Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00445

 

 

 

 

 

2021 05 13 001/ХТ2021/00445

 

 

 

Б.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00239 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 672 дугаар магадлалтай,

 

Б.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Их сургуульд холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 9,334,470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Болормаа, өмгөөлөгч Ш.Базаррагчаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Болормаа сонгон шалгаруулалтын дагуу Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд 2018.09.12-ны өдрөөс 2019.03.05-ны өдрийг хүртэл дадлагажигч багшаар ажилласан. Миний бие энэ хугацаанд тэнхимийн эрхлэгчийн өгсөн даалгавруудыг цаг ямагт бүрэн дүүрэн биелүүлж байсан бөгөөд 5 төрлийн хичээл заан оюутны сэтгэл ханамжийн судалгаанаас дунджаас дээгүүр үнэлгээ авч, хичээлийн бус цагаар тогтмол оюутнуудад зүг чиглэл өгөн дэлхийн стандартад ойртсон мэдлэгийг түгээхийн төлөө хүчин зүтгэж ирсэн. Тиймээс ч заах арга зүй болон хичээлийн арга барил таалагддаг эсэх талаар оюутнуудаас иэйл авч байсан. Мөн мэргэжлийн түвшинд өндрөөр үнэлэгддэг Олон улсын индекс Imfactor Factor (Төрийн удирдлага салбарт тэргүүлэх 47 сэтгүүлээс 1-д ордог сэтгүүлийн ОУ-н хуралд илтгэл гэх мэт) бүхий сэтгүүлийн хурлуудад илтгэл тавин, өөрийн судалгаа бүтээлээ хэвлүүлж, дэлхийн стандартад ойртсон мэдлэгийг түгээхийн төлөө хүчин зүтгэж ирсэн. Намайг ажилд томилогдсон үеэс эхлэн тэнхимийн эрхлэгч Н.Болормаа ойрын 2 жил жирэмсэлж яасан ч болохгүй гэж байсан бөгөөд тухайн үед миний бие өөрийгөө жирэмсэн эсэхийг мэдээгүй, эрхлэгчдээ уучлаарай би жирэмсэн байсан байна гэж хэлснээс хойш захиргааны дарамт маш ихээр ирэх болсон. Гэтэл тэнхимийн эрхлэгч нь Ажлаас чөлөөлөх тухай албан ёсны шийдвэр тушаал гараагүй байхад 2 дугаар сарын 15-ны өдөр 14 цагт намайг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардан дахин ирэх хэрэггүй, чи халагдана... гэх мэтээр аашлан, миний хуваарьт хичээлүүдийг багш С.Ариунбилэгт шилжүүлсэн. Мөн тэнхимийн 402 тоот өрөөний түлхүүрийг сольж, миний оюуны өмч болох компьютер доторх файл болон бусад эд хөрөнгө эзэмших, өмчлөх иргэн миний халдашгүй дархан эрхэд хууль бусаар халдсан. Мөн ажлаас халагдах тушаал гаргахдаа 2018.02.14-ний хурлын тэмдэглэлийг үндэслэн ажлаас халах тушаал гаргасан нь бодит байдалд нийцэхгүй илт хууль зөрчсөн байна. Уг тэмдэглэлтэй би огт танилцаагүй, агуулгыг нь мэдэхгүй тул би танилцуулахыг хүсэн өргөдөл гаргасан боловч татгалзсан. Монгол Улсын Их сургууль Б.Болормаатай гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулт зөрчсөн, энэ хуулинд 2018.04.25-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж туршилтын хугацааг 3 сар болгосон байхад ажил олгогч 6 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулсан байна. Тэгсэн мөртлөө тушаал дээрээ 231.1 буюу 3 сарын хугацаатай байна гэдгийг барьсан байгаа юм. Энэ хуулийг үндэслэж Монгол Улсын Их сургууль дотоод журамдаа өөрчлөлт оруулах ёстой. Хуулиас давсан дотоод журам гэж байх ёсгүй. Б.Болормаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр бол хугацаа заагаагүй, дадлагажигч багш гэж байгаа. Гэрээний хамгийн арын хуудсанд 2018.09.01-ний өдрөөс 2019.02.15-ны өдөр, 6 сар гээд гараар бичсэн байгаа юм. Энд заасан хугацаагаар нь 6 сар гээд тоолоход 03 дугаар сарын 20-нд хугацаа нь дуусахаар байгаа. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бол 03 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар халагдсан гэж байна. Нэхэмжлэгч Б.Болормааг ажлаас нь халсан Б/115 дугаар тушаал 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарч 2019 оны 02 дугаар сарын 15- ны өдрөөр тасалбар болгосон, гэтэл Болормаа 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Б.Болормаа нь төрж 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Мэргэн мэндэлсэн, тэгэхээр Болормаа ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д мөн хуулийн 40.1.1, 40.1.5-д зааснаас бусад шалтгаанаар жирэмсэн эмэгтэйг ажлаас нь халахыг хориглосон байдаг. Жирэмсэн гэсэн үндэслэлээр ажлаас халж их хохирч байна, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас хүүхэд төрүүлсний тэтгэмжүүдээ бүгдийг нь авч чадаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс буюу 2019.02.15-ны өдрөөс 2019.01.21-ний өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 9,334,470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн дадлагажигч багш Б.Болормаатай байгуулсан туршилтын 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон. Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.7.-д туршилтын хугацаа нь 6 сар байна гээд заачихсан байгаа бөгөөд Б.Болормааг 2018.09.20-ны өдрийн Б/466 дугаартай тушаалаар дадлагажигч багшаар томилсон байгаа. Танхимын эрхлэгч Н.Бурмаа нь Б.Болормаад ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тухай удаа дараа сануулж байсан. 2019.01.30-ны өдөр Б.Болормаад мэдэгдэл хүргүүлсэн. Түүний зааж байсан хичээлд нь үнэлгээ өгөхөд 75 хувь буюу хангалтгүй үнэлгээ авч үр дүн гараагүй. Монгол Улсын Их сургуульд профессор, багш ажиллуулах журмын 5.9.-д дадлагажигч багшийг 6 сар хүртэл туршилтын хугацаатай авч жинхлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Б.Болормаагийн ажилд үнэлгээ өгөөд хангалтгүй үнэлгээ авсан тул 2019.03.15-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэг жилийн эхний улирал нь 02 дугаар сарын 15-ны өдөр дуусдаг тул 6 сар гэж ярьдаг юм. 2018.09.20-ны өдрөөс 2019.02.15-ны хоорондох хугацаа бол хагас семистр бөгөөд нэг семистр гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа юм. Монгол Улсын Их сургууль Б.Болормааг ажлаас нь халаагүй, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт хамаарахгүй, дуусгавар болгосон гэдэг нь мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Их сургуулийн онцлогоос хамаарч туршилтын хугацаа 6 сар гэж оруулсан. Б.Болормааг жирэмсэн гэдгийг ажил олгогч мэдээгүй, түүнд өгсөн мэдэгдэлд ажлаас нь чөлөөлж буй тухай үндэслэлийг тодорхой бичиж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байран дээр, хугацаагүй гэрээтэй үед яригдана, Б.Болормааг ажлаас нь халаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул чөлөөлсөн. Б.Болормааг гэнэтхэн халаагүй, Хөдөлмөрийн гэрээний 5.3.-т заасны дагуу мэргэжил ур чадвар, багшлах арга зүйд нь дүгнэлт гаргаж өөрт нь мэдэгдсэн. Б.Болормаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019.02.15-ны өдрөөр дуусгавар болгож 2019.03.05-ны өдрийн Б/115 тоот Захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00239 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Б.Болормааг Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 8,347,915 төгрөг гаргуулан Б.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 986,555 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан цалинд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх цалинд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Болормаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 145,481 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 672 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 9,334,470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,516 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Болормаа, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018.09.20-ны өдрийн Б/466 дугаар Б.Болормааг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаалаар ажилд авсан нь 2018.09.12-ны өдрөөс тоолж, 2018.12.12-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулжээ. Монгол Улсын Их сургуулийн захирлын 2016.12.28-ны өдрийн А/354 дугаар Журам батлах тухай тушаалаар баталж, 2017.01.02-ны өдрөөс Монгол Улсын Их сургуульд Хөдөлмөрийн дотоод журам мөрдөж эхэлсэн байна. Харин 2017.04.21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2-т ...Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна... гэж нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Монгол Улсын Их сургууль нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн дотоод журамдаа өөрчлөлт оруулаагүй, өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ...ажил олгогч нь хууль тогтоомжинд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж, мөрдүүлэх... үүрэгтэй, уг үүргээ хууль тогтоомжинд нийцүүлэн Хөдөлмөрийн дотоод журмаа баталж, мөрдүүлээгүй нь Б.Болормаагийн эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй, энэ нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т ...хөдөлмөрийн хугацаатай гэрээ дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцно... гэж заасны дагуу Б.Болормаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан байжээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.4-т ...туршилтын хугацааг 6 сараар талууд тусгайлан зааж тохиролцсон байна... гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Монгол Улсын Их сургуулийн 2019.01.31-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт Б.Болормаатай байгуулсан хугацаатай Хөдөлмөрийн гэрээгээр туршилтын 3 сарын хугацаа өнгөрсний дараа ажлын үр дүнг комиссоор хэлэлцэх байсан боловч 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улиралд зааж буй хичээл нь дуусаагүй, ажлын үр дүнг нэгтгэн үнэлэхэд хангалтгүй гэж үзсэн болно гэсэн нь ажил олгогчийн зүгээс 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан боловч гэрээ цуцлах санал тавиагүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т ...хөдөлмөрийн хугацаатай гэрээ дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцно... гэж заасны дагуу Б.Болормаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглоно. Хуулийн энэхүү заасан үг, хэллэгийн шууд утгаар тайлбарлан ойлгоход ажлаас чөлөөлөх бүх тохиолдол бус, харин зөвхөн ажлаас халах тохиолдлыг хуульчилсан байна... гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэт нэг талыг баримтлан хариуцагч талд ашигтай давуу байдал үүсгэжээ. Харин хууль тогтоогч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон нь ажлаас халах бүх тохиолдлыг хамааруулан, эрэгтэй, эмэгтэй, ажил мэргэжил үл харгалзан ойлгохоор, мөн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах аль ч тохиолдол нь ажлаас халах ойлголт байхад хууль буруу тайлбарлажээ. Монгол Улсын их сургуулийн Профессор, багш ажиллуулах тухай журам нь Б.Болормааг ажилд авах, ажлаас халах тушаал дээр хуралдааны тэмдэглэлдээ тухай бүр дурдагдсан байхад хэрэгт ач холбогдолтой гэж үзэн шүүхээс нотлох баримтаар хариуцагчаас гаргуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.21-ний өдрийн 07412 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн хуулбар үнэн нотлох баримтууд, мөн Монгол Улсын Их сургуулийн захирлын 2016.12.28-ны өдрийн А/354 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам зэрэг нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу ...хэрэв эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувийг өгнө гэж заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч Б.Болормаа нь 2019.03.21-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу ажлаас халагдсан өдөрт тооцно. Гэтэл Монгол Улсын Их сургуулийн захирлын 2019.03.05-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар 2019.02.15-ны өдрөөр тасалбар болгож дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ...ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана... гэснийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь ажлаас халсан үндэслэл, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид ажиллуулах боломжгүй дуусгавар болгож, ажлаас халсан нөхцөл байдлын талаар маргаан үүсгэсэн байхад үйл баримтын талаар маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу сунгагдсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Монгол Улсын Их сургуулийн Дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.4, 5 дугаар зүйлийн 5.3.1, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.12, 5.3, ОУХНУС-ийн захирлын хурлын тэмдэглэл, шийдвэр, саналыг үндэслэн ажлаас халсан нь буруу болжээ. ОУХНУС-ийн захирлын хурлын тэмдэглэл, шийдвэр, саналыг нь хууль зөрчиж, хөдөлмөрийн хугацаатай гэрээ мөн хугацаагаар сунгагдсан байхад хийгдсэн хууль бус үйл ажиллагаа юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 672 дугаар магадлалыг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн 181/ШШ2020/00239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хөдөлмөрийн хугацаатай гэрээний тухайд: Нэхэмжлэгч нь 2018.09.20-ны өдрийн Б/466 тоот тушаалаар туршилтын хугацаагаар 2018.09.12-ны өдрөөс тус сургуульд дадлагажигч багшаар ажилд орсон боловч 2018.09.20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018.09.12-ны өдрөөс 2019.02.15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар байгуулан ажилд орсон. Ингэж ороход туршилтаар ажиллуулна гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд 2019.04.21-ний өдрийн хуулиар нэмсэн 231 дүгээр зүйлийн 231.1-д Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно, УДШ-ийн тус хуулийг тайлбарласан 2006 оны 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт 23.2.2-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэжээ. Гэтэл энэхүү гэрээнд хүсэл зоригийн илэрхийлэл буюу шаардлага, шалтгааныг дурдалгүйгээр зүгээр л 6 сарын хугацаа заасан нь тус хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухайд: Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал шийдвэрээ тухайн өдөр нь ажлаас халлаа гээд сургалтын үйл ажиллагааг нь хүлээн авсан ч бичиг баримт болон хүлээн авсан эд зүйлээ 2019.03.21-ний өдөр хүлээлгэж өгсөн. Мөн тушаал шийдвэр нь 2019.03.05-ны өдрийн огноотой гарснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох 2019.02.15-ны өдрөөс 20 хоногийн дараа гарсан, нэхэмжлэгч нэг сар 6 хоногийн дараа эд хөрөнгө хүлээлцэх актаар хүлээж авсан эд хөрөнгөө хүлээлгэж өгснөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ, мөн тус хуулийг тайлбарласан УДШ-ийн 33 тогтоолын 19 дэх хэсэгт Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасан ажлаас халагдсан өдөр-ийг ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно гэж тус тус заасныг зөрчөөд тус хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалд ажил хүлээлцэх хугацаа заагаагүй юм чинь 2019.03.05-ны өдөр ажлаас халсан тушаал шийдвэр гараад 2020.03.21-ний өдөр ажлаа хүлээлгэж өгснөөр уг хөдөлмөрийн гэрээг ажил олгогч анх заасан хугацаагаар үргэлжлүүлэн сунгагдаад явж байхад дуусгавар болголоо гээд марган гомдлоо тайлбарласан байхад маргаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Дээрх нэг сар 6 хоногийн хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй гэж үзэж болохгүй Энэ хугацааны цалин хөлсний асуудлыг яах болж байна вэ. Мөн шүүхийн магадлалд дурдаад байгаа 2019.02.13-ны өдөр 14 цагт МУИС-ийн ОУХНУС- ийн дадлагажигч багшийн ажлын үнэлгээ өгөх комиссын хуралд нэхэмжлэгчийн хичээлд огт өмнө нь сууж байгаагүй хүмүүс буюу 5 хүний бүрэлдэхүүн томилсон ч үүнээс 2 хүн хуралд байсан бөгөөд хийсэн судалгааны ажлууд болон олон улсын илтгэлүүдийн хуралд тавьсан илтгэлүүдийг огт ойшоолгүй ямар нэгэн асуулт тодруулга авалгүй, тайлбарлах ч хугацаа өгөлгүйгээр намайг шалгасан болоод дуусгаад дараа өдөр нь нууц санал хураалт явуулан хангалтгүй гэсэн хариуг амаар өгсөн болохоос яагаад хангалтгүй байгаа талаар тайлбарлаагүй. Энэ нь МУИС-ийн захирлын 2014.12.22-ны өдрийн А/414 тоот тушаалын нэгдүгээр хавсралт Монгол Улсын Их сургуульд профессор, багш ажиллуулах журам-ын 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэг Сонгон шалгаруулалтаар шинээр авч байгаа багшийг 6 сар хүртэл туршилтын хугацаанд ажиллуулсны дараа холбогдох тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн жинхлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Энэхүү заалт дадлагажигч багшид нэгэн адил хамаарах ба туршилтын хугацаа дадлагажигч багшийн зэрэглэлд ажиллах хугацаанд багтана гэж заасны дагуу туршилтын хугацаа дуусахаас өмнө биш туршилтын хугацаа нь дууссаны дараа хийх ёстойг зөрчсөн гэж миний бие үзэж байна. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 100-д заасныг хариуцагч зөрчсөн тухайд: Ажил олгогч нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд 2019.04.21-ний өдрийн хуулиар нэмсэн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасныг зөрчөөд 3 сар биш 6 сар байгаа учраас тус хуулийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ёсгүй гэж марган гомдлоо гаргасан нь тус хуулийн 100 дугаар зүйлд заасан эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хамгаалалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь зүгээр ажлаа хийж байгаад гэнэтхэн ажилд орсны дараахан би жирэмсэн болсон байна гэж хэлснээс үүдэлтэйгээр янз бүрийн захиргааны дарамт үзүүлсээр эцэстээ ингэж хөдөлмөрийн гэрээ цуцалж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд тус шүүх тогтоолдоо Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 672 тоот магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын шатны шүүхээс магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Болормаа нь Монгол Улсын Их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,334,470 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2-т заасныг зөрчиж гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, мөн жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн нь хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцэхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Болормааг ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжилсэн цалин олговрын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнэж чадаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: ...23.2.3. ...,шинээр орж байгаа ажилтан .../-тай/ ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын ...хугацаагаар, 231 дүгээр зүйлийн 231.2-т Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар байна гэж хуульчилсан. Монгол Улсын Их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.4-т ...Багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах туршилтын хугацаа албан тушаал, ажил мэргэжлийн онцлогоос хамаарч 6 хүртэл сараар, дадлагажигч багшаар ажиллах иргэнтэй гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэх боломжтой хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулна гэж заажээ.

 

Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018.09.20-ны өдрийн Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай Б/466 дугаар тушаалаар Б.Болормааг Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшаар авч ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаа /2018.9.12-2019.2.15/-гаар байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл талууд Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу дадлагажигч багшаар ажиллах туршилтын хугацааг 6 сараар тухайлан зааж тохиролцон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ гэрээний дагуу нэхэмжлэгч туршилтын хугацаанд ажиллаж, туршилтын хугацааны талаар тухайн үед гомдол гаргаж байгаагүй байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7-д туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилтны гэрээний хугацаа дуусах үед түүний ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар, идэвхи санаачилгын талаарх тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн дүгнэлт, саналыг үндэслэн цаашид ажиллуулах, эсвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох асуудлыг захирал шийдвэрлэхээр, 5.2.8-д туршилтын хугацаагаар ажиллаж байгаа баг болон дадлагажигч багшийн асуудлыг МУИС-д профессор, багш ажиллуулах журмын дагуу шийдвэрлэхээр тус тус журамласан байна. Мөн, МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 5.9-д Сонгон шалгаруулалтаар шинээр авч байгаа багшийг 6 сар хүртэл туршилтын хугацаанд ажиллуулсны дараа холбогдох тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн жинхлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Энэхүү заалт дадлагажигч багшид нэгэн адил хамаарах... гэж заасан. Эдгээр журамд заасан дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч Б.Болормаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, эсхүл жинхлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд түүний дадлагажигч багшаар ажилласан хугацаа /туршилтын хугацаа/-нд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, тайланг эрх бүхий комисс, зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих журмын дагуу шийдвэрлэхээр заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дадлагажигч багшийн ажилд үнэлгээ өгөх комисс 2019.02.13-ны өдөр хуралдсан, уг хурлаар комиссын гишүүд дадлагажигч багш Б.Болормаагийн туршилтын хугацаанд ажилласан байдлыг 100 хувийн саналаар хангалтгүй гэж дүгнэсэн, улмаар 2019.02.14-ний өдрийн тус сургуулийн Захиргааны зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийн туршилтын хугацааны ажлын тайланг хэлэлцээд гэрээг сунгах боломжгүй гэж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх дүгнэлт, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их сургуулийн захирлын 2019.3.05-ны өдрийн Б/115 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр дадлагажигч багшаар ажиллаж байсан Б.Болормаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон, нэхэмжлэгч Б.Болормаагийн тухайд хариуцагчаас, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, энэ тохиолдолд жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон хуулийн зохицуулалт хамаарахгүй талаар мөн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч магадлалын тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй алдаа гаргасан тул энэ үндэслэлээр магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 672 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...хүчингүй болгож,... гэсний дараа ...Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Болормаагийн... гэж нэмж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Б.УНДРАХ

 

Д.ЦОЛМОН