| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00376/И |
| Дугаар | 383 |
| Огноо | 2018-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 383
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “Мобиком корпораци” ХХК-ийн /РД: 2072572, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг Жавхлант сумын 1 дүгээр баг, Бумбат 3-13 тоотод оршин суух Авгад оогт Зунзмаагийн Ганхуягт /РД: МУ68081074/-т холбогдох “Зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 985.839 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30723532 тоот гэрээ байгуулан 95228700 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар, утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 985.839 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
“Мобиком корпораци” ХХК-иас нэхэмжилсэн зээлээр анх худалдан авсан гар утасны төлбөр нийт 985.839 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь “Зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 985.839 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 985.839 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...985.839 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,455 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 28210 төгрөгийн тал хувь болох 14105 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 14105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Мобиком корпораци” ХХК-ийн З.Ганхуягт холбогдуулан гаргасан “Зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 985.839 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28210 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14105 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 14105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА