Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/067 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой,  ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар: /*************/,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны 04 цаг 00 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* зочид буудлын гадаа иргэн *******ийг хүмүүс дуудлаа гэх шалтгааны улмаас түүний гар утсыг булаан авч зам руу шидэж хууль бусаар устгасны улмаас *******т бага хэмжээнээс дээш буюу 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

Миний буруу түүний гар утсыг эвдэлж ашиглах боломжгүй, болгосондоо

гэмшиж байна. Миний зүгээс түүнд учирсан хохирлыг тэр даруйд нь бүрэн төлж барагдуулж өгсөн байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай найз н.Алтангэрэлийн төрсөн өдөр болоод ******* бид хоёр Баянхонгор сумын 10 дугаар багийн нутэг дэвсгэрт байрлах рестораны караокед 20 цаг өнгөрөөгөөд орсон. Тэгээд архи ууцгаасан, караокеноос гарч байх шиг байсан. Гадаа гараад ******* миний iphone 11 рго маркийн 1 жил гарангын өмнө Солонгос улсаас манай нөхөр явуулж байсан цагаан өнгийн гар утсыг маань байшин руу шидчихсэн. Тэгээд гар утсаа автал эвдсэн. Шууд цагдаа ирсэн. Тухайн өдөр ******* нь юунаас болж миний гар утсыг шидсэн би түүнтэй маргалдсан талаараа юу ч санахгүй байна. Би нэлээн согтуу байсан. Миний гар утсыг эвдэлснээс өөрөөр намайг цохиж зодсон зүйл бол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр миний төрсөн өдөр болоод Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах “” караокед ******* эгчтэй хоол идээд дараагаар нь доод талын караокед бид 2 ороод архи авч уусан. Тэгээд байж байтал ******* эгчтэй ажилладаг гэх ******* гээд залуу ирсэн. Бид нар дуулаад хэдэн цагийн үед гарснаа би санахгүй байна. Ямар ч байсан гэртээ хариад унтсан байсан бусад зүйлийн талаар ерөөсөө санахгүй байна. Маргааш өглөө нь ******* эгч ******* миний гар утсыг саваад эвдсэн гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-н өдрийн 42 дугаартай шинжээчийн ...Эд зүйлийн нийт хохирлын үнэ 1.680.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 33-35 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 44-46 /, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 89 /, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-ийн 1/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 5-6/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 10-12/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 734 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-67, 82-84/, депозит дансны хуулганууд /хх-ийн 69-73/, дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 221 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 86/, хохирол барагдуулсан баримт /хх-ийн 8/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч  ******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны 04 цаг 00 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* зочид буудлын гадаа иргэн *******ийг “хүмүүс дуудлаа” гэх шалтгааны улмаас түүний гар утсыг булаан авч зам руу шидэж хууль бусаар устгасны улмаас *******т 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын  мэдүүлэг /хх-ийн 53-54 /, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 17-18 /, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 24/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 33-35 /,болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны  улмаас 1680000 төгрөгийн  хохирол учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас *******ыг  бусдын эд хөрөнгийг хууль бусаар  гэмтээсний улмаас 1680000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд  хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч ******* нь *******аас өөрт учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 2,000,000 төгрөг бэлнээр авсан талаарх баримт /хх-ийн 8/, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хаан банкны тоот дансанд 1,049,918,53 төгрөгийг үлдэгдэлтэй зэрэг хувийн байдал, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч П.Уранчимэг нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 19-20/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн эзэмшлийн ... I phone 11 pro max гар утас...-ыг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын эд  хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн эзэмшлийн ... I phone 11 pro max гар утас...-ыг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.   Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА