Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 181

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч В.Төгсбаяр,

хохирогч Д.Түвшинжаргал,

шүүгдэгч Д.Нэргүй,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0-410/, С.Дэлгэрмаа /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0-414/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйл овгийн Доржнамжины Нэргүйд холбогдох эрүүгийн 2016 2601 0994 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн “А-1” танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бэйл овгийн Доржнамжины Нэргүй Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Жавхлан Тангад” ХХК-нд жолооч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 4, эхнэр 19-23 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороололын 37-А байрны 28 тоотод оршин суух, ЙР70040114 дугаарын регистртэй, урьд ял шийтгэл:

-2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

-2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 18 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2010 оны 08 дугаар сарын 19-ны өдөр  хугацаа дуусч суллагдсан.

 

             Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

   Шүүгдэгч Д.Нэргүй нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Жавлант Тангад” ХХК-ийн 114 айлын орон сууцны барилгын гражаас 01-79 УНЗ улсын дугаартай “Киа Пронтер” маркийн машиныг жолоодож гарах гэж байгаад гражийн өгсүүр шороон зам дээр машиныг хүч алдуулан хойшоогоо ухрааж машины ард байсан иргэн Д.Түвшинжаргалыг бетонон хашлага болон автомашины завсар хавчиж бие махбодид нь “Нарийн бүдүүн гэдэсний урагдал, сэмжний язрал, хэвлийн хөндийд цус хуралт, баруун талын умдаг ясны далд хугарал” бүхий учрах үедээ амь насанд нь аюултай хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нэргүй мэдүүлэхдээ: “Жавхлан Тангад” ХХК-д жолооч хийж байхдаа 2016 оны 03 дугаар сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 114-н айлын орон сууцыг барьж байхад 01-79 улсын дугаартай “Пронтер” загварын машинаар 10 дугаар хороололоос арматур таслагч ачиж ирээд граж дотор буулгасан. Ачаа буулгачихаад гарах гэж байтал машин өөдөө гарахгүй, хий эргээд байсан болохоор нь манай компанийн ажилчид түрж өгсөн. Тэр үед би машинаа жолоодоод сууж байтал манай компанийн ажилчидтай Д.Түвшинжаргал, ахтайгаа ирээд туслах гэж машин түрэлцэж өгсөн юм байна лээ. Тэгээд хий эргээд тоормос гишгээд кардан татсан боловч сул шороон дээр хий эргээд инерцээрээ арагшаа ухраад ард нь байсан Д.Түвшинжаргал хавчуулагдсан. Би хүн хавчуулагдчихлаа гэхээр нь нэгдүгээр араандаа хийгээд урагшаа болоод зогссон. Компани хохирогч Д.Түвшинжаргалд 1,600,000 төгрөг төлсөн. Би байгууллагадаа 1,600,000 төгрөгийг цалингаасаа цувуулж төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Д.Түвшинжаргал мэдүүлэхдээ: “Жавхлан Тангад” ХХК-ийн урьд баригдсан барилгуудынх нь агааржуулалтын салхивчийг нь хийдэг байсан. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хийх ажил гарсан эсэхийг асуух гэж тус компани дээр очсон. Ажил асуугаад явж байтал гражид байсан машин нь хий эргээд гарахгүй байсан болохоор түрэлцэх гэж очсон. Машины баруун талд олон хүн байсан болохоор нь араар нь тойроод зүүн талд нь гарч гарч түрэлцэх гээд явж байтал ухраж ирээд мөргөсөн. Тэгээд хувийн эмнэлэгт очиж Эход харуулахад давсаг хагараагүй байна, гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж зөвлөсөн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход эмч нь байхгүй гэсэн. Тэгэхээр нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиж компьютер томографик хийлгэхэд гэдсэнд цус хуралттай, бүдүүн гэдэс гэмтсэн, хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Хагалгаанд орсон. Хагалгааны зардал нь 300,000 төгрөг болсон. Үүнийг ” Жавхлан тангад” ХХК төлсөн. 40,000 төгрөгөөр мөн наалт авч өгсөн. Эм тариаг “Жавхлан тангад” ХХК-иас авч өгч байсан. Надаас мөнгө гараагүй. Эмнэлгээс гарсаны дараа надад тэтгэмж гэж “Жавхлан тангад” ХХК нь 500,000 төгрөгөөр 2 удаа, нэг удаа 600,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг бэлнээр өгсөн.  Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

 

Эрүүгийн 2016 2601 0994 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

 

1.Хохирогч Д.Түвшинжаргалын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн төрсөн ах Д.Аззаяагийн хамт ажил ярих гээд “Жавхлан Тангад” ХХК-ны барилга дээр очсон. Манай ах дотор оффис руу нь ороод ажлаа ярих хооронд нь би гадаа байж байтал ах гарч ирсэн. Тэр хооронд барилгын граж руу юм ачсан “Пронтер” машин ороод буцаад гарч ирэхдээ сул шороон дээр хий эргээд гарахгүй байсан. Тэгэхээр нь ах бид хоёр түрж өгөхөөр очсон. Бид хоёр,  гаднаас 5-6 залуу бас түрж байсан. Би машины баруун талаар очтол тэр талд хүмүүс байхаар нь зүүн талд нь гарах гээд араар нь тойртол машин гэнэт хүч алдаад ухраад би холдож амжаагүй байхад ард байсан ханатай хавчсан. Тэгээд машин урагшлаад би өөрөө босоод нойл орж бие зассан. Барилгын цайны газар ороод буцаад гарах гэтэл хөдөлж болохгүй байсан. Тэгээд тус барилгын ХАБ-ын инженер дагуулаад намайг хажуу талын хувийн эмнэлэг рүү ороод ЭХО-д харуулсан. Тэндээс гараад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очон. Хагалгаанд орсон. Миний нарийн гэдэс, чацархай цоорч, аарцаг цуурсан гэсэн байсан. Хагалгаанд ороод эмчлүүлсэн. Одоо ямар нэгэн зовиур байхгүй, 2-3 сарын хугацаанд хүнд юм өргөж болохгүй гэсэн. Машины жолооч намайг машин түрээд өгөөч гэж гуйгаагүй. Би өөрөө сайн дураараа туслах гэж очсон. Миний эмчилгээний бүх зардлыг барагдуулсан. Мөн ажилгүй байх үеийн тэтгэмж зэрэг бүх хохирлыг  барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [1],

-Түүний 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлсэн: “...Би хохирлын мөнгө авахдаа гурав хувааж бэлнээр авсан. Банкаар дансаар шилжүүлээгүй учраас баримт байхгүй. Тэр барилгыг ...сүүлд сонсоход “Жавхлан Тангад” ХХК-ын захиалгаар баригдаж байгаа барилга гэж байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

2.Гэрч Д.Батбаатарын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “... Би “Жавхлан Тангад” ХХК-нд ХАБ-ын инженер хийдэг. Д.Нэргүй манай байгууллагад 2015 оны 11 дүгээр сараас эхлэн жолоочоор ажилд орж, одоог хүртэл ажиллаж байна. ...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг өнгөрч байхад би барилгын дээд давхруудаар явж ажлаа шалгаж байгаад ажилчдаас сүүлд хоолонд орсон. Хоолоо идэх гээд сууж байтал манай туслах ХАБ-ын ажилтан ирээд “хүн машинд хавчуулагдчихлаа” гэж хэлсэн. ...Намайг очиход машинд хавчуулагдсан залуу ахтайгаа хашааны хажууд сууж байсан. Биеийн байдлыг нь хараад тэр залууг бие засуулсан чинь зүгээр байсан. Тэр залууг хажуу талд байдаг эмнэлэг рүү оруулаад ЭХО-д харуултал эмч Гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүл гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгийн рентгэн, томографикт харуулахад гайгүй байна гэсэн боловч тэр залуугийн бие тааруу байсан. Тэгээд “Мөнгөн гүүр” эмнэлэгийн MRI-д харуултал аарцагны яс цуурсан онош гарсан. Буцаад гэмтлийн эмнэлэгт очоод хэвтүүлээд хагалгаанд оруулсан. Өдөр болгон би зааварчилгаа өгдөг. Тэр өдөр Д.Нэргүйд би зааварчилгаа өгсөн. Тэр өдөр манай ХАБ-ын ажилтан Баасанцэрэн зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байсан. Хохирогч манай байгууллагын ажилтан биш, ахтайгаа хамт ажил яриад явж байсан залуу байна лээ. Манай байгууллага хохирогчийн эмчилгээний зардал болон хохирлыг бүрэн барагдуулсан. Ажилгүй байх үеийн бүх тэтгэмжийг өгсөн...” гэх мэдүүлэг [3],

-Түүний 2016 оны 08 дугаар сарын 08-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай барилга угсралтын ажил эхлээгүй байсан. Тэгэхдээ барилгын ажилчдад өдөр тутам ХАБ-ын ажилтан Баасанцэрэн зааварчилгаа өгч би түүнд нь хяналт тавьдаг. Би шалгаад өөрөө гарын үсэг зурдаг байсан. Тэр өдөр Д.Нэргүй зааварчилгаа авч гарын үсэг зурсан байсан. Баасанцэрэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх эрхтэй албан тушаалтан мөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хүрээнд зааварчилгаа өгдөг. “Жавхлан Тангад” ХХК-ийн захирлын гаргасан тушаалын дагуу эрх олгогдож зааварчилгаа өгдөг. ...01-79 УНЗ улсын дугаартай машин нь “Шинэ мөрөөдөл” ХХК-ны эзэмшлийн машин юм. ...“Шинэ мөрөөдөл” ХХК нь манай байгууллагын охин компани учраас тэдний техник хэрэгслийг гуйж хэрэглэдэг. “Жавхлан Тангад” ХХК-ийн захирал Ч.Цогсайхан гэдэг хүн байдаг. Түүний төрсөн эгч нь М.Цогжавхаа гэдэг хүн байдаг. Тухайн үед “Жавхлан Тангад” ХХК нь орон сууцны барилга захиалагч гэдгээр явж, “Бүргэд констракшн” ХХК бол барилгын карказ угсралтыг хийсэн гүйцэтгэгч компани юм. Манай компани бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд “Бүргэд констракшн” ХХК-иас мөнгө авч хэрэглэдэг. Хэрэг болох үед манай байгууллага “Бүргэд констракшн” ХХК-иас бэлэн мөнгө аваад хохирогч Түвшинжаргалд эмчилгээний зардал гэж өгсөн. Энэ хоёр компани эгч дүүсийн компани учраас мөнгө төгрөг өгч авалцах асуудал байдаг...” гэх мэдүүлэг [4],

 

3.Гэрч Д.Буянжаргалын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би “Жавхлан Тангад” ХХК-нд ажилд ороод 1 жил болж байна. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцны барилга дээр ажиллаж байгаа. Тэр өдөр 13 цаг өнгөрөөгөөд 14 цагийн үед манай байгууллагын жолооч Д.Нэргүй машинтайгаа арматур тасдагч төмөр ачиж авчирсан. Граж руу ороод тасдагч машинаа бид нар буулгачихаад, машин түрүүлж гараад бид нар ардаас нь гарсан. Тэгээд машин дээшээ гарах гэж байгаад хий эргээд гарахгүй байхаар нь бид машины ардаас нь түрсэн. Түрж байтал машин гарахгүй байсан чинь манай ажилчин биш гурван залуу ирээд цуг түрэлцсэн. Түрж байтал машин хойшоогоо хүч алдаад ухарсан. Нэг хүн “ард хүн хавчуулагдчихлаа” гэж орилохоор нь харсан чинь машин гражийн бетонон хана хоёрын завсар сүүлд ирж түрсэн гурван залуугийн нэг нь хавчуулагдчихсан байсан. Тэгээд машин урагшлаад тэр залууг ах нь түшээд авсан. Тэгээд манай байгууллагын ХАБ-ын инженер тэр залууг эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан гэсэн. Манай байгууллагын жолооч хааяа ганц нэг удаа ачаа аваад ирж л байдаг юм. ...” гэх мэдүүлэг [5],

 

4.Гэрч Н.Ууганбаярын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бид хоолондоо ороод гарч ирж байтал талбайн инженер Алтанцэцэг гэдэг хүн та нар граж руу ороод арматур тасдагч машин буулгаадах гэсэн. Тэгээд граж руу ороод машин дээр байсан тасдагчийг буулгаад машин гарсан. Бид ардаас нь гартал машин өөдөө хий эргээд гарахгүй байсан. Тэгээд бид нар түрцгээж байтал манай ажилчин биш танихгүй 2-3 залуу ирээд түрэлцсэн. Түрж байтал машин гэнэт хойшоо хүч алдаад ухарсан. Тэгтэл нөгөө гурван залуугийн нэг нь машин, гражийн бетонон хана хоёрын завсар хавчуулагдчихсан. Бид нар хүн хавчуулчихлаа гээд орилтол жолооч урагшлаад гаргасан чинь тэр залуу гэдсээ дарж суучихаад зүгээр гээд байсан. ...Өглөө ажилд гарахад манай байгууллагын ХАБ-ын ажилтан Баасанцэрэн гэдэг залуу зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг. ...” гэх мэдүүлэг [6],

 

5.Гэрч З.Очирпүрэвийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Би “Жавхлан Тангад” ХХК-нд ажилд ороод 1 жил болж байна. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцны барилга дээр ажиллаж байгаа. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бид хоолондоо ороод гарч ирж байтал талбайн инженер Аптанцэцэг гэдэг хүн “та нар граж руу ороод арматур тасдагч машин буулгаадах” гэсэн. Тэгээд граж руу ороод машин дээр байсан тасдагчийг буулгаад машин гарсан. Бид  ардаас нь гартал машин өөдөө хий эргээд гарахгүй байсан. Бид түрцгээж байтал манай ажилчин биш танихгүй 2-3 залуу ирээд түрэлцсэн. Түрж байтал машин гэнэт хойшоо хүч алдаад ухарсан. Тэгтэл нөгөө 3 залуугийн нэг нь машин гражийн бетонон хана хоёрын  завсар хавчуулагдчихсан. Тэгээд бид нар хүн хавчуулчихлаа гээд орилтол жолооч урагшлаад гаргасан чинь тэр залуу гэдсээ дарж суучихаад зүгээр гээд байсан. Өглөө ажилд гарахад манай байгууллагын ХАБ-ын ажилтан Баасанцэрэн гэдэг залуу зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг. ...” гэх мэдүүлэг [7],

 

6.Гэрч С.Алтанцэцэгийн 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...”Жавхлан Тангад” ХХК бол барилга захиалж бариулж байгаа компани юм. Миний хийж гүйцэтгэх ажил бол баригдаж байгаа барилга зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэх, бараа материалын орц нормыг хянах, чанарыг хянах ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай барилгын ажил эхлээгүй бэлтгэл ажлаа хийгээд байж байсан. Тэр өдөр тагтны хашлага гагнах шаардлагатай байсан учраас арматур тасдагчийг авчир гэж жолооч Нэргүйд би хэлсэн. “Шинэ мөрөөдөл “ ХХК-ны эзэмшлийн 01-79 УНЗ улсын дугаартай машиныг жолоодоод ир гэж хэлсэн. “Шинэ мөрөөдөл”, “Жавхлан Тангад”, “Бүргэд констракшн” зэрэг компаниуд нь ах, эгч, дүүсийн компани учраас шаардлагатай үедээ тээврийн хэрэгсэл бусад эд зүйлүүдээ түр авч хэрэглэх асуудал байдаг. Барилгын бэлтгэл ажлаа хангахын тулд жолоочид эд зүйл ачиж авчир, бараа материал татах зэрэг ажилтай холбогдолтой асуудлын талаар үүрэг даалгаварыг би өгөх эрхтэй. ....” гэх мэдүүлэг [8],

 

7.Д.Нэргүйн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд би 10 дугаар хорооллоос арматур тасдагч машин ачиж авчраад 21 дүгээр хороололд баригдаж байгаа “Жавхлан Тангад" ХХК-ны барилгын граж дотор буулгачихаад эргээд гарах гэтэл машин гражийн өгсүүр дээр гарахгүй хий эргээд байсан. Тэгэхээр нь би ажилчдаа дуудаад машинаа түрүүлсэн. Манай ажлын зургаан залуу машиныг маань түрж байтал цаанаас манай компанид ажилладаггүй нэг залуу ирээд машин түрэлцсэн. Тэгээд өөдөө гарахгүй хий эргэж байгаад машин хойшоо хүч алдаад ухарсан. Тэр үед би тоормосоо гишгэсэн боловч машин хойшоогоо гулсаад байсан. Тэгээд нэг нь хүн хавчуулагдчихлаа гээд орилохоор нь би машинаа 1-р араанд нь хийгээд урагшаа болоод зогссон. Тэгээд буугаад хартал нэг залуу эвхрээд зогсоод байсан. Тэгээд би эмнэлэг дуудах уу гэтэл тэр залуу өөрөө гайгүй болчихно байж бай гээд байсан. Тэр залуу ахтайгаа хамт яваад ариун цэврийн өрөө орж бие засчихаад ирсэн. Тэгээд манай оффис руу орсон. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан байх, би гайгүй гэхээр нь машинаа унаад 10 дугаар хороолол руу машинаа янзлахаар явсан. Орой гэртээ байж байтал 21 цаг өнгөрөөгөөд манай ажлаас над руу залгаад ажил дээр хүрээд ир гээд дуудахаар нь ажил дээрээ очиж хэмжилт хийгээд замын цагдаагийн газар руу явсан. Би грашнаас гараад хартал грашнаас өгсөөд гардаг зам чөлөөтэй ямар нэгэн саад байхгүй байсан. Тэгээд би машинаараа дайруулаад гарах гэтэл машин хий эргээд дээшээ гарахгүй байсан. Машин бол ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр явж байсан. Тухайн үед машин хойшоо гулсахад л гар тоормосоо татахад ажиллахгүй байсан. Тэр зам өдөр 14 цагийн үед байсан учраас гэрэлтэй орчны бүх зүйл харагдаж байсан. Дээшээ өгсүүр, гадаргуу дээрээ сул хайргатай байсан, хайрга нь нойтон байсан. Тэгээд машин хий эргээд дээшээ гараагүй. Би дээшээ гарах гэж байхдаа толиндоо хараагүй, хүн хавчуулагдчихлаа гэж хүн орилохоор нь мэдсэн.  “Шинэ мөрөөдөл” ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгсэл 01-79 УНЗ улсын дугаартай “Киа Пронтер” загварын машин юм. Манай байгууллагын инженер Алтанцэцэг гэдэг хүн над руу залгаад 01-79 УНЗ улсын дугаартай машиныг унаад тасдагч машин ачаад 21 дээр хүрээд ир гэсэн. Би тэр машиныг унаад явсан юм. Тухайн үед машин зүгээр асаж байсан.  Тэгээд би унаад явсан. Би машины бүрэн бүтэн байдлыг шалгаж үзээгүй. “Жавхлан Тангад” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Жолоочийн орон тоон дээр ажилладаг. Машины бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцах ёстой. Би ажил үүргийн хуваарь дээр ямар заалт байдаг талаар сайн мэдэхгүй байна.  Би тэр хүнийг танихгүй, машинд дайруулсан хойно нь л мэддэг болсон. Би өмнө нь муудалцаж байгаагүй, маргалдаж муудалцаж байсан тохиолдол байхгүй. Би 2002 онд жолооны курст сурч жолооч болсон.  В,С,D,Е ангилалтай. Би хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг [9],

-яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Машин нь “Шинэ мөрөөдөл” ХХК-ны машин юм. Намайг тэр өдөр “Жавхлан Тангад” ХХК-ны барилгын инженер Алтанцэцэг тэр машиныг унаад арматур тасдагч аваад ир гэсэн. Би 10 дугаар орооллоос очиж аваад явсан. 10-31 УНН улсын дугаартай “Киа Пронтер” 42-52 УНМ улсын дугаартай суудлын “Мазда” машиныг унаж ажилд явдаг байсан. Эдгээр тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг би хариуцдаг байсан. Би тэр тээврийн хэрэгслийг 1 удаа унаад түүний дараа 2 дахь удаагаа унахдаа л осол гаргасан. Тэр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хэн хариуцдаг талаар би мэдэхгүй. Өмнө нь ямар жолооч унадаг байсан талаар нь ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг [10],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4559 дугаартай актын:

“...1.Д.Түвшинжаргалын биед нарийн, бүдүүн гэдэсний урагдал, сэмжний язрал, хэвлийн хөндийд цус хуралт, баруун талын умдаг ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т  зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт  нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /шинжээч эмч Б.Долгормаа...” гэсэн дүгнэлт [11],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн автотехникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2326 дугаартай:

“...1.Hundai Porter маркийн 01-79 УНЗ улсын дугаартай авто машин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2.Зүүн тоормосны гэрэл, дугаарын гэрэл асахгүй, арын болон зогсоолын тоормос ажиллахгүй, салхины шил хагархай зэрэг эвдрэл гэмтэл байна.

3.Арын дугуйн тоормос болон зогсоолын тоормос ажиллахгүй нь осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй.

4.Замын налуу хэсэгт арын болон зогсоолын тоормос ажиллахгүйгээс тухайн хэсэгт хүч алдахад зогсож чадахгүй налуугийн дагуу өнхөрч осол гаргасан байна.

5.Шингэн дамжуулагатай, энгийн тоормосны системтэй. Тоормос бүрэн ажиллахгүй байна.

6.Хуурай бетон зам дээр тоормослоход урд дугуйнаас үрэлт, даралтын тоормосны мөр үүснэ. ...” [12] гэсэн дүгнэлт,

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184 дугаартай:

“...Хэрэг учрал болсон гэх газар тусгай хашаатай, аж ахуйн нэгжийн эзэмшлийн нийтийн хэрэгцээний бус зам талбай байх тул зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “Энэ дүрэмд байгаа дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно”:

Зам”-тээврийн хэрэгслээр зорчиход зариулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна.

Замын хөдөлгөөн”-нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэж заасан. ...” [13] гэсэн дүгнэлт,

 

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 2016/11 дугаартай дүгнэлтийн :

“...1.Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-д “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх” гэж заасны дагуу “Жавхлан Тангад” ХХК-ийн Барилгын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод журмыг захирал Ч.Цогсайханаар батлуулан ажиллаж байсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.7-д заасны дагуу жолооч Д.Нэргүйтэй 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ХГ/15/11/02 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан, барилгын ачаа бараа тээвэрлэж, ачааны машинуудыг хариуцаж ажиллахаар ажил олгогч, ажилтан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Жолооч Д.Нэргүйтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-д “Компанийн хөдөлмөрийн сахилга, дотоод дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийн хуваарь, компанийн үйл ажиллагааны техник, технологи, машин техникийн бүрэн бүтэн байдал, Замын хөдөлгөөний дүрмийн аюулгүй байдлыг бүрэн хариуцаж... ажиллана” хэмээн ажилтны үүрэг болгон заасан байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 4.1-д “энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараах этгээдэд үйлчилнэ”, 4.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-д заасан ажил олгогч, ажилтан”-д хамаарахаар хуулийн үйлчлэх хүрээг заасан тул хохирогч Д.Түвшинжаргалд энэ хууль үйлчлэхгүй болно.

2.Монгол улсын MNS 4969-2000 “Сургалт зохион байгуулалт” стандартын 3.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасны дагуу жолооч Д.Нэргүйд тухайн өдөр зааврчилгаа өгч гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байна.

3.Тус компанийн зоорьтой 12 давхар, үйлчилгээтэй 114 айлын орон сууцны барилгын зураг төслийг “Гендай Инженеринг” ХХК-иар хийлгэж Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржоор батлуулсан байна. Зурагт зааснаар автомашины зогсоол /граж/ нь 0 тэнхлэг буюу шалны түвшингээс доош 3,30 м, орц, гарц /пандус/-ын налуу 1280.3 хэмжээтэй байна. Тус барилгын автомашины зогсоолын орц, гарц /пандус/-ын налуу, хөрсний гадаргуугийн байдлыг /хүний үйлдэл, улирал, цаг агаарын байдлаас шалтгаалан/ тухайн үйлдэл гарсан үеийн байдлаар тогтоон дүгнэлт гаргах боломжгүй байна.

5.Дээрх үйлдэлтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна./Улсын ахлах байцаагч Я.Дамдинрагчаа/ ...” гэсэн дүгнэлт [14],

 

-2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [15],

-2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг [16],

-Хохирогч Д.Түвшинжаргалын өвчний түүхийн хуулбар [17],

-Шүүгдэгч Д.Нэргүйн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [18],

-“Жавхлан Тангад” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар [19],

-“Жавхлан тангад” ХХК, Д.Нэргүй нарын хооронд байгуулсан ХГ/15/11/02 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар [20],

-“Жавхлан Тангад” ХХК-ны гүйцэтгэх захирал Ч.Цогсайханы 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/02 дугаартай Д.Нэргүйг жолоочийн ажилд томилсон тухай тушаалын хуулбар [21],

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийн хуулбар [22],

-Шүүгдэгч Д.Нэргүйн ажлын байрны тодорхойлолт [23],

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар [24],

-Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [25], Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай магадлалын хуулбар [26]

-Д.Нэргүйн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр суллагдсан тухай баримт [27]

-Бүргэд констракшн ХХК-ний кассын зарлагын ордер баримтууд [28],

-“Бүргэд констракшн” ХХК-ний 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 177/02 дугаартай “эмчилгээний зардлыг Д.Түвшинжаргалд өгсөн тухай албан бичиг [29],

-“Жавхлан тангад” ХХК-ний  2015 онд баталсан “барилгын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод журам”-ын хуулбар [30],

-“Жавхлан тангад” ХХК-ний 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17/02 дугаартай “Д.Нэргүй нь олгосон 1,680,000 төгрөгийн цалингийн зээлийг цалингаасаа суутгуулж төлж дуусгасан тухай” албан бичиг [31] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

 

Нэг. Шүүгдэгч Д.Нэргүй нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан буюу “Жавхлан Тангад” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан 114 айлын орон сууцны барилгын гражаас техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй буюу арын дугуйн тоормос болон зогсоолын тоормос ажилладаггүй 01-79 УНЗ улсын дугаартай “Киа Пронтер” маркийн машиныг жолоодож гарах гэж байхдаа гражийн өгсүүр шороон зам дээр машиныг хүч алдуулан, хойшоогоо ухарч машины ард зогсон уг автомашиныг түрэлцэж байсан иргэн Д.Түвшинжаргалыг автомашинаараа гражийн бетонон хашлага болон автомашины завсар дунд хавчиж түүний бие махбодид нь “Нарийн бүдүүн гэдэсний урагдал, сэмжний язрал, хэвлийн хөндийд цус хуралт, баруун талын умдаг ясны далд хугарал” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Мөрдөн байцаалтад хохирогч Д.Түвшинжаргалын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ...“Жавхлан Тангад” ХХК-ийн  барилга дээр очиж ажил ярих гээд байж байсан. ...Тэр хооронд тэр барилгын граж руу юм ачсан “Пронтер” маркийн машин ороод буцаад гарч ирэхдээ сул шороон дээр хий эргээд гарахгүй байсан. Тэгэхээр нь ах бид хоёр түрж өгөхөөр очсон. Бид хоёр гаднаас 5-6 залуу бас түрж байсан. ...би машины баруун талаар очтол тэр талд хүмүүс байхаар нь зүүн талд нь гарах гээд араар нь тойртол машин гэнэт хүч алдаад ухраад би холдож амжаагүй байхад ард байсан ханатай хавчсан...” гэх мэдүүлэг [32], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд,

-гэрч Д.Батбаатарын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг өнгөрч байхад ...манай туслах ХАБ-ын ажилтан ирээд хүн машинд хавчуулагдчихлаа гэж хэлсэн. ...Тэгээд намайг очиход машинд хавчуулагдсан залуу ахтайгаа хашааны хажууд сууж байсан. ... Тэр залууг хажуу талд байдаг эмнэлэг рүү оруулаад ЭХО-д харуултал эмч Гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүл гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгийн рентгэн, томографикт харуулахад гайгүй байна гэсэн боловч тэр залуугийн бие тааруу байсан. Тэгээд “Мөнгөн гүүр” эмнэлэгийн MRI-д харуултал аарцагны яс цуурсан онош гарсан. Буцаад гэмтлийн эмнэлэгт очоод хэвтүүлээд хагалгаанд оруулсан. ...” гэх мэдүүлэг [33],

-гэрч Д.Буянжаргалын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Тэр өдөр 13 цаг өнгөрөөгөөд 14 цагийн үед манай байгууллагын жолооч Д.Нэргүй машинтайгаа арматур тасдагч төмөр ачиж авчирсан. Тэгээд граж руу ороод тасдагч машинаа буулгачихаад машин түрүүлж гараад бид ардаас нь гарсан. ...машин дээшээ гарах гэж байгаад хий эргээд гарахгүй байхаар нь бид тэр машины ардаас нь түрсэн. Түрж байтал машин гарахгүй байсан. ...манай ажилчин биш гурван залуу ирээд цуг түрэлцсэн. Түрж байтал машин хойшоогоо хүч алдаад ухарсан. Тэгсэн чинь нэг хүн ард хүн хавчуулагдчихлаа гэж орилохоор нь харсан чинь машин гражийн бетонон хана хоёрын завсар сүүлд ирж түрсэн гурван залуугийн нэг нь хавчуулагдчихсан байсан....” гэх мэдүүлэг [34],

-гэрч Н.Ууганбаярын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ...талбайн инженер Алтанцэцэг гэдэг хүн та нар граж руу ороод арматур тасдагч машин буулгаадах гэсэн. Граж руу ороод машин дээр байсан тасдагчийг буулгаад машин гарсан. Бид ардаас нь гартал машин өөдөө хий эргээд гарахгүй байсан. Тэгээд бид түрцгээж байтал манай ажилчин биш танихгүй 2-3 залуу ирээд түрэлцсэн. Түрж байтал машин гэнэт хойшоо хүч алдаад ухарсан. Тэгтэл нөгөө гурван залуугийн нэг нь машин гражийн бетонон хоёрын завсар хавчуулагдчихсан. Тэгээд бид хүн хавчуулчихлаа гээд орилтол жолооч урагшлаад гаргасан чинь тэр залуу гэдсээ дарж суучихаад зүгээр гээд байсан...” гэх мэдүүлэг [35],

-гэрч З.Очирпүрэвийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ...талбайн инженер Аптанцэцэг гэдэг хүн та нар граж руу ороод арматур тасдагч машин буулгаадах гэсэн. ...машин дээр байсан тасдагчийг буулгаад машин гарсан. ...машин өөдөө хий эргээд гарахгүй байсан. ...бид түрцгээж байтал манай ажилчин биш танихгүй 2-3 залуу ирээд түрэлцсэн. ...машин гэнэт хойшоо хүч алдаад ухарсан. Тэгтэл нөгөө гурван залуугийн нэг нь машин, гражийн бетонон хана хоёрын завсар хавчуулагдчихсан. ...” гэх мэдүүлэг [36],

-Д.Нэргүйн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд би 10 дугаар хорооллоос арматур тасдагч ачиж авчраад 21 дүгээр хороололд баригдаж байгаа “Жавхлан Тангад" ХХК-ийн  барилгын граж дотор буулгасан. ...эргээд гарах гэтэл машин гражийн өгсүүр дээр гарахгүй хий эргээд байсан. Тэгэхээр нь би ажилчдаа дуудаад машинаа түрүүлсэн. ... манай ажлын 6 залуу машиныг түрж байтал цаанаас манай компанид ажилдаггүй нэг залуу ирээд машин түрэлцсэн. Тэгээд өөдөө гарахгүй хий эргэж байгаад машин хойшоо хүч алдаад ухарсан. Тэр үед би тоормосоо гишгэсэн боловч машин хойшоогоо гулсаад байсан. Тэгээд нэг нь хүн хавчуулагдчихлаа гээд орилохоор нь би машинаа 1-р араанд нь хийгээд урагшаа болоод зогссон. ...буугаад хартал нэг залуу эвхрээд зогсоод байсан....” гэх мэдүүлэг [37] ,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4559 дугаартай актын “...Д.Түвшинжаргалын биед нарийн, бүдүүн гэдэсний урагдал, сэмжний язрал, хэвлийн хөндийд цус хуралт, баруун талын умдаг ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдсон. Гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт [38] болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Нэргүй нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Жавхлан Тангад” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 02/02 дугаартай тушаалаар жолоочийн ажилд томилогдон ажиллаж байсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн автотехникийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2326 дугаартай  дүгнэлтээр Д.Нэргүйн жолоодон явсан автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, арын дугуйн тоормос болон зогсоолын тоормос ажиллахгүй, тоормос бүрэн ажиллахгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй талаар дүгнэлт гарсан байх ба автомашиныг жолоодохын өмнө Д.Нэргүй нь автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаагүй буруутай болох нь тогтоогдож байна.

Иймд тухайн гэмт хэрэг гарсан өдөр Д.Нэргүй нь “Шинэ мөрөөдөл” ХХК-ний эзэмшлийн 01-79 УНЗ улсын дугаартай пронтер загварын автомашиныг жолоодож ажилд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, бүрэн бус техникийг жолоодон ажил үүрэг гүйцэтгэж байх явцдаа хохирогчид болгоомжгүйгээр гэмтэл учруулжээ.

Нөгөө талаас Д.Нэргүй нь “Жавхлан Тангад” ХХК-нд ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа тус гэмт хэргийг үйлдсэн тул шүүхээс ажил олгогч “Жавхлан Тангад” ХХК нь хуульд заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, ажил олгогчийн холбогдох ажилтан, өөрөөр хэлбэл хуульд заасан субъектүүд үүргээ биелүүлсэн эсэх, тэдний үйлдэлд эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах, тогтоох зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, мөрдөн байцаалтад холбогдох ажиллагааг хийсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2016/11 дугаартай дүгнэлтээр “Жавхлан Тангад” ХХК нь  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-д “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх” гэж заасны дагуу “Жавхлан Тангад” ХХК-ийн Барилгын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод журмыг захирал Ч.Цогсайханаар батлуулан ажиллаж байсан байна. ...Жолооч Д.Нэргүйтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-д “Компанийн хөдөлмөрийн сахилга, дотоод дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийн хуваарь, компанийн үйл ажиллагааны техник, технологи, машин техникийн бүрэн бүтэн байдал, Замын хөдөлгөөний дүрмийн аюулгүй байдлыг бүрэн хариуцаж... ажиллана” хэмээн ажилтны үүрэг болгон заасан байна. ...жолооч Д.Нэргүйд тухайн өдөр зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байна. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна ...” гэсэн дүгнэлт [39] гарсан байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар “Жавхлан Тангад” ХХК нь “Барилгын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод журам”-ыг [40] 2015 онд баталж, мөрдөж байжээ. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.4-т “ХАБЭА-ийн зөвлөл барилгын талбай дээр ажиллагсадад өдөр тутмын Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллах” гэж заасан байна.

“Жавхлан Тангад” ХХК-ийн ХАБ-ын ажилтан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгаа өгөх журмын дагуу Д.Нэргүйд зааварчилгаа өгч ажилд гаргасан болох нь зааварчилгаа өгсөн дэвтрийн хуулбар, гэрч Д.Батбаатарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймээс мөрдөн байцаалтын ажиллагаагаар ажил олгогч “Жавхлан Тангад” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал, ажил олгогчийн холбогдох субъектийг эрүүгийн гэмт хэрэгт татан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Д.Нэргүй “Шинэ мөрөөдөл” ХХК-ний эзэмшлийн 01-79 УНЗ улсын дугаартай пронтер загварын автомашинаар арматур төмөр тасдагчийг “Жавхлан Тангад” ХХК-ний барилгын ажлын талбайд авчирч буулгаад, баригдаж байсан орон сууцны гражаас автомашинаа гаргах явцдаа бусдад гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч Д.Нэргүйг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн байцаалтад тогтоох ажиллагааг хийхэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184 дугаартай дүгнэлтээр “хэрэг учрал болсон гэх газар нь тусгай хашаатай, аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбай байх ба уг талбай нь нийтийн хэрэгцээний талбай бус байх тул зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй тухай дүгнэжээ.

Иймд хэргийн байдлыг тал бүрээс бүрэн бодитой нотлохын хуульд заасан бүх арга хэмжээг авч, шалгавал зохих ажиллагаанууд хийгдсэн гэж үзнэ.

Дээрх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Д.Нэргүй нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа, жолоочийн хувьд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахгүйгээр ажилд гарсан, бүрэн бус техникийг ашиглан ажил үүрэг гүйцэтгэж, өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Түвшинжаргалын бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Д.Нэргүйг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Түвшинжаргалын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирч, хагалгаанд орсон байна. Энэхүү хагалгааны зардалд 300,000 төгрөг, “Мөнгөнгүүр” эмнэлэгт компьютер томографик хийлгэсэн 150,000 төгрөгийг “Жавхлан Тангад” ХХК төлсөн талаар хохирогчоос мэдүүлсэн.

Хэрэгт “Мөнгөнгүүр” эмнэлэгт компьютер томографик хийлгэсэн 150,000 төгрөг,  хэвлийн эхоны үзлэгийн 5000 төгрөг төлсөн баримтууд, мөн “Бүргэд констракшн” ХХК-ний Д.Түвшинжаргалын эм тарианы зардалд 25,210 төгрөг зарлагдан тухай кассын зарлагын ордер, Д.Түвшинжаргалд тусламж гэж 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, тэтгэмж гэж 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 500,000 төгрөг, буцалтгүй тусламж гэж 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 680,000 төгрөг тус тус өгсөн тухай кассын зарлагын ордерууд авагджээ.  Эдгээрийн нийт дүн 1,860,210 төгрөг байна.

Шүүхээс “Бүргэд констракшн” ХХК-ний нэртэй кассын зарлагын баримтуудыг  тодруулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ба энэ талаар тодруулахад гэрч Д.Батбаатараас мэдүүлэхдээ “Жавхлан Тангад” ХХК-ний захиалгаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 114 айлын орон сууцны барилгын краказ угсралтыг “Бүргэд Констракшн” ХХК гүйцэтгэж байсан. Хэрэг үйл явдал болсоны дараа “Бүргэд констракшн” ХХК-иас мөнгө авч хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн талаар мэдүүлсэн [41],

-мөн “Бүргэд констракшн” ХХК-ний албан бичигт ” тус компаний хувьцаа эзэмшигч М.Цогжавхаа нь “Жавхлан Тангад” ХХК-ний гүйцэтгэх захирал Ч.Цогсайханы төрсөн эгч болох тухай, тус компаниуд нь төрсөн эгч дүүсийн компани тул хохирогч Д.Түвшинжаргалд төлөх төлбөрийг жолооч Д.Нэргүй төлөх боломжгүй байсан тул “Жавхлан Тангад” ХХК-ний өмнөөс хохирогчид тусламж үзүүлсэн талаар дурджээ. [42]

Түүнчлэн “Жавхлан тангад” ХХК-ний 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17/02 дугаартай албан бичигт [43] “тус компанид жолооч ажилтай Д.Нэргүй нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон 1,680,000 төгрөгийн цалингийн зээлийг цалингаасаа суутгуулж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлж дуусгасан тухай дурджээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Нэргүйгээс мэдүүлэхдээ “компани миний өмнөөс хохирогч Д.Түвшинжаргалд эмчилгээний зардлыг нөхөн төлсөн. Миний бие сар бүрийн цалингаасаа компанийн хохирогчид төлсөн мөнгийг суутгуулж, хохирлын мөнгийг байгууллагад бүрэн төлж дуусгасан гэж мэдүүлсэн.

Хохирогч Д.Түвшинжаргалаас шүүх хуралдаанд” миний бие эмчилгээний зардалд өөрөөсөө мөнгө огт гаргаагүй, бүх төлбөр, зардлыг компаниас нөхөн төлсөн, түүнчлэн бэлнээр компаниас 1,680,000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.

Дээрх баримтуудаас дүгнэвэл “Бүргэд констракшн” ХХК нь “Жавхлан Тангад” ХХК-ний өмнөөс хохирогч Д.Түвшинжаргалд эмчилгээнд нь 180,210 төгрөг нөхөн төлсөн, биетээр 1,680,000 төгрөг хүлээлгэн өгсөн, нийт 1,860,210 төгрөгийг нөхөн төлжээ. Харин хагалгааны төлбөр 300,000 төгрөгийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул төлөгдсөн хохирлын тооцоонд оруулах боломжгүй.

Шүүгдэгч Д.Нэргүй 1,680,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагадаа бүрэн төлж дуусгасан байна.

Мөрдөн байцаалтад болон шүүхийн шатанд “Жавхлан Тангад” ХХК, “Бүргэд констракшн” ХХК нар нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох хүсэлт, саналыг гаргаагүй, нөгөө талаар шүүгдэгч Д.Нэргүй нь холбогдох компанид цалингаасаа учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул хуулийн этгээдүүдийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татах шаардлага, үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Нэргүйг хохирогч Д.Түвшинжаргалд энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Гурав.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Шүүгдэгч Д.Нэргүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар:

-2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

-2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 18 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2010 оны 08 дугаар сарын 19-ны өдөр  хугацаа дуусч суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж заасан ба хуульд заасан хугацаанд шүүгдэгч Д.Нэргүй нь шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул ялгүй болсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Нэргүйд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлөх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүгдэгч Д.Нэргүйн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Д.Нэргүйн 260226 дугаартай жолооны үнэмлэх, 01-79 УНЗ улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Бэйл овгийн Доржнамжины Нэргүйг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Доржнамжины Нэргүйг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нэргүйд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Нэргүй нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Түвшинжаргалд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шүүгдэгч Д.Нэргүйн 260226 дугаартай жолооны үнэмлэх, “Шинэ мөрөөдөл” ХХК-ийн эзэмшлийн 01-79 УНЗ улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нар /Д.Нэргүй, Шинэ мөрөөдөл” ХХК/-т нь буцаан олгосугай.

 

6.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Нэргүйд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Д.Нэргүйн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч Д.Нэргүйд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Нэргүйд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Нэргүйд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 21-23 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 173-174 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 24-26 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 175-176 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 27-29 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 32-34 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 177-178 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 59-62 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 65-66 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 41-46 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 182-184 дүгээр тал.                       

[15] Хавтаст хэргийн 14-16 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 103-112 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 67 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 82 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 88-90 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 91 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 99-100 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 96 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 118-119 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 122-124 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 124-126 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 127 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 147-149 дүгээр тал.

[29] Хавтаст хэргийн 197 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 202-205 дугаар тал.

[31] Хавтаст хэрийн 210 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 21-23 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 24-26 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 27-29 дүгээр тал.

[35] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[36] Хавтаст хэргийн 32-34 дүгээр тал.

[37] Хавтаст хэргийн 59-62 дугаар тал.

[38] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[39] Хавтаст хэргийн 182-184 дүгээр тал.                       

[40] Хавтаст хэрги йн 202-205 дугаар тал.

[41] Хавтаст хэргийн 179 дүгээр тал.

[42] Хавтаст хэргийн 197, 209 дүгээр тал.

[43] Хавтаст хэргийн 210 дугаар тал.