Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 379

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би А.Даваагийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Шаамар сумын  Дэлгэрхаан  1 дүгээр баг,  10 дугаар хэсэгт оршин суух Боржигон овогт                      Цэдэн-Ишийн Нацагдорж  /РД: МО-63091615/-д холбогдох “Гэм хорын хохирол  10.834.800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч А.Даваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

            ...Миний нөхөр талийгаач З.Лхагважав нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан нь манай гэр бүлд маш их гарз учирсан... миний бие 2017 оны 11 дүгээр сарын 15-наас нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орж 387,148 төгрөгийн үндсэн цалин авч, татвар шимтгэлээ суутгаад гар дээр 309,718 төгрөгийг бэлэн авдаг боловч банктай хийсэн гэрээний дагуу талийгаачийн зээлийг цалингаас шуут суутган авдаг. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн ба талийгаачийн зээлийг 04 сараас эхлэн төлөх боломжгүй болсон... Талийгаач нас барах үед түүний группын зээлийн үлдэгдэл 4,020,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 6,814,800 төгрөг нийтдээ 10,834,800 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй үлдсэн... оршуулгын зардал 1,200,000 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас авахын тулд түүний группын зээлийн үлдэгдлийг хүнээс зээлж банкны өрийг нь хаагаад оршуулгын зардлаа авсан. Тэр үед хүнээс зээлсэн 4 сая төгрөгийг би одоо хүртэл барагдуулж чадаагүй байгаа. Би өөрөө бас банкны зээлтэй... цаашид бид өөрийн гэсэн орон гэргүй, хаана амьдрах эсэх нь тодорхойгүй, өр зээлээ яаж барагдуулж, амин зуулганы мөнгөгүй, яаж амьдрахаа мэдэхгүй байна... Сүхбаатар хотод амьдрах байргүй учир өөрийн хүсэлтийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн... Хоёр том хүүхэд маань хэдийгээр насанд хүрсэн боловч хоёулаа оюуны хомсдолтой, сэтгэцийн өөрчлөлттэй, 3 хүүхэд маань гурвуулаа миний асрамжинд байдаг. Шүүгдэгчээс бид орон байр, эд хөрөнгө нэхээгүй, зөвхөн талийгаачийн өрийг барагдуулж өгөхийг л хүссэн боловч... нэг ч төгрөг өгөхгүй байгаа тул талийгаачийн группын зээлийн үлдэгдэл 4,020,000 төгөг, цалингийн зээлийн үлдэгдэл 6,814,800 төгрөг нийт 10,834,800 төгрөгний зээлийн үлдэгдлийг нэхэмжилж байна... гэжээ.  

 

Нэхэмжлэгч А.Даваа нь  2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтдээ:

Миний бие Анкаа овогтой Даваа  нь тус шүүхэд гаргасан Ц.Нацагдоржид холбогдох  10.834.800 төгрөг гаргуулахаар байсан.  Энэ маргааныг  үүгээр дуусгах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Даваа нь хариуцагч Ц.Нацагдоржид холбогдуулан “Гэм хорын хохирол 10.834.800 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэл гаргасан.   

Нэхэмжлэгч А.Даваа нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар А.Даваагийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Шаамар сумын  Дэлгэрхаан  1 дүгээр баг, 10 дугаар хэсэгт оршин суух Боржигон овогт                      Цэдэн-Ишийн Нацагдорж  /РД: МО-63091615/-д холбогдох “Гэм хорын хохирол  10.834.800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 188,307 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА