд маргаагүй...” гэх тайлбар зэргийг харьцуулан үзэхэд Б.М нь 99114524 дугаарыг өөрийн хүсэл зоригийн дагуу шилжүүлсэн гэж үзнэ. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №2635 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Гэрээ шилжүүлэх” гэсэн баримтын зүүн дунд хэсэгт “Шилжүүлж буй хэрэглэгчийг төлөөлж” гэсэн хэсэгт байрлах шинжилж буй гарын үсэг нь Б.Мийн гэх гарын үсгийн загвартай бүтцээрээ тохирохгүй” гэснийг зөвхөн үндэслэл болгон дугаар шилжүүлэх хэлцэл хийгдээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу байна.

 

            Хариуцагч нь зээлүүлсэн 20 000 000 төгрөгөөс гадна 99114524 дугаарыг 10 000 000 төгрөгөөр худалдан авч гэрээг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

            Б.М, Т.Б нарын хооронд утасны дугаарыг шилжүүлсэн байх боловч хариу төлбөртэйгээр буюу худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн хувьд 99114524 дугаарыг эзэмшиж, ашиглах эрхийг М ХХК-тай гэрээний үндсэн дээр олж авсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар уг дугаарын шударга эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар уг дугаарыг ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийн нэгэн адил шаардлага гаргах эрхтэй. Ийнхүү дугаарыг эзэмшиж, ашиглах эрхийг хууль зүйн үндэслэлтэй олж авсан эзэмшигч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгчийн нэгэн адил нэхэмжлэл гаргах эрхтэй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Т.Бээс уг дугаар ашиглах эрхийг буцаан шаардах эрхтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мийг 99114524 дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг дугаарын эрхийг Б.Мийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Т.Бд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “...хариуцагч Т.Бээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                    

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН