| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00338/И |
| Дугаар | 361 |
| Огноо | 2018-07-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 361
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Гавгай хэсэгт оршин суух /тодорхой орон гэргүй/, 48 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Хорьбуриад овогт Батсүхийн Атарын /МК-70041914/ нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 19-55 тоотод оршин суух, 40 настай, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга Тайчууд овогт Энхбаярын Баярмаад /ХД-78041406/ /Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт / холбогдох
“Нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүнээр тогтоолгох тухай” хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Атар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Атар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хорих ангиас суллагдсан. Надад ямар ч ах, дүү хамаатан садан байхгүй, өнөөдрийг хүртэл амьдралд хөлөө олж чадахгүй л явж байна. 3 жил тутамд авдаг амьжиргаа тогтоолгох судалгаанд хамрагдахад амьжиргааны босго оноо өндөр гэдгээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3-т заасан “хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн орон гэргүй, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэн”-ээр тогтоолгох боломжгүй 1.2000.000 төгрөгний дэмжлэг авч чадахгүй өдийг хүрсэн.
Амьжиргааны босго оноо өндөр гэдэг үндэслэлээр л хуулинд заагдсан дэмжлэг туслалцааг авч чаддаггүй. Амьжиргааны босго оноог ямар байдлаар яаж тогтоодгийг ойлгохгүй байгаа. Би энэ талаар хорихоос гарснаас хойш 3 жил гаруй хөөцөлдөөд үр дүнгүй байгаа. Одоо би орон гэргүй хаа саагүй л амьдарч байна. Уг нь би энэ дэмжлэг туслалцаанд хамрагдвал ганц гэртэй л болъё гэсэн юм. Тэгээд аргаа бараад шүүхэд хандаж байгаа юм. Иймд намайг нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүнээр тогтоож өгнө үү гэх.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Атар нь 2015 оны 11 дүгээр сард хорих ангиас суллагдаад 2016 оны 02 дугаар сарын 22-нд өрхийн амжиргааны түвшин тогтоох судлагаанд хамрагдсан. Уг судалгаагаар 389.89 оноогоор судалгааны 8-р бүлэгт хамрагдсан. Уг оноог үхлээн зөвшөөрөхгүй гэснээр 2017 оны 03 дугаар сарын 31-нйи өдөр дахин судалгаанд хамрагдаж 526.26 оноотой гарсан. Өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа нь улсын хэмжээнд 3 жил тутамд нэг удаа явагддаг. Уг судалгаа нь 53 асуулт бүхий, орлогын талаар ямар нэгэн асуултгүй, хэрэглээг үндэслэсэн асуулттай байдаг. Анхан шатны түвшинд сум хариуцсан мэргэжилтнүүд өрх дээр очиж ярилцлагын аргаар судлагааг авдаг. Авсан судлагааны асуулгын хуудсаа Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ирүүлдэг. Үүний дагуу судалгаа хариуцсан мэргэжилтэн программд шивж оруулдаг. Хагас жил тутамд нэг удаа уг судлагааг үндэслэж Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас оноо бодогдож ирдэг. Манай дээд газраас оноог бодож гаргадаг учраас юуг үндэслэн яаж гаргадагийг нь бид нар бас сайн мэдэхгүй байгаа юм.
Оноо нь Үндэсний статистикийн хорооны 2014 оны өрхийн нийгэм эдийн засгийн судлагаанд үндэслээд ядуурлын түвшинг 21.4 хувь гэж зарласны дагуу 1-5 дугаар бүлгийг нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх гэж үздэг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2017-2018 оны “Босго тогтоох тухай” сайдын тушаалаар 2017 оны босго оноо нь 360.783 үүнээс доош бол нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн гэж үзнэ гэдэг. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Нийгмийн халамжийн тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хорих ангиас суллагдсан иргэнд онцгой тохиолдлын тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн олгоно” гэж заасан байдаг.
Гэтэл Б.Атар нь босго шугамаас дээгүүр 526.26 оноотой учраас 1.200.000 төгрөгийн орон гэр олгох хөнгөлөлтийг үзүүлэх боломжгүй талаар өөрт нь удаа дараа мэдэгдэж байсан. Б.Атар нь 2016 оны 02 дугаар сард судлагаанд хамрагдаад үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй, дараа жил нь 2017 оны 03 дугаар сарын 31-нд дахин судлагаа авсан. Судлагаа авахдаа нөхцөл байдлын үнэлгээ хийх гээд байгаа газар дээр нь очиход эхний удаа хамаатныхаа нэг өрөөнд амьдарч байсан, дараа нь орцны подволд амьдарч байсан. Тухайн нөхцөл байдлаар нь л судлагааг явуулсан боловч оноо бодогдож ирэхээр босго онооноос өндөр гараад хуульд заагдсан орон гэрийн хөнгөлөлтөнд хамрагдах эрх үүсэхгүй байгаа юм. Бид иргэн Б.Атарт удаа дараа хуулийн заалт хангахгүй байгаа талаар амаар болон бичгээр мөн манай дээд шатны байгууллагаас мэдэгдэж байсан гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Атарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдох “Нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүнээр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь:
Иргэн Б.Атар нь Эрүүгийн хуулинд заагдсан хорих ял эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хорих ангиас суллагдсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 439 дүгээр ангийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/943 тоот, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 44/3-264 тоот, Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 618 тоот тодорхойлолтуудаар нотлогдож байна.
Б.Атар нь хорих ангиас суллагдан “Нийгмийн халамжийн тухай “ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3-т заагдсан “хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн орон гэргүй, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэн”-ээр тогтоолгохоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-т удаа дараа хандаж 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох судалгаанд хамрагдаж 389.89 оноотой буюу судалгааны бүлгээр авч үзвэл 8 дугаар бүлэгт багтсан, нэхэмжлэгч нь уг үнэлгээгээ хүлээн зөвшөөрөөгүй тул дахин өрхийн амьжиргааны түвшин тогтоолгохоор 2017 оны 03 дугаар сарын 31-нд дахин судалгаанд хамрагдаж 526.26 оноотой бодогдож “Нийгмийн халамжийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3-т заасан заалтанд хамрагдах эрх үүсэхгүй болох нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 215 тоот “Хариу хүргүүлэх тухай”, мөн аймгийн “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын газар”-ын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 108 тоот “Өргөдөлийн хариу хүргүүлэх тухай”, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-ын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3/610 тоот “Иргэн Б.Атарт” гэх албан бичгүүдээр нотлогдож байна.
Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаартай “Босго шугам тогтоох тухай” тушаалын 1 заалтанд “Өрхийн мэдээллийн өрхийн санд бүртгэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнийг тодорхойлох босго шугамыг амьжиргааны түвшиний үнэлгээний 360.1783 болон түүнээс доош оноогоор тогтоосугай”...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаартай “Босго шугам шинэчлэн тогтоох тухай” тушаалын 1 дүгээр заалтанд ““Өрхийн мэдээллийн өрхийн санд бүртгэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнийг тодорхойлох босго шугамыг амьжиргааны түвшиний үнэлгээний 409.679 болон түүнээс доош оноогоор тогтоосугай” гэж заагдсан заалтуудыг үндэслэн амьжиргааны түвшиний үнэлгээг тогтоосон болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх нотлох баримтуудаар Б.Атар нь өрхийн амьжиргааны 526.26 оноотой буюу 8 дугаар бүлэгт багтаж байгаа нь “Нийгмийн халамжийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3-т заасан “хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн орон гэргүй, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэн”-ээр тогтоох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3-т зааснаар Б.Атарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох “Нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүнээр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар сарын 19 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА