| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0465/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/694 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/694
2022 06 30 2022/ШЦТ/694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Ц.Төгөлдөр,
хохирогч М.Г, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,
гэрч С.С,
шүүгдэгч Е.Ө, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,
хохирогч, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2109009221575 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Е.Ө /регистрийн дугаар /, 1968 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.М /регистрийн дугаар /, 1978 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Е.Ө нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ....тоотод Б.Мтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан түүний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.М нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ....тоотод Е.Өтай маргалдаж байх явцдаа хуванцар сандал авч шидэж М.Гын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ....тоот орон сууцны төмөр хаалгыг хууль бусаар цохиж гэмтээн 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Е.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,
Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Смэдүүлсэн “...Би тухайн өдөр Б.Мийн хамт студид байсан бөгөөд Б.Мийн худ гэх Е.Ө нь бид хоёрыг дуудаж гэрт нь очсон. Б.М бид хоёрын хувьд хоорондоо муудаж, маргалдсан зүйл байхгүй. Е.Өынд очиход Б.М тэр хоёр хүүхдүүдээ яриад хоорондоо муудалцаж эхэлсэн бөгөөд Б.М нь М.Гын толгой руу сандлаар цохиогүй бөгөөд хана руу сандал шидсэн. Тэгээд Б.Мийг аваад гарсан. Бид хоёрыг гарахад М.Гын толгой нь хагарсан гэж харагдаагүй...” гэх,
мөн түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчэр мэдүүлсэн “…Хэрэг болдог өдөр би Мийн хамт студи дээр дуу бичлэгт орчхоод гарч ирээд байж байхад Мийн худ Ө гэгч М-г гэртээ дуудсан юм. Ингээд М бид хоёр 11 дүгээр хороололд байдаг Өынд очсон. Бид хоёрыг гэрт нь очих үед гадаа харанхуй болчихсон байсан болохоор хэддүгээр байрыг нь харж чадаагүй. Бид хоёр Өынд орох үед Өын нөхөр Г гэгч ногоотой шөл хийж өгсөн. Тухайн үед Ө 0.75 литрийн Хараа архи гаргаж ирсэн. Тэр архинаас нь би 1 жижиг хундагаар уусан. Харин М 2 жижиг хундага уусан. Тэрэнд согтоогүй, бүр халаачгүй юм. Ингээд байж байхад Ө гэв гэнэт М рүү дайраад хүүхдийг нь элдэв янзаар хэлээд эхэлсэн. Хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй, хөдөө гэрт очих үед халуун сав нь өмхийрчихсөн, чи хүүхдээ ажилгүй байлгасаар байгаад ийм боллоо гэж дайраад байсан. Тэгээд л гэв гэнэт М-г үсдээд, дарж аваад коридор руу чирээд нүүр рүү нь хэдэн удаа цохисон. Энэ үед Өын нөхөр Г Өыг салгаад, би харин М-г авсан. М-г босгох үед М Ө руу уурлаад коридорт байсан хуванцар сандал авч шидсэн. Тэгэхээр нь М-г гэрээс нь авч гарсан. Энэ үед Ө гэрийн хаалгаа хаасан. Харин М Өын гэрийн хаалгыг онгойлго гэж зөндөө балбаж хонхойлгосон. Мийн эрүүл мэндэд Ө хохирол учруулсан. Тухайн үед зодоон болоогүй, хэдхэн хоромд болж өнгөрсөн. Ө нь зүв зүгээр байсан М-г үсдэж чирээд нүүр рүү нь цохисон. Харин М уурандаа сандал авч шидсэн. Өөр зүйл болоогүй. Би огт Мт гар хүрээгүй. Зодож цохиогүй. Г нь ямар нэгэн байдлаар М-г зодож цохисон зүйл байхгүй. М Гыг зодож цохисон зүйл байхгүй. Харин М сандал шидэхэд нь Г оногдсон байж магадгүй. М-г татаж гаргах үед Ө хаалгаа хаасан. Энэ үед М уурлаад хаалгыг нь цохиж хонхойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Г мэдүүлсэн: “...Тухайн өдөр С, М нар нь согтуу байсан бөгөөд манай гэр рүү орсон. Би тухайн хүмүүст шал согтуу байсан болохоор нь цай чанаж өгөөд бантан хийж өгсөн. Намайг хоол хийж байхад С, М нар нь хоорондоо хэрэлдэж, маргалдаад байсан бөгөөд намайг усанд орчхоод гарч ирэхэд маргалдсан хэвээрээ байсан. Бүр сүүлдээ барилцаад авахад нь гэрээсээ хөөсөн чинь намайг М “чи муу пизда минь юу вэ” гэж хэлээд саарал сандлаар миний толгой руу цохиод толгой хагалчхаад гараад явчихсан. Би араас нь гараад таксинд суулгах гэтэл гадаа маргаан болж Б.М намайг барьчхаад тавихгүй байсан бөгөөд 2 цагдаа ирээд салгасан. Өглөө нь Мтэй таарахад намайг хэн зодсон гэж нүүр ам, подволк нь цус болчихсон байсан. Миний эхнэр Б.Мт гар хүрсэн зүйл ерөөсөө байхгүй... гэв.
ххирогч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад М өөрийн найз Сын хамт манай гэрт согтуу ирсэн. Гэрт ирэх үед нь тус хоёр хүн хоол хийж өгөөд архи гаргаж өгсөн. М, С хоёр нь тухайн үед муудалцаад С нь М-г зодсон. Гэрт зодоон болох үед нь гэрээсээ тус хоёр эмэгтэйг хөөж гаргасан ба М нь агсам тавьж гэрт оруулахыг шаардаж гэрийн төмөр хаалга балгаад байсан. Тэгэхээр нь хаалгаа нээтэл М дайрч орж ирээд гэрт байсан хуванцар сандал гартаа барьж байгаад миний толгойг цохиж хагалсан. Намайг гэмтээсэн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Мөн эвдэрсэн хаалгаа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №8530 тоот актын “…М.Гын биед зүүн зулайн хуйх, зүүн бугалганы сорви гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Дээрх гэмтлүүд нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49/,
-шинжээч эмч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Иргэн М.Год учирсан тус хоёр гэмтэл нь хоёулаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
шүүгдэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “…над руу агсам тавиад шууд зүүн талын нүд рүү гар зангидаж цохисон тэгээд би газар унасан чинь үснээс зулгаагаад бие рүү өшиглөөд байсан. Тэгээд Ө нь миний үснээс чирээд намайг гэрээсээ хөөж гаргасан. Үүний дараа би Төв аймгийн Жаргалант суманд байгаа охин дээрээ очоод дагуулж ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь хохирогч М.Гын биед 2021 оны 07 дугаар 10-ны өдөр “...биед зүүн зулайн хуйх, зүүн бугалганы сорви гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Дээрх гэмтлүүд нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх гэмтэл санаатайгаар учруулсан гэж үзэх боломжгүй байгаагаас гадна 2021 оны 07 дугаар 10-ны өдөр М.Гын биед дээрх гэмтэл учирсан эсэх эргэлзээтэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин Б.М нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ....тоот орон сууцны төмөр хаалгыг хууль бусаар цохиж гэмтээн 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Мөн шүүгдэгч Е.Ө нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ....тоотод Б.Мтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан түүний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.М, гэрч С.С, Н.Н нарын мэдүүлгүүд, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №6370 тоот актын “…Б.Мт зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүгдэгч Е.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Е.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Е.Ө, Б.М нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Е.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял,
Шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Е.Ө, Б.М нарт торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч нар нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч нар нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Харин хохирогч Б.М нь өөрт учирсан гэмтлийг эмчлэхэд гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокуророос Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Е.Ө Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч Е.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ө, Б.М нар нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Е.Ө, Б.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
6.Шүүгдэгч Е.Ө, Б.М нар нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Б.М нь өөрт учирсан гэмтлийг эмчлэхэд гарсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Е.Ө, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР