| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0132/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/143 |
| Огноо | 2022-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Дамбажав
Улсын яллагч: Д.Рэгзэдмаа
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000000164 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, , боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багт оршин суудаг, Умга овогт Төмөрчөдөрийн ************, регистрийн дугаар: /А006210434/,
Үйлдсэн хэргийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн 831 тоот хашааны үүдэнд байсан иргэн А.Шагдарсүрэнгийн эзэмшлийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,170,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед хөдөө гэрээсээ саахалт айлын ах н.Ганбаатарын машинд дайгдаад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд 17 цагийн үед орж ирээд н.Болдоо ахын гэрт очиход эхнэр С.Энхтуяа эгч байсан. Тэднийд тоглож байгаад саахалт айлынхаа дугаар руу манай хөдөө гэрт юу болж байгаа бол гэж бодоод залгахад танай дүүгийн бие өвдөөд байна гэж хэлэхээр нь хойд талын хаалгаар гараад гудамжаар явж байтал айлын хашааны үүдэнд Мустанг-5 маркийн улбар шар өнгийн мотоцикль зогсож байхаар нь очиж үзэхэд нугас түгжээгүй байхаар нь кондукторын утсыг салгаад, баруун тийш гудамжны үзүүрээр тойроод түрж явж байгаад мотоциклийг маниулдаж асаагаад урагшаа гудамжаар ороод айлын хашааны хойно зогсоод мотоциклийн нэмнээг авч айлын хашаа давуулж шидчихээд, хашаагаар өнгийж харахад эзэнгүй хашаа байхаар нь тойроод урд хаалгаар оруулаад хашаанд байсан мод байшингийн зүүн талд тавиад буцаж н.Болдоо ахынд очоод эргэж гараад мотоцикль дээрээ очоод бензин байхгүй байхаар нь буцаж н.Болдоо ахын гэрт очоод тэндээсээ буюу С.Баяр ахынд очиж бензин гуйхад саванд 4 литр бензин өгөхөөр нь бензинийг аваад мотоцикльдоо бензин хийх гэхэд банкны таг цоожтой байсан тул юмаар эвдэж онгойлгоод бензинээ хийчихээд н.Болдоо ахынд очиж хоноод өглөө нь 07 цагт босоод мотоциклио айлын хашаанаас унаад шууд хөдөө гэртээ харьсан. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр н.Болдоо ахын ирээд явахад Болдоо ах байгаагүй, хөдөө мал дээрээ байсан эхнэр С.Энхтуяа нь хүүхдүүдийн хамт байсан. Мотоциклийг авахад гадаа харанхуй болсон байсан. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан байх мотоцикль авахад гудамжны гэрэл ассан байсан. Би мотоциклийн кондуктор болон утсыг нь тасдаад, банкны тагыг хөшиж эвдсэн. Мотоциклийн улаан өнгийн нэмнээг хаясан мөн мотоциклийг данхраадаад тавьсан байхад унаад зүүн талын толь хагараад мултарч унасан, хөдөө явж байхад шаврын хаалт хаягдсан байсан юм. Тухайн эд ангиудыг бүгдийг шинээр авч өгсөн, би хохирогч А.Шагдарсүрэнгээс ямар нэг зөвшөөрөл аваагүй, дүүгийн бие өвдсөн гэхээр нь авч яваад буцаагаад авчраад өгье гэж бодоод аваад явсан юм. Гэрийнхэндээ 1,000,000 төгрөгөөр хүнээс худалдаж авсан талаар хэлсэн юм. Мотоциклийн нь буцааж хүлээлгэж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /,
Хохирогч А.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
би орой гадуур ажилтай айл өрхүүдийн тог цахилгааныг шалгаад явж байтал манай сумын төвийн арын гудамжинд байдаг н.Далайжаргал гэх айлаас дуудлага ирээд, тэдний цахилгаан тогийг янзалж өгөхөөр гадаа нь очоод үүдэнд унаж явсан мотоциклоо үлдээгээд гэрт нь орж тогийг нь янзалж өгчихөөд буцаад гараад ирсэн чинь мотоцикл алга болсон байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан тул гэрэл тусгаад мөрийг нь харсан чинь тухайн хашааны үүднээс ертөнцийн зүгээр баруун тийш нь явган хүн хөтлөөд явсан мөр байсан. Сумын төвөөр хайгаад олоогүй хайгаад байсан чинь сураг гарахгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн юм. Орой 21 цаг 30 минутын үед байх тухайн үед би ганцаараа явж байсан. Миний мотоцикль нь супер мустанг-5 маркийн улаан шаргал өнгийн 2021 онд үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй 2021 оны 10 дугаар сард худалдаж авсан. Содон шинж тэмдэг гэвэл ягаан өнгийн хивсэн нэмнээтэй хоёр тольтой гэрэл дохио бүх юм нь бүрэн шинэ мотоцикль байгаа. Би тухайн айлын тогийг засаж өгөөд 20 минут болоод гарч ирсэн. Би 2021 оны 10 дугаар сард шинээр нь 2,580,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Одоо бол 2,500,000 төгрөгөөр үнэлж байна. Т.Алтангэрэлийн хувьд миний мотоциклийн эвдэрсэн эд ангиудыг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн төлөх зүйл байхгүй. Мотоциклоо хүлээж авсан... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 42 /,
Гэрч О.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би манай саахалтын айлын н.Ганбаатарын машинаараа аймаг явах гэж байхад манай хүү Т.Алтангэрэл сумын төв орж айлд очоод ямаа самнаж өгнө гээд суугаад явсан юм. Маргааш өглөө буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн орчим улаан шаргал өнгийн мотоцикль унаад ганцаараа хүрээд ирсэн. Би энэ мотоциклийг 1,000,000 төгрөгөөр авчихлаа гэж надад хэлсэн. Би битгий худлаа яриад бай чи би сүлжээн дээр гарч тэр хүнтэй нь яръя гэсэн чинь авсан хүнийхээ нэрийг хэлэхгүй байсан. Манай айл н.Жавхлан ахынд ороод хоёулаа сүлжээн дээр гараад сумын төв рүү утсаар яриадахъя гээд дагуулаад сүлжээн дээрээс ах н.Даваасамбуутай утсаар ярьсан чинь энд сая цагдаа ирээд явлаа наад нөхөр чинь хүний мотоцикль хулгай хийгээд явсан байна нааш нь дагуулаад ир гэхээр нь би ах н.Жавхлангийн хамт Т.Алтангэрэлийг аваад сумын төвд ирсэн юм. Т.Алтангэрэл ганцаараа ирсэн .... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Гэрч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Т.Алтангэрэл танина, манай нөхөртэй эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед гэртээ ирсэн чинь Т.Алтангэрэл хөдөөгөөс ирлээ гээд манайд байж байсан. Би 22 цагийн үед гэрээсээ гараад Соёлын төв орчихоод ирсэн чинь Т.Алтангэрэл байхгүй байсан. Хүүхдүүдээс асуусан чинь ямаа самнах айл руугаа явчихсан гэж хэлсэн. Амарч байсан чинь шөнө цагийг нь мэдэхгүй байна Т.Алтангэрэл гэрт ороод ирсэн. Чи чинь явна гээд гарсан чинь яасан гэсэн чинь мотоциклийн дугуй хагарчихлаа гэж байсан, өглөө би 07 цаг болж байхад босоод байж байсан чинь Т.Алтангэрэл босоод хувцсаа өмсөөд гараад явсан, мотоциклоо хаана орхисон талаар яриагүй би, ч асуугаагүй намайг өглөө босоход хашаанд мотоцикль байгаагүй ...гэх мэдүүлэг /хх- ийн 51/,
Гэрч Ц.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвөөс 2 багийн нутаг Ар нарийнаад харих гээд явж байсан чинь 2 дугаар багийн нутаг Хавчигийн аманд манайхтай айл байдаг дүүгийн хүүхэд Т.Алтангэрэл саахалт айлын жолооч Ганбаатарын машинд суусан сумын төв орж н.Халтар ахынд ямаа самнана гээд явж байхад нь би таарсан юм. Би гэртээ хариад хоночихоод өглөө ямаагаа хөхүүлж байсан чинь Т.Алтангэрэл улаан шаргал өнгийн мотоцикль унаж ирээд гэрийн гаднаа буугаад гэртээ орж байсан. Гэрээсээ гараад надад дээр ирээд энэ мотоциклийг 1,000,000 төгрөгөөр зарна гэж байна, би авчих уу гэж хэлээд байж байтал ээж О.Болормаа нь надад дээр ирээд Т.Алтангэрэл ямар учиртай мотоцикль аваад ирсэн юм бол хоёулаа сүлжээтэй газар очиж тэр хүнтэй ярья гэхээр нь би ээжтэй нь хамт сүлжээн дээр гараад сумын төв рүү ах н.Даваасамбуутай утсаар ярьсан чинь энд сая цагдаа ирээд явлаа наад нөхөр чинь хүний мотоцикль хулгай хийгээд явсан байна нааш нь дагуулаад ир гэхээр нь би ээжтэй нь хамт аваад сумын төвд ирсэн юм. Алтангэрэл ганцаараа ирсэн .... гэх мэдүүлэг /хх- ийн 54-55/,
Гэрч С.Баярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Миний бүтэн нэрийг С.Баяр гэдэг, гэхдээ хүмүүс Халтар гэдэг нэрээр нь сайн мэднэ. Намайг гэртээ байж байхад шөнө 22 цагийн үед байхаа гадна хүн дуудаж байна гээд гарсан чинь Т.Алтангэрэл байж байсан. Надаас 4 литр бензин аваад хүрээд ирнэ гэж хэлээд явсан .... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан мустанг-5 150 мотортой, улбар шар өнгийн мотоциклийн эд зүйлийн зах зээлийн үнэ 2,170,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 69/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 180 дугаар шинжээчийн ... мустанг-5 маркийн мотоциклийн таг 10000 төгрөг, мотоциклийн толь 8000 төгрөг, бүрээс 12000 төгрөг, шаврын хаалт 5000 төгрөг, кундатор утасны хамт 12000 төгрөг, нийт үнэ 47000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 77/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 21/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-27, 28-29/, эд зүйд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-33/, 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/ мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 80 /,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85/, өсвөр насны шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88/, депозит дансны хуулганууд /хх-ийн 90-93/, өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 94-95/, Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 274 дугаар албан бичиг /хх-ийн 98/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн 831 тоот хашааны үүдэнд байсан иргэн А.Шагдарсүрэнгийн эзэмшлийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,170,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийн .... хойд талын хаалгаар гараад гудамжаар явж байтал айлын хашааны үүдэнд Мустанг-5 маркийн улбар шар өнгийн мотоцикль байхаар нь очиж үзэхэд нугас түгжээгүй байхаар нь кондукторын утсыг салгаад, баруун тийш гудамжны үзүүрээр тойроод түрж явж байгаад мотоциклийг маниулдаж асаагаад нэмнээг авч айлын хашаа давуулж шидчихээд, хашаагаар өнгийж харахад эзэнгүй хашаа байхаар нь тойроод урд хаалгаар оруулаад хашаанд байсан мод байшингийн зүүн талд тавьсан,..мотоциклийн нь буцааж хүлээлгэж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /,
Хохирогч А.Шагдарсүрэнгийн ... Т.Алтангэрэлийн хувьд миний мотоциклийн эвдэрсэн эд ангиудыг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн төлөх зүйл байхгүй. Мотоциклоо хүлээж авсан... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 42 /,
Гэрч О.Болормаагийн ... Т.Алтангэрэл улаан шаргал өнгийн мотоцикль унаад ганцаараа хүрээд ирсэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Гэрч С.Энхтуяагийн ... Т.Алтангэрэл босоод хувцсаа өмсөөд гараад явсан, мотоциклоо хаана орхисон талаар яриагүй би, ч асуугаагүй намайг өглөө босоход хашаанд мотоцикль байгаагүй ...гэх мэдүүлэг /хх- ийн 51/,
Гэрч Ц.Жавхлангийн ... Т.Алтангэрэл улаан шаргал өнгийн мотоцикль унаж ирээд гэрийн гаднаа буугаад гэртээ орж байсан... гэх мэдүүлэг /хх- ийн 54-55/,
Гэрч С.Баярын ... шөнө 22 цагийн үед байхаа гадна хүн дуудаж байна гээд гарсан чинь Т.Алтангэрэл байж байсан. Надаас 4 литр бензин аваад хүрээд ирнэ гэж хэлээд явсан .... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /,
2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/ мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл... 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч А.Шагдарсүрэнд ... Улаан шаргал өнгийн, Super Mustang-5 гэсэн бичиглэлтэй, 150 мотортой, бензин агуулах савны таг эвдэрсэн байдалтай, кондуктар эвдэрсэн, зүүн талын толь хугарсан байдалтай, арын шаврын хаалт байхгүй, аккумляторын шингэн асгарсан, урд талын карлан цөмөрсөн, суудлын бүрээс байхгүй, урд талын цахилгааны утаснуудыг тасалсан, бензин агуулах саванд бензин байхгүй байдалтай 1 ширхэг мотоциклийг ... хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв ... гэх тэмдэглэл /хх-ийн 80 /,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан мустанг-5 150 мотортой, улбар шар өнгийн мотоциклийн эд зүйлийн зах зээлийн үнэ 2,170,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 69/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 180 дугаар шинжээчийн ... мустанг-5 маркийн мотоциклийн таг 10000 төгрөг, мотоциклийн толь 8000 төгрөг, бүрээс 12000 төгрөг, шаврын хаалт 5000 төгрөг, кундатор утасны хамт 12000 төгрөг, нийт үнэ 47000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 77/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн 831 тоот хашааны үүдэнд байсан иргэн А.Шагдарсүрэнгийн эзэмшлийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,170,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэргийн хохирогч А.Шагдарсүрэнгийн мустанг-5 150 мотортой, улбар шар өнгийн мотоциклийн эд зүйлийн зах зээлийн үнэ 2,170,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь хохирогч А.Шагдарсүрэнд мустанг-5 150 мотортой, улбар шар өнгийн мотоциклийг биет байдлаар буцаан өгч, хохирогч А.Шагдарсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Төмөрчөдөр, тэдгээрийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуульд заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өөртөө дүгнэлт хийж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийн түүний хувийн байдал /Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дүгнэлт/ болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч нь өсвөр насны шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байр суурь илэрхийлсэн зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4-т заасан..Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...гэж хуульчилжээ.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч Т.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар уг зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоож шийдвэрлэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлан мэдэгдэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Умга овогт Төмөрчөдөрийн Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин болгосугай.
8. Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА