| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2018/00240/И |
| Дугаар | 278 |
| Огноо | 2018-03-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 278
| 2018 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2018/00278 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 3 дугаар баг, Баянгол багт оршин суух, ББгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 3 дугаар баг, Баянгол минж, 1 дүгээр гудамж, 13 тоотод оршин суух, З Ц-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч З.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 10 жилд нэг ангид сурдаг байсан. 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Э төрсөн. Тэгээд 2014 оны 6 сараас хойш зан харьцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байгаа. Би одоо өөр хүнтэй суугаад тэр хүнийхээ хүүхдийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр охин төрүүлсэн. Иймд бид цаашид хамтран амьдах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч З.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Э төрсөн. Гэрлэснээс хойш хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2015 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарцгаасан. Б.Б одоо нэгэнт өөр хүнтэй хамтран амьдарч тэрнээсээ хүүхэдтэй болсон байгаа ба бид цаашид өөр өөрсдийнхөө хувийн амьдралыг хөөх нь зүйтэй гэж бодож байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжин дээр маргахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь З.Ц холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2011 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Э төрүүлж өсгөсөн болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. /хх-7-8/
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2015 оноос хойш тусдаа амьдарч, өөр гэр бүлтэй болсон, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хүү Ц.Э 6 настай, зохигч асрамжийн талаар маргаагүй байдлыг харгалзан үзэж, түүнийг эх Б.Бийн асрамжинд үлдээж, эцэг З.Цаар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 29.836 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч цаашид хамтран амьдрахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Б Б, З Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ц.Эыг эх Б.Бгийн асрамжинд үлдээсүгэй.
3.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг З.Ц, эх Б.Б нарт үүрэг болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Цаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцсон улсын тэмдэгтийн хураамж 29.836 төгрөгийг “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушаахыг хариуцагч З.Цд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч З.Ц сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ