Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1086

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             09             06                                                               2022/ШЦТ/00000

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Б.Энэрэл,  

хохирогч З.Г,

шүүгдэгч: Б.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Ч-д  холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар саын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                  

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ын Ч /РД:00000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **- ны өдөр ******* хотод төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилтын 0-0 тоот хаягт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 00-00тоот хашааны гадна иргэн З.Г-тай “миний хүүхдэд намайг хулгайч гэж хэллээ” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа олон удаа алгадаж, цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь “баруун зүүн үүдэн тус бүр 1-р шүдний сулрал, доод уруул, зүүн хацар, зүүн өгзөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:                

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 00-00тоот хашааны гадна хохирогч З.Г-тай “миний хүүхдэд намайг хулгайч гэж хэллээ” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа олон удаа алгадаж, цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь “баруун зүүн үүдэн тус бүр 1-р шүдний сулрал, доод уруул, зүүн хацар, зүүн өгзөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               - 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 цаг 17 минутанд “Урд айлын эгч манай ээжийг зодоод уруул амыг нь сэт цохичихсон байна” гэх дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2-р хуудас/,

               -Хохирогч З.Г--гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чнь миний санаж байгаагаар тухайн үед нүүрний зүүн хацар хэсэгт баруун гараараа 4-5 удаа хумсаараа маажсан мөн уруул хэсэгт баруун гараараа 2-3 удаа цохисон. Толгойноос баруун гараараа үсдэж байгаад аль хөлөөрөө өшиглөсөн эсэхийг мэдэхгүй байна толгойн зүүн дээд дагз хэсэгт 2 удаа өшиглөсөн. ...надад гомдол санал байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

               “...1. З.Г-гийн биед баруун зүүн дээд үүдэн тус бүр 1-р шүдний сулрал, доод уруул, зүүн хацар, зүүн өгзөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

               3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

               4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10-11-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Ч-гийн яллагдагчаар өгсөн:  “...манай хүү Энхдөлгөөн нь гэрт ирээд надаас та хажуу айлаас мөнгөн аяга, эмэгтэй хүний палаж зэргийг авчихсан юм уу хажуу айлын эгч тэгж хэлээд байна та уулзаж учраа ол гэж хэлсэн. Тэгээд би их гайхаад 22 цагийн үед хөрш айл болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 2604 тоотын гадаа очоод хаалгыг нь 10 минут орчим цохиход ...З.Г эгч гарч ирэхэд нь тухайн болсон асуудлын талаар хэлэхэд гэрлүүгээ дагуулж ороход нь та намайг яагаад хулгай хийсэн гэж манай хүүхдэд худлаа хэлсэн юм бэ? энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй гэж хэлэхэд надад уурлаад миний цээж рүү түлхэхэд нь би та миний биед яахаараа хүрдэг юм нөхөртэй чинь нүүрэлдэнэ гэж хэлэхэд надад хандан чи яахаараа манай нөхөртэй уулздаг юм чи угаасаа авчихсан биз дээ гэж хэлээд намайг гар гээд байгаа юм бишүү гэж хэлээд миний хөл рүү өшиглөөд, толгойн үснээс гараараа зулгааж гэрээсээ гаргах гээд байхаар нь үснээс нь зулгааж байсан гарыг нь татан салгах гэж байгаад нүүрийг нь баруун гараараа цохисон мөн цээжин хэсэгт нь хоёр гараараа холдуулах гээд цохисон юм. Уг үйл явдал болсны дараа З.Г эгч ээжийгээ салгаач гэж манай хүү Энхдөлгөөнд хэлэхэд бид хоёрыг манай хүү салгахад хэсэг хоорондоо маргалдаж байгаад би хүүтэйгээ гэрлүүгээ орсон. Удалгүй хөрш айлын эгч цагдаагийн байгууллагад хандсан байсан...” гэж /хавтаст хэргийн 68-69-р хуудас/ мэдүүлж байсан.

Хувийн байдлын хувьд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 48-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 49-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 50-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 51-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 52-р хуудас/, 2008.09.29-ний өдөр төрсөн Ч.Энхдөлгөөн, 2008.09.29-ний өдөр төрсөн Ч.Тунхдөлгөөн, 2020.09.03-ны өдөр төрсөн Б.Энх-Эрдэнэ, 2013.02.22-ны өдөр төрсөн Ч.Энхжин нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 52-56-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 57-р хуудас/,  депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 58-60-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...З.Г эгч намайг мөнгөн аяга хулгайлж авсан байна гэж манай хүүхдэд хэлсэн байсан. Тэгээд би юу яриад байгаа юм бэ гээд очиж уулзах гээд хаалгыг нь нүдсэн. Тэгээд очсон чинь хаалга нэлээн нүдүүлж байж онгойлгосон. З.Г эгчээс та юу яриад байгаа юм бэ гэсэн чинь намайг манай нөхөртэй уулзах гэж байгаа юм уу гэсэн. Тэгэхээр би юу гэж танай нөхөртэй уулзах юм бэ гээд уурласан. Тэгсэн чинь чи авсан биз дээ гээд шууд намайг цохиод авсан. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ, нөхрийгөө дууд гэж би хэлсэн. Тэгсэн чинь намайг байхгүйд манай гэрт ирдэг, манай нөхөртэй явалддаг гээд байсан. Тэр талаараа мэдүүлэгтээ бичээгүй байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: “...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шөнө шилжих шөнө унтаж байхад хаалга эвдэх гэж байгаа юм шиг нүдээд байсан. Гараад харсан чинь энэ хүн эгчтэйгээ хоёулаа  согтуу ирсэн байсан. Тэгээд гарсан чинь янхан авгай минь чи намайг мөнгөн аяга хулгайллаа гэсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...чи авсан, чи намайг байхгүйд гэрт ирээд мах авсан байсан... гэж хэлсэн. Тэгсэн намайг бариад авсан. Эгч нь бас дүүгээ надаас салгах гэж байна гэж бодож байтал бариад авсан. Намайг доошоо үсдээд дарсан чинь том банди нь ирээд салгаад аваад явсан. Тэгээд би ороод хүүхдүүд рүү утсаар ярьсан. Хүүхдүүд ирээд хамтдаа энэ айлд орсон. Тэгсэн энэ шал согтуу, алцайгаад 2 ой гарантай охинтойгоо байж байсан. Тэгсэн чинь энэ намайг есөн шидээр хэлээд байсан. Тэгээд би гарсан, хүүхдүүд цагдаа дуудсан байсан, 2 цагдаа ирсэн. Цагдаад зодууллаа гэдгээ би хэлсэн. Тэгээд байж байсан чинь энэ гэрээсээ шалдан гарч ирээд авгай минь чамайг нэг мөсөн гүйцээнэ гэсэн. Тэгээд цагдаа харснаа над руу заагаад энэ авгай намайг зодсон гэсэн чинь том хүү нь гарч ирээд ээжийгээ худлаа яриад бай, та зодсон биз дээ гэж хэлсэн. Дандаа намайг гараад явсан хойгуур ар худрагаар гэрт орж архи уудаг. Энэ хүн ажил хийж байгаа байж ажилгүй гэж худлаа хэлээд байна. Гэхдээ би энэ хүнийг би өрөвдөж байна, 4 нялх хүүхэдтэй хүн байсан. Би энэ хүнийг уучлал гуйгаад ирэх байх, шархны тос ч болтугай аваад өгөх байх гэж бодсон. Би толгойгоо үзүүлмээр байна, томографикт харуулмаар байна. Би 300.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ч нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8027 дугаартай дүгнэлтээр хохирогч З.Г-гийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Ч нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч З.Г-гийн нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.        

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Ч нь хохирогч З.Г-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хохирол учруулж зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ч-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч З.Г нь “эмчилгээний зардал 300,000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүгдэгч Б.Ч-нг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар хохирогч З.Г-д учирсан гэмтлийн шинж чанар, хохирол учирсан байгаа илэрхий нөхцөл байдал эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзээд түүний нэхэмжилсэн 300,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ч-гээс гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэл гэж үзлээ.

Мөн хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж зааснаар хохирогч З.Г нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ч-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ч-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох саналтай байна. Уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын санал гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнээд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн. Гэм буруу дээрээ мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаддаггүй. Хэдийгээр хохирол төлөгдөөгүй ч гэсэн энэ хүнд торгуулийн ял оногдуулах нь тохиромжтой гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 3 төрлийн ялтай. Торгуулийн ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ялтай. Танд торгуулийн ял тохиромжтой. Учир нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэдгийг хохирогч мөн хэлсэн, та өөрөө ч хэлсэн. Та ажил хийгээд 700.000 төгрөгийн цалин авч байна, 4 хүүхдийн мөнгө 400.000 төгрөг авч байна. Нийт 1.100.000 төгрөгийн орлоготой гэж тооцоод, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн бусад байдлыг харгалзана гэж заасныг удирдлага болгож байгаа. Өөрөөр хэлбэл орлого олдог боломжийг нь харгалзан үзэж уг торгуулийн ялыг санал болгож байна. Танд нийтэд тустай ажил хийхэд биелэх боломжгүй, учир нь 4 хүүхэдтэй, бага хүүхдээ өөрөө хардаг гэж байна. Тэгэхээр та хүүхдээ орхиод нийтэд тустай хөдөлмөр эрхлээд амьдрах боломжгүй. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах гэхээр бугуйвч зүүгээд гэрийн хорионд байна гэсэн үг. Таныг гэрийн хорионд орууллаа гэхэд амьдрах эрх чинь зөрчигдөх гээд байна. Иймд торгуулийн ял санал болгосон бөгөөд уг 600.000 төгрөгийг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч: “...Би мөнгөн торгууль төлөх боломж байхгүй. Хохирол төлбөрөө ямар ч байсан барагдуулна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Ч-нг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Б.Ч-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал (шөнийн цагаар иргэний амгалан тайван байх эрхэд илтэд хүндэтгэлгүй халдаж, дайрч давшилсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн шүд хугарсан хохирол төлбөр барагдуулаагүй), түүний ам бүлийн байдал (4 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдийн тэтгэмжээс өөр орлогогүй) байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Ч-д  2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, хохирогч З.Г-тай уулзахыг хориглох” үүргийг тус тус хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-ын Чи-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-нг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, хохирогч З.Г-тай уулзахыг хориглох” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-гээс 300,000 төгрөг гаргуулан хохирогч З.Г-д олгосугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Г-д гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА