Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 689

 

Х

 

 

                                      

 

 

 

 

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.М- өмгөөлөгч С.Соронзонболд,

хохирогч Э.Ү-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 11 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.М-д холбогдох эрүүгийн 1905013660401 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Иөншөөбүд овгийн Б.М-, 19.. оны .. дугаар сарын 1-ний өдөр .......аймгийн ......... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл......., ......... аймгийн ............ сумын ..... дүгээр баг,........ гэх газар оршин суух бүртгэлтэй боло............ дүүргийн ... дүгээр хороо, ........... тоот нийтийн байранд түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД: .............../;

            Б.М- нь 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, .............тоот нийтийн байранд иргэн Э.Ү-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Иөншөөбүд овгийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.М- цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эрүүгийн 1905013660401 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан эрээн өнгийн орны даавуу 1 ширхэг, “Аdidas” гэсэн бичигтэй саарал өнгийн футболка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, хохирогч Э.Ү- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан Тодорхойлох нь хэсэгт Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар дурдахдаа эд мөрийн баримтаар цагаан эрээн өнгийн орны дэвсгэр даавуу 1 ширхэг, “Adidas” гэсэн бичигтэй саарал өнгийн футболка 1 ширхэг зэрэг хураагдсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах гэж заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх дээрх эд мөрийн баримтыг устгах талаар яг хэнд даалгаад байгаа талаараа шийтгэх тогтоолд дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан “Тогтоох нь” хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “ Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ” гэсэн хуулийн зүйл, хэсгийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь зөвхөн “Хорих” ялыг тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд шүүгдэгчийн эдлэх ялын дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг 6 сараас 20 жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хорих ялыг эдлүүлнэ”, 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан хэм хэмжээгээр Эрүүгийн хуульд зохицуулсан болно. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.М- өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.М-д анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсан байгаа. Прокурорын бичсэн эсэргүүцэлд ямар нэгэн санал, хүсэлт алга байна. Шүүгдэгч Б.М- нь ямар нэгэн хохирол төлбөргүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт үйлдсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй байдаг. Иймд 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Ү- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эмнэлэгт 2 сар ухаангүй байж байгаад гарч ирсэн. Тухайн үед юу болсон талаар мэдээгүй бөгөөд эмнэлгээс гарч ирээд мэдсэн. Шүүгдэгч Б.М- өдөр болгон намайг эргэдэг байсан гэдэг. Би мэдэхгүй. Бүх эмчилгээний төлбөр надаас гарсан. Намайг сахиж байсан хүн байдаг. Тэр хүн хэлэхдээ шүүгдэгч Б.М-эс эмчилгээний мөнгө гэж нэг ч төгрөг аваагүй гэсэн. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу уг эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч Б.М-г “2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 1-20 тоот нийтийн байранд хохирогч Э.Ү-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд “Б.М- нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны орой 20-21 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 1-20 тоот нийтийн байранд архидан согтуурсан үедээ иргэн Э.Ү-тэй маргалдан улмаар эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хацар яс, хоншоор яс, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхи, хүзүүнд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж чадаагүйгээс гадна хэрэгт шалгавал зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Тухайлбал;  

Хохирогч Э.Ү-ийн биед учирсан тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хацар яс, хоншоор яс, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүдээс гадна олон хавирганы хугарал бүхий гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан эмчийн үзлэг, өвчний түүхийн хуулбар, томографийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг /хх 11, 67, 74, 96, 164/ зэргээр тогтоогдож байхад уг гэмтэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эсэхийг нягтлан шалгаагүй нь буруу юм.

Иймд хохирогч Э.Ү-ийн биед учирсан гэмтлийг дахин шинжээч томилох замаар үндэслэлтэй зөв тогтоох шаардлагатай гэж үзнэ.

Түүнчлэн хохирогч Э.Ү- нь уг гэмт хэргийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, ярих болон биеэ авч явахад хүндрэлтэй болсон байх тул түүний сэтгэцийн байдалд нь дүгнэлт гаргуулж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнд хууль ёсны төлөөлөгч томилж хамт оролцуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.    

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч Б.М-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршигт тохироогүй илт хөнгөн ял оноосныг анхаарвал зохино.

 Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул “шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг тогтоохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” талаар бичсэн прокурорын эсэргүүцэлд энэ удаа шүүх хуралдаанаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ 

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ